Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0062

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “С Б” ХХК

Хариуцагч: СЗХ-ны улсын байцаагч Б.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “СЗХ-ны Хя.Шал.т ЗоГа-ын ХяШа.ч.УБ Б.Н-ны гаргасан,  2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0055752 дугаар бүхий “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч "С Б " ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: " О.М би шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэхийг гаргаж байна.

Үүнд: Манай компанийг Дотоод хяналтын хөтөлбөр батлуулаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.29 зүйлийн 19.1 дахь хэсэгт заасны дагуу 5.000.000 төгрөгөөр шийтгэл ногдуулсан. Уг хуулийн 11.29 зүйлийн 19.1 дахь хэсэгт “дотоод хяналтын хөтөлбөрийг баталж бүртгүүлээгүй;” гэж заасан харин дотоод хяналтын хөтөлбөр батлуулаагүй тохиолдолд 5.000.000 төгрөгөөр торгох хуулийн заалт байхгүй билээ.

Иймд СЗХ-ны Хя.Шал.т ЗоГа-ын ХяШа.ч.УБ Б.Н-ны 2019.09.02-ний өдрийн 0055752 тоот Шийтгэлийн хуудсыг үндэслэлгүй заалтаар шийтгэл ногдуулсан учир хүчингүй болгож өгнө үү.." гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "СЗХ нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан мэдээлэх үүрэгтэй этгээд болох даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч буюу даатгалын зуучлагч байгууллагад энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах эрх бүхий байгууллага юм.

Хорооны даргын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр баталсан 219 дугаар удирдамжийн дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд “С Б” ХХК-д 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр газар дээрх хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн.

Газар дээрх хяналт хийх үед “С Б” ХХК нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь түүний төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байна” гэж заасны дагуу дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр батлаагүй, холбогдох хууль журмын биелэлт хангалтгүй байсан. Энэ тухай шалгалтын ажлын хэсгээс сануулан, холбогдох хууль журмын дагуу зөвлөмж өгч ажилласан бөгөөд шалгалтаар илэрсэн алдаа дутагдлыг арилгуулахаар шалгалтын тайлангаар 9 төрлийн хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг үүрэг болгосон ч боловч өгсөн үүргийн дагуу биелэлт ирүүлээгүй болно.

Иймд “С Б” ХХК нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь түүний төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байна” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй,шалгалтаар өгсөн үүргийн биелэлтийг Хороонд ирүүлээгүй тул 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1901000014 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж улмаар хороонд дотоод хяналтын хөтөлбөрийг заасан хугацаанд баталж ирүүлээгүй, газар дээрх хяналт шалгалтаар өгсөн хугацаатай үүрэгт даалгаврын биелэлтийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй болох нь газар дээрх хяналт шалгалтын тайлан, Хороонд ирүүлсэн баримт материалын бүртгэл, “С Б” ХХК-ын хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 19 дүгээр хэсгийн 19.1-д “дотоод хяналтын хөтөлбөрийг баталж бүртгүүлээгүй” гэж заасныг үндэслэн шийтгэл ногдуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд “С Б” ХХК-ын үйл ажиллагаа эрхэлсэн захирал О.М-г гүйцэтгэх захирлын тушаалыг үндэслэн хууль ёсны төлөөлөгчөөр томилжээ. 1901000016 дугаартай зөрчлийн хэргийн дагуу тус ХХК-ны хууль ёсны төлөөлөгч О.М-с 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр авсан мэдүүлгээр тус компани Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар мэдээллэх үүрэгтэй этгээд мөн болохыг мэдэж байсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хийгдсэн газар дээрх шалгалтаар Дотоод хяналтын хөтөлбөрийн хуульд нийцүүлэн батлах шаардлагатай талаар зөвлөмж өгсөн бөгөөд хөтөлбөрөө баталж, Хороонд бүртгүүлэх талаар үүрэг өгсөн, тогтоосон хугацаанд биелэлт ирүүлэх ёстой байсан гэдгээ мэдэж байсан болох нь нотлогдож байна. О.М нь өгсөн мэдүүлгийг үнэн эөв бичигдсэнийг нотолж гарын үсгээ зурсан болохыг зөрчлийн хэрэгт хавсаргасан болно.

Түүнчлэн гомдолд дурдсан “...Манай компанийг дотоод хяналтын хөтөлбөр батлуулаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 19,1 дахь хэсэгт заасны дагуу 5.000,000 төгрөгөөр шийтгэл ногдуулсан. Уг хуулийн 11.29 зүйлийн 19.1 дахь хэсэгт “дотоод хяналтын хөтөлбөр баталж бүртгүүлээгүй” гэж заасан харин дотоод хяналтын хөтөлбөр батлуулаагүй тохиолдолд 5.000.000 төгрөгөөр торгох хуулийн заалт байхгүй...” гэсэн тайлбарын тухайд;

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11,29 дүгээр зүйлийн 19 дүгээр хэсгийн 19.1-д “дотоод хяналтын хөтөлбөр баталж бүртгүүлээгүй”, 19.2-д “шаардлага хангаагүй албан тушаалтныг ажилд томилсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтуудаас дүгнэхэд 19 дүгээр зүйлийн 19.1 болон 19.2-д заасан зөрчил үйлдсэн тохиолдолд аль алинд нь таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай.

Мөн тус хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, 2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” тус тус заасан нь зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулсан нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд “С Б” ХХК-ын гаргасан СЗХ-ны УБ Б.Н-ны 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр гомдол гаргагч “С Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“С Б” ХХК-ийг төлөөлж тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүхэд хандаж “СЗХ-ны Хя.Шал.т ЗоГа-ын ХяШа.ч.УБ Б.Н-ны гаргасан,  2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0055752 дугаар бүхий “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт...дотоод хяналтын хөтөлбөрийг баталж бүртгүүлээгүй...” гэж заасан, харин дотоод хяналтын хөтөлбөрийг батлуулаагүй тохиолдолд 5 000 000 төгрөгөөр торгох тухай заалт байхгүй...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

СЗХ-ны Хя.Шал.т ЗоГа-ын ХяШа.ч.УБ Б.Н-ны гаргасан,  2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0055752 дугаар бүхий “Шийтгэлийн хуудас”-аар гомдол гаргагч компанийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр батлаагүй, газар дээрхи шалгалтаар үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд ирүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 11.29-д “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих”, 11.29 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “дотоод хяналтын хөтөлбөрийг баталж бүртгүүлээгүй” гэж заасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “С Б” ХХК нь даатгалын зуучлагч этгээд бөгөөд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..1.3 дахь хэсэгт заасан мэдээлэх үүрэгтэй этгээд болохын хувьд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь түүний төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байна.” зааснаар дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр баталж бүртгүүлэх үүрэгтэй байжээ.

СЗХ-ны даргаас 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр баталсан удирдамжийн дагуу тус газраас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалт хийж, улмаар “С Б” ХХК-д 9 төрлийн хугацаатай даалгавар өгч биелэлтийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг үүрэг болгосон боловч дурдсан хугацаанд биелэлтийг ирүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Үүнээс үзвэл  хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, улмаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “С Б” ХХК нь дотоод хяналтын болон эрсдлийн удирдлагын хөтөлбөрийг баталж бүртгүүлэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй нь нотлогдсон тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “дотоод хяналтын хөтөлбөрийг батлуулаагүй” гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь буруу гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 19.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С Б” ХХК-иас, СЗХ-ны Хя.Шал.т ЗоГа-ын ХяШа.ч.УБ Б.Н-д холбогдуулан гаргасан “СЗХ-ны Хя.Шал.т ЗоГа-ын ХяШа.ч.УБ Б.Н-ны гаргасан,  2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0055752 дугаар бүхий “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН