Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2017

 

                                                 

 

 

 

 

 

 

 

“МК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01154 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “МК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “НД” ХХК-д холбогдох

 

   Даатгалын нөхөн төлбөрт 33 304 075 төгрөг гаргуулах тухай мараантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МК” ХХК нь “НД” ХХК-тай 2016.05.27-ны өдөр байгуулсан авто тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын 01-00516042 тоот гэрээний дагуу авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагыг тус тус даатгуулсан. 2016.06.30-ны өдөр 10-22 УНЗ улсын дугаартай “Тоёота прадо” маркийн даатгалтай тээврийн хэрэгсэл Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт замын хөдөлгөөнд оролцох үедээ осолд орсон тул даатгалын гэрээний 2 дугаар бүлгийн 4.1, 3 дугаар бүлгийн 3.1-д заасныг үндэслэн даатгалын нөхөн төлбөр авахаар холбогдох материалыг бүрдүүлэн “Номин даатгал” ХХК-д хүргүүлсэн бөгөөд даатгалын гэрээний 1 дүгээр бүлгийн 3.3-д заасны дагуу материал бүрдүүлж өгснөөс хойш ажлын 10 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл бүтэн хоёр сарын дараа буюу 2016.08.29-ний өдөр “Номин даатгал”-ын ажилтан гэх Ж.Наранбаатараас танай байгууллагатай байгуулсан 01/010091020 тоот гэрээний 4.1.2-т зааснаар нөхөн төлбөр олгох боломжгүй гэж и-мэйлээр хариу өгсөн. "МК” ХХК нь “НД” ХХК-тай 01/010091020 тоот даатгалын гэрээ байгуулаагүй, талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд 4.1.2 гэсэн заалт байхгүй байсан тул “НД” ХХК-д албан бичгийг хүргүүлж, гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийг төлөхийг шаардсан. Үүний дагуу “НД” ХХК-иас 2016.09.09-ний өдөр 4-2/107 тоот албан бичгээр 01-00516042 тоот гэрээний 1 дүгээр бүлгийн 4-д заасан даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцлүүдийн 4.2.2 “Зохих байгууллагын дүгнэлтээр хэт ядарсан өвчтэй байсан нь тогтоогдсон” гэсэн заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгох боломжгүй гэж нотлох баримтаар тогтоогдоогүй зүйлд тулгуурлан  үндэслэлгүй хариу өгч гэрээний үүргээ зөрчин даатгалын нөхөн төлбөр олгохгүй даатгуулагч “МК" ХХК-ийн эрх ашгийг зөрчиж байна. Гэтэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан "өвчтэй буюу ядарсан үедээ”, авто тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын гэрээнд заасан “хэт ядарсан өвчтэй” гэх ойлголтууд нь агуулгын хувьд өөр өөр бөгөөд гэрээний маргаантай заалтын агуулгыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэсэн заалтыг үндэслэл болгодог. Харин “НД” ХХК-ийн үндэслэл болгож байгаа зам тээврийн акт нь жолооч X.Э-ийг “хэт ядарсан өвчтэй” байсан эсэхийг нь тогтоосон нотлох баримт биш юм. Иймд “Мобиком корпораци” ХХК, “НД” ХХК-тай 2016 оны 5 сарын 27-ны өдөр байгуулсан авто тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын 01-0056042 тоот гэрээний дагуу авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр 24 000 000 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр 9 304 075 төгрөг, нийт 33 304 075 төгрөгийг “НД” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МК” ХХК нь нөхөн төлбөр олгоход шаардлагатай баримтыг бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд ”НД” ХХК нь нөхөн төлбөрийн албанд даатгуулагч буюу ”МК” ХХК-ийн зүгээс цахим шуудангаар “Хөвсгөл аймгийн замын цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Г.М-ийн “Зам тээврийн осол дээр тогтоосон акт болон дүгнэлт, мөн автомашины фото зургуудыг илгээж үүнээс өөрөөр даатгалын зүйлийн хохиролтой холбоотойгоор одоог хүртэл өөр ямар ч баримт ирүүлээгүй байна. Мөн ”НД” ХХК-ийн зүгээс нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэхдээ даатгуулагчийн бүрдүүлж өгсөн баримт болон 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн авто тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын 01-00516042 тоот гэрээнд заасан үндэслэлээр татгалзсан. Тодруулбал, ”МК” ХХК-ийн бүрдүүлж цахим шуудангаар илгээсэн материалд “Жолооч Ж.Эрдэмбилэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.7а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас  зам тээврийн осол үүссэн” гэж тогтоосон акт байсан бөгөөд энэ нь “НД” ХХК-тай 2016 оны 5 сарын 27-ны өдөр байгуулсан 01-00516042 даатгалын гэрээний 1-р бүлгийн 4-д заасан даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцөлүүдийн 4.2.2-д заасан “зохих байгууллагын дүгнэлтээр хэт ядарсан өвчтэй байсан нь тогтоогдсон” гэх даатгалд хамрагдахгүй нөхцөлтэй бүрэн тохирч байсан тул даатгагчийн зүгээс нөхөн төлбөр олгох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Иймд хариуцагч “НД” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар нэхэмжлэгч “МК” ХХК-ийн хариуцагч “НД” ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 33 304 075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “МК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324 470 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний болон процессын алдааг гаргасан. Талуудын хооронд байгуулсан авто тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын гэрээний 1 дүгээр бүлгийн 4-т даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцөлүүд гээд 4.2.2-т "Зохих байгууллагын дүгнэлтээр хэт ядарсан өвчтэй байсан нь тогтоогдсон" гэж заасан. Өөрөөр хэлбэл "хэт ядарсан өвчтэй" байсан нь зохих байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд л даатгалын нөхөн төлбөр авахгүй гэж талууд тохиролцсон байсан. Гэтэл "МК" ХХК гэрээнд заасан даатгалын тохиолдол болсон тул нөхөн төлбөр авахаар холбогдох материалыг бүрдүүлэн “НД” ХХК-д хүргүүлсэн боловч бүтэн 2 сарын дараа буюу 2016.09.09-ний өдрийн 4-2/107 тоот албан бичгээр "Хөвсгөл аймгийн замын цагдаагийн газрын акт дүгнэлтээр жолооч Ж.Э нь ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг нь тогтоогдсон” гээд авто тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын гэрээний 1 дүгээр бүлгийн 4-д заасан даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцөлүүдийн 4.2.2-т заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Өөрөөр хэлбэл авто тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын гэрээний 1 дүгээр бүлгийн 4.2.2-т заасан нөхцөл тогтоогдсон гэж маргасан. Иймд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д "Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна" гэж заасан байдаг тул дээрх гэрээний 4.2.2-т "Зохих байгууллагын дүгнэлтээр хэт ядарсан өвчтэй байсан нь тогтоогдсон" гэсэн нөхцөл нь ямар утга, агуулгатай болох талаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албанд хандсан бөгөөд тус газрын 2017.02.10-ны өдрийн 26 тоот албан бичгээр ". . . хэт ядарсан өвчтэй байсан гэдэг хэсгийг таслалаар зааглан бичнэ. Эс тэгвээс хэт ядарсан хэмээх өвчин туссан гэх утга илэрхийнэ …" гэж хариу өгсөн. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017.02.07-ны өдрийн 2/23 тоот албан бичгээр "Өвчний олон улсын 10-р ангиллын 5-р бүлэгт F48.0 Мэдрэл сульдал эмгэг ордог … ядрах гэдэг нь мэдрэл сульдал эмгэгийг тодорхойлох олон бүлэг хам шинжүүдийн нэг хам шинж бөгөөд зөвхөн энэ шинжээр бие даасан сэтгэцийн эмгэг гэж оношилдоггүй ..." гэсэн. Өөрөөр хэлбэл хэт ядарсан өвчин гэдгийг мэргэжлийн хэлээр мэдрэл сульдах эмгэг гэдэг бөгөөд “НД” ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа үндэслэл болсон "ядрах" гэдэг нь мэдрэл сульдах эмгэгийн зөвхөн нэг хам шинж бөгөөд ядрах гэдэг нь дангаараа хэт ядарсан өвчин буюу мэдрэл сульдах эмгэг өвчин болохгүй гэж хариу өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр бүлгийн 4.2.2-т заасан "Зохих байгууллага" гэдэгт аль байгууллага орохыг тодруулсан бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017.05.17-ны өдрийн 2/119 тоот албан бичгээр “зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамжийн дагуу хэт ядарсан өвчин буюу мэдрэл сульдах эмгэгийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв оношилж, эмчилдэг" гэсэн хариу авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “МК” ХХК нь хариуцагч “НД” ХХК-д холбогдуулж даатгалын нөхөн төлбөрт 33 304 075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр авто тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын гэрээ байгуулж, нэхэмжлэгч “МК” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүд болон жолоочийн хариуцлагыг хариуцагч “НД” ХХК-д даатгуулсан болох нь хэрэгт авагдсан даатгалын гэрээ, тээврийн хэрэгслийн жагсаалт зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд түүнчлэн талууд уг үйл баримтад маргаагүй байна. /хх-ийн 6-17 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

            Уг автомашиныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт нэхэмжлэгч байгууллагын жолооч Ж.Э нь жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан болох нь зам тээврийн осолд тогтоосон акт, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын албан бичиг, жолоочоос авсан тайлбар, сэжигтэнээр байцаасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 38-39, 85, 101-103, 106-111 дүгээр тал/

 

            Дээрх нотлох баримтуудад агуулсан баримтат мэдээлэлд жолооч Ж.Э нь ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан гэж үзэхээр байна. Жолооч Ж.Эрдэмбилэгээс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр буюу зам тээврийн осол тохиолдол болсон өдөр асууж авсан тайлбарт тэрээр “…би Даахийн хөндий гэх газар автомашиныг жолоодон явж байхад үүрэглээд нэг харсан чинь замын буруу талын шороон дээр гарахаар нь зүүн тийш дараад, налуу руу орох гэхэд нь баруун тийш нь буцаагаад дарахад осол болсон” гэжээ. /хх-ийн 106 дугаар тал/

 

            Түүнчлэн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтээр жолооч Ж.Эрдэмбилэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, 2.3б-д тус тус заасныг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан болохыг тогтоожээ. /хх-ийн 110 дугаар тал/

 

            Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан байна. Мөн даатгалын гэрээний 4.2.2-т “зохих байгууллагын дүгнэлтээр хэт ядарсан өвчтэй байсан нь тогтоогдсон бол даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй” гэж талууд тохиролцсон байна.

 

            Шинжээчийн дүгнэлт болон жолооч Ж.Э-ийн өөрийнх нь хэрэг учралын газарт өгсөн тайлбар зэргээс дүгнэвэл тэрээр үүрэглэсэн үедээ буюу хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргасан нь даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

            Жолоочийн хэт ядарсан үеийг өвчин гэж тайлбарлаж даатгалын тохиолдолд хамаарна гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.         

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01154 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               Э.ЗОЛЗАЯА

                                               

                                          ШҮҮГЧИД                                               А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ