Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
Хэргийн индекс | 169/2022/0027/Э |
Дугаар | 2022/ШЦТ/19 |
Огноо | 2022-02-07 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.С
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2222000000005 тоот хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны ......... дугаар сарын .........-ны өдөр ......... аймгийн .......... суманд төрсөн, .......... настай, ........., ........., т........, .........., .......... хамт ......... аймгийн .......... сумын ........... тоотод оршин суух, ............, ............, ........ овогт ******* гэв.
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Бүрд” зочид буудлын урд талын 4 замын уулзвар дээр 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 5660 ӨМҮ улсын дугаартай “Тоёота Приусс-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4-т заасан “жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас 5323 ДУА улсын дугаартай “Хонда фит” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 5660 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.Д-гийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “би орой 18 цагийн үед ажлаасаа гарсан. Нөхөр маргааш нь том тэрэг барих гээд ажилдаа явна гэхээр нь цамцны цахилгааныг нь солих гээд дэлгүүр явж байсан. Би гэрлэн дохион дээр зогссон. Цагаан зураас хэтэрсэн болохоор миний буруу болсон. Өөр хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч С.Д-гийн “Би эхнэрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй, болсон явдлыг ярихгүй. Миний баруун талын хөлийн нарийн шилбэ хугарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Иргэний нэхэмжлэгч Д.Ц-ийн “Би хөрөнгө эстимэйтийн гаргасан үнэлгээний дагуу автомашиныхаа эвдрэлийн 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Миний машины үнэлгээний хохирлыг л барагдуулчихвал надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
Иргэний нэхэмжлэгч Д.Ц-ийн гэрчээр өгсөн “ ...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Цаг уур орчны шинжилгээний төвийн гаднаас өөрийн эзэмшийн Хонда пит маркийн машинаа унаад гэр рүүгээ явж байхад Бүрд зочид буудлын баруун урд талын дөрвөн замын уулзвар дээр гэрлэн дохио улаан асч байхаар нь зогсоод ногоон асахаар нь явсан. Тэгээд уулзвар нэвтрээд явж байтал өөдөөс гэрэл цэлс хийгээд машины зүүн урд хэсгээс ирж мөргөсөн. Машины аваарын дэр задарсан жаахан хэсэгт манараад машиндаа сууж байгаад гарч ирсэн чинь приус маркийн машинтай мөргөлдсөн байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 22/
Гэрч С.Э-ийн “миний охин архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хүмүүстэй их эвтэй харьцдаг. Нөхөр нь том тэрэгний жолооч хийдэг. Одоо биеийн байдал нь гайгүй байгаа. Хөлөө хадуулчхаад ирсэн бие нь илааршиж л байгаа. Охин маань замын хөдөлгөөнд буруу оролцсоноос болж л ийм зүйл болчихлоо. Өмнө нь хэрэг төвөгт оролцож байгаагүй, амьдралын төлөө л гэсэн хүн дээ” гэх мэдүүлэг /хх-ийн 24/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 тоот“ С.Д-гийн биед баруун шилбэ ясны зөрсөн хугарал, баруун хөлийн шагайн мултрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. С.Д-гийн биед үүссэн баруун шилбэ ясны зөрсөн хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэг, баруун хөлийн шагайн мултрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 тоот “*******-ийн биед баруун гарын долоовор хуруунд зулгаралт, баруун гарын сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 тоот “Д.Ц-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 35-36/
Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Замын хөдөлгөөний хууль дүрмийн багш Ц.Н-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12 тоот “56-60 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4. жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг,
53-23 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ц нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэх заалтыг зөрчсөн байна.
56-60 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4. жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна” гэх дүгнэлт /хх-ийн 50-51/
Хөрөнгө Эстимэйт ХХК-ний үнэлгээний тайланд “Toyota Prius 11, улсын дугаар 5660 ӨМҮ, үйлдвэрлэсэн он 2001, орж ирсэн он 2012, нийт шууд зардлын дүн-1.273.000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн-1.758.000 төгрөг” гэжээ /хх-ийн 60/
Хөрөнгө Эстимэйт ХХК-ний үнэлгээний тайланд “Honda fit, улсын дугаар 5323 ДУА, үйлдвэрлэсэн он 2002, орж ирсэн он 2010, нийт шууд зардлын дүн-1.501.000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн-2.006.000 төгрөг” гэжээ /хх-ийн 64/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 3-8/
Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд “ 2021 оны 12 сарын 13-ны өдрийн бичлэгийг үзэхэд 4 замын уулзвар харагдаж байх ба зүүн хойноос баруун урагш явах замын зүүн хойд уулзварт нэг суудлын машин зогсож байгаад хөдөлж явахад баруун талаас ирж байгаа машинтай зөрж өнгөрөхөд мөн баруун урд талын замаас ирж яваа тээврийн хэрэгсэл тухайн тээврийн хэрэгслийг мөргөөд зогсож байгаа дүрс бичлэг байв” гэжээ. /хх-ийн 9/
Согтуурлыг багжаар шалгасан тэмдэглэлд “Д.Ц-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгахад 1.48 хувь” гэжээ /хх-ийн 10/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18/
Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Бүрд” зочид буудлын урд талын 4 замын уулзвар дээр 5660 ӨМҮ улсын дугаартай “Тоёота Приусс-11” маркийн тээврийн хэрэгсэл, 5323 ДУА улсын дугаартай “Хонда фит” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, 5660 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.Д-гийн биед “баруун шилбэ ясны зөрсөн хугарал, баруун хөлийн шагайн мултрал” бүхий хүндэвтэр хохирол гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.
Зам тээврийн осол гаргасан 5660ӨМҮ улсын дугаартай “Тоёота Приусс-11” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч ******* жолоодож явсан болох нь тогтоогдож байна.
Уг зам тээврийн осол нь 5660 ӨМҮ улсын дугаартай “Тоёота Приусс-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан шүүгдэгч *******-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4-т “жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөн үйлдлийг улмаас гарсан болох нь шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Д.Цэнд-Аюуш нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн буруутай байна шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч уг зам тээврийн осол нь шүүгдэгч *******-ийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн буруутай үйлдлээс үүдэн гарсан байна.
Шүүгдэгч *******-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 дэх заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор хангаж, шүүгдэгчид оногдуулах ялын талаар тохирч санал ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.
Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч С.Д нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдав.
Уг ослын улмаас иргэний нэхэмжлэгч Д.Ц-ын эзэмшлийн 5323 ДУА улсын дугаартай “Хонда фит” маркийн тээврийн хэрэгсэлд 2.006.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч *******эс 2.006.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.Цэнд-Аюушид олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .......... овогт *******-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...... овогт *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч С.Д нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******-с 2.006.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Цэнд-Аюушид олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн дуу дүрсний бичлэггүй CD 1 ширхгийг 2222000000005 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргасугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ