Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/355

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:166/2020/0340/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч М.М.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С-т холбогдох эрүүгийн 2018000000391 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс дөрвөд, 39 настай, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт оршин суух, урьд:

-Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн, М.С-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

М.М.С- нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчим иргэн Б.Б.Б-ын толгой хэсэгт архитай шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.М.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Согтуу байхдаа хүний толгой руу архины шилээр цохисондоо гэмшиж байна.” гэв.

Эрүүгийн  2018000000391 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн орчим би гэртээ эхнэрийн хамт байж байсан чинь манай хашааны эзэн З- эмэгтэй дүү түлхүүрийг нь аваад З- гэрт орсон. Тэгээд З- гэрт эрэгтэй хүн дуугараад байхаар нь би яваад орсон чинь 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн байхаар нь та нар эзэнгүй айлд юу болж байгаа юм бэ? гээд тэнд байсан С- гэх хүнтэй маргалдаад заамдалцаж аваад гэрээс гарсан чинь тэр залуу миний зүүн хөмсөг рүү барьж байсан архиараа нэг удаа цохихоор нь би тонгойсон чинь намайг өшиглөчхөөд зугтаад явсан. Тэр үед миний хөмсөгнөөс цус гараад би араас нь хөөж чадаагүй. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхээ гэх залуутай уулзахад эмчилгээндээ хэрэглээрэй гээд надад 50.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь өвчин намдаах эм аваад хэрэглэсэн. Тэгээд би гэртээ хариад толгой өвдөөд маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр толгой өвдөөд болохгүй болохоор нь эмнэлэгт үзүүлээд цагдаад хандсан.” гэх мэдүүлэг /хх 4/,

Гэрч Ц.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ байж байтал гаднаас манай найз М.С- 1 шил архи авч орж ирсэн. Бид хоёр тэр архиа ууж дуусаад 17 цагийн орчим гараад явсан. Тэгээд би гэртээ байж байтал манай хамаатны эгч Б- орж ирээд танай найз С- манай гэрт орж ирээд манай нөхөр Б.Б-ын нүүр рүү шилээр цохиод гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Б-ын гэрт яваад очтол Б.Б- гэрийнхээ үүдэнд нүүрээ дараад сууж байсан. Тэгээд би нүүрийг нь хартал түүний хөмсөг хэсэг язраад цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх 7/,

Гэрч Р.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Б- гэдэг айлын хашаанд байдаг юм. Тэгээд Б- Улаанбаатар хот яваад гэрт нь Урнаа гээд дүү нь ирчихсэн байсан. 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 19-20 цагийн орчим би нөхөр Б.Б-ын хамт гэртээ байж байсан чинь У- нэг найзтайгаа орж ирээд гэртээ орлоо гээд орсон. Тэр үед Б.Б- бид хоёр жаахан архи уучихсан согтуу байсан. Тэгээд тэдний гэрт хүн орох шиг болохоор нь харахад Б.Б- тэдний гэрт ороод хүнтэй маргалдаад байхаар нь би гарсан чинь Б.Б- С- гэх зүс мэдэх залуутай маргалдаад зууралдаад байж байхад С- нь гартаа барьсан 0.5 литртэй Түмний хишиг нэртэй архиар нүүр рүү нь нэг удаа цохисон. Гэтэл шилтэй архи нь хагараагүй, харин Б.Б-ын хөмсөгнөөс нь цус гараад хөмсгийг нь сэт цохисон байсан.” гэх мэдүүлэг /хх 10/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 696 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Магадлуулагч Б.Б.Б-ын биед гэмтэл учирсан байна.

2.Б.Б.Б-ын биед тархины доргилт, зүүн хөмсөгөнд шарх, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүснэ.

4.Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх 13-14/,

 

Хохирогч Б.Б.Б-ын яаралтай тусламжийн хуудас яаралтай тусламжийн хуудас /хх 15-16/,

 

Шүүгдэгч М.М.С-ын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 30/, тээврийн хэрэгсэл эзэмшдэг эсэх лавлагаа /хх 32/, эзэмшил, өмчлөлийн газар эзэмшдэг эсэх лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх 34-35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар  /хх 46-51/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.М.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчим хохирогч Б.Б.Б-ын толгойн хэсэгт архитай шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              

Шүүгдэгч М.М.С- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч М.М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Б.Б-ын хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба шүүхийн хэлэлцүүлэгт мөн холбогдох нотлох баримт ирүүлээгүй  тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.М.С- нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин хөлс түүнтэй адилтгах орлого олдог эсэх нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэл болсон болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Прокурорын зөвшөөрлөөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс хохирогч Б.Б.Б-ын хэвтэн эмчлүүлсэн хугацааны өвчний түүхийг хуулбарлан авахаар хяналтын прокурор шийдвэрлэсэн боловч тухайн зөвшөөрлийн дагуу холбогдох баримтыг хэрэгт ирүүлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.С-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.М.С- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч М.М.С- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ТӨМӨРХҮҮ