Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Р.Очирсүрэн,

          яллагдагч Б.М-, түүний өмгөөлөгч Ц.Амар,

          хохирогч У.Н-,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2007 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаартай эсэргүүцлээр Б.М-ад холбогдох 1808 0367 01040 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

И овгийн Б.М, 1989 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ... аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../;

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 17-ны 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн суллагдсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 5 сар 13 хоногийн хорих ялыг “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар өршөөн суллагдсан;

 

Б.М- нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны шөнө 01-02 цагийн үед ... дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний” дэлгүүрийн баруун талд иргэн У.Н-н нүүрэн тус газар 2 удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай.

Хохирогч У.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэр үед “Миний” дэлгүүрийн үүдэнд эмэгтэй, эрэгтэй нийлсэн 7-оос 8 залуу муудалцаад зодолдох шинжтэй байхаар нь очиж салгах санаатай очсон. Тэгээд “та нар больцгоо, яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл үл таних бүдүүн залуу над руу эргэж хараад үгийн зөрөөгүй миний нүүр лүү гараа атгаж байгаад цохиход би манараад доошоо газар суутал дахиад миний нүүр лүү гараа атгаж байгаад цохисон. ... Тэр залуутай хамт хоёр залуу байсан. Нэг залуу нь шар царайтай, дэлдэн чихтэй, махлаг залуу байсан. Нөгөөх нь бор царайтай, саравчтай малгай өмссөн, намхан нуруутай залуу байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-7-8/,

Гэрч Д.Алтантүлхүүрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Отгоо, Мийгаа нарын хамт “Вест” баарны хажуугийн “Поло” нэртэй караокед орсон. Тэнд сууж байгаад 2 найзын хамт гарахад караокены үүдэнд манай хажуугийн ширээнд сууж байсан хоёр эрэгтэй, 1 эмэгтэйн хамт зогсож байсан. Тэдний нэг ах нь зам хааж зогсоод, надтай хамт явсан Мийгаатай уулзмаар байна гэсэн. Би “чи юу яриад байгаа юм бэ, найз залуу нь байна” гэж хэлэхэд “хөгшөөн чи байж байгаач” гээд дайраад байхаар нь би барьцалдаж авсан. Хамт явсан хүмүүс нь түүнийг салгаад, хамт явсан эгч нь тэр хоёр залууг дагуулаад “Миний” дэлгүүрийн урдуур баруун тийш тойроод явсан. Тэр үед караокед сууж байсан У.Н- гэж залуу бид гурав дээр ирээд “та нар зодолдсон юм уу” гэж асуугаад араас нь гүйгээд явсан. Тэр үед урдаас нь 3 залуу гарч ирээд “сая таны өрөөнд орж ирдэг” Б.М- гэж махлаг өндөр залуу нь У.Нямлхагвыг цохиход газар тогтсон борооны усан дээр унасан. Манай 2 найз У.Нямлхагвын цусыг нь угааж өгөөд явуулсан. ... Би энэ Б.М- гэж залууг дээр У.Нямлхагвыг цохиод газар унагаж байхыг нь харсан. Сая таны өрөөнд харлаа мөн байна. ...” гэсэн мэдүүлгээр /хх-18/ яллагдагч Б.М- нь хохирогч У.Нямлхагвыг цохисон гэж үзэх боломжгүй байна.

Хохирогч У.Н-, гэрч Д.Алтантүлхүүр нарын мэдүүлгээс үзвэл хэн аль нь яллагдагч Б.М-ыг танихгүй болох нь тодорхой байх бөгөөд гэрч Д.Алтантүлхүүр Б.М-ыг заасан мэтээр мэдүүлээд байгаа нь хуульд заасан үндэслэл журмыг хангахгүй, эргэлзээ бүхий болжээ. Учир нь “сая танай өрөөнд орж ирдэг”, “сая таны өрөөнд харлаа мөн байна” гэж мэдүүлсэн байгаагаас үзвэл мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн байна.

Хэрэв гэрч, хохирогч нар гэмт хэрэг үйлдсэн гэх хүнийг танихгүй хэдий ч зүс царай, содон шинж тэмдэг, онцлогоор нь зааж чадахаа илэрхийлсэн бол сэжиг бүхий хүнийг тэдэнд урьдчилан харуулалгүйгээр хоёроос дээш хүний дундаас таньж олуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулдаг хуультай, мөрдөн шалгах ажиллагааны тогтсон практик, тактиктай.

Гэрч Д.Алтантүлхүүрийн мэдүүлэгт дурдсан “мөрдөгчийн өрөөнд орж, гараад байгаа, харлаа мөн байна” гэх хүн нь яллагдагч Б.М- мөн байсан эсэх нь эргэлзээтэй юм. Хэрэв гэрч Д.Алтантүлхүүрийн мэдүүлгийн эх сурвалжийг бодитой эсэхийг шалгахын тулд мөрдөгчид өөрт нь хууль сануулж, түүнээс хэн гэдэг хүнийг хэзээ ямар журмаар дуудсан эсэх, өрөөндөө оруулсан эсэх, өрөөнд нь ямар ажиллагаа хийгдсэн эсэх, ямар баримт хэрэгт хавсаргасан эсэхийг тус тус тодруулж гэрчээр мэдүүлэг авах шаардлага тулгарна. Мөрдөгчийн хууль бус ажиллагаанаас үүдэн ийм нөхцөл байдал үүсчээ. Учир нь, одоо хүн таньж олуулах ажиллагаа хууль зүйн ач холбогдлоо нэгэнт алдсан байна.

Иймд яллагдагч Б.М-тай хамт явж байсан хүмүүс болон Д.Алтантүлхүүртэй хамт явж байсан бусад хүмүүсийг олж, тэднээс гэрчийн мэдүүлэг авч хэргийн бодит байдлыг тодруулахаас өөр аргагүй нөхцөл байдалд үндэслэн шүүх яллагдагч  Б.М-ад холбогдох эрүүгийн 1808 0367 01040 дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзээд хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Б.М-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагч Б.М-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Р.Очирсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт авагдсан баримтаар хэрэг гарах үед хэргийн газар байсан Д.Алтантүлхүүр нь мөрдөн байцаалтын явцад /хууль сануулсан/ гэрчээр мэдүүлэг өгөхдөө хохирогч У.Нямлхагвыг зодож, цохисон хүн нь Б.М- мөн гэдгийг тодорхой мэдүүлсэн байдаг ба Д.Алтантүлхүүрээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, хууль ёсны гэж үзэж прокурорын зүгээс шүүх хуралдаанд гэрч Д.Алтантүлхүүрийг оролцуулах тухай саналаа яллах дүгнэлтийн хавсралтад дурдаж өгсөн болно.

Мөн түүнчлэн шүүгчийн захирамжид дурдсанчлан одоо хүн таньж олуулах ажиллагаа нь хууль зүйн ач холбогдлоо нэгэнт алдсан тул хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гэрч Д.Алтантүлхүүрийг оролцуулан хэргийг прокурорт буцаахгүйгээр хавтаст хэргийн хэмжээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан тохиолдолд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үндэслэл болох бөгөөд хохирогчоос гадна гэрч Д.Алтантүлхүүр нь сэжигтнийг шууд заасан байх тул Б.М-ыг таньж олуулах, бусад гэрчийг асуух ажиллагааг зайлшгүй хийх шаардлагагүй юм.

Иймд Б.М-ад холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Хохирогч У.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Яллагдагч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хохирогч У.Нямлхагвыг зодоогүй. ...” гэв.

 

Яллагдагч Б.М-ын өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргасан байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх Б.М-ад холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Б.М-ад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоожээ.

 

Шүүх, Б.М-ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад болон яллагдагч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 

Иймд “… шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх …”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Б.М-ад холбогдох хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2007 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.М-ад холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцэх хүртэл Б.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

 

                                ШҮҮГЧ                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ