Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2015/0306

 

 

 

Г СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б, Г.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 202 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Г СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус СӨХ-нд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжаар олгосон газартай давхцуулан өөр харилцааг зохицуулсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123 дугаартай захирамжийг үндэслэн Д.Н-т газар эзэмшүүлсэн байх тул Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн Д.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бусаар эзэмшсэн газрыг чөлөөлүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжийн Г СӨХ-д 5412 м.кв газар ашиглуулахаар шийдвэрлэхдээ 1 жилийн хугацаагаар гэж илт ташаарсан байгааг зөвтгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 124 дүгээр захирамжаар А.Ш-т 48 м.кв гаражийн газрыг эзэмшүүлсэн бөгөөд тухайн гаражаа Д.Н-т худалдсан. Улмаар Д.Н хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжаар 109 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч Г СӨХ-ны газар эзэмших эрхийн хугацаа дууссан, Нийслэлийн газрын мэдээллийн нэгдсэн санд кадастрын зургийг албан ёсоор оруулаагүй тул газар давхацсан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

 

Гуравдагч этгээд бие даасан шаардлага болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие өөрийн эзэмшлийн газартаа хуулийн дагуу барилга барьсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2004 онд 400 м.кв газрыг эзэмшүүлсэн. Харин нэхэмжлэгч 2005, 2006 онд ашиглах хүсэлтээ гаргасан. 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр газраа мэдээллийн санд оруулах хүсэлтээ өгсөн. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 захирамжид алдаатай бичигдсэнийг залруулж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийг үндэслэн гэж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 202 дугаар шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2,3, 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 441 дүгээр зүйлийн 441.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г" Сууц өмчлөгчдийн холбооны "Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн Д.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бусаар эзэмшсэн газрыг чөлөөлүүлэх" гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г" Сууц өмчлөгчдийн холбооны "Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжаар Г" Сууц өмчлөгчдийн холбоонд 5412 м2 газар ашиглуулахаар шийдвэрлэхдээ "1 жилийн хугацаагаар" гэж илт ташаарсан байгааг зөвтгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах" гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжийн хавсралтын 36-д Г" Сууц өмчлөгчдийн холбооны холбогдох хэсэгт "1 жилийн хугацаагаар" гэснийг "15 жилийн хугацаагаар" гэж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж,

3. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний А/116 дугаар захирамжид "Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны 192 дугаар захирамжийг үндэслэн" гэж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэр гаргаж өгнө үү" гэсэн бие даасан шаардлагын хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн холбогдох хэсэгт Чингэлтэй дүүргийн 2003 оны 192 дугаар захирамжийг үндэслэн гэсэн өөрчлөлтийг оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо: Тус хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүЙлийн 40.2-т заасан "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үзэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ", Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасан "Захиргааны хэргийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна" гэсэн заалтыг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл муутай, нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан ""шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын алдаа гаргасан байна. Үүнд:

Нэг: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч "Г" СӨХ нь тус шүүхэд анх Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан (1) Чингэлтэй дүүргиЙн Засаг даргын 2004 оны 123, 124 дугаар шийдвэрүүдийн Д.Н, А.Ш нарт холбогдох хэсэг, (II) Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн Д.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, (III) Д.Н-т олгогдсон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000475438 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулахаар" нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, дан ганц Нийслэлийн Засаг даргад холбогдуулан (1)Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн Д.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгож. (II) хууль бусаар эзэмшсэн газрыг чөлөөлүүлэх, (III) Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжаар "Г" СӨХ-нд 5412 м.кв газар ашиглуулахаар шийдвэрлэхдээ ""1 жилийн хугацаагаар" гэж илт ташаарсан байгааг зөвтгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах гэж өөрчилснийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

1.1. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжаар Г" СӨХ-нд 5412 м.кв газар ашиглуулахаар шийдвэрлэхдээ "1 жилийн хугацаагаар" гэж илт ташаарсан байгааг зөвтгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд;

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 1-р хорооны нутаг дэвсгэр, Хууль зүйн яамны зүүн талд байрлах М-100 байрны урд талын газрыг "Г" СӨХ-ны харъяа М-100 байрны оршин суугчдын нийтийн эзэмшлийн талбай буюу СӨХ-ны орчны газрыг Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 тоот захирамжаар газар ашиглуулах эрхийг баталгаажуулж олгосон болно.

Нэхэмжлэгч Г" СӨХ нь өөрийн хариуцах М-100 байрны нийтийн эзэмшлийн талбай буюу Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.5-д заасны дагуу орчны газраа ашиглах баталгаажуулах тухай хүсэлт, бүдүүвч зураг, кадастрын зураг, "Г" СӨХ-ны ашиглах газрын ерөнхий төлөвлөгөө, тохижилтын схем зураг, хорооны Засаг даргын санал зэрэг материалыг бүрдүүлэн Нийслэлийн газрын албанд өгсөн бөгөөд энэ нь ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдсэн байна.

Эдгээр баримт материалыг үндэслэн Нийслэлийн газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар баталгаажиж 5412 м.кв талбай бүхий газрыг ашиглуулахаар Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 441 дүгээр зүйлийн 44.5-д зааснаар шийдвэрлэсэн байна. Энэ тухай Нийслэлийн Газрын албанаас олгосон Г" СӨХ-ны эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээ тогтоосон акт , "Г" СӨХ-д газар ашиглуулах тухай 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээ, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас" зэрэг баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болно.

Хэдийгээр Засаг даргын захирамжийн хавсралтад "Г" СӨХ-д газар ашиглуулах гэрээний хугацаа "1 жил" гэж бичигдсэн боловч Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.9-д зааснаар "Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын ашиглах хугацаа 15 жил байна. Энэ хуулийн 441.6-д заасан гэрээг нийтийн зориулалттай тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд 15 жилээр хэдэн ч удаа сунгаж болно." гэж заасны дагуу 15 жилийн хугацаатай ашиглуулахаар заах байжээ. Иймд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжийн хавсралтад "1 жил" гэж бичигдсэн нь илт ташаарсан, техникийн алдаа гаргаж 15 гэхийг 5 гэсэн тоог алдсан байх магадлалтай тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг шаардлагыг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар СӨХ-нд 15 жилийн хугацаатай газар олгогддог болохыг хүлээн зөвшөөрч амаар тайлбар гаргасныг шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг батлалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Ийнхүү "Г" СӨХ-нд олгогдсон газарт оршин суугчдын автомашины зогсоолын зориулалтаар ашиглаж байсан газар хамаарагдаж байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжаар иргэн Д.Н-т 109 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар олгосон нь СӨХ-ны эзэмшиж байгаа газартай давхардсан болно. Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг, мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан "орчны газар" гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг нийтээр ашиглах, орчны газраа ашиглах эрхийг зөрчсөн хууль бус захиргааны эрхийн акт болно.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2015 оны 1/105 тоот албан бичиг болон Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 113 тоот албан бичиг зэрэг нотлох баримтууд нь Д.Нт эзэмшүүлсэн газар нь СӨХ-ны газартай давхардсан болохыг нотлож байгаа болно.

Гэтэл анхан шатны шүүх газар давхардсан асуудлыг "нэхэмжлэгч "Г" СӨХ-ны газар ашиглах эрх нь 2006 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс, харин гуравдагч этгээд Д.Н-ын 60 м.кв газрыг эзэмших эрх нь 2004 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс, 48 м.кв газрыг А.Ш эзэмших эрх нь 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үүссэн байна. Тухайлан хэлбэл нэхэмжлэгч тал өөрийн ашиглалтын газрыг ашиглах эрх үүсэхээс өмнө гуравдагч этгээдийн газар эзэмших эрх, цаашлаад өмнөх газар эзэмшигч А.Ш-ын газар эзэмшлийн эрх нь үүсчээ... Д.Н А.Ш нарын газар эзэмших эрх үүссэний дараа нэхэмжлэгч Г СӨХ-нд Д.Н, А.Ш нарын газартай давхцуулан газар ашиглуулах шийдвэр гаргасан гэж үзэхээр байна гэж шийдвэрийнхээ 18 дугаар талдаа үндэслэлгүй, буруу дүгнэлт хийсэн байна.

1.2. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн Д.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хууль бусаар эзэмшсэн газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Иргэн Д.Н-т Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1-р хорооны хороо нутаг дэвсгэрт буюу маргаж буй СӨХ-ны эзэмшлийн газарт 109 м.кв газрыг 5 жилийн хугацаатай үйлчилгээниЙ зориулалтаар баталгаажуулан олгосныг үндэслэн Д.Н-т гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000475438 дугаар гэрчилгээг 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр олгожээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 123 дугаар шийдвэрээр Д.Н-т 60 м.кв газрыг олгосон тухай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр А.Ш-т 48 м.кв газрыг олгосон тухай газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн 3 дах заалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123, 124 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосон байсан.

Гэтэл иргэн Д.Н-т 60 м.кв газрыг, иргэн А.Ш-т 48 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 123 дугаар захирамж 19-аар тус тус эзэмшүүлээгүй, газрын захирамж гараагүй болох нь тус шүүхэд ирүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3/1969 тоот "...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004, 2005 оны захирамжуудыг архивын баримтаас шүүж үзэхэд иргэн Д.Н, А.Ш нарт тус дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх захирамж гараагүй байна" гэсэн тодорхойлолт, (II) Чингэлтэй дүүргийн Засаг даргын шүүхэд ирүүлсэн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2/17 тоот албан бичиг: "Дүүргийн Засаг даргын 2004.07.09-ний өдрийн 124-р захирамжинд иргэн Д.Нын нэр ороогүй тул ямар баримтыг үндэслэн газрын гэрчилгээ олгосон нь тодорхойгүй байна. /Захирамжийг хуулбарлан хавсаргав/, 2. Дүүргийн засаг даргын 2004.07.09-ний өдрийн 122-р захирамжаар иргэн А.Шт Жигжид зусланд 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн байх бөгөөд холбогдох баримт материал, хувийн хэрэг дүүргийн өмч газрын харилцааны албанд байхгүй байна./ Захирамжийг хуулбарлан хавсаргав /Захирамжийг хуулбарлан хавсаргав/,

З. Иргэн А.Ш-ийн нэр дээр тус дүүрэгт өөр байршилд кадастрын мэдээллийн санд бүртгэл байхгүй байна " гэсэн тодорхойлолт, (3) хариуцагчаар татагдсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ононгийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар: "Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123, 124-р захирамжуудыг тус дүүргийн архивын баримтаас шүүж үзэхэд 123-р захирамжаар нийт 21 иргэн, аж ахуйн нэгжид, 124-р захирамжаар нийт 7 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгож, баталгаажуулсан байх бөгөөд дээрх иргэд, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад иргэн Д.Н, А.Ш нарт дүүргийн Засаг даргын захирамж олгоогүй, баталгаажилт хийгдээгүй байна" гэсэн тайлбар

(4) мөн түүнчлэн Э.О-ийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбар

(5) Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн "Улмаар Д.Н нь өөрийн эзэмшлийн (газар дээрээ тоосгон гараж)-тай зэргэлдээ иргэн А.Шын 48 м.кв газрын худалдан авчээ" гэсэн дүгнэлт нь энэхүү Гараж худалдах, худалдан авах гэрээ болон Д.Н, А.Ш нарын газар худалдах тухай баримт"-ууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад үндэслэл болгосон байх бөгөөд харин иргэн А.Ш-аас Д.Нт газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргаагүй, газар эзэмшүүлэх эрх шилжсэн тухай захирамж гараагүй, хууль бусаар олгогдсон газрыг "нэгтэж" иргэн Д.Н нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар 109 м.кв газар эзэмших болсон талаарх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас нь огт дүгнээгүй орхигдуулсан нь зориуд нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна.

Иргэн Д.Н нь 109 м.кв газрыг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан газар эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу гаргаагүй, өөрөөр хэлбэл 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гаргасан өргөдөл нь "Нийслэлийн захирамжтай болгох тухай байсан байхад "Үүнээс үзвэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжаар Д.Нын эзэмшиж байсан 60 м.кв газар болон А.Шын эзэмшилд шилжүүлсэн шийдвэр /захирамжийг гаргасан гэдэг нь тогтоогдож байна." гэж шүүх үндэслэлгүй дүгнэсэн байна.

Шүүгч "...бодит байдал дээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 123, 124 дүгээр захирамжаар Д.Н, А.Ш нарт     эзэмшүүлээгүй, харин Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 192 дугаар захирамжаар Д.Нт түүний иргэнээс худалдан авсан гаражийн доорхи 60 м.кв газрыг, иргэн А.Шт Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 122 дугаар захирамжаар түүний эзэмшиж байсан гаражийн доорхи газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан. энэ нь тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс бичилтийн аядаа гаргасантай холбоотойгоор захирамжийн дугаарыг буруу бичсэн нь шүүхээс Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хийсэн бичиг баримтын үзлэг, гэрч М.Алталсүхийн мэдүүлэг, гуравдагч этгээдийн "надад зуслангийн газар байхгүй энэ газраас өөр эзэмшдэг газар байхгүй гэсэн" тайлбар зэргээр тогтоогдож байна" гэж дүгнэлт хийсэн нь огт үндэслэлгүй байна. Мөн Чингэлтэй дүүргийн өмч, газрын албаны дарга М.А-ийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн албан бичигт "...зуслангийн зориулалтаар эзэмшдэг" хэмээн тайлбарыг ирүүлж, шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн зэргээс иргэн Д.Нт 192 дугаар захирамжаар, А.Шт 122 дугаар захирамжаар тус тус зуслангийн газар эзэмшүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжаар иргэн Д.Нт Чингэлтэй, 400 м.кв газрыг эзэмшүүлж заасан боловч Чингэлтэй дүүрэг 1-р хороонд гэж бичигдээгүй байсан, 192 дугаар захирамжаар олгосон газар нь зуслангийн газар болох талаар гэрч Н.Очирбат мэдүүлсэн, мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаар захирамжаар иргэн А.Шт Жигжид, 700 м.кв газрыг эзэмшүүлж заасан байна. Гэтэл энэ хоёр захирамжаар олгосон газрын хэмжээ нь нийлээд 1100 м.кв газар болж байхад шүүхээс Д.Нт 192 дугаар захирамжаар 109 м.кв олгосон мэтээр, А.Шын газрыг худалдан авч 109 м.кв болжээ гэсэн дүгнэлтээ үгүйсгэсэн илтэд худал үндэслэл гаргаж Нийслэлийн Засаг даргын даргын захирамжид өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын А/116 дугаар захирамж нь (Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан "Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж заасныг зөрчиж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг иргэн Д.Нт эзэмшүүлсэн, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн "...илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ." гэж тус тус заасныг зөрчиж зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа сонгон шалгаруулалтын үнийг төлөөгүй иргэн Д.Нт газрыг эзэмшүүлсэн шийдвэр болсон байхад анхан шатны шүүхээс 2014 оны газрын төлбөр төлсөн баримтыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын үнийг төлсөн гэж илт нэг талыг баримталсан буруу дүгнэлт хийсэн байна.

Хоёр: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд;

2.1. Анхан шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн өмч газрын харилцааны албаны архивын бичиг баримтанд үзлэг хийхэд иргэн Д.Н нь Чингэлтэй, зуслангийн газар эзэмшүүлсэн 192 дугаар захирамж гарч ирсэн ба 123, 124 дүгээр захирамжууд нь эдгээр нэр бүхий иргэдэд хамааралгүй болох нь тогтоогдсон юм. Гэтэл шинээр гарч ирсэн 192 дугаар захирамжийг Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороонд олгосон газарт хамааралтай гэж шүүх дүгнээд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 тоот захирамжийн үндэслэл болсон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр захирамжийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийн Д.Нт гэж зөвтгөн өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т зааснаар Нийслэлийн Засаг даргын А/116 дугаар захирамжийн Д.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Нын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгахаар Захиргааны хэргийн анхан шатны 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 202 дугаар шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Г Сууц өмчлөгчдийн холбооноос Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн иргэн Д.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрыг чөлөөлүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжийн Г Сууц өмчлөгчдийн холбоонд 5412 м.кв газар ашиглуулахаар шийдвэрлэхдээ 1 жилийн хугацаагаар гэснийг зөвтгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн гаргажээ.

Гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжид Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийг үндэслэн гэж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах гэсэн бие даасан шаардлагыг гаргасан байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмших эрхийн 0044869 дүгээр гэрчилгээгээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 60 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг гуравдагч этгээд Д.Нт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4822 дугаар газар эзэмших гэрчилгээгээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд М-100 байрны урд талд 48 м.кв газрыг гаражийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг А.Шт олгожээ.

Дээрх эзэмших эрх бүхий газрыг гаражийн зориулалтаар иргэн Д.Н нь эзэмшиж, ашиглаж байсан, мөн Газрын тухай хуулийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж заасныг зөрчилгүйгээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд М-100 байрны урд талд байрлах иргэн А.Шын эзэмшлийн гаражийг түүний доорх 48 м.кв газрын хамт шилжүүлэн авсан болох нь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 м.кв талбайтай гаражийг 3000000 төгрөгөөр худалдсан Гараж худалдах, худалдан авах гэрээ-ээр болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн нарын тайлбараар нотлогдож байна.

Улмаар Д.Н дээрх гэрээний дагуу шилжүүлэн авсан 48 м.кв гаражийн газрыг өөрийн эзэмшлийн 60 м.кв газартаа нэгтгэж, газар эзэмших эрхийн зориулалтыг нь өөрчлүүлэхээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт нь 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хандаж хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг дарга 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжаар түүнд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, М-100 байрны урд талд нийтдээ 109 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасныг зөрчөөгүй байна.

Дээрх захирамжаар гуравдагч этгээд Д.Нт 109 м.кв газар эзэмшүүлсэн нь Г Сууц өмчлөгчдийн холбооны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Учир нь, гуравдагч этгээд Д.Н нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, М-100 байрны урд талд 60 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 4822 дугаар газар эзэмших гэрчилгээгээр 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш эзэмшиж байсан, мөн иргэн А.Шын Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4822 дугаар газар эзэмших гэрчилгээгээр эзэмшиж байсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд М-100 байрны урд талд 48 м.кв газрыг гаражийн хамт худалдан авсан болох нь дээрх байдлаар нотлогдсон.

Харин Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1-д Сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс тухайн холбооны гүйцэтгэх захирал орчны газрыг ашиглах тухай хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу уг асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий тухайн шатны Засаг даргад гаргана. гэж зааснаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах орон сууцны орчны 5412 м.кв газрыг ашиглах эрхийг анх удаа Нийслэлийн Засаг даргын Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Г Сууц өмчлөгчдийн холбоонд олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, М-100 байрны урд байрлах маргаан бүхий газрыг 60 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Н нь 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн газар эзэмших 0044869 дүгээр гэрчилгээгээр, 48 м.кв газрыг Д.Нт гаражаа худалдсан иргэн А.Ш нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4822 дугаар газар эзэмших гэрчилгээгээр анх эзэмшиж байсан, харин нэхэмжлэгч Г Сууц өмчлөгчдийн холбоо нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжаар орон сууцны орчны газраа эзэмших эрхтэй байснаас үзвэл гуравдагч этгээдэд түрүүлж газар эзэмших эрх үүссэн болохыг баталж байна.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр /Сууц өмчлөгчдийн холбоонд орчны газар ашиглуулах тухай 441 зүйлийн 411.1.Сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс тухайн холбооны гүйцэтгэх захирал орчны газрыг ашиглах тухай хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу уг асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий тухайн шатны Засаг даргад гаргана/ Сууц өмчлөгчдийн холбоонд орчны газраа ашиглах эрх нь үүссэн.

Гэтэл 2002 оны Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж зааснаар эхэлж газар эзэмших эрх үүссэн этгээдийн газар эзэмших эрхийг түүний дараа газар эзэмших эрх үүссэн этгээд хөндөхгүй байх ёстой.

Мөн гуравдагч этгээд Д.Н нь уг маргаан бүхий газрын дуудлага худалдааны үнэ болох 1726560 төгрөгийг нөхөн төлсөн нь хариуцагчийн тайлбар, Голомт банкны 2014 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д /энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно./ заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн иргэн Д.Нт холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх хуулийн ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байх тул уг захирамжийг хүчингүй болгож, уг газрыг чөлөөлөх үндэслэлгүй юм.

Харин Нийслэлийн Засаг даргын Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжаар Г Сууц өмчлөгчдийн холбоонд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 5412 м.кв газрыг ашиглах орчны газрын зориулалтаар 1 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 441 зүйлийн 441.9-д Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын ашиглах хугацаа 15 жил байна. ... ашиглалтын хугацаанд 15 жилээр хэдэн ч удаа сунгаж болно гэснийг зөрчиж гарсан болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжийн Г Сууц өмчлөгчдийн холбоонд 5412 м.кв газар ашиглуулахаар шийдвэрлэхдээ 1 жилийн хугацаагаар гэснийг зөвтгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах гэсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

Нэгэнт гуравдагч этгээд Д.Н нь маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа нь тогтоогдсон учраас түүний Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжид Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийг үндэслэн гэж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэсэн бие даасан шаардлагыг хангасан нь зүйтэй юм.

Учир нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн 3 дахь заалтаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123 дугаар захирамжийн иргэн А.Шд, 2004 оны 123 дугаар захирамжийн иргэн Д.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 123 дугаар захирамж нь иргэн А.Шийрэв, Д.Н нарын газар эзэмших эрхтэй хамааралгүй болох нь 2014 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон бөгөөд харин Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийн холбогдох заалтаар тэдэнд газар эзэмшүүлжээ.

Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн ...анхан шатны шүүх хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт зааснаар үнэлж дүгнээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын сарын 08-ны өдрийн 202 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

               

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Б.МӨНХТУЯА

                ШҮҮГЧ                                                                                    Н.ХОНИНХҮҮ

                ШҮҮГЧ                                                                                    Э.ХАЛИУНБАЯР