Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
Хэргийн индекс | 138/2016/0070/э |
Дугаар | 76 |
Огноо | 2016-07-25 |
Зүйл хэсэг | 097.1., |
Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 76
Монгол улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд,
Улсын яллагч Л.Мөнхбаяр,
Хохирогчийн төлөөлөгч
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ө.Батболд нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 201511000561 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 10 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 1-10 насны 3 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, регистрийн дугаар ЖЗ85100606, ******* овогт ******* *******.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 09 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 1-10 насны 3 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн сумын багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, регистрийн дугаар , ******* овогт ******* *******.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн нутаг дэвсгэрт тоотод хамтран амьдрагч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар 3 сар 27 хоногтой булаацалдах явцдаа газарт унагаж түүний бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн нутаг дэвсгэрт тоотод хамтран амьдрагч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар 3 сар 27 хоногтой булаацалдах явцдаа газарт унагаж түүний бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 11 сард ******* бид хоёр гэртээ 2 пиво уусан. Ууж байхдаа найз дуудаад ирэхээр нь нэмж нэг пиво, 0.75 литрийн архи нэмж авсан.Тэгээд ууж байхад ******* намайг "алцганалаа" гээд элдэв бусаар хэлээд бид маргалдсан. Намайг хүүхдээ аваад найз очиж хононо гэхэд ******* орон дээр хэвтэж байсан хүүгээ хөнжилд боогоод шүүрч аваад гарсан. Би араас нь гараад "хүүхэд вакцин хийлгэсэн, даарч бүлээрвэл яана" гээд хүүхдээ авах гэтэл арагш ухраад надад өгөхгүй байсан. Тэгээд булаацалдаж байгаад болгоомжгүйгээр хүүхдээ газарт унагаасан. Би шууд эмнэлэг, цагдаа дуудсан. Одоо манай хүү 1 настай болсон, биеийн байдал нь сайн байгаа гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би ганцаараа жижиг пиво ууж байхад эхнэр "чи нэг мөсөн том пиво авчих нь яасан юм бэ?" гэхээр нь гарч нэг том пиво худалдаж аваад уусан. Тэгээд байж байтал эхнэр найз дуудаад бид дахин нэг пиво, 1 шил 0.75 литрийн архи авсан. Архи ууж байхдаа би эхнэртэйгээ маргалдаад хүүхдээ аваад айлд хононо гэхээр нь орон дээр байсан хүүхдээ хөнжилд нь ороогоод гарсан. Гэтэл араас гарч ирээд хүүхдээ авна гээд байхаар нь өгөх гэтэл хүүхэд унасан. Ингээд Цагдаа, эмнэлэг дуудаад гараад явцгаасан. Одоо манай хүүхдийн бие гайгүй байгаа гэв.
Хохирогчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гардаг орой манай хөгшин намайг сэрээгээд эднийг эмнэлэгт байна гэж хэлсэн. *******ийн ээжтэй холбоо барьж хүүхдийн биеийн байдлыг асуусан. Удалгүй Улаанбаатар хот руу эмчилгээнд аваад явсан. Хүүхдээ хүмүүжүүлээгүй архины хор уршгаас ийм зүйл болсон гэж бодож байна. Одоо хүүгийн биеийн байдал сайн байгаа гэсэн. *******, ******* хоёрыг цаашид ухаарах байх гэж бодож байна. Гэр бүлийн 2 хоёулаа архи ууна гэдэг байж боломгүй асуудал юм. Архиар бол амьдрал үргэлжлэхгүй. Засрах байх гэж бодож байна. Надад гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хавтаст хэргийн материалаар гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 15-ны өдрийн 471 тоот шинжээчийн дүгнэлтэд: "… 1. биед баруун ухархайн дээд хана, дух яс, баруун чамархайн ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн эдэд няцрал, цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо 2.3. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна 4. Баруун ухархайн дээд хана, дух яс, баруун чамархайн ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн эдэд няцрал, цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна 5.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэжээ. /хх-ийн 123-124/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
- *******ээс асууж авсан тайлбар /хх-ийн 4/
- асууж авсан тайлбар /хх-ийн 5/
- *******ийг асууж авсан тайлбар /хх-ийн 7-8/
- Эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз /хх-ийн 18/
- Гэмтэл, согог судлалын үндэсний төвд үзүүлсэн бичиг /хх-ийн 27-28/
- Хохирогчийн төлөөлөгч Б.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31/
- Гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 32-33/
- *******, ******* нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-36/
- Гэрч Б.Саранзаяагийн мэдүүлэг /хх-ийн 37/
- *******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-52/
- Цагдаагийн газарт гаргасан *******ийн хүсэлт /хх-ийн 61/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 74/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 75/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 76/
- *******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-85/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 105-106/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 107/
- Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 109,111/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн нутаг дэвсгэрт тоотод хамтран амьдрагч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар 3 сар 27 хоногтой булаацалдах явцдаа газарт унагаж түүний биед баруун ухархайн дээд хана, дух яс дайрсан, баруун чамархайн ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн эдэд няцрал, цус хуралт бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан, шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн нутаг дэвсгэрт тоотод хамтран амьдрагч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар 3 сар 27 хоногтой булаацалдах явцдаа газарт унагаж түүний биед түүний биед баруун ухархайн дээд хана, дух яс дайрсан, баруун чамархайн ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн эдэд няцрал, цус хуралт бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдлоо. Үүнд: Хохирогчийн төлөөлөгч , шүүгдэгч *******, ******* нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, өвчтөний түүх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 15-ны өдрийн 471 тоот шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд зэрэг болно.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ. Мөн шүүгдэгч ******* нь 3 нас хүрээгүй хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан Д. төрсний гэрчилгээ /хх-ийн 95/ болон нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 118/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн *******ийн ЖЗ85100606 регистрийн дугаартай иргэний үнэмлэх, *******ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус өөрт нь буцаан олговол зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй бөгөөд шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүйг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй юм.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, ялтан *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар ялтан *******т 1 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй бөгөөд ялтан нар нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй ба ялтан *******ийн ЖЗ85100606 регистрийн дугаартай иргэний үнэмлэх, ялтан *******ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус өөрт нь буцаан олгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, тэдний эдлэх ялыг тус тус энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан тэдний өмгөөлөгчид, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ж.ДОЛГОРМАА