Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2018

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/01911 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ХАӨ” ХХК-д холбогдох

 

   Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.М,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ХАӨ” ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 02-нд барилгын кранистаар ажилд орсон. Би ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажил хөдөлмөрөө сайн гүйцэтгэж ирсэн. Намайг ямар нэгэн хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг зөрчөөгүй байхад ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Би тушаалд дурдсан зөрчил дутагдал гаргаж хууль бус зүйл хийгээгүй. Би хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг. Намайг ажлаас халах тухай 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалыг 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан. Асуудал болоод байгаа 4 дүгээр сарын 15-ны өдөр миний шпатл хугарчихсан байсан тул байгууллагын нярав З.Г дээр шпатлынхаа ишийг солиулах гэж очихдоо “өчигдөр н.Д тэрэгний дугуй эвдэллээ гээд зодуулсан юм байна лээ, өнөөдөр эгчийнх нь 2 шпатлын иш хугарчихлаа, солиулах гэсэн юм, арай бас зодуулчих юм биш биз дээ” гэж хэлсэн. Учир нь З.Г барилгын ажилтан н.Дүгэрсүрэнг тийм шалтгаанаар зодсон, энэ талаар удирдлагаас арга хэмжээ аваагүй, асуудлыг шийдээгүй байсан. Намайг тэгэж хэлэхэд З.Г намайг хэл үгээр доромжилж, “шаардахаа бичээч” гэсэн. Ингээд би шаардахаа бичээд н.Ц-аар гарын үсэг зуруулах байсан. Тухайн үед би уурандаа шаардахаа н.Цолмонбаатарт шидээд өгчих вий дээ гэж бодож, З.Г-г гадаа 10-15 минут хүлээж зогссон. Тэгтэл тэр гарч ирээд намайг дахин доромжилсон. Энэ хүн миний хүүтэй нас чацуу учраас намайг доромжилсонд уур хүрч, түүнтэй зодолдсон. Энэ зодоон хэний буруугаас болж үүссэн бэ гэдгийг ажил олгогч шалгаж тогтоохгүйгээр намайг шууд ажлаас халсанд гомдолтой байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн хүү байгууллага дээр ээжийнхээ нийгмийн даатгалын дэвтрийг авах гээд ирэхэд нь нэхэмжлэгчийг ажлаас халсан тухай мэдэгдэж, дэвтэр дээр нь ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийсэн” гэж хэллээ. Намайг ажлаас халах тухай тушаалыг 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан. Би энэ тухай ажлынхаа хүмүүсээс мэдэж, 4 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас халах тухай тушаалыг гардан авч, нийгмийн даатгалын дэвтэртээ бичилт хийлгүүлсэн. Би сар бүр бүтэн сайн өдрөөс бусад өдөрт буюу сард 24 хоног ажилладаг байсан. Мөн намайг зөрчил гаргасан гэж нэг ч удаа хурлаар оруулж байгаагүй бөгөөд сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанид барилгын кранист албан тушаалд ажиллаж байсан Б.М-тэй тус компани нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж эхэлсэн. Тухайн ажилтан нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс эхлэн кранистаар ажиллаж байгаад баригдаж байсан барилгын ажлын явцаас хамаарч кран тодорхойгүй хугацаагаар зогсох болсон. Түүнийг ажлын байртай байлгах үүднээс цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийг дордуулахгүйгээр өөрийнх нь мэргэжлийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн засал чимэглэлийн ажилтнаар ажиллуулж байсан. Б.М-ийг ажиллаж байх хугацаанд хамт олонтойгоо хамтарч ажиллах, зан харилцааны доголдолтой талаар өргөдөл, гомдол ирж байсан ба үүнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтны зүгээс сануулга, мэдэгдэл өгсөн боловч хүлээж авахгүй, мэдэгдлийг урж хаян, хэл амаар доромжилсон асуудал гарч байсан. Б.М нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажлын байран дээрээ барилгын нярав З.Г-гийн ажил хэргийн журмаар тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэл амаар доромжлон, нүүр лүү нь нулимж, гарт тааралдсан зүйлсээрээ цохиж, зодолдсон ноцтой зөрчил гаргасан ба энэ нь хөдөлмөрийн дотоод журам болон тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан “гэрээг шууд цуцлах” үндэслэл болсон болно. “ХАӨ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.4.8-д “ажлын байранд танхайрсан, харилцагч хамт олонтойгоо зүй бусаар харьцсан, тэднийг хэл үгээр бусдын дэргэд доромжилсон, байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц байдлыг бий болгосон, бусдын анхаарлыг сарниулсан, зодоон хийсэн, удирдлагаас тавьсан хууль ёсны болон ажил хэргийн шаардлагыг хүлээн авч биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан ...” ноцтой зөрчлийг гаргасан тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон. Иймд захирлын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ХАӨ-17/011 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Б.М нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлаас халсан гэж үзэж байна. Иймээс Б.М-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ийг “ХАӨ” ХХК-ийн барилгын засал чимэглэлчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “ХАӨ” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 406 024 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.М-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “ХАӨ” ХХК-д үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч “ХАӨ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 53 446 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж  шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, өмгөөлөгч Ч.Н нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үүдэн хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, ажилтны хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч “ХАӨ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох зохицуулалтаар ажил олгогчид олгогдсон эрхийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 13 1.2. дахь хэсэгт заасан "сахилгын зөрчил гаргаснаас xoйш зургаан cap, илрүүлснээс xoйш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна" гэх хуулийн хугацааны дотор гарсан, ажилтны гаргасан зөрчилдөө хандсан гэм буруугийн хэлбэр, зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон болноБайгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасан зөрчлийг ажилтан гаргасан бол үүнийг ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээт ажил олгогч дангаар цуцлах талаар тодорхой заасан байдаг. Үүнийг тушаалынхаа үндэслэлд тодорхой тусгаж өгсөн болно. Тодруулбал, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан болох нь гэрч Э.Энхбаатар, Ү.Эрдэнэбаяр нарын мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Мөн Б.Мөнхцэцэг нь уг зөрчлийг гаргахаас өмнө ажлын байранд, ажлын цагаар бусадтай зүй бусаар харилцсан, хэрүүл маргаан үүсгэсэн, ажлын цагаас хоцорсон, удирдах албан тушаалтны ажил хэргийн хүрээнд тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх зэрэг зөрчил, дутагдлыг нэг бус удаа гаргаж байсан бөгөөд тухай бүрд холбогдох эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс амаар болон бичгээр сануулдаг байсан болно. Энэ талаар ч түүнтэй хамт ажиллагсдын зүгээс байгууллагын захиргаанд бичгээр гомдол, санал гаргаж байсан тохиолдол бий. Шүүх “... хэрэгт авагдсан дээрх тушаалуудыг харьцуулан дүгнэвэл, ажил олгогч “ХАӨ” ХХК нь нэг өдөр, нэг ижил зөрчил гаргасан хоёр ажилтны нэгийг нь ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халаад, нөгөөд нь давуу байдал тогтоож, өөрийнх нь хүсэлтийг харгалзан ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн ...” гэх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.М нь зөрчил гаргах үедээ нярав З.Г-ийн ажлын чиг үүргийнхээ хүрээнд тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлээгүйгээр барахгүй, түүнийг цохиж, нүүр лүү нь нулиман хэл амаар доромжилсон байдаг. Ажил олгогчийн зүгээс 2 ажилтанд байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, сахилгын арга хэмжээний журамд заасан арга хэмжээ /ажлаас халах/-т авах шийдвэр гаргасан. “Ажлын байранд танхайрсан, хамт олонтойгоо зүй бусаар харьцсан, тэднийг хэл үгээр бусдын дэргэд гутаан доромжилсон, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц байдлыг бий болгосон, бусдын анхаарлыг сарниулсан, зодоон хийсэн, удирдлагаас тавьсан хууль ёсны болон ажил хэргийн шаардлагыг хүлээн авч биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, байгууллагад эд материал, хөрөнгө мөнгөний хохирол учруулсан. Холбогдох тушаал бичгээр гараагүй байхад нярав З.Г нь ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдөл бичгээр өгч, амаар “... намайг ноцтой зөрчил гаргасан гэж битгий ажлаас халаач ээ. Миний хувьд хэдийгээр хэрүүл, зодоон хийж танхайрсан үйлдэл гаргаж байгууллагын дотоод журмыг зөрчсөн боловч ажлаа явуулахын тулд ажлын шаардлага тавьсан. Үүнийг Б.М биелүүлэхгүй намайг гарт тааралдсан зүйлсээрээ цохиж, хэл амаар тэсэхийн аргагүй доромжилсон тул миний хувьд нэг удаа цохиж авсан юм. Энэ асуудал цагдаа дээр шалгагдаж байгаа. Мөн миний хувьд залуу хүн цаашид ажилд ороход ноцтой зөрчлөөр халагдсан гэхээр хүндрэлтэй байна. Би өөрийн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ бүхнийг харгалзан үзэж өөрийн хүсэлтээр чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг харгалзан үзэж, түүнийг өөрийн хүсэлтээр нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Гэтэл шүүх Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, түүний эрх ашгийг зөрчөөгүй, халдаагүй шийдвэрийг ажил олгогч өөрийн эрхийнхээ хүрээнд гаргасан байхад үүнийг шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь учир дутагдалтай байна. Энэ нь зөрчил гаргасан ажилчдыг ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоосон асуудал биш юм. Тухайн ажилтныг ажилд нь үлдээсэн бол энэ нь ялгаварласан байдал болох бөгөөд нэгэнт ажлаас чөлөөлөгдөж байгаа хүн өөрөө хүсэлт гаргасныг харгалзан үзэж ажил олгогч өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр байхад үндэслэлгүйгээр ажил олгогчийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх “... мөн хариуцагч “ХАӨ” ХХК нь нэхэмжлэгч Б.М-ийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр кранистын албан тушаалаас барилгын засал чимэглэлчийн ажилд шилжүүлэн томилсон боловч, түүнийг ажлаас халах сахилгын арга хэмжээ авахдаа "кранист"-ын ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй болжээ ... " гэх үндэслэлийг дурдсан байдаг. Нэхэмжлэгчийг “ХАӨ” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн HR-17/001 дүгээр "Албан тушаал өөрчлөн томилох тухай" тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсгийн "Сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно" гэх зохицуулалтыг үндэслэн, ажилтныг тогтмол орлого, ажилтай байлгах үүднээс түүнтэй харилцан тохиролцож, өмнө авч байсан цалингийн хэмжээг бууруулахгүйгээр, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөхгүйгээр, дордуулахгүйгээр түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулж байсан болно. Өөрөөр хэлбэл барилгын кранн түр хугацаагаар зогссон тул өөртэй нь тохиролцон мэргэжлийнх нь дагуу "барилгын засал чимэглэлчин" орон тоонд ажиллуулж байсан. Тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байр, албан тушаалын нэршил нь барилгын кранист учир ажлаас халсан тушаалд энэ нэршлээр бичсэн болно. Мөн нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй, маргаагүй. Энэ нь түүний эрхийг зөрчөөгүй байхад шүүх үүнийг үндэслэл болгон шийдвэр гаргаж байгааг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/01911 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “ХАӨ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

            Ажил олгогч “ХАӨ” ХХК-ийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны ХАӨ-17/011 тоот тушаалаар Б.М-ийг барилгын кранистын ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хэргийн 32 дугаар тал/ Хариуцагч нь уг тушаалын үндэслэлээ ажилтан нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж, мэтгэлцжээ.

 

            Хэдийгээр ажил олгогч нь ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэх хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй боловч нэхэмжлэгч Б.М нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажлын байранд нярав З.Г-г доромжлон, нүүр рүү нь нулимж, зодолдсон үйл баримтын талаар талууд маргаагүй, ажилтан хөдөлмөрийн дотоод журмын 9.1.4.8-д заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна.

 

            Тодруулбал, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т     “ хөдөлмөрийн дотоод журамд энэ гэрээнд ноцтой зөрчил гэж заасан дараах үйлдэл, эс үйлдэхүйд тухайн ажилтанд урд нь сахилгын шийтгэл оногдуулсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн харилцааг зогсоож ажлаас хална” гэж,

6.2.2-т “ажлын байранд ... танхайрсан, бусдыг өдөөн хатгаж уруу татсан гэмт хэрэг, сахилгын болон бусад зөрчил гаргах бололцоог бүрдүүлсэн, ...” бол сахилгын шийтгэл ногдуулна” гэж талууд ноцтой зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.

Түүнчлэн хөдөлмөрийн дотоод журмын есдүгээр зүйлийн 9.1.4-н 8-д “ажлын байранд танхайрсан, … зодоон хийсэн …” бол ноцтой зөрчилд хамруулахаар заажээ. /хх-н 29-30, 41-р тал/

 

Ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зохицуулалтыг баримтлаагүй нь ажилтаны гаргасан ноцтой зөрчлийг зөвтгөх, уг зөрчилд сахилгын арга хэмжээ авахгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/01911 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “ХАӨ” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 446 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА          

                                   

                                            ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                    

                                                                                                  Г.ДАВААДОРЖ