Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/372

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2020/0357/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч  Б.Батсүх,

Шүүгдэгч С.С.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.У-д  холбогдох эрүүгийн 2018000000405 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дархаг-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай , эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С.У-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

С.У- 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Шинэ” Дарханаас “Хуучин” Дархан чиглэлд Приус 11 маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэн зорчихдоо Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн дэргэдээс мөн тус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхээр суусан Б.Б.Д-г Дархан сумын 07 дугаар багт байрлах “Шинэ” захын   урд талд буухад нь түүний мартаж орхисон Iphone 7 Plus маркийн гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 750,000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч С.С.У- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн  2018000000405 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч С.С.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын орчим Шинэ дарханаас, Хуучин Дарханы 18-н буудал руу явахдаа таксинд суусан бөгөөд Хуучин Дарханы 18-н буудал дээр бууж байхад хүн утсаа үлдээчихлээ гэхээр миний утас байна гэж бодоод анзаараагүй авсан.Тэгээд тухайн утас дуугарсан ба би дуугарч буй утсыг авах гэтэл цэнэг нь дуусчихсан юм.Түүнээс хойш өөрийнхөө сим картыг хийж барьсан юм. 2020 оны 08 дугаар сарын 15 ны орчим Улаанбаатар хотод очоод мөнгөний хэрэг гараад 210,000 төгрөгөөр зарчихсан юм. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх 19-20/,

 

            Хохирогч Б.Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн орчим Оргил худалдааны төвөөс Дархан сумын 7 дугаар баг Шинэ зах руу Приус 11 маркийн тээврийн хэрэгслээр таксидсан бөгөөд Шинэ зах дээр очоод буухдаа өөрийн Iphone 7 Plus маркийн гар утсаа халааснаасаа унагааснаа мэдээгүй бөгөөд буугаад ажил руу явахдаа гар утсаа таксинд унагааснаа мэдсэн бөгөөд өөрийнхөө утас руу залгахад 1 удаа салгаад тэгээд утас маань холбогдох боломжгүй болсон юм. Түүний дараа 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр над руу Д- гэх 9494***6 дугаартай хүн залгаад Улаанбаатар хотын Теди худалдааны төвөөс залгаж байна, эхнэр гэх хүн чинь чиний утсыг чинь авчирч зарсан юм. Надад чиний утасны ID дугаар хэрэгтэй байна гэхээр нь  би гээсэн талаар учир шалтгаанаа хэлсэн чинь тухайн утас зарсан гэх хүний мэдээллийг явуулсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ” гэх мэдүүлэг /хх 9-10/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 05/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн  тухай тэмдэглэл /хх 07/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 13/

 

Гар утасны баталгаат хуудас /хх 12/,

 

Гэрч Б.Д- “...Би 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр С.С.У- гэдэг хүнээс 210,000 төгрөгөөр худалдаж авсан. Би утсыг худалдаж авахдаа С.У- гэдэг хүний гадаад паспортын зургийг авсан байсан юм. С.У-гийн Хаан банкны *****дугаарын данс руу шилжүүлсэн... Утасны Iclud дээр энэ утсан дээр бүртгэлтэй нэг код очих байх тэрийг хэлээд өгөөч гэхэд би наад гар утсыг чинь хулгайд алдсан гэсэн.Тэгэхээр нь би Тэди дээр байдаг надад С.У- гэдэг хүн зарсан гээд С.У-гийн утасны дугаар Iclud дээр бүртгэлтэй байсан болохоор утасны дугаарыг нь өгсөн..” гэх мэдүүлэг /хх 21/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Iphone 7 plus маркийн 256 GB багтаамжтай гар утас /хуучин/ 1 ширхэг  750000 төгрөг” гэх эд хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 24-25/,

 

Шүүгдэгч С.С.У-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 45-55/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 55-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59/ оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа /хх 60-62/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.С.У- нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Шинэ” Дарханаас “Хуучин” Дархан чиглэлд Приус 11 маркийн тээврийн хэрэгслээр зорчин явахдаа тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Б.Д-гийн “Iphone 7 Plus” маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 750,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

                       

Шүүгдэгч С.С.У- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч С.С.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Б.Б.Д-гийн “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний утас хэвийн ажиллаж байгаа.” гэх мэдүүлэг /хх 11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 07/ зэргээр гар утсаа буцаан авч,  хохирол төлөгдсөн нь тогтоогдож байх тул шүүгдэгч С.С.У-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт эрэг үйлдсэн, хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн зэргийг ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 7 сарын хугацаанд буюу буюу эхний зургаан сард сар бүр 64000 төгрөг, долоо дахь сард 66000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.У-г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.С.У-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С.У-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 7 сарын хугацаанд буюу эхний зургаан сард сар бүр 64000 төгрөг, долоо дахь сард 66000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.У- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ