Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 01588

 

 

 

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2017/01588

        Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо, Хилчин хотхон 26-33 тоот хаягт байрлах “Сортоо Хан” ХХК-д холбогдох

8,625,599 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дамба хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Сортоо Хан” ХХК нь Монгол улсын нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 08 сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 5,570,399 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтануудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэхгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд ороод байна. Иймд Монгол улсын нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-д заасны дагуу “Сортоо Хан” ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 5,570,399 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги 2,875,199 төгрөг, нийт 8,625,599 төгрөгийг “Сортоо Хан” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ

            Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

            “Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын шимтгэлд нэхэмжилсэн 2,875,199 төгрөг нэхэмжилсэнээс 2,156,400 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 6,469,198 төгрөгийг хариуцагч “Сортоо Хан” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж дуусгахаар талууд тохиролцов” гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь “Сортоо Хан” ХХК-д холбогдуулан 8,625,599 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагийн 2,156,400 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч “Сортоо Хан” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 6,463,198 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийт 6,469,198 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, талууд эвлэрлийн гэрээ байгуулснаа шүүхэд ирүүлжээ. 

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагийн 2,156,400 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Сортоо Хан” ХХК нь үлдсэн 6,469,198 (зургаан сая дөрвөн зуун жаран ёсөн мянга нэг зуун ерэн найман мянган) төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийт 6,469,198 төгрөгийг нэхэмжлэгч Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН