Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 01247

 

    2017 оны 05 сарын 25 өдөр

     Дугаар 184/ШШ2017/01247

       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Боржигон овогт Ойдовын Оюунчимэг /РД:ЧЗ62021564, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 9 дүгээр гудамж, 131 тоотод оршин суух/-ийн нэхэмжлэлтэй,

           Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Ойдов овогтой Оюунчимэг миний бие 1978 оноос 2000 он хүртэл Улаанбаатар төмөр замын эмнэлэгт 22 жил, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2003 оноос 2015 оны 11 дүгээр сар хүртэл 12 жил, нийт 34 жил улсад ажилласан. Миний бие анх ажилд ороход өгсөн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул 2005 онд дахин дэвтэр авч бичилт хийлгүүлэхэд зөвхөн анх ажилд орсон болон гарсан тушаалыг бичсэн ба ажилласан хугацааны жилийг нөхөж бичихгүй гэснээс болж, мөн тухайн үед Улаанбаатар төмөр замын эмнэлэгт ажиллаж байсантай холбоотой тушаал, бичиг баримт байхгүй байсан тул 2017 оны 02 дугаар сард тэтгэвэрт гарахдаа хувь тэнцуулсэн буюу 16 жилээр гарсан. Гэтэл одоо миний бие улсад 34 жил ажилласан боловч 36 сарын цалинтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах болон үндсэн тэтгэвэрээ бүрэн тогтоолгох зэргээр хуульд заасан тэтгэвэр тэтгэмжээ авч чадахгүй эрх ашиг маань хохирч байна. Иймд тус шүүхэд гарган өгч буй ажлын тушаал шийдвэр бусад баримт бичгүүдийг үндэслэн Улаанбаатар төмөр замын эмнэлэгт 1978 оноос 2000 он хүртэл буюу 22 жил ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                               

                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

О.Оюунчимэг нь 1978 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2000 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд  гаргажээ.

Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

Иймд О.Оюунчимэгийн гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

О.Оюунчимэг нь Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлгийн даргын 1978 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 467 тоот тушаалаар Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлэгт 1978 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд асрагчаар; Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн Б/215 тоот тушаалаар 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл амбулаторын асрагчаар; Улаанбаатар төмөр замын тээврийн төв эмнэлгийн даргын 1989 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б-67 тушаалаар 1989 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шил угаагчаар, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амбулаторын асрагчаар ажиллаж байгаад Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлгийн даргын 2000 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б-217 тоот тушаалаар чөлөөлөгдсөн болох нь хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улаанбаатар төмөр замын эмнэлгийн даргын ажилд томилох тухай, ээлжийн амралт олгох тухай тушаалуудын хуулбар,  гэрч Б.Оюунчимэг /РД:ЧР56121869/, Р.Загдсүрэн /РД:ЧЖ49070146/ нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, гэрчээр асуусан мэдүүлэг болон тэдний хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                                                         ТОГТООХ  нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Ойдовын Оюунчимэг /РД:ЧЗ62021564/-ийг Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлэгт 1978 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 29-ны өдөр хүртэл асрагчаар, 1986 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл амбулаторын асрагчаар, 1989 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шил угаагчаар, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл амбулаторын асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч О.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.       

 

 

 

                          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН