Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Л.Соёмбо,

          шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ц.Амар,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 884 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Соёмбын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Г.Г-ад холбогдох 1805 0434 90954 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Г.Г, 1982 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:            /;

 

Г.Г- нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 17 тоотод оршин суух С.Э-ыг хоорондын маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-ад холбогдуулан үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 843 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.Соёмбын бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Г-ад холбогдох хэргийг хүлээн авч 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 884 дугаартай цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “... Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад зааснаар “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчдийг ойлгоно гэж хуульчилсан нь Г.Г-, С.Э- нарыг гэрлэлтээ батлуулсан гэрлэгчид гэдэг дээр улсын яллагчийн зүгээс үл маргасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Э- болон Г.Г- нарыг анх байцаалт авахдаа гэрчийн байр суурьнаас болсон асуудлын талаар тодруулж мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-т заасан “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэсэн эрхээр нь хангаж мэдүүлэг авсан.

С.Э- нь цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо “ ... Миний бие 10 жилийн ангийн хүүхэд болох гэрч Ц.Азжаргалын хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар байрны 17 тоот болох гэртээ байхдаа 2018 оны 8 дугаар сарын 13-ны орой, 8-9 цагийн хооронд нөхөр болох Г.Г-, найз Галаа нар орж ирсэн. Найз Галаа нь  хэл амаар доромжилж гарч явсан. Дахин орж ирээд миний бие болон юм хийх гэж байсан найз Ц.Азжаргал бид хоёрыг бүлэглэж зодсон. Цагдаа дуудахыг оролдоход утас эвдэж зодож гэмтээсэн. Баруун гар, толгой, бөгсөн бие өвдөж байгаа тул гомдолтой байна ...” гэсэн бөгөөд өөрийн гэр бүлийн гишүүн болох /нөхөртэй/ Г.Г-ад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь гэрчийн хууль сануулж авсан мэдүүлэг, мөн гэрч Ц.Азжаргалын мэдүүлэг, шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 9969 дугаартай шинжээчийн дүгнэлтээр С.Э- нь Г.Г-ад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон тул хохирогчоор тооцож мэдүүлэг авсан болно.

Хохирогч С.Э-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйл, мөн хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрх үүргийг бүрэн танилцуулж болсон асуудлын талаар мэдүүлэг авсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй учир хохирогч С.Э- нь хохирогчийн байр сууринаас болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй учраас Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхийг сануулж мэдүүлэг аваагүй болно.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч нартай хамт байсан гэрч нарын мэдүүлгийг эрс зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгчээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэрч нь хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй” бөгөөд гэрч Ц.Азжаргал нь тухайн үед Г.Г-ад зодуулсан байдалтай байсан талаар болон яллагдагч Г.Г- нь С.Э-ыг цохиж зодсон талаараа мөн мэдүүлсэн байдаг. Гэрч Ц.Азжаргал нь болсон асуудлын талаар мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн нь түүний өгсөн “... Г.Г- эхнэр С.Э-ыг “цохиж байсан, өшиглөж байсан” мөн “тэр хоёрын зодооныг харах хугацаа ч байхгүй, тийм сөхөө ч байхгүй байсан, хэдэн удаа өшиглөж цохисныг би анзаарч хараагүй” гэж мэдүүлсэн байгааг эрс зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгчсөн гэж анхан шатны шүүхээс дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Гэрч Ц.Азжаргал нь тухайн үед Г.Г-ад зодуулсан байдалтай байсан, мөн Г.Г- нь эхнэрээ зодож цохисныг хараагүй биш харсан талаараа мэдүүлдэг. Харин Ц.Азжаргал нь тухайн үед өөрөө зодуулсан байдалтай байсныг дүгнэж үзэхэд, Г.Г- нь хохирогч С.Э-ыг зодохдоо хэчнээн удаа хаана хаана нь хэрхэн цохиж байсныг хараагүй гэж мэдүүлснээс биш цохиж зодож байгаагүй гэж мэдүүлээгүй юм.

Мөн гэрч Э.Гал-Эрдэнэ нь “Би Г.Г- тэр залуу хоёрыг салгах гэж байхад хажуунаас С.Э- уурлаад аяга аваад миний шанаа руу цохисон. Аяга бол хагараагүй. Тэгээд С.Э-ыг тайвшруулах гээд цааш холдуулахад С.Э- хутга аваад дайрсан. Би С.Э-ын гарыг бариад авахад Г.Г- ирээд хутгыг нь авсан. Тэгж байхад цагдаа орж ирсэн. Г.Г- С.Э-ыг цохисныг би хараагүй” гэж мэдүүлснээс бус Г.Г- нь эхнэр болох С.Э-ыг зодсон эсхүл зодоогүй гэсэн мэдүүлэг өгөөгүй байна.

Гэрч нарын мэдүүлэгт анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөхдөө гэрч нарын мэдүүлгийг эрс зөрүүтэй байдлаар мэдүүлсэн гэж дүгнэж байгаа боловч хохирогч С.Э-ын “... Г.Г- миний нуруу бөөр болон бүх бие рүү өшиглөсөн. Гэрт намайг хүнтэй пиво уулаа гээд хардаад зодсон. Г.Г- намайг өөрөө хардаад байдаг. Тэгсэн байж намайг хартай гээд над руу бурууг өгдөг. Надад гомдол санал гэж байхгүй, хүүгийн эцэг болохоор хэргийг гайгүй шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлгийг баталгаажуулсан гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч Г.Г-ад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн Г.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдоогүй байна гэж үзэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоогоогүйгээр цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-ад холбогдуулан үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 843 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож хэргийг буцаасугай.” гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгасан хэрэгт хяналтын прокурор Л.Соёмбо нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэнээс тул “2017 оны” гэж буруу бичигдсэнийг зөвтгүүлэх нь зүйтэй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 884 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Г.Г-ад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтад анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж дүгнээгүй, зөв үнэлж чадаагүй байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Г-ад холбогдох үйлдлийг нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд шүүх хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтуудын талаар няцаалт хийсэн дүгнэлтүүдийг цагаатгах тогтоолд заагаагүй байна.

 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 884 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд С.Э-ыг гэрчээр тогтоож мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх боловч хохирогчоор тогтоож мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 25.1 дүгээр зүйлийг зөрчиж мэдүүлэг авсан, мөн Баянгол дүүргийн прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн яллах дүгнэлтэд хохирогч С.Э-ын нэрийг “С.Сувд-Эрдэнэ” гэж хохирогчийн нэрийг буруу бичжээ.

 

Мөн анхан шатны шүүх цагаатгах тогтоолын “ТОГТООХ нь” хэсэгт прокурорын яллах дүгнэлтийн огноог 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэж буруу бичсэн байх тул прокурорын байгууллага болон анхан шатны шүүх нь дээрх алдааг цаашид дахин гаргахгүй байх талаар анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 884 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Г-ад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

 

                                ШҮҮГЧ                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ