Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
Хэргийн индекс | 111/2019/0022/З |
Дугаар | 111/ШШ2020/0010 |
Огноо | 2020-04-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 111/ШШ2020/0010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, шүүгч Ч.Оюунсайхан, С.Сайнбилэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Амьд хууль” ТББ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох
“Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 5/5 дугаар тогтоолыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг ерөнхий шүүгч Ц.Сувдмаагийн итгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Төрболд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр, иргэдийн төлөөлөгч Б.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Амьд хууль” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай байгууллага нь Хүний эрхийн хамгаалал, Байгаль орчин хамгаалал, Хууль эрх зүйн сургалт сурталчилгаа, судалгаа мэдээлэл, хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч хөрөнгийг хамгаалах, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, нөлөөллийн болон мониторингийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, төсөл хөтөлбөр санаачлах, зохион байгуулах, удирдах, хэрэгжүүлэх зорилгод нийцсэн бусад арга хэмжээг зохин байгуулах үндсэн дүрмийн зорилготойгоор 2013 оны 10 сарын 02-ны өдрөөс эхлэн үүсгэн байгуулагдаж дээрх дүрмийн зорилгын дагуу тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа билээ.
Дүрмийн зорилгын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 5/5 дугаартай тогтоолоор Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны баруун жигүүрийн 1 давхарын 278.4 м.кв талбай бүхий хэсгийг аймгийн орон нутгийн өмчөөс хассан тогтоол гаргасан нь илт хууль бус гэж үзэж байна. Учир нь тус тогтоолд заагдсан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны баруун жигүүрийн гурван давхар барилга нь бүхэлдээ Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмч мөн болох нь Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 421 дугаартай шүүхийн тогтоолоор тогтоогдож, улмаар Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2016 оны 03 сарыи 15-ны өдрийн 001/ХТ2016/00245 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр уг маргаан бүхий байр орон нутгийн өмч болохыг тогтоосон.
Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар тухайн аймгийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байдаг. Гэтэл Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны Ээлжит бус 5 дугаар хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн 77 дугаар зүйлийн 77.2.3-д заасан үндэслэлээр Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны баруун жигүүрийн 1 давхарын 278.4 м.кв талбай бүхий хэсгийг орон нутгийн өмчөөс ямар ч үндэслэлгүйгээр хассан нь ард түмний өмчийг үнэгүйдүүлсэн, хуульд заасан эрх хэмжээгээ илтэд зөрчсөн үйлдэл гаргасан байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3-т зааснаар Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ гэж зааснаас бус төрийн өмчөөс хасах тухай ойлголт байхгүй.
Дээрх 278.4 м.кв талбай бүхий байрыг одоо өөр олон нийтийн өмчийн байгууллага төрд түрээслэж тодорхой хэмжээний орлого орж байгаа байдлаар гэрээ байгуулагдаж төрийн өмчөөс олон нийтийн байгууллагад түрээсийн мөнгө хэлбэртэйгээр тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө хууль бусаар зарцуулагдсаар байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй:
1/ орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдлыг хянан шалгах буюу түүнд тавих хяналт шалгалтыг зохион байгуулах;
2/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргаас орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг жил бүр хэлэлцэж, дүгнэлт, чиглэл өгөх;
3/ орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө;
4/ орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих.
5. Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ. гэсэн үндсэн эрх үүргийг хэрэгжүүлж болохоор заажээ.
Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд зааснаар а/ хадгалах, хамгаалах, б/хувьчлах, бусдад шилжуулэх, в/ бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах л үндсэн эрхүүдийг эдэлхээр заажээ.
Харин төрийн өмчөөс хасах, эзэнгүйдүүлэх тухай ойлголт байхгүй юм. Энэ агуулгаараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан өөрийн чиг үүрэгт үл хамаарах Захиргааны акт гаргасан, мөн 47 дугаар зүйлийн 1.6-д заасан иргэний хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад дээрх актыг гаргасан байдаг. Иймд тухайн актыг илтэд хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Баянхонгор аймгийн 80 гаруй мянган иргэний нийтийн өмчийг хамгаалах, өмчлөх эрхэд дам утгаараа халдсан, эдгээр иргэдийн өмчид халдах хуульд заасан үндэслэл байхгүй юм. Учир нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байдаг учир энэ өмчийг ямар ч үндэслэлгүйгээр аймгийн орон нутгийн өмчөөс хасч иргэдийн эрх ашгийн эсрэг ажилласан гэж үзэж байна. Энэ тогтоолыг албан ёсоор манай байгууллага нь 2019 оны 11 сарын 29-ний өдөр мэдсэн болно.
Иймд Баянхонгор аймгийн нийт иргэдийн өмнөөс тэдгээрийн өмчлөх эрх зөрчигдсөн, өмчлөх эрхийг хамгаалах ёстой байгууллага нь хууль бусаар өмчийн зүйлсийг хассан байгааг хууль бус гэж үзэж нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргасан болно.
Манай байгууллага нь шүүхэд нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргаж байгаа тул Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.13-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа тул тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.
Иймд, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 5/5 дугаар тогтоолыг Илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч “Амьд хууль” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: "Амьд хууль төв" ТББ нь тус шүүхэд хандан "Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 5/5 дугаартай тогтоолыг "Илт хууль бус болохыг тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлагыг гаргаса
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримт болон тухайн асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцсэн байдал, бусад баримт зэрэг шүүхэд нэхэмжлэл өгөхөөс өмнөх бидний мэдэж байсан мэдээллээс илүү мэдээлэл хэрэгт цугларчээ. Хэрэгт цугларсан дээрх мэдээллээс шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байдаг, хуульд зааснаар хуулийн дагуу захиран зарцуулах эрхтэй байдаг. Гэхдээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 5/5 дугаартай тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг зөрчсөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хууль бус Захиргааны акт болжээ.
Иймд, "Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 5/5 дугаартай тогтоолыг Илт хууль бус болохыг тогтоолгох" гэснийг Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 5/5 дугаартай тогтоол хууль бус тул хүчингүй болгож өгнө үү” гэж өөрчилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ “Амьд хууль” ТББ нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нийт иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах, нийтийн эрх ашгийг хамгаалах үндсэн зорилготой. Манай төрийн бус байгууллага нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж сургалт сурталчилгаа, зөвлөгөө мэдээлэл өгөх, хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэлийн гол шаардлага нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/5 дугаар тогтоолоор Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны баруун жигүүрийн нэг давхарын 278,4 м.кв талбайн хэсгийг аймгийн орон нутгийн өмчөөс хасч, тухайн өмчийг олон нийтийн байгууллага болох Монгол Ардын Нам нь сарын 1.800.000 төгрөгөөр түрээслэсэн нь хууль бус тул нэхэмжлэл гаргасан. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 3 давхар барилгын баруун талын жигүүр Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмч болох нь Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 421 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 00/ХТ2015/00245 дугаар тогтоолуудаар төрийн өмч болох нь тогтоогдсон. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” гэж зааснаар өмчлөх эрхийг хэрэгжүүлэх гол байгууллага юм. 2017 оны ээлжит бус 5 дугаар хурлаараа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 1 давхарын баруун жигүүрийн 278,4 м.кв талбайг орон нутгийн өмчөөс хассан шийдвэр гаргасан нь төрийн өмчийг үнэгүйдүүлж, төрд хохирол учруулж байна. Монгол Ардын Намтай тухайн байрыг түрээслэх гэрээг 2017 онд хийгдсэн талаар ярьдаг боловч хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 01 дүгээр сараас хийгдсэн нь харагддаг. Төрийн өмчийг хувьчлахдаа төрийн өмчийн хороотой заавал зөвшилцөнө гэж хуульд заасаар байхад энэ заалтыг зөрчиж төрийн өмчөөс хассан, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа, ашиглах боломжтой төрийн өмчийг хасах тухай хуульд заагаагүй тул холбогдох хуулиудыг зөрчиж гаргасан тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ээлжит бус 5-р хуралдааны 5/5 дугаар тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын баруун жигүүрийн 1 давхарын 278.4 м.кв талбай бүхий хэсгийг орон нутгийн өмчөөс хасч шийдвэрлэсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй” гэж заасан бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрхтэй бүрэн эрхийн хүрээнд дээрх тогтоолыг батлан гаргасан.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3-т “Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах, хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэж заасан тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг захиран зарцуулахаар 5/5 тогтоолыг батлан гаргасан тул холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна." гэж заасан бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан гаргасан тогтоолыг 1 жил 10 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа зөрчсөн байна. “Амьд хууль” ТББ-д хуульд заасан журмын дагуу мэдэгдэх боломжгүй юм.
“Амьд хууль” төрийн бус байгууллага нь “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж нэхэмжлэл гаргасан талаар дурдсан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.”, 77.2-т “Орон нутгийн өмчийг ззэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолоор төрийн өмчөөс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын өмчлөлд эд хөрөнгийн эрх шилжиж ирсэн.
Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгийн хэмжээнд орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгөтэй холбоотой асуудлыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн тул өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэлд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй талаар нэхэмжлэлд дурдсан байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд батлан гаргасан тул аймгийн Засаг даргын Тамгын газрын баруун жигүүрийн 1 давхарын 278.4 м.кв талбайг орон нутгийн өмчөөс хассанаар ямар нэгэн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй юм.
Дээрх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ээлжит бус V хуралдааны 5/5 дугаар тогтоол нь ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй тул илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Төрболд шүүх хуралдаанд гаргасан эрх зүйн дүгнэлтдээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхий бүхий этгээдийн талаар тодорхой заасан бөгөөд “Амьд хууль” ТББ нь 2018 онд нийтийн өмчийг хамгаалах талаарх үйл ажиллагааны чиглэлээ нэмж Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна, тухайн чиглэлээр сүүлийн 3 доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх талаар хуульд заасан байхад нэхэмжлэгч талын нэхэмжлэл гаргах эрх 2021 онд үүсэхээр харагдаад байгаа юм. Нэхэмжлэгч тал анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж шүүхэд хэрэг үүсгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ил хууль бус байх шаардлагад хамаарахгүй учир хүчингүй болгох шаардлагад хамаарах талаар дурдаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 30 хоногийн хугацаа тоологдож эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргах өмнөх өдөр нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс “Амьд хууль” ТББ-д хандан гаргасан албан бичгээр мэдсэн гэж тайлбарлаад байгаа юм, тухайн албан бичиг нотлох баримтын шаардлага хангахгүй. Маргаан бүхийн акт нь 2017 онд гарчихаад байхад нэхэмжлэл 2020 онд маргаад байгааг анхаарч үзэх хэрэгтэй, учир нь 2017 онд гарсан тогтоолыг тухайн цаг хугацаанд нь мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь байсан. Мөн гурван шатны шүүхээр тухайн байрыг орон нутгийн өмч гэж тогтоогдсон талаар ярьж байгаа боловч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийгдээгүй, тухайн байр нь одоог хүртэл намын нэр дээр байдаг, түрээсийн үйл ажиллагаа яригдаад ирэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хориг тавьсан бичгүүд л ирсэн байдаг. Энэ нэхэмжлэлийг гаргахын тулд шүүхийн шийдвэрийн дагуу байрыг орон нутаг өмчдөө авчихаад маргах нь зүйтэй байх. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Баянхонгор аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд даргаар ажилладаг. “Амьд хууль төв” ТББ-ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт Баянхонгор аймгийн Монгол Ардын Намын хороог гуравдагч этгээдээр оролцуулах шийдвэрийг тус шүүхээс гаргасны дагуу энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Талуудын маргаж буй Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны баруун жигүүрийн 1 давхарын 278.4 м.кв талбайг Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5/5 дугаартай тогтоолоор орон нутгийн өмчөөс хассан. Уг шийдвэр нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах шийдвэр тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн тогтоолоор Монгол Ардын Намын өмчийн бүртгэл одоог хүртэл байгаа. 2012-2016 онд засаг барьж байсан Ардчилсан намын үед тогтоол гарсан, тухайн үед сонгууль болж байсан учир тогтоолоо баталгаажуулаагүй үлдээсэн тул Монгол Ардын Нам олонхи болсны дараа тогтоолыг баталгаажуулсан юм. Тэгэхээр энэ тогтоол бол ардчилсан нам олонхи байх үедээ гаргасан бөгөөд одоо сонгууль болох гэж байгаа тул манай намын нэр хүндийг унагах гэсэн үйл ажиллагаа гэж харж байна. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын байрыг барихад манай намын олон гишүүд хандив өгсөн нь батлагддаг, өмнөх шүүх хуралдаануудад хандив өгсөн гишүүдийн нэрсийг жагсаалтаар гарган өгсөн. Энэ баримт нь байгаа учраас 2012-2016 онд засаг барьж байсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын нэг давхарын баруун жигүүрийг манай намд үлдээх шийдвэр гарч байсан юм. Манай намаас тогтоолыг хууль бус гэж үзэхгүй байгаа учир түрээсийн гэрээ байгуулан 1 давхарын баруун жигүүрийг түрээслэж байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тус маргааны 278.4 м.кв талбай бүхий байрыг олон нийтийн өмчид байлгах нь зөв гэж бодож байна. Олон нийтийнхээ эрх ашгийг зөрчсөн байдал ажиглагдаж байна. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийтийн өмчийг хамгаалах үүргээ биелүүлээгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна”, 18.3.1-д “Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх”-аар заасан “Амьд хууль” НҮТББ нь Хууль тогтоомж сурталчлах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2013 оны 10 сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлийн 000010746 дугаар гэрчилгээг авч, 2017 оны 01 сарын 25-ны өдөр хүний эрх хамгаалах, байгаль орчноо хамгаалах үйлчилгээ, 2018 оны 05 сарын 21-ний өдөр хууль эрх зүйн сургалт, судалгаа, хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч хөрөнгийг хамгаалах, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, нөлөөллийн болон мониторинг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, төсөл хөтөлбөр санаачлах ажил гэж тус тус үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлсэн байна.
“Амьд хууль” ТББ нь байгуулагдсанаасаа хойш дүрмийн зорилгын дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагааныхаа тайланг гаргаж, татвараа төлж байсан болох нь Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн албан тоот, лавлагаа, тайлан, тус хуулийн этгээдийн тайлан зэргээр нотлогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан шаардлагыг хангасан, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн болно.
Мөн нэхэмжлэгч “Амьд хууль” ТББ-аас Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 5/5 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаанд хамаараагүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 5/5 дугаар тогтоолыг хүчингүй болгох” гэж өөрчилсөн нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу шийдвэрийг мэдснээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ маргаан бүхий тогтоолыг 2019 оны 11 сарын 29-ний өдөр мэдсэн тухайгаа дурдсан тул энэ хугацаанаас тоолсон болно.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/5 дугаар тогтоолыг хүчингүй болгох” шаардлагын тухайд:
Баянхонгор аймгийн Монгол Ардын Намын хорооны 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 02 дугаар албан бичгээр “...МАН-аас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэн 2016 оны 5 сард байрыг чөлөөлж орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын байр нь анх 1978 онд ашиглалтанд орсон. Анхны төсөвт өртөг нь 765.000.000 төгрөг. Үүний 400 гаруй мянган төгрөг нь МАН-ын гишүүдийн мөнгөн хандив тусламж байсан... ...Иймд Аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны баруун жигүүрийн 1 дүгээр давхарын хэсгийг бүхлээр нь МАН-ын өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэнэ үү” гэсэн хүсэлтийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргажээ.
Үүний дагуу Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 5/5 дугаар тогтоолын Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь заалтыг үндэслэн Аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны баруун жигүүрийн 1 давхарын 278 м.кв талбай бүхий хэсгийг аймгийн орон нутгийн өмчөөс хасч, тогтоол гарсантай холбогдуулан орон нутгийн өмч, хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг зохих хууль журмын дагуу хийхийг аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад даалгасан байна.
Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 421 дүгээр шийдвэрээр Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын баруун жигүүрийн барилгыг Баянхонгор аймгийн орон нутгийн өмч болохыг тогтоож шийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 сарын 15-ны өдрийн 001/ХТ2016/00245 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын баруун жигүүрийн барилгыг Баянхонгор аймгийн орон нутгийн өмч болохыг тогтоосон заалтыг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэжээ.
Энэхүү Улсын Дээд шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа бөгөөд ийнхүү тогтоосноос хойш Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5/5 дугаар тогтоол гарах хүртэл Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын баруун жигүүрийн барилгыг Баянхонгор аймгийн орон нутгийн өмч болохыг бүртгүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Аймгийн Улсын бүртгэлийн байгууллагад хандаж хүсэлт гаргаагүй байх ба энэхүү Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын баруун жигүүрийн барилга буюу албан контор 1092 м.кв талбайтай, 23 өрөө, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Монгол Ардын Намыг 2012 оны 06 сарын 05-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн 000163670 дугаар гэрчилгээг олгосон нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэлтэй байсаар байна.
Үүнээс харахад Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77. 2.1-т “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдлыг хянан шалгах буюу түүнд тавих хяналт шалгалтыг зохион байгуулах”-аар заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5/5 дугаар тогтоол гарснаас хойш Баянхонгор аймгийн Монгол Ардын Намын хороо нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газартай “Конторын өрөө тасалгааг түрээсээр эзэмшүүлэх тухай гэрээ” байгуулж ирсэн нь хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдох бөгөөд, уг байранд тус шүүхээс үзлэг хийхэд одоогийн байдлаар “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” гэх төрийн байгууллагууд болох аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн бүртгэлийн мэргэжилтэн, сумын газрын даамал, Төрийн хууль зүйн туслалцааны төв, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн мэргэжилтэн, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн, аймгийн Цэргийн штабын архив, “Хонгор шинэ агро” ОНӨААТҮ-ийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн менежер зэрэг байгууллага, албан тушаалтан конторлон ажиллаж байна.
Монгол улсын Үндсэн хуулийн Нэг дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална” гэж төрийн болон нутгийн удирдлагын эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэхээр хуульчилсан.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д ”Орон нутгийн өмчийн зүйлс нь энэ хуулийн З дугаар зүйлд заасны дагуу нийтийн зориулалттай өмч, орон нутгийн өөрийн өмчөөс бүрдэнэ.” гэж, 74.2-т “Орон нутгийн нийтийн зориулалттай өмчид тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө хамаарна” гэж заасан, 77 дугаар зүйлд Орон нутгийн өмчийн талаархи иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг тусгасан бөгөөд 77.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” гэж, 77. 2.1-т “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдлыг хянан шалгах буюу түүнд тавих хяналт шалгалтыг зохион байгуулах”-аар, 77.2.3-т “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэж, 77.З-т “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэх”-ээр тус тус нарийвчлэн зохицуулжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас харахад орон нутгийн өмчийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий субьект нь тухайн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бөгөөд орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хуульд заагаагүй үндэслэлээр орон нутгийн өмчөөс хасч шийдвэрлэсэн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5/5 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудыг ноцтой зөрчсөн, үүний улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Үүнээс гадна Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/5 дугаар тогтоолтой холбоотой гомдлын дагуу Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 654 дүгээр тогтоолд “…Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 47 дүгээр тогтоол хуулийн хүчин төгөлдөр байх тул дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна…” гэсэн баримт хэрэгт авагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.10, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 77 дугаар зүйлийн 77.1, 77.2.1, 77.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Амьд хууль” ТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/5 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т зааснаар “Амьд хууль” ТББ нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА
ШҮҮГЧИД Ч.ОЮУНСАЙХАН
С.САЙНБИЛЭГ