Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 77

 

  Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Хохирогч Б.Гантуяа, түүний өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Э.Батсайхан нарыг оролцуулан

     Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнийн Батсайханд холбогдох 201611000185 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 05 сарын 15-ны  өдөр Дорнод  аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17-р хороо, Эмнэлгийн 5-265 тоотод оршин суух, /Дорнод аймаг Хэрлэн сумын 2 дугаар баг 42-24 тоотод түр оршин суух хаягтай/ улсаас авсан гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 05 сарын 26-ны өдрийн 242 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, бие эрүүл Боржигон овогт Эрдэнийн Батсайхан /РД: ЖЭ 86051518/

     Шүүгдэгч Э.Батсайхан нь давтан үйлдлээр буюу 2015 оны 11 сарын сүүлээр иргэн Б.Гантуяагийн эзэмшлийн "Аллион" маркийн 31-67 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөгжмийг санаатайгаар цохин хагалж 120,000 төгрөгийн хохирол учруулсан  мөн  2016  оны  05  сарын 02-ны өдрийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Буйрын 3-10Б тоотын гадна талд тавиатай байсан иргэн Б.Гантуяагийн эзэмшлийн "Аллион" 31-67 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил рүү санаатайгаар чулуу шидэн хагалж, копудыг нь хонхойлгож паарны шүүрийг эвдэн гэмтээж 295000 төгрөгийн буюу нийт 415000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнийн Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтад хийсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Миний үйлдсэн хэрэгтэй прокурорын яллах дүгнэлт тохирч байна. Дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Би үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна гэжээ.

Шүүгдэгч Э.Батсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний хувьд 2015 оны 11 сарын сүүлээр иргэн Б.Гантуяагийн эзэмшлийн Аллион маркийн 31-67 ДОР улсын дугаартай саарал өнгийн автомашины хөгжмийг цохиж хагалан 120000 төгрөгний хохирол учруулсан. Мөн 2016 оны 05 сарын 02-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, Буйрын 3-10Б тоотын гадна талд тавиатай байсан иргэн Б.Гантуяагийн эзэмшлийн Аллион маркын 31-67 ДОР улсын дугаартай саарал өнгийн автомашины салхины шил рүү чулуу шидэж салхины шилийг хагалж, копудыг нь хонхойлгон 295000 төгрөгний хохирол учруулсан нь үнэн гэжээ. /хх-ийн 60-61/

Хохирогч Батчулууны Гантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э.Батсайхан архи уусан үедээ буюу 2015 оны 11 сарын сүүлээр миний эзэмшлийн Аллион маркийн 31-67 ДОР улсын дугаартай саарал өнгийн автомашины хөгжмийг цохиж хагалан 120000 төгрөгний хохирол учруулсан. Мөн 2016 оны 05 сарын 02-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, Буйрын 3-10Б тоотын гадна талд тавиатай байсан Аллион маркын 31-67 ДОР улсын дугаартай саарал өнгийн автомашины салхины шил рүү чулуу шидэж салхины шилийг хагалж, копудыг нь хонхойлгон 295000 төгрөгний нийт 415000 төгрөгийн хохирол учруулсан. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Э.Батсайханд гомдолгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлөгдсөн гэж үзэж байна гэв.

Насанд хүрээгүй гэрч Баярхүүгийн Отгонбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад орой 21 цаг өнгөрч байсан байхаа /яг хэдэн цаг болж байсныг нь мэдэхгүй байна/ манай эгч Б.Гантуяа гаднаас орж ирээд утсаа цэнэглээд сууж байхад гадаа чулуу шидэж байгаа чимээ гарахаар нь манай эгч Гантуяа намайг гадаа гараад харчихаад ир гэж хэлсэн. Тэгээд би гадаа гарахад Батсайхан ах гэрийн зүүн талд хашааны гадаа эгчийн автомашины хажууд нохой руу чулуу шидээд зогсож байсан. Тэгэхээр нь би гэр лүү ороод сууж байгаад эгчтэй хамт гадаа гарахад эгчийн автомашины шилэн дээр 2 ширхэг чулуу шидчихсэн цонх нь хагарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

     Насанд хүрээгүй гэрч Батсайханы Хязгаар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байхаа /яг хэдэн байсныг нь сайн мэдэхгүй байна/ аав бид хоёр засварын газар байж байгаад ээж Гантуяагийн гэр рүү нь буюу Хэрлэн сумын 6 дугаар баг Буйр хорооллын 3 дугаар эгнээний гадаа очоод ээж Б.Гантуяагийн автомашинд суугаад баруун гэр лүүгээ буюу Хэрлэн сумын 2 дугаар баг 42 дугаар байрны гадаа очоод намайг аав гэр рүүгээ ороод байж бай гэж хэлээд аав ээж хоёр явсан. Би тэгээд гадаа тоглож байхад нилээн удаж байгаад аав ирээд зүүн гэр рүү явж дүүг нь авъя гэж хэлсэн. Тэгээд ээж Б.Гантуяагийн автомашинд суугаад Хэрлэн сум 6 дугаар баг Буйрын 3-10Б тоот хаягт ирээд ээж Б.Гантуяа автомашинаас буугаад гэр лүүгээ дүү Б.Хүслэнг авна гээд ороход аав бид хоёр гэрийн гадаа үлдсэн. Тэгээд ээж гэр лүүгээ орчихоод гарч ирэхгүй удаад байхаар нь аав уурлаад газраас 2 чулуу аваад 1 чулуугаар нь ээжийн автомашины шилийг нь хагалж хамар дээр нь нэг чулууг нь шидсэн. Тэгээд аав бид хоёр гэр лүүгээ такси бариад харьсан гэх мэдүүлэг. /хх-ийн 37-38/

     Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05/

     Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15, 16/

     Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18/

     Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20/

     Хураан авах тогтоол /хх-ийн 25/

     Эд мөрийн баримтанд үзлэн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-28/

     Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 29/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн Засаг даргын шүүгдэгч Э.Батсайханы ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 69/

     Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/ зэрэг нотлох баримтууд болно.

     Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнийн Батсайхан нь давтан үйлдлээр буюу 2015 оны 11 сарын сүүлээр иргэн Б.Гантуяагийн эзэмшлийн "Аллион" маркийн 31-67 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөгжмийг санаатайгаар цохин хагалж 120,000 төгрөгийн хохирол учруулсан мөн 2016 оны 05 сарын 02-ны өдрийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Буйрын 3-10Б тоотын гадна талд тавиатай байсан иргэн Б.Гантуяагийн эзэмшлийн "Аллион" 31-67 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил рүү санаатайгаар чулуу шидэн хагалж, копудыг нь хонхойлгож паарны шүүрийг эвдэн гэмтээж 295000 төгрөгийн буюу нийт 415000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Гантуяагийн  мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Отгонбат, Б.Хязгаар нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15, 16/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20/, хураан авах тогтоол /хх-ийн 25/, эд мөрийн баримтанд үзлэн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-28/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтооогдож байна.

 Шүүгдэгч Э.Батсайхан нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, давтан үйлдлээр үйлдэж, бусдын эд хөрөнгөнд 415000 төгрөгний хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Батсайханы гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар түүний өмгөөлөгч Д.Ганхуяг маргаан гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Э.Батсайхан нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын төлбөрийг мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Гантуяагийн "надад шүүгдэгч Э.Батсайханаас нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлөгдсөн гэж үзэж байна" гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Батсайхан нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүний эзэмшлийн эд хөрөнгөнөөс 60000 төгрөгний үнэ бүхий Хитачи брендийн 21 инчийн телевизор, 400000 төгрөгний үнэ бүхий Ланд ровер брендийн унадаг дугуй зэргийг битүүмжилсэн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө бимүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 2 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчийн баримт бичгээр хураагдаж ирсэн ЖЭ86051518 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.

     Шүүгдэгч Э.Батсайхан урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 05 сарын 26-ны өдрийн 242 тоот шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан ба энэ хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдээгүй тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

      Шүүгдэгч Э.Батсайхан нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

     Шүүгдэгч Э.Батсайхан нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ялаар шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас  бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан, хохирлын хэр хэмжээ бага зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 297,298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнийн Батсайханыг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Эрдэнийн Батсайханыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Э.Батсайханы эдлэх 1 жил, 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ялтан Э.Батсайханд оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг орон нутгийн Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

6. Ялтан Э.Батсайхан нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн түүний ЖЭ86051518 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Э.Батсайханы эзэмшлийн эд хөрөнгөнөөс 60000 төгрөгний үнэ бүхий Хитачи брендийн 21 инчийн телевизор, 400000 төгрөгний үнэ бүхий Ланд ровер брендийн унадаг дугуй зэргийг битүүмжилсэн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө бимүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Э.Батсайханд урьд нь авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Э.Батсайханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ