Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2019

 

 

 

 

 

 

 

 

 

“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01351 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э” ХХК, Б.Э нарт холбогдох

 

   Зээлийн гэрээний үүрэгт 32 146 859 669 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

   Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан хууль бус үйлдлийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.П, Г.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, Ж.Х нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Э” ХХК болон тус компанийн үүсгэн байгуулагч Б.Э нар нь 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “ХБ” ХХК-тай 11/163 тоот зээлийн гэрээ байгуулан 12 тэрбум төгрөгийг, 60 сарын хугацаатайгаар, жилийн 13,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар нэхэмжлэгч “ХБ” ХХК нь “Э” ХХК болон иргэн Д.С нартай 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 11/163-1 тоот “барьцаат гэрээ” болон 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 11/163-2 тоот “барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээ зэргийг байгуулан тус гэрээнүүдэд заасан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрхийн бүртгэлийн газар болон Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус бүртгүүлж баталгаажуулсан. Мөн 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 11/165 тоот зээлийн гэрээ байгуулан 5 тэрбум төгрөгийг, 60 сарын хугацаатайгаар, жилийн 13,2 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Дахин 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ЗШГ-13/109 тоот зээлийн шугамын гэрээ байгуулан 15 тэрбум төгрөгийг, 12 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Мөн талууд 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 13/109-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн шугамын гэрээний хугацааг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн хүүг 5,5 хувь болгож өөрчилсөн байдаг. Эдгээр зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар “Э” ХХК болон иргэн Б.Э, Д.С нартай барьцааны гэрээ байгуулан,  барьцааны гэрээнд заасан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, улсын бүртгэлт  бүртүүлж баталгаажуулсан. Зээлдэгч нар нь 2014 оны 5 дугаар сарын 5-наас хойш “ХБ” дахь харилцах дансаараа аливаа орлого дамжуулахгүй, зээлийн зориулалт, ашиглалтанд хяналт тавих боломжийг үгүй хийж зээлийн төлбөр төлөхөөс үндэслэлгүйгээр зайлсхийж байна. “Э” ХХК-д олгосон зээлүүд нь хугацааны үзүүлэлтээр муу чанарын үзүүлэлтээр ангилагдаж эрсдлийн сан байгуулагдсан буюу “ХБ” нь хариуцагчийн төлөөгүй байгаа гэрээний үүрэгтэй дүйцүүлэн 17,6 тэрбум төгрөгийг Монголбанкинд эрсдлийн сан хэлбэрээр ямар ч хүүгүй хөдөлгөөнгүй байршуулж уг мөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжоо алдан давхар хохирч байна. Иймд,

2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11/163 тоот 12 тэрбум төгрөгйин зээлийн гэрээний дагуу дараах зээлийн төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гаргуулах, үндсэн зээлийн төлбөр 6 676 721 447 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2 675 371 735 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 341 540 648 төгрөг нийт 9 693 633 830 төгрөг,

2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 11/165 тоот 5 000 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу дараах төлбөрийг гаргуулах  үндсэн зээлийн төлбөр 3 499 669 630 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 402 322 415 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 165 231 749 төгрөг нийт 5 067 233 794 төгрөг

2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ЗШГ-13/109 тоот 15 000 000 000 төгрөгийн зээлийн шугамын гэрээний дагуу дараах төлбөрийг гаргуулах- үндсэн зээлийн төлбөр 15 000 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2 257 166 429 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 128 835 616 төгрөг нийт 17 386 002 045 төгрөг, 3 гэрээний дагуу нийт 32 146 859 669 төгрөгийг хариуцагч “Э” ХХК, Б.Э нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргахгүй байна. Харин гэрээг цуцалж байгаа үндэслэл нь зээлийн гэрээний 7.1.1, 8.2-ийг үндэслэсэн байна. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй,  харин ч 24 сараар сунгасан. Гэтэл “ХБ” ХХК нь зах зээлд хэт давамгай зүй ёсны монополь байдлаа ашиглан дээрх 13 тэрбум төгрөгийн зээлээ олгохгүй харин ч эсрэгээр барьцаа хөрөнгүүдийг зарж борлуулах үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоож зээл олгох шийдвэрээ хэрэгжүүлэхгүй улаан цайм дээрэм хийж байгаа хууль бус үйлдэл гаргасан.  Зээлийн эргэн төлөлт зогссон бөгөөд Хаан банкны буруутай үйлдэл эс үйлдэхүйгээс үүдэн гарсан нөхцөл байдал тул хариуцагчийн зүгээс буруутай үйлдэл эс үйлдэхүй байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд одоогоор энэхүү хэрэг шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Зээл төлөх хэвийн нөхцөл байдлыг “ХБ” санаатай алдагдуулсан нь 2014 оны 10 сарын 22 өдрийн 833а тоот зээлийн хорооны шийдвэр гарсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хүү нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч төлөх хууль зүйн үндэслэлгүй. Зээл төлөх боломжгүй болгосон буруутай үйлдэл нь  ”ХБ”  ХХК-иас шалтгаалсан. “ХБ” ХХК нь “Э” ХХК-тай байгуулсан гурван зээлийн гэрээг цуцалж Иргэний хуулийн 225.1-д заасны дагуу гэрээний эрх зүйн харилцаа зогсож, цаашид гэрээний аль нэг заалтыг хэрэглэх боломжгүй болж үүрэг шаардах хууль зүйн үндэслэл бүрдэхгүй юм. Гэтэл гэрээний эрх зүйн харилцаа зогссон өдрөөс хойш гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэлийг нэмэгдүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хугацаа хэтрүүлсэн нөхцөл нь “Э” ХХК-ийн буруутай үйлдэлээс шалтгаалаагүй. ”ХБ” ХХК нь 2015.01.29-ний өдөр Хөгжлийн банкнаас ”ХБ” ХХК-иар дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулж зээл олгох эцсийн шийдвэр гарсан тул ”ХБ” ХХК-ийг зээлийн гэрээг “Э” ХХК-тай гэрээ байгуулж ирэхийг мэдэгдэхэд “ХБ” ХХК нь 2015.02.04-ний өдөр зээлийн хороогоор хуралдуулж 833А тоот зээлийн шийдвэрийг өөрчилж 2016 оны 8 сард хугацаа нь дуусах зээлүүдийг хаах хууль бус шийдвэр гаргасан юм. Иргэний хуулийн ерөнхий ангийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж зохицуулсан зохицуулалтыг ”ХБ” ХХК хэрэглэж ”Э” ХХК-д гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлэх ёстой байхад нэхэмжпэгч талаас нэг ч удаа гэрээ цуцлах тухай бичгээр болон амаар мэдэгдээгүй тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлаж гэрээний үүрэг шаардах эрхийг ”ХБ” ХХК-д гэрээгээр болон хуулиар олгоогүй байна. Гэрээг цуцлах тухай санал гаргасан даруй гэрээ цуцлах санал гаргаагүй тал гэрээг цуцлах хугацааг тогтоох эрхийг хуулийн 204.2-д хуульчилж өгсөн байдаг. Энэхүү зохицуулалтын гол шалгуур нь талууд маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө талууд эвийн журмаар урьдчилсан нөхцөлд шийдвэрлэхээр оролдлого хийх ёстой байдагт оршино. Гэтэл “ХБ” ХХК нь гэрээг цуцлах мэдэгдэл “Э” ХХК-д ирүүлж байгаагүй мөн асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх санал санаачлага гаргаагүй гэв гэнэтхэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д “Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг (ИХ-ийн 204.1, 204.2) нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой нөхцөл байдал бүрдсэн төдийгүй хуульд заасан журмын дагуу гэрээг хугацаа нь дуусаагүй байхад цуцалсан тул ”ХБ” ХХК-ийг №11/165 тоот, №11/163 тоот, №ЗШГ-13/109 тоот зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад гэрээг цуцласан хууль бус үйлдлийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч ”Э” ХХК, Б.Э нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 32 146 877 669 /гучин хоёр тэрбум нэг зуун дөчин зургаан сая найман зуун далан долоон мянга зургаан зуун жаран есөн/ төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 161 208 148 төгрөг, зээлдэгчийн бусад хөрөнгүүдээс гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК, Б.Э нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа .............. шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д зааснаар  2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12/5-2 дугаартай, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн БГ-13/109 дугаартай тус тус барьцааны гэрээнүүдэд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161 208 148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 161 208 148 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, өмгөөлөгч Д.Д нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх илтэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй. 1. Шүүх хариуцагчийн гаргасан 5 шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй. “Э” ХХК-ийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэснээр хариуцагчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх, мөн харилцан хамаарал бүхий зайлшгүй хамт шийдвэрлэх ёстой тусдаа бие даан нэхэмжлэл гаргах боломжгүй 5 шаардлага гаргасан байдаг. Тухайлбал, 11/163, 11/165, ЗШГ-109 дугаар зээлийн гэрээнүүдийг цуцалсан хууль бус үйлдлийг тогтоолгох, маргаан бүхий гурван зээлийн гэрээг 24 сараар сунгах шийдвэрийг
хэрэгжүүлэхийг даалгах, гурван зээлийн гэрээг муу, эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, маргаан бүхий гурван зээлийн гэрээнд барьцаалсан хоёр газар эзэмших эрхийг чөлөөлүүлэх, барьцааны хоёр газар эзэмших эрхийг чөлөөлөөгүй, нэмэлт хөрөнгө оруулалт хийгээгүйгээс үүдэн гарсан хохирол 7.5 тэрбум төгрөг гаргуулах юм. Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн  73.1, 73.2-д заасан эрхийг хангаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлэснээр хариуцагчийн зөрчигдсөн эрх сэргээх боломжтой төдийгүй бие даасан нэхэмжлэл гаргах боломжгүй болгож байгаа юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн хамт сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх ёстой байхад анхан шатны шүүх дээрх эрхийг эдлүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж дээрх эрхийг эдлүүлэх боломжоор хангаж өгнө үү. Сүхбаатар дүүргийн шүүхэд “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ХБ” ХХК-д холбогдох  шаардлага бүхий БҮК-1 төслийн санхүүжилт олгохыг даалгах, 11/163, 11/165, ЗШГ-109 тоот гэрээнүүдийг сунгасан шийдвэр хэрэгжүүлэх, муу эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, барьцаанд байгаа 2 газар эзэмших эрхээ чөлөөлүүлэх, хохирол шаардсан нэхэмжлэлийг 2015 оны 7 сарын 08 өдөр гаргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016.06.23-ны өдөр “ХБ” ХХК нь Хан-уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 11/163, 11/165, ЗШГ-109 зээлийн гэрээг цуцлаж гэрээний үүргийг шаардсан.  “Э” ХХК-ийн зүгээс Хан-Уул дүүргийн шүүхэд үүссэн иргэний хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж шүүх хэргийг түдгэлзүүлсэн боловч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан гомдол гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. Энэ үед “ХБ” ХХК нь Сүхбаатар дүүргийн шүүхэд хянагдаж байгаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж шүүх “Э” ХХК-ийн 2, 3, 4, 5-р шаардлагууд нь “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн шүүхэд үүссэн иргэний хэрэгтэй холбоотой гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Сүхбаатар дүүргийн шүүхээс “Э” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 2, 3, 4, 5 дугаар шаардлагаа татан авч Хан-Уул дүүргийн шүүхэд сөрөг нэхэмжлэл хэлбэрээр гаргахаар хүсэлт гаргаж хэргийг сэргээж мөн шүүхүүдийн дүгнэснээр хоорондоо холбоотой шаардлагуудыг Хан-Уул дүүргийн шүүхэд сөрөг нэхэмжлэл хэлбэрээр гаргаж нэгтгүүлэн шүүхийн процессийг түргэсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны саадыг арилгасан. Хан-Уул дүүргийн шүүх урд дүгнэсэн хоорондоо холбоотой шаардлагууд гэж дүгнэсэн дүгнэлтээсээ ухарч үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлэхгүй шүүгч өөрийн үзэмжээр илтэд нэг талыг барьж, зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсэж өөрчлөгдөж, дуусгавар болгох хууль зүйн үйл явдлууд хоорондоо харилцан шүтэлцэж уялдаж байгааг огт үнэлээгүй хөнгөн хуумгай хандаж, зөвхөн нэхэмжлэгч талыг илтэд барьж хэрэг хандсан нь тодорхой байдаг. 2016.12.23-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хянагдаж байгаа “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ХБ” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэхээс өмнө энэхүү хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасны дагуу түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож 00088 дугаар захирамж гаргаж мөн 2017.02.09-ний өдөр “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ХБ” ХХК-д холбогдох барьцааны газрын гэрээ гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул тус тус Эрэл ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан нь ИХШХШТХ-ийн 170.1-д заасан гомдол гаргах эрхийг шүүх нээж өгөөгүй хууль бусаар хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан. Тухайн шүүгчийн гаргасан захирамж хууль, хууль зүйн үйл явдалд зөв дүгнэлт хийсэн талаар шүүх бүрэлдэхүүнээр хэргийн оролцогч тал хянуулах эрхтэй, ИХШХШТХ-ийн 89.2-д хууль заасны дагуу шүүхийн үйл ажиллагаа явагдаагүй хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй ноцтой зөрчил гаргасан. 2017.02.09-ний өдөр шүүх хуралдаанд хариуцагч Д.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах захиргааны хэрэг шийдвэрлэхээс өмнө энэхүү хэрэг шийдвэрлэх боломжгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байдаг. Шүүх Д.Сгийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарласан. 2017.02.09-ний өдрийн 2067 дугаар захирамж бичгээр гаргахдаа Д.Сгийн гаргасан хүсэлтийг хэрхэн шийдсэн талаар захирамжид тусгаагүй огт бичгээр шийдвэрлээгүй. Д.Сгийн гаргасан хүсэлт, захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж. нэхэмжлэл зэргийг шүүхэд өгсөн байдаг. Шүүх хуралдааны бичлэг хэрэгт авагдсан гэтэл дээрх 6 хуудас баримтуудыг шүүх хавтаст хэргээс алга болгосон. 2017.05.23-ны өдрийн болон 2017.06.08-ны өдрийн шүүх хуралд хариуцагч Эрэл ХХК-ийн төлөөлөгчийн зүгээс дээрх баримтуудыг олж хэрэгт хавсаргуулах хүсэлтийг удаа дараа гаргасан шүүх хүлээн аваагүй. Хариуцагч Д.Сгийн төлөөлөгч шүүх хуралд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтээ танилцуулж шүүхэд 6 хуудас материал өгч шүүх хүлээн авч байгаа 2017.02.09-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгийг плаш дискнд хуулж эд мөрийн баримтаар өгч шүүх хуралдааны явцад шинжлэн судлуулах, эд мөрийн баримтыг бэхжүүлж тэмдэглэл үйлдэх ажиллагааг шүүх хийгээгүй хийлгэх хүсэлтийг хүлээн аваагүй нь нотлох баримтыг бэхжүүлэх, үнэлэх журмыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хосбаярт олгосон итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, Иргэний хуулийн 39.1, 62.2, 62.3, 63.2, 63.3, 64.1-д заасныг зөрчсөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байдаг. 2016.06.23-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хосбаяр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл “ХБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жон билл нь монгол хэл мэддэггүй гадаад улсын иргэн, иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5, 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хариуцагч талаас шүүхэд гаргасан. Шүүх 2016.12.23-ны өдөр 00089 дугаар захирамжаар итгэмжлэлийг англи эх хувиас орчуулж ирэхийг даалгасан. Нэхэмжлэгч тал итгэмжлэлээ 2017.03.17-ны өдөр шаардлага хангаж шүүхэд ирүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэлийн хэлбэрийн шаардлагыг хангуулж процесс ухрааж шүүх хууль зөрчсөн нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдгийг баталж өгсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хангаагүй. 2016.10.04-ний өдөр 29/8833 албан бичгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага тодруулсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, шүүх хүсэлтийг хэрхэн шийдсэн талаар шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэслэл үйл явдлыг өөрчлөх юм. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан, татан авсан, багасгасан нь тодорхойгүй шүүх энэхүү үйл баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3, 106.3, 106.5-д заасны дагуу алин болох нь тодорхойлж уг асуудалд хэрхэн эрх зүйн дүгнэлт өгсөн талаар хэрэгт нэг ч эрхийн акт байхгүй нь энэхүү хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзнэ. 2017.06.08-ны өдрийн шүүх хуралд хариуцагч “Э” ХХК-ийн зүгээс өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргаж, хурал хойшлуулах  өмгөөлөгчийн хүсэлт, нотлох баримтыг шүүхэд өгсөн боловч шүүх ИХШХШТХ-ийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу хүсэлтийг  нэн даруй шийдвэрлэх ёстой байтал  хүсэлтийг шийдвэрлээгүй нь илтэд хууль зөрчиж үндсэн хуулиар олгосон өмгөөлүүлэх эрхээр хангаагүй. Энэхүү хүсэлтийн талаар шүүхийн шийдвэр болон тэмдэглэлд нэг ч үг үсэг тусгаагүй. Хариуцагч Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргалыг шүүх хуралдаанд шүүгч оруулахгүй байсан тул Д.Отгонбат миний бие шүүх хуралд оруулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүсэлтийг хэлэлцээгүй. Мөн Д.Түмэнжаргал нь шүүх хуралд оруулахгүй болохоор итгэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд өгсөн боловч шүүх огт аваагүй, оруулаагүй нь илтэд хууль бус үйлдэл бөгөөд хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй. 2017.06.08-ны өдөр шүүх хурал эхлэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2017.02.09-ний өдрийн 01880 дугаар, 2067 дугаар, 2017.03.14-ний өдрийн 2 хавтас 109 хуудас 29/7079 дугаар, 2017.03.28-ны өдрийн 03604 дугаар, 2017.04.17-ны өдрийн 04443 дугаар, 2017.04.18-ны өдрийн 04466 дугаар, 2017.05.04-ний өдрийн 05202, 05203 дугаар шүүх хуралдааны үед гарсан захирамжуудын хурлын тэмдэглэлийг тус тус нөхөж 28 хуудас тэмдэглэл гаргасан байсан тул шүүх хуралдааны тэмдэглэлүүд нь нотолгооны хэрэгсэл учир танилцах хугацаа шүүхээс хүссэн боловч шүүх хүлээн авалгүй, шүүх хуралдааныг хийсэн нь хэргийн оролцогч хэрэгт авагдсан баримтуудтай танилцах ИХШХШТХ-ийн 25.1.2-д заасан эрхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт, өмгөөлөгчид эдлүүлэхгүй процессийн ноцтой зөрчил гаргасан. Нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж маргаж байгаад 2017.06.08-ны өдрийн шүүх хуралд зээлийн гэрээнүүдийг шүүхээр цуцлуулах шаардлага гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь Иргэний хэрэг үүсгэсэн захирамжийн хүрээнээс хальж шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн хэрнээ хариуцагчид гардуулахгүй шууд шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчид давуу байдал, хариуцагчийг эрхийг хязгаарласан зөрчил гарсан. Шүүх хуралдааныг үед шүүгч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа, “Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан тул хариуцагч нараас 32 146 877 669 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч хаан банкинд олгохоор шийдвэрлэж” шүүхийн шийдвэрийг уншиж сонсгон үндэслэлээ тайлбарлаж хуралдааныг хаасан. Гэтэл шүүхийн шийдвэр бичгээр гаргахдаа алд дэлэм зөрүүтэй гарлаа. Бичгээр гарсан шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлага шүүх хуралдааны явцад нэмэгдүүлж шүүхийн журмаар   зээлийн   гэрээнүүдийг   цуцлуулах шаардлага огт байхгүй. Түүнийг шийдэж хэрэгсэхгүй болгосон талаар огтхон ч дурдаж бичээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч “Э” ХХК болон Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 32 146 859 669 төгрөг гаргуулах,  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад гэрээг цуцалсныг хууль бус болохыг тогтоолгох,

            маргаан бүхий 3 зээлийн гэрээг муу, эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах,

            дээрх гэрээнүүдийн хугацаа сунгасан тухай шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийг “Х” банкинд даалгах,

            зээлийн гэрээнд барьцаалсан хоёр газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлүүлэх,

            барьцааны хоёр газар эзэмших эрхийг чөлөөлөөгүй, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нь хязгаарласнаар 7 047 612 000 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Үүнээс анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад гэрээг цуцалсныг хууль бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг үндсэн  нэхэмжлэлийн шаардлагад тооцогдоно, сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй гэх үндэслэл зааж шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна” гэж заасан. Хариуцагчийн гаргасан 5 шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлээс шүүх нэг шаардлагыг нь үндсэн нэхэмжлэлд тооцогдоно гэж үзэж бусад шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хуульд заасан дээрх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь үндсэн нэхэмжлэлд тооцогдохгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий 3 зээлийн гэрээг муу, эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, гэрээнүүдийн хугацаа сунгасан тухай шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийг “Х” банкинд даалгах, зээлийн гэрээнд барьцаалсан хоёр газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлүүлэх, барьцааны хоёр газар эзэмших эрхийг чөлөөлөөгүйн улмаас 7 047 612 000 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохоор байхад шийдвэрлээгүй орхигдуулсан нь үндэслэлгүй болжээ.

 

             Түүнчлэн анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.  Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагчаар “Э” ХХК болон  Б.Э, Д.С нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар тодорхойлсон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Д.С-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа татан авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /2-р хх-ийн 106, 116 дугаар тал/  Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байгаа тохиолдолд уг татгалзлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар  шийдвэрлэх бус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлээд гаргах шийдвэрээр шийдвэрлэх журамтай.

 

         Мөн нэхэмжлэгч нь Д.С-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа татан авсныг илэрхийлсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг Д.С-д холбогдуулж шаардлага гаргаагүй гэж дүгнэж, улмаар хариуцагч Д.С-г хариуцагч биш гэж тодорхойлж шийдвэрлэсэн атлаа түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг анхаараагүй, түүний эрх зүйн байдлыг дордуулж бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ. /2-р хх-ийн 117-118 дугаар тал/

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “шүүхэд урьдаас хөдөлбөргүй  үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасантай нийцэхгүй байна. Учир нь анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхдаа уг хэргийг хянан шийдвэрлэхэд Д.С-гийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй гэж урьдаас шийдвэр гаргах замаар түүнийг бие даасан шаардлага гаргасан, эсхүл гаргаагүй гуравдагч этгээдийн аль нэгээр оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна.

 

         Анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад гэрээг цуцалсныг хууль бус болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсан алдаа гаргасан байна.

 

         Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх бөгөөд уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.3-т тус тус заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

         Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдолд дурдсан бусад үндэслэлүүд нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй ч  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  хуульд заасан журмаар явуулахтай холбоотой тул ач  холбогдолтой гэж үзэж дүгнэлт өгөх нь зүйтэй байна. Анхан шатны шүүхээс хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан бөгөөд хариуцагчийн өмгөөлөх эрхийг шүүхийн зүгээс хязгаарлаагүй байна. Хариуцагчийн өмгөөлөгч нь өөр байгууллагад ажил давхацсан  байдал шүүх хуралдаан хойшлуулах хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарахгүй юм.

 

         Түүнчлэн анхан шатны  шүүх зээлийн гэрээг цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарна гэж шийдвэрийн агуулгын үндэслэлийг талуудад уншиж танилцуулахдаа холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож тогтоох хэсэгт заахаар тогтсон атлаа шийдвэрийг бичгээр гаргахдаа орхигдуулсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой ч өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул дурдах нь зүйтэй гэж үзсэн болно. Мөн уг асуудлаар шүүх иргэний хэрэг үүсгэсэн захирамжийн хүрээнээс хальж шийдвэрлээгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил биш болно.

 

           Мөн нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-т олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан журмын дагуу олгогдсон байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.3-т заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01351 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 000 000 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА                                       

                                                          ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                        

                                                                                                          Г.ДАВААДОРЖ