Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2015/0303

 

 

 

2015 оны 7 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2015/0303

Улаанбаатар хот

 

 

Ж.Д-ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны

зөвлөлд холбогдох захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 194 дүгээр шийдвэрт нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу Ж.Д-ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...би Баянхонгор аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн зарласан Төрийн албаны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулах шалгалтын зохих журмыг баримтлан аймгийн Засаг дарга, ажлын хэсгийн баталгаажуулсан Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт, шалгаруулалтын зар дахь шаардлагын дагуу бүртгүүлж, шалгалтанд дээд оноог авч улмаар Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор тухайн сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгажээ. Иймд тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажлын байранд Төрийн болон нийгмийн удирдлага, нийгмийн ажилтан мэргэжилтэй, төрийн албаны болон удирдах ажлын зохих туршлагатай байх шаардлага тавигдсан. Нэхэмжлэгч Ж.Д нь уг шаардлагыг хангаагүй. Тиймээс ажлын байранд тавигдсан мэргэжил, туршлага хангаагүй иргэдийг бүртгэж, сонгон шалгаруулалтанд оруулсан байх тул Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 51 дүгээр тогтоолыг гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтанд Ж.Д холбогдох журмыг зөрчин хууль бусаар орж, түүний улмаас хууль бус томилгоо хийгдсэн гэж үзэн Төрийн албаны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлд тус тус 2 удаа өргөдөл гаргасан. Ж.Д нь боловсролын хангаагүй, Данийн сургалтын сертификат нь Боловсролын яамны зөвшөөрөлгүй учир шаардлага хангахгүй. Нэгэнт бүртгэгдэх, шалгалтанд орох, шалгалт өгөх эрхгүй байсан учир Ж.Д-ийн авсан оноо хүчингүй. гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 194 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Д-ийн гаргасан "Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Миний бие Ж.Д нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 багт оршин суудаг. Улаанбаатар хотын Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүх хурлыг даргалагч шүүгч Ц.Сайхантуяагийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 194 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Ж.Д би шийдвэрийг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монгол шуудан БН60 тамгатай дугтуйтай бичгээр хүлээн авсан болно.

...Ж.Д би төрд 29 жил ажиллаж байгаа ба Баянхонгор аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын чухал шаардлага, шаардлагыг хангасан учраас сонгон шалгаруулалтад зарын дагуу бүртгүүлж, шалгалтад орж, хамгийн өндөр оноог авч, тухайн албан тушаалд томилогдсон. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөл зөв шийдвэр гаргаж, тухайн ажилд намайг томилсон байтал төрийн албаны зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаартай "Маргаан хянан шийдвэрлэсэн дүгнэлтийн тухай" тогтоол гарч сонгон шалгаруулалтыг ахиж явуулахыг аймгийн төрийн албаны салбар зөвлөлд даалгасан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг тогтоолыг хүчингүй болгож өгөх талаар нэхэмжлэл гаргасан.

 

Учир нь Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын чухал шаардлага, шаардлагыг анх интернетэд тавьсан зарыг хэд хэдэн удаа өөрчилсөн байдаг. Тавигдсан зар дахь нягтлан бодогч, нийгмийн ажилтан мэргэжлээр би сонгон шалгаруулалтад орсон. Үүнийг надтай хамт шалгалтад орсон Д.О шүүх хуралдаан дээр "Би аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга дээр орж, нягтлан бодогч мэргэжлийг хасуулж, төрийн болон нийгмийн удирдлага болгосон гэж батлан хэлсэн" ба үүнийг гэрчлэх баримт Баянхонгор аймгийн төрийн албаны 2014 оны архивт тухайн мэргэжлүүдийг дараад, гараар зассан нь хадгалагдсан байна. Мөн анхны ажлын байрны тодорхойлолт архивт байхгүй, 2013 оны 12-р сарын 16 гэсэн огноотой ажлын байрны тодорхойлолт байгаа ба төрийн албаны зөвлөлд явуулсан ажлын байрны тодорхойлолт Д.Оюунсүрэнгийн шүүхэд бүрдүүлж өгсөн материалд байдаг. Энэ бүхнээс үзэхэд бичиг баримтыг янз бүрээр зассан бөгөөд зассан баримтаа төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөл дүгнэлт гаргахаасаа өмнө бодит байдлыг газар дээр шалгаж, шийдвэрээ гаргах байсан гэж үзэж байна.

Мөн Дани-Монголын сургалт арга зүйн төвөөс надад олгосон мэргэшсэн нийгмийн ажилтны диплом нь олон улсын стандартыг хангасан нийгмийн ажилтан бэлтгэдэг сургалтын хөтөлбөрөөр Монгол улсад Дани багш нар, Монголын багш нар хичээл зааж, аль ч улсад очоод нийгмийн ажилтан хийх чадвартай мэргэшсэн нийгмийн ажилтан бэлтгэсэн гэж тодорхойлсон.

Харин төрийн албаны зөвлөлд яагаад анх гаргасан ажлын байрны тодорхойлолт, ажлын байранд тавигдах шаардлагыг хүргүүлээгүй талаар аймгийн ЗДТГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн Х.О тайлбар өгнө гэж бодож байна. Сонгон шалгаруулалт дахь зар хэд хэдэн удаа өөрчлөгдсөнийг тухайн үедээ шалгалтад бэлтгэж байсан Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн М.Лхагвасүрэн ярьсан.

 

Хэрвээ намайг бүртгээгүй бол би заавал сонгон шалгаруулалтад орох шаардлагагүй байсан. Яагаад гэвэл миний бие тухайн үед аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан ба ажил үүргийн хувьд Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, сумдын нийгмийн хөгжлийн мэргэжилтэнг удирдлага арга зүйгээр хангадаг, хэлтсүүдийн дарга нар аймгийн Засаг даргатай байгуулах тухайн жилийн гэрээг төлөвлөх, гэрээг дүгнэх ажлыг хариуцдаг ба энэ чиглэлээр 17 жил тогтвор суурьшилтай ажилласан мэргэшсэн төрийн албан хаагч.

Хүүхдийн төлөө хэлтэс нь 2012 онд Засгийн газрын тогтоолоор Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс болж өргөжсөн тул гэр бүлийн асуудал энэ хэлтэст харъяалагдах болсон учир гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хүчирхийлэл болон гэр бүл салалтыг бууруулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг шинэ үйлчилгээг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага нийгмийн өмнө байна гэж үзсэн учир өөрийн олон жилийн төрийн албан хаасан, аймгийн энэ чиглэлээр бодлогоо хариуцдаг байсан, төсвийн захирагч хүн нягтлан бодогч мэргэжилтэй байх нь төсвийг зөв зарцуулах, санхүүгийн ил тод байдлыг хангаж чадна, нийгмийн ажилтны хувьд хүүхэд, гэр бүлтэй ажиллаж чадна гэж үзээд сонгон шалгаруулалтад орох шийдвэрийг өөртөө гаргасан.

Миний хувьд тухайн сонгон шалгаруулалтад бүртгүүлэх үедээ Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн ажиллаж байсан. Төрийн албанд би тангараг өргөж орсон байтал аймгийн ЗДТГ-ыг шүүгч шийдвэртээ төрийн алба гэж үзээгүй байна. Шүүгч шийдвэртээ "Төрийн албаны болон удирдах ажилтны зохих туршлага" болон "мэргэжил"-ийн шаардлагыг тус тус хангаагүй болох нь тогтоогдож байна" гэж тусгасан байна.

Дээрх шалтгаануудын улмаас захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Нэхэмжлэгч Ж.Д нь Төрийн албаны зөвлөлд холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шийдвэрлэх тухай 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Дээрх 51 дүгээр тогтоолоор ... Д.Оюунсүрэнгийн Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар хуралдааны шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан өргөдлийг үндэслэлтэй эсэхийг шалгасан Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг хэлэлцээд Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөлийн Нэр дэвшүүлэх тухай 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолын Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалттай холбогдох хэсгийг хүчингүй болгож, ... сонгон шалгаруулалтыг дахин явуулж дүнг Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг тус аймаг дах Салбар зөвлөлийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Учир нь Төрийн албаны зөвлөлийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаар тушаалаар томилогдсон Маргаан хянан шалгах комисс Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын баталгаажсан ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлага, Ж.Д, Д.О нарын боловсролын дипломын хуулбар, төрийн албан хаагчийн анкет болон Салбар зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар хуралдааны тэмдэглэл зэргээр уг албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож албан тушаалд нэр дэвшсэн Ж.Д нь ажлын байранд тавигдсан мэргэжлийн болон туршлагын шаардлагыг хангаагүй, мөн Баянхонгор аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажлын байранд Төрийн болон Нийгмийн удирдлага, Нийгмийн ажилтан мэргэжилтэй, Төрийн албаны болон удирдах ажлын зохих туршлагатай гэх шаардлага тавигдсан байхад Төрийн албаны зөвлөлд гомдол гаргагч Д.О нь Түүхийн багш, пионерийн удирдагч гэсэн мэргэжилтэй, Ж.Д нь Зоо инженер, Эдийн засагч мэргэжилтэй, удирдах албан тушаалд ажилласан туршлагагүй гэх дүгнэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Д Миний бие Зоо инженер, нягтлан бодогч, эдийн засагч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй боловч мэргэшлийн хувьд нийгмийн ажилтан чиглэлээр мэргэшиж, энэ чиглэлээр 15 жил гарган төрийн албанд ажилласан. Гэтэл Төрийн албаны маргаан хянан шалгах комисс миний зөвхөн мэргэжил, ур чадвар, туршлагын байдлыг анхаарч үзээгүй дүгнэлт гаргасан, мөн асуудлыг шийдвэрлэхдээ надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, нэмэлт нотлох баримт цуглуулж өгөх, тайлбар гаргах боломжийг надад олголгүй шийдвэрлэсэн нь миний эрх ашгийг хохироох, цаашлаад хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж маргаж байгаа боловч хариуцагчийн буруутай үйл ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.5, Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчдийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гаргасан маргааныг авч, хянан шийдвэрлэх журам-ын Нэг дэх хэсгийн 3.6-д заасныг удирдлага болгон гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр тогтоол хуульд нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолт дахь чухал шаардлагатай гэдэгт Төрийн болон нийгмийн удирдлага, Нийгмийн ажилтан, шаардлагатай Сэтгэл зүйч, Социологич мэргэжилтэй байхаар тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Д, гуравдагч этгээд Д.Оюунсүрэн нар нь дээрх шаардлагыг ханаагүй болох нь Баянхонгор аймгийн дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 242 дугаар албан бичгээр анхан шатны шүүхэд ирүүлсэн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын Ажлын байрны тодорхойлолт, анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Ж-ны мэдүүлэг, нэхэмжлэгч Ж.Д, гуравдагч этгээд Д.О-ийн ажил байдлын тодорхойлолт, боловсрол, мэргэжлийн дипломын хуулбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх хууль, ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь нотлогдож байна.

Нэгэнт нэхэмжлэгч Ж.Д нь уг ажлын байрны тодорхойлолтод заасан чухал шаардлага-тайд хамаарах болзол шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон тул түүний асуудлыг шийдвэрлэхдээ надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, нэмэлт нотлох баримт цуглуулж өгөх, тайлбар гаргах боломжийг надад олголгүй шийдвэрлэсэн гэх гомдлоор маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

 

Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд Төрийн албаны зөвлөлийн Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.5-д заасныг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гаргасан Миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын НХХ-ийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан ба ажил үүргийн хувьд Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, сумдын Нийгмийн хөгжлийн мэргэжилтэнг удирдлага арга зүйгээр хангадаг хэлтсүүдийн дарга нар, аймгийн Засаг даргатай байгуулах тухайн жилийн гэрээг төлөвлөх, гэрээг дүгнэх ажлыг хариуцдаг албан тушаалд тогтвор суурьшилтай 17 жил ажилласан байхад шүүх Төрийн албаны болон удирдах ажилтны зохих туршлага, мэргэжлийн шаардлагыг тус тус хангаагүй болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь буруу юм гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 194 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

               

                ШҮҮГЧ                                                                                    Н.ХОНИНХҮҮ

                ШҮҮГЧ                                                                                    Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                                    Э.ХАЛИУНБАЯР