Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 01548

 

 

   2017 оны 07 сарын 03 өдөр

    Дугаар 184/ШШ2017/01548

         Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1-р хороолол, Өнөр хороолол, 2-99 тоот хаягт байрлах “Кондитер-Улаанбаатар” ХХК /РД:2626942/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21 хороолол, ҮЭ гудамж, 3-58 дугаар байр, 4 тоотод оршин суух Өвгөнийхөн овогт Ойдовын Энхжаргал /РД: ЧО 66081708/-д холбогдох,

           Барааны үлдэгдэл төлбөрт 1,421,251 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Кондитер-Улаанбаатар” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Нарантуул “Олон улсын худалдааны төв”-ийн өргөтгөлийн №40-д худалдаа эрхэлдэг О.Энхжаргал  /РД: ЧО66081708/ нь 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 сарын 06-ны өдрийн хооронд 12423900 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн ба 11,120,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн. Барааны үлдэгдэл төлбөр болох 1,421,251 төгрөгийг төлөөгүй байна. О.Энхжаргал нь 2016 оны 01 сараас 2017 оны 02 сарыг хүртэлх хугацаанд удаа дараа нэхэмжлэх болон мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрөө гүйцэд барагдуулаагүй болно. Иймд О.Энхжаргалаас барааны үлдэгдэл төлбөр нийт 1,421,251 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           

            Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

            “Кондитер-Улаанбаатар” ХХК, О.Энхжаргал нар харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр, ямар нэгэн шахалт дарамтгүйгээр энэхүү гэрээг байгуулав. Хариуцагч О.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,421,251 төгрөгийг 2017 оны 12 сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Кондитер-Улаанбаатар” ХХК нь О.Энхжаргалд холбогдуулан барааны үлдэгдэл төлбөр 1,421,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Энхжаргал нь 1,421,251 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлж, “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийг хохиролгүй болгохоор хүлээн зөвшөөрсөн тайлбараа бичгээр ирүүлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд гаргажээ.

            Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар  гаргуулахаар шийдвэрлэлээ.

           Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч О.Энхжаргал нь 1,421,251 төгрөгийг  нэхэмжлэгч “Кондитер-Улаанбаатар” ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь  хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 37,700 төгрөгөөс 18,850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 18,850 төгрөг, хариуцагч О.Энхжаргалаас 9,425 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Кондитер-Улаанбаатар” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН