Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/244

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        03          10                                     2022/ШЦТ/244

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: П.Бямбасүрэн;

 

Шүүгдэгч: Б.П (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин;

 

Хэргийн дугаар:  ;

           

Шүүгдэгч Б.П регистрийн дугаартай:  Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Эпсон Серви” ХХК-д сүлжээний инженер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн  урьд ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.П нь цахим хэрэгсэл ашиглан “банк бус санхүүгийн байгууллагад зээл зуучилна” гэсэн зар байршуулан 2021 оны 10 дугаар сард хохирогч А.А, Г.Д нарт зээлийн баримт бүрдүүлж өгнө хэмээн шаардлагатай материал болох иргэний үнэмлэхийн хуулбар, арилжааны банкны дансны хуулга зэрэг баримтуудыг авч 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” банк бус санхүүгийн байгууллагаас хуурах аргаар хуулбарлан авсан баримт бичгүүдээр А.Аын нэрээр 900.000 төгрөг, Г.Д-гийн нэрээр 900.000 төгрөгийн зээл гаргуулан авч өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны  4 дугаарын дансаар шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Б.Пгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ: “Тухайн үед ажлын хүнээсээ мөнгө зээлээд өртэй байсан ба мөнгөө нэхээд байсан тул ийм хэрэг хийсэн. Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. 

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Д /хх-ийн 11, 18/, хохирогч А.А /хх-ийн 14/ нарын мэдүүлэг, Б.Пгийн дансны хуулга /хх-ийн 20-21, 26-39/, “Б ” ББСБ-с гаргаж өгсөн зээлийн тооцоо /хх-ийн 49-59/, Б.Пгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41-46/, Б.Пгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5/, хохирогч Г.Д, А.А нарын хүсэлт /хх-ийн 66/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.П нь фейсбүүк (facebook) нийгмийн сүлжээг ашиглан “банк бус санхүүгийн байгууллагад зээл зуучилна” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон иргэн Г.Д, А.А нарт “зээлийн баримт бүрдүүлж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж тэдний иргэний үнэмлэхийн хуулбар, арилжааны банкны дансны хуулга зэрэг баримтуудыг авч 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” банк бус санхүүгийн байгууллагаас А.Аын нэрээр 900.000 төгрөг, Г.Д-гийн нэрээр 900.000 төгрөгийн зээл гаргуулан авч өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 456096404 дугаарын дансаар шилжүүлэн авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч  Г.Д-гийн /хх-ийн 11, 18/: “...2021 оны 10 дугаар сард манай эхнэр А.А нь фейсбүүкээр нэг хүнтэй танилцаад зээл гаргуулахаар тохиролцож материалаа бүрдүүлж Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Түндэмүн сауны 2 давхарт уг хүнтэй уулзахад эхнэр А.Аын иргэний үнэмлэх болон миний иргэний үнэмлэхний зургийг гар утсаараа дарж авсан. Тэгээд миний утсаар “ХААН” банкны интернэт банкны дансыг “Б” банк бус санхүүгийн байгууллагын данстай холбосон байсан. Уг эрэгтэй “манай эгч банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг” гэж хэлээд ...хэд хонгийн дараа над руу залгаад “та хоёрын бичиг баримт шаардлага хангахгүй байна, дансны хуулга аваад ЕMongolia сайт руу дансны хуулга явуул” гэж хэлсэн. Тэгээд ..... гэсэн майл хаяг өгсний дагуу дансны хуулгаа явуулсан. Тэрнээс хойш холбогдоогүй байж байгаад өнөөдөр зээл гаргуулахаар хорооллын эдийн засагчаар шалгуулахад “найдваргүй зээлдэгч болсон байна” гэж хэлхээр нь гайхаад хаанаас зээл авсныг асуухад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Б” банк бус санхүүгийн байгууллагаас зээл гарсан байхаар нь очиж уулзахад миний нэр дээр 900.000 төгрөг, манай эхнэрийн  нэр дээр 900.000 төгрөгийн зээл гарсан байсан. ... “Б” банк бус санхүүгийн байгууллагад эхнэр А.А бид хоёрын нэр дээр авсан 1.800.000 төгрөгийг хүүгийн хамт 2.250.000 төгрөгийг өгч зээлээ хааж өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч А.Аын /хх-ийн 14/: “... 2021 оны 10 дугаар сард фейсбүүкээр “зээл гаргана” гэсэн зарын дагуу .... гэх цахим хэрэглэгчтэй харьцаад зээл гаргуулахаар болоод модны хоёрын кафед би нөхрийн хамт очиж уулзсан. Бид хоёрын бичиг баримтын зургийг дараад гар утсан дээрээ нэг зүйлд бүртгүүлээд байх шиг байсан. Тэгээд “эргээд холбогдъё” гээд салцгаасан. Түүнээс хойш хоёр хонгийн дараа манай нөхөр рүү тус хүн холбогдоод “та хоёрын нэр дээр зээл гарахгүй юм байна” гэхээр нь бид хоёр больчихсон. ...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр угаалгын машин зээлээр авахаар банк бус санхүүгийн байгууллага дээр очоод бүртгүүлтэл “бид хоёрыг найдваргүй зээлдэгч нар байна” гэж хэлэхээр нь асууж лавлатал ““Б” банк бус санхүүгийн байгууллага дээр зээлтэй байна” гэж гарсан. Тус газар руу залгатал бид хоёрын нэр дээр зээл гарчихсан байсан. Мөнгө нь өөр хүний данс руу гарчихсан байсан...” гэх мэдүүлгээр,  

 

Б.Пгийн яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн  5/: “...би “таньдаг хүн байна, 2.000.000 төгрөг хүртэл зээл гаргаж өгнө” гэж хэлээд уулзсан бөгөөд Даваахүү нь эхнэр Ал-н хамт ирсэн. Би тэр хоёрын нэр дээр “БИД” нэртэй “Б” банк бус санхүүгийн байгууллагын аппликейшн дээр бүртгэл нээж өгч нууц үгийг нь мэдэгдэлгүйгээр өөрөө тэмдэглэж авсан. Тэгээд энэ хоёр хүний өмнөөс зээл авчихсан. 1.800.000 төгрөгийн зээл авсан бөгөөд энэ мөнгөөр онлайн “Покер Стар” тоглоод дуусгачихсан...” гэх мэдүүлэг болон Б.Пгийн дансны хуулга /хх-ийн 20-21, 26-39/, “Б” ББСБ-с гаргаж өгсөн зээлийн тооцоо /хх-ийн 49-59/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар нь шүүгдэгч Б.Пгийн нийгмийн сүлжээнд нийтэлсэн “банк бус санхүүгийн байгууллагад зээл зуучилна” гэсэн худал зар, үйлдэлд хууртагдан төөрөгдсөнөө, шүүгдэгч нь  хохирогч нарыг “зээлийн баримт бүрдүүлж өгнө” гэж хуурч тэдний иргэний үнэмлэхийн хуулбар, арилжааны банкны дансны хуулга зэрэг баримтуудыг авч 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” банк бус санхүүгийн байгууллагаас хохирогч нарын нэрээр зээл гаргуулан авснаа тодорхой мэдүүлсэн,  хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хохирогчийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн өөрийн эзэмшилдээ авч буй Б.Пгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Пг “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Г.Д, А.А нарын “...хохирол болох 2.230.000 төгрөгийг барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.П нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ