| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2020/0369/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/383 |
| Огноо | 2020-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2020/0369/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,
Улсын яллагч: Г.Уянга,
Хохирогч Б.Б.Д-,
Шүүгдэгч Т.Т.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н-т холбогдох эрүүгийн 2018000000435 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ****************** цэцэрлэгт жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 51 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 289.3-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 29- ний өдрийн 90 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нэмж 3 жил хорих ялаар шийтгүүлж байсан Т.Н-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Т.Т.Н- нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Б.Д-ын толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Т.Н- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй, өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.
Хохирогч Б.Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний биеийн байдал хэвийн байгаа ба бидний харилцаа ч хэвийн байгаа. Бид эвлэрсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Т.Н- нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед гэртээ эхнэр Б.Б.Д-ын толгойн тус газар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Т.Н-ын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2018000000435 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Гэрч Н.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хөдөө рүү хэрчсэн гурил явуулах хэрэгтэй байна, надад туслаад өгөөч гээд надаас манай хөрш айлын хүүхэн Б.Б.Д- надад хэлэхээр нь 16 цагийн үед тэдний засаж байгаа байшинд нь Б.Б.Д-ын хамтаар хэрчсэн гурил хийхэд нь тусалж байсан юм. Тэгсэн удаагүй хашаа дотор байх монгол гэр дотроос Б.Д-ын нөхөр Т.Н- нь нэлээн согтуу байдалтай гарч ирээд намайг харчихаад чи яв, чамаас болж би эхнэртэйгээ муудалцлаа гээд намайг заамдаад авсан. Тэгсэн Б.Д- болиоч гээд гарыг нь тавиулах гээд татаад байсан. Ингэж татахдаа Б.Д-ын гарын хуруу нь завж хэсэг рүү нь ороод татагдчихсан чинь нөхөр нь уурлаад хажууд нь байсан хогийн хутгуураар эхнэрийнхээ араас толгой руу нь нэг удаа цохисон. Ингэж цохиход нь Б.Д-ын толгойн орой хэсэг нь хагарч цус гарч эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч Б.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай найз Т.Т.Н- нь 22-р цэцэрлэгт жижүүр хийхээс гадна хувиараа мужааны ажил хийдэг тул би 2020.09.28-ны өдөр түүнээс ойр зуурын багаж байвал түр хэрэглүүлээч гээд гуйсан юм. Тэгсэн ирээд авахгүй юу гэхээр нь түүний ажил дээр нь багаж авсан бөгөөд түүнтэй ойр зуурын зүйл ярилцаж байхад өчигдөр нээрээ төрсөн өдөр минь болоод өнгөрсөн юм байна шүү дээ гээд надад хэлэхээр нь тэгвэл найз нь тэмдэглэж өгье гээд нэг шил 0,33 литрийн архи авч ирж түүнд өгөөд хоёулаа хувааж уусан. Тэгээд би хэсэг гадуур явж байгаад эргэж орж ирээд 0,5 литрийн дахин нэг шил архийг түүнтэй хамт хувааж уугаад гэр гэртээ харьцгаахаар явсан. Тэгсэн манай найз Т.Т.Н- нь сүүлийн 2 гаруй жил архи уугаагүй учир маш амархан согтоод нэлээн муудчихсан. Тэгэхээр нь би түүнд 5000 төгрөг өгөөд унаанд суулгаад гэртээ очихдоо хүүхдэдээ юм авч өгөөрэй гээд явуулсан. Өөр зүйл болоогүй ээ. Тэгсэн одоогоос 5 хоногийн өмнө манай найз Т.Т.Н- дээр хоёулаа архи хувааж уусан өдөр гэртээ очоод эхнэртээ гар хүрсэн байна гэдгээ хэлж байсан. Өөр ч нээх тодорхой зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх 16/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 791 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Б.Б.Д-ын биед тархи доргилт, хуйхны шарх тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд буюу 2020 оны 09 үгээр сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
4.Б.Б.Д-ын биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
5.Б.Б.Д-д учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 19-20/,
Гэр бүлийн хүчирхийллийн талаарх аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 9-10/,
Шүүгдэгч Т.Т.Н-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 32-36/, оршин суух газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 43-44/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 49-51/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.
Шүүгдэгч Т.Т.Н- гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Т.Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Б.Б.Д- нь хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Миний биеийн байдал хэвийн байгаа ба бидний харилцаа ч хэвийн байгаа. Бид эвлэрсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Н-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Н-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг таван сарын хугацаанд сар бүрийн 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Н- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ