Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 105/2022/0556/Э |
Дугаар | 2022/ШЦТ/586 |
Огноо | 2022-04-18 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/586
2022 04 18 2022/ШЦТ/586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Б.Өлзийжаргал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
хохирогч А.Г,
шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч А.Намдаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Шй Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00877 1208 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.А нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 42в дугаар байрны 901 тоотод А.Гтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогчийг хөлөөрөө өшиглөх, толгойноос үсдэх үйлдлээр тархи доргилт, умдгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00877 1208 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Ш.А нь хохирогч А.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Н.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
... 2022 оны 01 сарын 27-ны өдөр 17 цагийн үед гэрийнхээ хаалгыг онгойлгох гэхэд түлхүүр таарахгүй байхаар нь хаалгаа тогшиход дотор талаас нь А гэх манай нөхрийн өмнө нь хамтран амьдарч байсан эмэгтэй онгойлгохоор нь ороход 2 хүүхэдтэйгээ орсон байсан. Мөн миний хувцаснуудыг бүгдийг нь үүдэнд овоолсон байхаар нь энэ одоо юу болж байгаа юм бэ, яагаад хүний гэрт орж ирээд миний хувцсыг тараасан юм бэ гэхэд А нь энэ миний нөхөр 2 хүүхдийн маань гэр юмнуудаа аваад зайл гэж хэлсэн. Тэгээд том охиноо бичлэг хийгээрэй гэж хэлээд бичлэг хийлгэж байсан. Тэгээд миний толгойноос үсдэж аваад хөлөөрөө миний бие рүү цохиод байхаар нь би өөрөө салгаад цагдаад дуудлага өгсөн. Намайг дуудлага өгсний дараа утсаа аваад мөн цагдаад дуудлага өгч байсан. Би төрсөн эгч, хүргэн ахыгаа дуудсан. Манай төрсөн эгч ирэхэд эгчийг маань хэл амаар доромжлоод зодсон. Манай эгч гомдол гаргаж цагдаад хандахгүй гээд ирээгүй. А нь миний биеийн зүүн талын гуя, бэлэг эрхтэн хэсэг рүү өшиглөсний улмаас миний зүүн хөлийн гуя хэсэг өвчинтэй, бэлэг эрхтэн хавдаж хөхөрч бие засахад хүндрэлтэй болсон. Үснээс гараараа зулгаасны улмаас толгой хөндүүртэй байна. Гэрт байсан миний зургийг урж голоор нь хувааж, Swarovski ээмэг бөгж хослолыг авч явсан байна. Мөн нүдний шилийг голоор нь хуваасан байна. Намайг доромжилсон тул хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. Манай салсан нөхөрт хувцасны хамт ээмэг бөгжийг өгч явуулсан байна. Тийм учир зөвхөн зодуулсандаа гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 09-10, 45/,
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ, ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын хуудас, /хх-ийн 03-05/,
- хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 05/,
Гэрч А.Ерланы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
... Миний бие А гэх хүнтэй хамтран амьдраад 15 жил болсон бөгөөд дундаа 2 хүүхэдтэй. Хүүхдүүд 11,5 настай. Бид хоорондын асуудлаас болж 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Агаас харилцаагаа тасалж гэрээсээ явсан. Энэ хугацаанд би хүүхдүүдтэйгээ холбоотой байсан ба Атэй ярихаар намайг хэл амаар доромжлоод байдаг ба сүүлдээ хүүхдүүдтэй минь яриулахгүй уулзуулахгүй болсон. Сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ хаалгаа янзлаад байж байх үед А хаанаас ч юм гараад ирсэн. Манай гэрийн хаягийг яаж олж мэдсэн талаар асуухад би чамд хэн гэдгээ харуулна гээд хэл амаар доромжилж миний биед халдаж байгаад явсан. Маргааш өдөр нь А над руу залгаж би Сонгодо эмнэлэгт ходоодоо дурандуулах гэж байна намайг хүргээд өгөөч гэж гуйхаар нь би одоо хамтран амьдарч байгаа Гт хэлэхэд хүүхдүүдийн чинь ээж учир очиж тусал гэж хэлсэн. Би Аг эмнэлгээс очиж авч Циркийн тэнд байдаг гэрт нь хүргэж өгсөн. Орой нь гэртээ ирээд Гын хамт унтаж амраад байж байх үед шөнийн 00 цагийн орчим А хүүхдүүдээ авч ирээд гэрийн хаалга нүдсэн. Тухайн үед хүүхдүүд ааваа хаалгаа тайлаарай, бид нар ирлээ гэж хэлж байсан. Тухайн үед би Аг хүүхдүүдээрээ далимдуулж гэрт орж ирээд асуудал үүсгэж магадгүй гэж болгоомжлоод хаалгаа тайлаагүй. Би маргааш өглөө буюу 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 04 цагийн орчим Оюун-Толгой руу ажилдаа явж ажлаа хийгээд байж байх үед өдрийн 17 цагийн орчим Г над руу залгаж гэртээ ирсэн чинь А миний эд зүйлийг эвдэлж намайг хэл амаар доромжилж цохиж зодлоо, чи цагдаа дуудаад өгөөч гэж хэлхээр нь би цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Гэрч А.Асылбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
... Миний бие нь Гтай хамт амьдраад 20 жил гаруй болж байгаа бөгөөд дундаасаа 3 хүүхэдтэй. 2022 оны 11 дүгээр сард өөр хүнтэй болоод гэрээсээ яваад өгсөн. Энэ цагаас хойш холбоогүй байж байтал 2022 оны 01 дүгээр сарын 27-ны орой 17 цагийн орчим А над руу залгаж танай салсан эхнэр энд байна, та юу хийсэн талаар ирээд хараач гэж хэлэхээр нь очих гэж байх үед Г над руу чи ирээд хэрэггүй гэж мессеж бичсэн. Би тухайн газарт нь явж очиход А, Г нар хоорондоо маргалдсан байдалтай байсан. Цагдаа ирж А Г нарыг авч явсан. Би байрных нь гадаа үлдээд хүлээж байх үед А хүрч ирээд гэр рүүгээ орж жижиг сажиг зүйл үлдсэн байна, та энийг аваад яв гэж хэлэхээр нь би үлдэгдэл эд зүйлсийг нь авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2380 дугаартай:
“А.Гын биед тархи доргилт, умдагны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/,
Шүүгдэгч Ш.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:
“...Миний бие Ерлантай хамтран амьдраад 18 жил болсон бөгөөд гэрлэлтийн баталгаагүй дундаа 2 хүүхэдтэй байсан. Хамтран амьдран амьдарч байгаад 2021 оны 10 дугаар сард гэр бүлийн асуудлаас болж салсан. Энэ хооронд Ерлан нь надтай болон төрсөн 2 охинтойгоо холбоотой байсан. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ерлан хоёр уулзахад надад Г гэх эмэгтэй манай гэр болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг 42в байрны 901 тоотод байгаа, би яаж гэрээсээ явуулахаа мэдэхгүй байна гэж надад хэлэхээр нь би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн төрсөн 2 охины хамт гэрийнхэн гадаа очих явцдаа нөхрийнхөө цахим шуудангаар чи машины түлхүүр болон гэрийн түлхүүрээ өг гэж хэлэхэд хариу өгөхгүй байхаар нь гэрийнх нь хаалганы голыг солиулж өөр гол хийж дотор нь орж Г гэх эмэгтэйн хувцас эд зүйлийг овоолж тавьсан. Хэсэг хугацааны дараа Г нь хаалга тогшиж гэртээ ормоор байна гэх үед нь чамайг оруулахгүй гээд гараараа түлхсэн. Тэр эмэгтэй хүчээр орж ирээд гартаа барьсан гар утсаараа миний толгой хэсэг рүү цохиж танхайрсан. Энэ үед би цагдаа дуудахад цагдаа ирж бид цагдаагийн хэлтэс орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Ш.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/, Баянгол дүүргийн 24-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 32/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 33/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 34/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 35/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 36/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 37/, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 38/, Хаан банкны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39-42/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 69, 71/ зэрэг нотлох баримтыг судлав.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.А нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирлыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 42в дугаар байрны 901 тоотод А.Гтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогчийг хөлөөрөө өшиглөх, толгойноос үсдэх үйлдлээр тархи доргилт, умдгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч А.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар хохирол нэхэмжлээгүй ба хохирогч нь шүүх хуралдаанд оролцож гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ш.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэмтэл эдгэрсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ш.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэдий боловч өөрийн үйлдлийн хор уршгийг ухамсарлан гэмт буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирогчийн биед учирсан гэмтэл уг гэмтэл эдгэрч арилсан байдал, хохирогчийн шүүх хуралдаанд оролцож байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, тухайн ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ш Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ