Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/387

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                            Хэргийн индекс:166/2020/0371/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагч:  Б.Батсүх,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-т холбогдох эрүүгийн 20180000000440 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух хаягтай, урьд:

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 311 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд зааснаар 15000 төгрөгийн торгуулийн ял шийтгэгдсэн Д.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Д.Д.Б- нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ж.Ж.Д-тай маргалдан зүүн мөрийг нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн мөрөн дээрх шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Д.Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 9 сарын 28 өдрийн орой ажлаа тараад 18-ийн автобусны буудлын тэр хавиас тамхи авах гээд таксинд суугаад Ж.Д-тай таарсан. Би тэр өдөр архи уусан байсан. Ж.Д- ч бас жаахан уусан байсан. Тэгээд Ж.Д- архи ууя гээд шаналгаад байсан. Би мөнгөгүй байсан учир тамхи авах гэж байсан мөнгөөрөө 200 грамм архи авч уусан. Намайг дагаад манайд орно гээд байхаар нь оруулахгүй гэхэд танайд оръё гээд зүтгээд байхаар нь би гэр рүүгээ дагуулж яваад гэрийн хаалга тогшиход эхнэр хаалга онгойлгож өгөөд арын өрөөндөө орсон. Бид хоёр цай унд уугаад сууж байтал Ж.Д- араас тэврээд авсан. Би гартаа хутга барьсан байсан учир мөрийг нь зүссэн байсан. Тухайн үедээ зүссэн гэдгээ мэдээгүй. Эхнэр юун согтуу хүн байна гар гээд Ж.Д-г гаргасан. Удалгүй хаалга тогшоод Ж.Д- 3 цагдаатай ороод ирсэн.” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Д.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч  Ж.Ж.Д-г “гэртээ хонуулахгүй” гэх шалтгаанаар дургүйцэн зүүн мөрийг нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.Д.Б-ын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 20180000000440 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

            Хохирогч Ж.Ж.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 28-нд орой 09 цагийн орчим Дархан сум Өргөө багт байрлах 18-ын автобусны буудал дээр Д.Б-тай таарсан. Д.Б- надтай таарах үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би мөн адил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би Д.Б-тай уулзаад бид хоёр дэлгүүрээс 200 граммын Хараа архи авсан. Авсан архиа гадаа ууж сууж байгаад би Д.Б-т “танай гэрт очиж хононо” гэж хэлсэн. Тэгэхэд Д.Б- надад хэлэхдээ би чамайг гэртээ хонуулахгүй ээ. Чи гэртээ харьж хоноорой гэсэн. Тэгээд би араас нь дагаж яваад гэрт нь ороод гал тогооны өрөө рүү нь дагаж ороход Д.Б- хутга бариад авахаар нь би шууд Д.Б-ыг араас нь тэврээд авсан чинь Д.Б- баруун гараараа миний зүүн мөрний дээд талд нэг удаа зүссэн.” гэх мэдүүлэг /хх 12/,

            Гэрч Ч.У- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажлаасаа 15 цаг өнгөрч байхад ирээд хоолоо хийчхээд халуураад байсан болохоор хэвтсэн юм. Тэгээд нөхөр ирэхгүй болохоор нь ирж байна уу гээд байн байн залгаад байсан юм. Манай нөхөр Д.Б- одоо очлоо л гээд байсан юм. Тэгээд хамгийн сүүлд 20 цаг 56 минутад залгаад ирж байна уу гэсэн чинь ойрхон байна одоо орлоо гэсэн юм. Тэгээд удалгүй хаалга тогшихоор нь очоод хаалганы бариул дарж онгойлгочхоод нөхрийг хараагүй шууд буцаж очоод хэвтсэн юм. Тэгсэн чинь хүнтэй маргалдаад түжигнээд эхлэхээр нь гайхаад босоод хартал коридорт нэг залуутай заамдалцсан зогсож байхаар нь би салгаад чи чинь таньж мэдэхгүй айлд орж ирж зодоон хийгээд яасан хачин хүн бэ гэж хэлээд тэр хүнийг түлхэж гаргаад буцаад хэвтсэн юм. Манай нөхөр угаалгын өрөөнд ороод гар нүүрээ угааж байх шиг байсан. Тэгсэн хаалга тогшоод нөгөө залуу 3 цагдаа дагуулж орж ирээд энэ хүн намайг хутгаар зүссэн, эхнэр нь хөөж гаргасан гэж цагдаад хэлсэн байсан. Тэгсэн тэр залуугийн зүүн талын мөр орчимд зүссэн байсан.” гэх мэдүүлэг /хх 14/,

            Гэрч А.Ч- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед 2020 оны 09 дүгээр сарын 28-нд орой 22 цагийн орчим Дархан төмөр замын өртөөн дээр гаднаас 40 орчим насны эрэгтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хүн цусаа гоожуулсан байдалтай манай өрөөнд орж ирсэн. Би хүнд хутгалуулчихлаа гэж хэлэхээр нь “Та хаана, хэнд хутгалуулсан юм бэ” гэхэд Төмөр замын 9 дүгээр байрны 03 тоотод гэж хэлсэн. Тэгээд би хохирогчийн зааж өгсөн хаягт хохирогчийг дагуулаад очиход 4 орчим насны эрэгтэй, мөн насны эмэгтэй хамт байсан. Тэгээд би ороод дотор юу болсон талаар асуухад “Бид хоёр хоорондоо ярилцаж байгаад маргалдаад би энийг хутгалсан" гэж хохирогчийг заасан юм. Ингээд би эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Дараа нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт болсон асуудлыг хэлээд дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх 16/,

            Гэрч Б.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, Төмөр замын 9-3 тоотод хутгалуулсан байж магадгүй хүн байна, яаралтай яваад оч гэсний дагуу дуудлагад очиход тухайн тоот хаягт хутгалуулсан гэх 50 орчим насны эрэгтэй, мөн хутгалсан гэх бас нэг эрэгтэй, түүний эхнэр гэх эмэгтэй байсан.” гэх мэдүүлэг /хх 17/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 789 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Ж.Ж.Д-гийн биед зүүн мөрөн дээрх шарх тогтоогдлоо.

2.Дээрх шарх нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

4.Ж.Ж.Д-гийн биед илэрсэн шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

5.Ж.Ж.Д-д учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 19-20/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9/,

 

Хохирогч Ж.Ж.Д-д эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тухай хуудас /хх 21/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Д.Б-ын хувийн байдлыг тогтоосон  арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд /хх 29-36/, тээврийн хэрэгслийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 37-39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 41, 42/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 45, 47/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Д.Б- нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Ж.Ж.Д-гийн “хохирол төлбөрт 100000 төгрөг авсан. Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. гэх тайлбараар /хх 58/ шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  бор өнгийн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг таван сарын хугацаанд сар бүрийн 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ