| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2020/0104/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/596 |
| Огноо | 2021-10-27 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/596
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Д.Ренченхорол, Б.Галбадар, нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Б.Чимгээ,
Иргэдийн төлөөлөгч: А.Уянга,
Хохирогч: Д.Мөнхжаргал, Б.Даваасүрэн, Ч.Оюунжаргал,
Хохирогч С.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар /ҮД:0040/,
Хохирогч Д.Туяацэцэг, Б.Б нарын өмгөөлөгч С.Халиунаа /ҮД:2905/,
Хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч М.Энхжаргал /ҮД:1055/,
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн С.Э холбогдох эрүүгийн 1911006040757 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Монгол Улсын иргэн, С.Э , 1976 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 203 дугаар байрны 50 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй,
Шүүгдэгч С.Э нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ Дамдины Даваажав, Онолын Номинхорол нарыг Канад улсад тэтгэлэгтэй, сар бүрийн тэтгэмжтэй сургуульд явуулж өгнө гэж хуурч 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд удаа дараагийн үйлдлээр Б.Баас 13.200.000 төгрөг, Д.Туяацэцэгээс 21.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт,
Д.Мгийн хүүхдийг Шинэ Эрин дунд сургуульд 5 дугаар ангиас нь оруулж өгнө гэж хуурч, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 5.300.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт,
Б.Ж, О.М нарыг Польш улсад 100 % тэтгэлэгтэй, сар бүрийн тэтгэмжтэй магистрийн сургалтанд явуулж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 4 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд Б.Жгаас 6.250.000 төгрөг, О.Маас 7.750.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах ҮЭХ-ны 1 давхарын “BUD” рестораны дотор,
Д.Гад Бүгд Найрамдах Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө гэж хуурч 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 6.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах Поларис их дэлгүүрийн гадна,
Ч.Оюунжаргал, Ч.Батжаргал нарыг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулж, түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж хуурч 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Ч.Оюунжаргалаас 7.000.000 төгрөг, Ч.Батжаргалаас 3.500.000 төгрөг, нийт 10,500,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутагт байрлах Көмпински зочид буудлын байранд,
Э.Гт Бүгд Найрамдах Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө гэж хуурч 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 419018432 дугаарын дансаар шилжүүлэн авч,
Улаанбаатар Эрдэм их сургуулийн багш С.Гантөмөр, Б.Даваасүрэн нарт Монгол улсын гавьяат цол олгуулж өгнө гэж хуурч С.Гантөмөрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2,800,432 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, нийт 3,300,432 төгрөг, Б.Даваасүрэнгээс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2.990.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 3.010.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг,
Г.Гэрэлчимэгийн хүү Б.Өнөболдыг Бүгд Найрамдах Солонгос улсад гэрээт ажилчнаар явуулж өгнө гэж хуурч 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3.500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах Юна нэртэй хоолны газарт,
Л.Лувсанжамцыг Монгол Улсын Их сургууль оруулж өгнө, хуучин сургуульд сурч байх үеийн дүнг засч өгнө, захирлуудыг нь хоолонд оруулна гэх зэргээр хуурч 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 06 сарын сүүлчээр 150.000 төгрөг, нийт 4.150.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт ,
И.Г ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 08 дугаар сард 6.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт,
Шинэ эрин цогцолбор сургуульд хүүхэд оруулж өгнө гэж хуурч, өөрийгөө Боловсролын яаманд ажилладаг мэтээр төөрөгдүүлж, Ц.Чинтүвшингээс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3.500.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сард 1.400.000 төгрөг, нийт 10.400.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт,
“Карьер бьюлдинг институт” нэртэй сургалтын төвийг төгссөн хүүхдүүдийг их дээд сургуульд оруулж өгнө гэж хуурч, Т.Оюунцэцэгээс 2018 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөес 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийт 19,500,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт,
Хөгжлийн банкнаас төслийн зээл гаргуулан өгнө гэж хуурч С.Эрдэнэчимэгээс 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 30.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт,
Ганболдын хүү Г.Ж Монгол банкинд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 5.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт,
Т.Хоролсүрэнд Найрамдах Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө гэж хуурч 2019 оны 07 дугаар сарын 25-наас 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд нийт 6.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 03 дугаар хорооны нутагт байрлах Улсын их дэлгүүрийн орчим,
Б.Б ажилд оруулж өгнө гэж хуурч 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд нийт 7.999.998 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт,
Д.М мах зарах зөвшөөрөл гаргаж өгнө гэж хуурч 2019 оны 08 дугаар сарын 28-наас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр 18.500.000 төгрөгийг өөрийн ХХБанкин дахь 419018423 дугаарын дансаар Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутагт байхад нь тус тус залилан авч, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөн тогтмол орлогогүй болсон үедээ 2015 оны 06 дугаар сарын 29-нөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийт 21 иргэнд 195.350.430 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Эээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мэдүүлэг өгөхгүй. Намайг өмгөөлүүлэх эрхээр хангасангүйд үнэхээр харамсалтай байна...” гэв.
Шүүгдэгч С.Эээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2016 оны 04 дүгээр сарын эхэнд манай хамаатан болох Дамдингийн эхнэр Баярнямаас мөнгө зээлэх боломж байна уу гэхэд удалгүй Дамдин Баярням нар над дээр ирж уулзаад манай хүүхэд 12 төгсөж байгаа мөн манай хүүхэд бас найз охинтой болсон хоёуланг нь гадаад улс руу сургуульд явуулах хэрэгтэй байна чи тус болооч олон жил төрийн ажил хийсэн хүн гэсэн. Тэтгэлгээр явж байвал хаашаа ч яахав явуулаад өгчих гэсэн тэгэхээр нь би тийм амархан бүтдэг ажил биш ээ, хөөцөлдөхөд цаг хугацаа их орно 10 жил төгсөөд шууд явах боломжгүй байх эхний ээлжинд Монгол улсдаа их сургуульд ороод явж бай гэсэн. Баярням Номинхорол гэх охины ээжтэй ярьсан байх би бол сургуульд оруулж өгөх талаар тэр хүнтэй яриагүй. Баярнямтай тухайн үед яг хэдэн төгрөгөөр хүүхдийг нь сургуульд явуулах талаар яриагүй байсан. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын эхэнд Баярням ажлын чинь ойрхон явж байна гараад ир гэхээр нь би ажлаасаа гараад очиход Баярням 4.000.000 төгрөг бэлнээр өгсөн хүүхдүүд нь ирж байгаа гэсэн тэгээд би ажилтай байсан болохоор мөнгийг нь аваад ажил руу орсон. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баярнямд би мөнгө хэрэг болоод байна гэхэд миний 5037327291 тоот дансанд 4.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, мөн тухайн өдөр миний дансанд Номинхорол гэсэн утгатай 4.000.000 төгрөг орсон байсан. Баярням Номинхоролд хэлж шилжүүлүүлсэн байх...Би Б.Баас 2016 оны хавар 4-өөс 5 сарын хооронд цувруулж авч байгаад нийт 24.000.000 төгрөг авсан. Эхний мөнгө болох 4 сая төгрөгийг 2016 оны 04 дүгээр сард миний дансанд шилжүүлсэн. Хамгийн сүүлд мөнгийг 2017 оны эхээр 7-8 сая төгрөг авсан, зарим мөнгийг бэлнээр зарим мөнгийг дансаар авсан. Энэ хугацаанд нийт 33.500.000 төгрөг зээлээр авсан. Б.Баас мөнгө авахдаа яаралтай мөнгөний хэрэг болж байна туслаад өгөөч гэж зээлж авсан. Зээлж авсан мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулсан...Тэгээд би гадаадад суралцах тэтгэлгийн талаар таньдаг мэддэг бүх хүмүүсээс судалж үзээд мэдээлэл өгч хүүхэд чинь Англи хэлний мэдлэгтэй болон оноотой байж гадаадад суралцах боломжтой байна, хэлний мэдлэгээ сайжруул, тогтоосон оноог авах хэрэгтэй байна гэж хэлсэн...”
Би Мяг гэх эмэгтэйн ажилладаг гоо сайхны газраар үйлчлүүлдэг байсан. Ингээд 2019 оны 05 дугаар сард ойр зуурын юм ярьж байтал надаас хүүхэд сургуульд оруулж өгөх боломжтой юу гэж асууж байсан. Үүний өмнө нь би Д.Мгээс хэдэн төгрөгний мөнгө зээлсэн байсан. Тэгтэл дээрх асуудлыг хөөцөлдөөд өгвөл надаас мөнгө төгрөгөө авахгүй гэж хэлж байсан. Ингээд Д.Мгийн хүүхдийн орох гээд байсан Шинэ эрин сургуулийн элсэлтийн журам гэх мэт мэдээллээр Д.Мг хангадаг байсан. Тэгээд хүүхэд нь шалгалтаа өгсөн боловч шалгалтандаа тэнцээгүй гэж байсан. Миний хувьд сургуульд оруулж өгөхөөр урьдчилж амласан зүйл байхгүй хүнээс мөнгө зээлчихсэн байсан учраас ажлын нь бүтээгээд өгчих юмсан гээд мэдээлэл өгч байсан. Ингээд хүүхэд нь шалгалтадаа тэнцээгүй учраас би мөнгийг буцаагаад өгчихсөн. Анх Д.Мгээс мөнгө зээлэхдээ ямар нэгэн гэрээ хийгээгүй боловч мөнгө зээлсэн гэж бичээд нотариатаар баталгаажуулж байсан.
Би танил Зудамжин 2016-2017 оны үед байхаа Жүгдэррагчаа, Мөнхсайхан нартай танилцсан. Зулчимэг нь бусдад хүүтэй мөнгө зээлдэг байсан ба түүнээс мөнгө зээлж авч, буцааж өгдөг байсан. Би Зулчимэгээс 2018 оны хавар хувийн хэрэгцээ гараад мөнгө зээлээч гэхэд манай найз Мөнхсайханаас асуугаад үзээч гэхээр нь би Мөнхсайханаас мөнгө зээлээч гэж асуухад Мөнхсайхан нь Жүгдэррагчаагаас авчих гэсэн.Ингээд 3 удаа цувуулаад эхний 2 удаагийн мөнгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Сүхбаатарын талбайн баруун талд байрлах нэрийг санахгүй нэг ресторанд уулзаж байгаад Мөнхсайхан, Жүгдэррагчаа хоёртой хамт байхдаа мөнгийг бэлнээр тоолж авсан, дараа нь сүүлийн 3 дахь удаагийн мөнгийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Монгол улсын боловсролын их сургуулийн замын урд талд байх Сүхбаатар дүүргийн П.Отгонжаргал гэх нэртэй нотариатны гадаа бэлнээр мөнгийг авчихаад тухайн нотариатны газар дээр зээлийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Дээрх 12.500.000 төгрөг дээр нэмж, бэлнээр 1.500.000 төгрөгийг зээлж, нийт 14.000.000 төгрөгийг зээлж авсан. Мөнхсайхан, Жүгдэррагчаа хоёрыг би Польш улс руу сургуульд явуулна гэж хэлж мөнгө авсан зүйл байхгүй. Би Польш улсын талаар огт мэдэхгүй байна.
Би Га гэж хүнтэй 2013,2014 оны үед Засгийн газрын ордонд хамт ажилладаг байсан тухайн үед Гантөмөр өөр ажилд шилжсэн ажил төрлийн хувьд холбоотой байсан учир хааяа таараад явдаг байсан...би Гантөмөр лүү яриад мөнгө хэрэгтэй байна хэдэн төгрөг зээлж чадах уу? Хугацаатай гэж асуусан чинь Гантөмөр ярьж байгаад сураг гаргаад хэлье гэж хэлсэн үүнээс хойш удалгүй буцаан залгаад цувруулаад бага багаар мөнгө олдоход нь нэг хоёр саяар зээлэх мөнгө олдож байна гэхдээ хүний мөнгө шүү гэж хэлж байсан тэгээд мөнгөө өгөхдөө өөрөө өгөөгүй хүнээр өгүүлж байсан 6.000.000 төгрөг өгүүлсэн уг мөнгөө 2 хувааж өгч байсан хоорондоо 7-10 хоногийн зайтай өгч байсан. Надад мөнгө авч ирж өгсөн Ганбатыг хэлэхдээ манай жолооч гэсэн. 6.000.000 төгрөгийг авч ирж өгсөн Ганбат гэж хүнийг танихгүй мөн хамаатны дүүг нь бас танихгүй..би Ганбатад Бүгд найрамдах солонгос улсын виз гаргаж өгнө гэж хэлж 6.000.000 төгрөг аваагүй, тийм зүйл яриагүй, яаралтай хэрэгцээтэй байна өр зээл төлөх гэсэн юм гэж хэлж 2.000.000 төгрөгийг авсан..”
2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр миний худалдаа хөгжлийн банкны 419018432 дугаарын данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн ба тухайн мөнгө нь миний хуучин хамт ажилладаг байсан тухайн үед МИАТ-н хангамжийн хэлтэст ажиллаж байсан Гантөмөр гэх хүнээр дамжиж орж ирсэн мөнгө. Тухайн үед би Гантөмөрөөс мөнгө зээлэх хүн байна уу? Гэж асуугаад Гантөмөр надад хүнээс авсан мөнгө шүү 3 сарын дараа өгөөрэй гэж хэлээд надад зээлсэн мөнгө байсан. Би Э.Г гэх хүнтэй огт уулзаагүй би энэ хүнийг танихгүй. Гантөмөр надад манай дүү нараас орж ирж байгаа мөнгө шүү гэж хэлж байсан би уулзаж байгаагүй. Цэрэнчимэд бол Гантөмөрийн дүү юм. Би БНСУ-руу хүмүүс гаргадаг эрх бүхий байгууллагад ажиллаж байгаагүй.
Би Улаанбаатар Эрдэм их сургуулийн захирал Д.Алимааг 10 гаруй жилийн өмнөөс эхлэн таньдаг болсон энгийн сайн танилууд мэндийн зөрөөтэй явдаг юм. Д.Алимаатай 2019 оны 11 сарын сүүлээр таараад уулзсан бөгөөд 2020 оны 01 сарын эхээр би утсаар ярьж Д.Алимаагаас мөнгөний туслалцаа үзүүлээч гэхэд тэгье гэсэн. Тэгээд надад Д.Алимаа цувруулаад хэдэн төгрөгийг миний худалдаа хөгжлийн 419018432 тоот данс руу шилжүүлсэн. Ингээд эхлээд 2.900.000 төгрөгийг зээл гэж шилжүүсэн гэж хэлсэн бөгөөд надад мессеж ирдэггүй болохоор би хэнээс шилжүүлж байгааг нь мэдээгүй. Би 3.300.432 төгрөгийг С.Гантөмөр гэх хүнээс орж ирснийг мэдээгүй. Надад Д.Алимаа 3.300.432 төгрөг зээллээ гэж бодсон. Мөнгө авахдаа хүүтэй зээлж аваагүй. Би Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байгаагүй бөгөөд өмнө нь улсын их хуралд захиргааны ажил хийж байгаад 2016 оноос бүтцийн өөрчлөлтөөр сонгуулийн дараа чөлөөлөгдсөн.
Б.Б холбоотой асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй, энэ бол миний буруу, цагдаагийн байгууллагад түүнийг хандахаас өмнө нь би түүнээс авсан мөнгөө бага багаар нь эргүүлэн төлж байсан. Нийт 8 сая төгрөгийг авчхаад 3 сая төгрөгийг эргүүлэн түүний Голомт банкны 3005110428 дугаартай дансанд шилжүүлэн өгсөн. Мөн Гантөмөр, Даваасүрэн нараас авсан 6 сая төгрөгтэй холбоотой асуудлыг бол хүлээн зөвшөөрч байгаа, энэ 2 хүнийг би танихгүй, Доржийн Алимаа гэдэг хүнээс 6 сая төгрөгний хэрэг болоод зээлсэн бөгөөд эргүүлээд мөнгийг нь өгч чадахгүй болсон чинь Алимаа надад “манай 2 багш Төрийн шагнал авахаар хөөцөлдөж байгаа юм, чи тэрийг нь зохицуулаад бүтээгээд өгчихвөл, би чамд зээлсэн 6 сая төгрөгөө буцааж авахгүй” гэхээр нь би зөвшөөрөөд ажлыг нь хөөцөлдсөн боловч цагдаагийн байгууллага дээр өөрөө асуудалд ороод ажлыг нь үргэлжлүүлэн хөөцөлдөж чадаагүй юм. Үүнийг бол зөвшөөрч байгаа. Ганбат гэдэг хүнээс 8 сая төгрөг авсан, эргүүлэн энэ мөнгийг төлөхөө бол хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ энэ мөнгийг дээрх тогтоолд дурдсанчлан Солонгос Улсын виз гаргуулж өгнө гэж аваагүй, тухайн үед мөнгөний хэрэг гараад Гантөмөрөөс 8 сая төгрөг асуусан юм. Тэгтэл тэрээр болох байх гээд намайг Ганбаттай уулзуулсан, түүнтэй дээрх 8 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлнэ, заасан хугацаандаа төлөхгүй бол Иргэний хуулийн дагуу хүү, алданги тооцох болно гэж тохиролцож бичиг үйлдэж өгсөн юм. Тэрнээс биш Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хэлсэн зүйл байхгүй. Энэ тохиролцсоныхоо 1 сарын хүү гэж 800.000 төгрөгийг түүний өгсөн өөрийнх нь Хаан банкны 5058118374, Хоролсүрэн гэдэг хүний Хаан банкны 5017180341 дугаартай дансанд шилжүүлэн өгсөн. Би ер нь анх Гантөмөр гэдэг хүнээс 15 сая төгрөгийг зээлэхээр хүссэн юм, тэгтэл тэрээр хэд хэдэн хүнээс буюу Ганбатаас 8 сая төгрөг, Ганболороос 3 сая төгрөг, Гэрэлчимэгээс 3.5 сая төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн. Уг нь бол энэ мөнгөнүүдийг миний бие Гантөмөрөөс зээлж байгаа гэж ойлгоод авсан, сүүлд нь бүгд надад Солонгос Улсын виз гаргуулахаар өгсөн юм шиг зохион байгуулалттайгаар ижил утгатай гомдол гаргаж өгсөн байна. Гэтэл би энэ хүмүүст Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хэлээгүй. Би энэ хүмүүсээс мөнгө авсан нь бол үнэн, энэ мөнгийг нь буцаагаад төлнө. Эдгээр хүмүүсээс авсан мөнгийг Гантөмөрөөс зээлж авч байгаа гэж ойлгосон болохоор авсан. Энэ хүмүүс үнэндээ надтай уулзаж байгаагүй болохоор танихгүй. Харин Гэрэлчимэгээс мөнгийг бол уулзаж бэлнээр авч байсан болохоор тэр намайг таних байх. Харин Хоролсүрэн гэдэг хүнээс огт мөнгө аваагүй, тэр хүн харин яагаад надад мөнгө өгсөн гээд өргөдөл өгснийг бол ойлгохгүй байна. Баримтуудыг нь шалгаад үзвэл миний мөнгө аваагүй нь тогтоогдоно. Түүнд Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж огт хэлж байгаагүй, Гантөмөрийн жолооч гээд дагаад явж байсныг нь бол хэд хэдэн удаа бол харж байсан юм. Түүнээс өөрөө бол танихгүй, Хоролсүрэнгээс 6 сая төгрөгийг бол аваагүй. Би Туяацэцэг, Баярням нараас нийт 34.200.000 төгрөгийг бол аваагүй, нийт надад энэ 2 хүн 26 сая төгрөгийг өгсөн баримт байдаг бөгөөд энэ 2 хүнээс миний бие бэлнээр мөнгө авсан зүйл байхгүй, зөвхөн 26 сая төгрөгийг авсан, энэ мөнгийг авсаны дараагаар буюу 2016 оны 07-10 сарын үед байх Баярням нь эргүүлэн надаас 10 сая төгрөгийг авсан. Ингэхээр би энэ 2 хүнээс 16 сая төгрөг авсан, үүнийгээ эргүүлэн өгсөн. Дээрх 34.200.000 төгрөг болон 26.000.000 төгрөгний хоорондох зөрүүг намайг Номинхоролоос бэлнээр авсан гээд байгаа боловч би түүнтэй уулзаж байгаагүй, Австрали Улсад амьдардаг гэж сураг сонссон. Жүгдэррагчаагаас 6.250.000 төгрөг, Мөнхсайханаас 7.750.000 төгрөгийг тус тус зээлж авсан, Польш Улсад сургалтад хамруулна гэж огт хэлээгүй, ямар ч байсан энэ 2 хүнээс авсан мөнгөө эргүүлэн төлөөд дуусчихсан байгаа юм. Мягмарсүрэнгээс 5.300.000 төгрөгийг бол авсан үүнийгээ эргүүлэн төлөөд дууссан.
Би М одоогоос 5-6 жилийн өмнө буюу 2010-2011 оны үед найзаараа дамжуулан танилцаж байсан юм. Тэгээд тэрнээс заримдаа хэрэг болохоороо мөнгө зээлдэг, эргүүлээд өгдөг байсан. Мөн надаас ч гэсэн тусламж авдаг байсан. Тэгээд би олон хүмүүст өр, зээлтэй байсан ба тэдгээр хүмүүс байн байн хэл ам хийж ирээд байхаар нь мөнгөний хэрэгцээ гарахаар нь Мөнхжаргалаас зээлэх мөнгө байна уу? Гэж асуухад тэрээр зээлж болно гэхээр нь би түүнээс увуулан цувуулан 18.500.000 төгрөгийг дансаараа шилжүүлэн авсан юм. Энэ мөнгөнөөс эргүүлэн өгсөн зүйл байхгүй байна. Мөнгө зээлж дууссаны дараа баримт хэрэгтэй гээд энэхүү зээлийн гэрээг үйлдсэн. Энэ мөнгийг би зээлж л авсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-28-29, 31-32, 133, 220-221, 2хх-249-250, 3хх-202-203, 237-238, 6хх-212-216, 7хх-104-106/
Хохирогч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би хохирлоо барагдуулж авах саналтай байна. Энэ хүнд итгээд мөнгөө өгсөн. Би 6 хүүхэдтэй хүн амьдрал хэцүү байна. Би гомдолтой байна..” гэв.
Хохирогч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Миний хувьд хохирлоо гаргуулж авах хүсэлттэй байна. Батжаргал гэж манай эгч байдаг. Эгч маань бас хохирлоо гаргуулж авах саналтай байна. С.Эээс 10.500.000 төгрөг гаргуулж авмаар байна..” гэв.
Хохирогч Б.Да шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэхдээ: “..Энэ Энхцэцэг гэх хүнийг бид мэдэхгүй. Манай сургуулийн захирал Алимаатай уулзаад надад мөнгөний хэрэг байна. Надад мөнгө өгвөл би танай ажлыг хөөцөлдөөд өгье гэж хэлсэн байсан. Та нарын асуудал дээр ахиц гаргая гэж захирал хэлсэн болохоор бид энэ асуудалд орсон. Эргээд захирлаасаа асуухад нөгөө хүнтэйгээ холбогдож чадахгүй байгаа гэж хэлсэн байдаг. Бид нарт шагналын асуудал худлаа болсон. Маш олон хүнийг хуурч мэхэлсэн байна. Хувь хүний хувьд хохирлоо төлүүлж авах саналтай байна. Би 6.000.000 төгрөгийг мөн өвчтэй байгаа багшийнхаа 3.300.000 төгрөгийг гаргуулж авмаар байна..” гэв.
Хохирогч Б.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-62-63, 102-104/ “...С.Э нь манай нөхрийн хамаатан юм. Тэгээд 2016 оны 04 дүгээр сард манай хүү Даваажавыг гадаад улсад 100 % тэтгэлэгтэй сургуульд явуулж өгнө гэхээр нь хүүдээ хэлтэл найз охинтойгоо явъя гэсэн. Тэгээд Энхцэцэгт 2 хүн байвал болох уу гэхэд болно ш дээ нэг хүүхэд 12 сая төгрөг, эхний ээлжинд нэг хүний 4 сая төгрөг өгөхөд болно, үлдсэн мөнгийг дараа нь өгөөрэй гэхээр нь яг хэдний өдрийг санахгүй байна, 2016 оны 4 дүгээр сард хүүгийнхээ 4 сая төгрөгийг Үндэсний музейн ард зогсоод машин дотроо дуудаж өгсөн. Тэр үед Энхцэцэг нь Засгийн газрын ордонд төсвийн байнгын хороонд референтээр ажилладаг гэж байсан. Би бэлнээр болон түүний ХААН банкны 5037327291 дугаарын дансаар мөнгөө шилжүүлдэг байсан. Ингээд мөнгө хэрэгтэй боллоо гэж авсаар сүүлд нь 2017 оны 2 дугаар сард 1.500.000 төгрөг өгсөн ба нийтдээ надаас 12.000.000 төгрөг, Номинхоролоос 21.500.000 төгрөг авсан байсан. Мөнгөө өгсний дараа юу болж байна гээд удаа дараа уулзахад одоо бүтэх гэж байна, засаг солигдоод удаад байна, Боловсролын яамны хүмүүс ажлаа хийхгүй байна гэх зэргээр худлаа яриад байхаар нь 2017 оны 12 сард больёо мөнгөө авъя гэхэд одоо Цогзолмаа сайд гарын үсэг зураад л боллоо гээд нэг цаас үзүүлнэ гэснээ ч үзүүлээгүй. 2018.11.14-ний өдөр уулзахад 33.500.000 төгрөгийг сарын дотор өгнө гэж баримт бичиж өгсөн. Өөрөө өмнө нь хэд хэдэн хүмүүсийг тэтгэлгээр явуулж байсан гэж яриад, тэгээд ч нөхөртэй маань үеэлүүд болохоор итгээд мөнгөө өгсөн. Ингээд бүтэхгүй болохоор манай хүү 2018 оны 10 сард Хятад руу хэлний бэлтгэлд явсан. Номинхорол одоо эцэг эхтэйгээ Австрали улсад амьдарч байгаа...Би хамгийн сүүлд 2016.10.18-ны өдөр Энхцэцэгийн дансанд 1.200.000 төгрөг шилжүүлснээ өмнө нь мэдүүлээгүй байна. Энхцэцэг Канад явах гэж байгаа бэлэг дурсгалын зүйл авна гэж авсан. Ингээд хүүгээ сургуульд явуулахын тулд 6 сарын хугацаанд нийт 13.200.000 төгрөг Энхцэцэгт өгсөн. Энэ мөнгөө нэхэмжилнэ. 2019.04.08-ны өдөр Энхцэцэгийн нөхрийн 5041392367 дугаарын данснаас 600.000 төгрөг орж ирснийг Номинхоролд шилжүүлсэн. Номинхоролын аав ээж байнга надаас мөнгө нэхээстэй байдаг..” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Д.Тмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-17-18, 69-70/ “...2016 оны 4 сард намайг Австрали улсад байхад охин Номинхорол утсаар яриад Даваажавын хамаатны эгч нь Төрийн ордонд ажилладаг юм байна. Даваажав бид 2-г 100 % тэтгэлгээр Канадын Торонто хотын их сургуульд явуулах боломж байна гэнээ, материалаа бүрдүүлээд мөнгөө өгчихвөл 9 сар гэхэд явчихна гэж байна та 2 зөвшөөрөх үү гэхээр нь Даваажавын хамаатан юм бол худлаа хэлэхгүй байх гэж итгээд хүүхдүүдээ явуулахаар болоод мөнгө төгрөгийг нь зохицуулсан. Баярнямтай ярихад нэг хүүхдийн 20 орчим сая төгрөг юм шиг байна эхлээд 12 саяыг өгчих гэж байна гэхээр нь болох юм байна гэж бодсон. Тэгээд 2016.04.11-ний өдөр Баярням яриад нөгөө Энхцэцэг чинь мөнгөө өг гэнээ гэхээр нь ах Зэсэндэмид рүү яриад Номинхоролыг Канад явуулах гэсэн юм та 4 сая төгрөг шилжүүлээд өгчих гээд ахаар шилжүүлүүлсэн. 13, 14-ний үед өөрийн ажиллуулдаг дэлгүүрээс Номинхоролоор 4 сая төгрөг авхуулаад Даваажав тэр 2 Энхцэцэгийн ажлын байрны хажууд аваачиж өгсөн байсан. 2016.04.18-нд би Австралиас 4 сая төгрөг Баярням руу шилжүүлээд Баярням Энхцэцэгт өгсөн байсан. Тэгээд 2016 оны 5 сард би Монголд ирээд Энхцэцэгтэй уулзаж мэдээлэл авахад би төрийн ордонд ажилладаг болохоор мэдээлэлд ойрхон, ямар ч асуудлыг шийднэ хүүхдүүдийг чинь 9 сар гэхэд Канадын Торонто хотын их сургуульд явуулж өгнө, санаа зоволтгүй, бүх асуудлыг зохицуулсан байгаа гэсэн. Би тэр үед нь бүхэл бүтэн хүүхдийн амьдрал явагдаж байгаа шүү боломжгүй болбол надад хэлнэ шүү гэхэд надад 100 % итгэж болно, асуудалгүй гээд их бардам байсан болохоор нь итгэсэн. Боловсролын яамнаас гадаадад сургах хүүхдүүдийн бүх л мэдээ мэдээлэл над дээр байдаг болохоор энэ боломжийг ашиглаад хүүхдүүдийг чинь явуулах боломжтой байгаа болохоор л би чадна гээд байгаа юм гэсэн. Үүнээс хойш дахин дахин мөнгө хэрэгтэй гээд 2016.05.06-нд 4 сая, 11-нд 4 сая гэх зэргээр мөнгө аваад хамгийн сүүлд 2017 оны 2 сард Канад улсаас сургалт хариуцсан мэргэжилтэн нь ирээд буцаж байна, яаж хоосон явуулахав хоол унданд оруулж, бэлэг дурсгалын зүйл авч өгөх хэрэгтэй байна гээд 1.500.000 төгрөг авсан. Ингээд охин Номинхоролыг сургуульд явуулж өгнө гээд манайхаас нийт 21.500.000 төгрөг авсан. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Надаас гадна хүү Даваажавыг хамт сургуульд явуулах гэж Баярням 12 сая төгрөгөө өгч залилуулсан... Өмнө мэдүүлэгтээ 2017 оны 2 сард 1.500.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн. Баримтаа харсан чинь 1.000.000 төгрөг юм байна. Энэ баримтаа хэрэгт хавсаргуулъя. Өмнө нэхэмжилсэн 21.500.000 төгрөгт Зэсэндэмид ахын өгсөн 4 сая төгрөг орсон байгаа. Ингээд андуурч мэдүүлсэн 500.000 төгрөгийг хасаад миний хувьд 17 сая төгрөг нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг.
Иргэний нэхэмжлэгч Д.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-24-25/ “...Миний төрсөн дүү Туяацэцэг нь Австрали улсад ажиллаж амьдардаг ба 2016.04.11-ний өдөр залгаад ахаа Номинхоролыг Канад улсад тэтгэлгээр явуулах гээд хүнээр хөөцөлдүүлж байгаа юм өнөөдрийн дотор Энхцэцэг гэж хүний дансанд 4 сая төгрөг шилжүүлээд өгчих гэхээр нь 5037327291 дугаарын Энхцэцэг гэж эзэмшигчтэй дансанд 4 сая төгрөг хийсэн. Дүүдээ тус болох гэж л ингэсэн. Дүү маань Австрали руу буцахдаа таны мөнгөтэй нийлээд 20 гаруй сая төгрөг байгаа Энхцэцэгийн утасны дугаар нь 99170279, та нэхэж байгаад авчихаарай гэсэн боловч намайг ярихаар нөхөртэйгээ нэг юм зарах гээд хөөцөлдөж байгаа тэрийг зарчихаад өгнө гэж хойшлуулсаар байгаад өгөөгүй. Энэ мөнгийг Энхцэцэгээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Д.Мгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-128-131,170/ “...2019 оны 05 дугаар сарын дундуур Энхцэцэг эгч надаас Ерөнхий боловсролын сургуульд орж чадахгүй байгаа хүүхэд байна уу, эгч оруулж өгч байгаа гэхээр нь Шинэ эрин гээд сургуульд манай хүүхдийг оруулаад өгөх боломж байна уу гэхэд эгч судлаад хариу хэлнэ гэсэн. Ингээд 2019 оны 05 дугаар сарын сүүлээр шиг санаж байна Энхцэцэг эгч яриад Шинэ Эрин сургуульд хүүхдийг чинь 8 сая төгрөгөөр 5 дугаар ангиас нь оруулаад өгье гэж хэлсэн. Тэгээд би хэрхэн яаж оруулах гэж байгаа юм гэхэд шалгалт өгөхөд нь программ дээр нь засаад оруулчихна гэж хэлсэн. Ингээд таньдаг хүн юм чинь гэж бодоод нийт 5,3 сая төгрөг өгсөн байгаа. Анх надтай дээрх асуудлын талаар ярьж гэрээ байгуулахдаа 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр оруулж өгнө гэсэн. Тэгтэл Шинэ эрин сургуулийн элсэлтийн шалгалт 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр болохоор нь энэ талаар Энхцэцэг эгчид хэлээд шалгалтандаа орсонгүй шүү дээ гэхэд зүгээрээ болно, ямар ч асуудалгүй оруулаад өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш элдэв янзын шалтаг хэлээд хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн...надтай анх танилцахдаа Засгийн газрын ордонд ажилладаг гэсэн...Би ажлын үнэмлэхийг нь харъя гэж хэлж байсан удаатай. Тэгэхэд үнэмлэхээ үлдээсэн байна, эсвэл нэрийн хуудас дууссан байна гэдэг байсан...эхний 3 сая төгрөгийг УИД-ийн урд талын нотариатын газарт бэлнээр өгсөн, дараагийн 2 сая төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Мэргэжилтний 20-н дэргэдхи Голомт банкны зээлийн төв дотор бэлнээр өгсөн, үлдсэн 300.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 26-25 тоотод байх гэрээсээ түүний ХХБ-ны 419018432 дугаарын дансанд шилжүүлсэн. 2019.09.10-ны дотор миний мөнгийг буцааж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гэхдээ хуулийн дагуу шалгуулж шийдүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Б.Жгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-216/ “...Манай Мөнхсайхан гэж найз засгийн газрын тэтгэлэгтэйгээр Польш улсад сургуульд явуулж өгдөг хүн байна, тэтгэлэг авахын тулд нэг хүн 10 сая төгрөг өгдөг юм байна гэж хэлсэн. Тэр сургуульд явуулж өгөх хүнийг Энхцэцэг гэдэг ба би тэр хүнтэй 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн орчим найз Мөнхсайханы хамт уулзаад сургуульд явахаар тохиролцож 12.500.000 төгрөгийг 2 хүний урьдчилгаа болгон Энхцэцэгт бэлнээр өгсөн. Энхцэцэг өөрийгөө Их хурлын тамгын газар ажилладаг гэж танилцуулсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа Энхцэцэг зээлийн гэрээ байгуулмаар байна, цаад хүмүүстээ үзүүлэх хэрэгтэй байна гэсэн учраас би Энхцэцэгтэй зээлийн гэрээ байгуулсан. 12.500.000 төгрөгийг би өөрөөсөө гаргаж өгөөд Мөнхсайханаас худалдаж авсан 79-04 УНИ дугаартай Приус-20 машины мөнгийг суутгаж авсан юм. Энхцэцэг нь одоог хүртэл Польш улс руу явуулж өгөөгүй. Миний мөнгөнөөс 4.350.000 төгрөгийг буцаан өгсөн, одоо 1.900.000 төгрөг дутуу байгаа..”гэсэн мэдүүлэг
.
Хохирогч О.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-213-214/ “...Миний бие Зулчимэгтэй 10 жилийн нэг ангид хамт сурч байсан болохоор нэг нэгнийгээ таньдаг юм. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр буюу зээлийн гэрээ байгуулахаас 8 хоногийн өмнө Зулчимэг над руу яриад миний нэг танил эгч байна, тэрээр Засгийн газрын ордонд ажилладаг юм. Засгийн газрын тэтгэлэгтэй Польш улсад төгссөн мэргэжлээрээ магистрт суралцах боломжтой байна, явах хүн байна уу гэж асууж байна гэхээр нь би сонирхоод өөрийн найз Жүгдэррагчаад энэ талаар хэлээд хамт очиж тэр Сүхээ овогтой Энхцэцэг гэдэг хүнтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрчний эвлэлийн холбооны байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “BUD” нэртэй ресторанд уулзсан. Уулзахад Засгийн газрын тэтгэлгээр Польш улсад магистрт суралцах боломжтой юм. Үүнд хамруулж өгч чадна, тэнд очоод сар бүр тэтгэмж авах боломжтой. Хэрэв явъя гэвэл та 2-ын нийт төлбөр чинь 20 сая төгрөг болно. Эхний ээлжинд 15 сая төгрөг өгчих, дараа нь үлдсэн 5 сая төгрөгөө өгч болно гэж хэлэхээр нь Жүгдэррагчаатай ярилцаж байгаад хамт явахаар болсон. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дахин урьд уулзсан ресторандаа уулзаад бэлнээр 12.500.000 төгрөг С.Эт өгсөн. Тэгээд түүнээс хойш 7 хоногийн дараа дахин ганцаараа С.Этэй уулзаад нэмж 1.500.000 төгрөг өгсөн. Бид 2 нийт 14 сая төгрөг өгсөн боловч одоог хүртэл виз гараагүй, сургуульд явж чадаагүй юм. Би 7.750.000 төгрөг, Жүгдэррагчаа 6.250.000 төгрөг өгсөн байна. Би анх мөнгөгүй байсан болохоор өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг Жүгдэррагчаад өгч, түүнээс 7.500.000 төгрөг авч, дээр нь 250.000 төгрөг нэмээд нийт 7.750.000 төгрөг С.Эт өгсөн юм. Намайг нэг ажлын байр барьцаанд нь ав гэсэн боловч тэр нь ямар нэг гэрчилгээ байхгүй, надад өмчлөх эзэмших ямар ч гэрчилгээ өгөөгүй. Анх хэлэхдээ энэ ажлын байраа зараад мөнгийг өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй..” гэсэн мэдүүлэг.
Гэрч Э.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-217/ “...Би С.Этэй 2017 оны хавар гоо сайхны газарт хамт үйлчлүүлж байгаад танилцсан. Энэ үед Энхцэцэг нь өөрийгөө Засгийн газарт ажилладаг гэж байсан ба үе үе утсаар ярьдаг байсан. Гэхдээ нэг бус удаа мөнгө зээлээч гэж ярьж байсан. Би 2 удаа мөнгө зээлээд нэлээн асуудал болж байж буцааж авч байсан. Ингээд 2019 оны 05 дугаар сараас хойш түүнтэй холбогдохоо больсон. Үүнээс өмнө 2018 оны 4, 5 сарын үед Энхцэцэг над руу яриад Польш улсад засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж байна, сонирхох хүн байна уу гэхээр нь 10 жилийн ангийн найз Мөнхсайханыг над руу ярихаар нь хэлсэн. Мөнхсайхан сонирхож үзье гэхээр нь Энхцэцэгийн утсыг өгсөн. Ингээд Энхцэцэг рүү бас яриад Мөнхсайханы дугаарыг өгч тэдгээрийг холбож өгсөн. Үүнээс хойш юу болсон, хоорондоо яаж тохирч, хэзээ хэдэн төгрөг хаана өгсөн зэргийг мэдэхгүй. Мөнхсайхан төлбөрийн мөнгө 10 сая төгрөгийг өгсөн л гэж байсан. Тэр бүү хэл машинаа зараад мөнгө гаргаж өгсөн гэж байсан. Тэгснээ хэсэг хугацааны дараагаас Мөнхсайхан над руу яриад нөгөө Энхцэцэг чинь Польшийн тэтгэлгийн асуудлаа шийдвэрлэж өгөхгүй алга болоод утсаа авахгүй байна, бүтэхгүй юм шиг байна гэдэг болсон. Би Энхцэцэг рүү ярихаар яадаг ч байсан бүтнэ, асуудал байхгүй, ер нь энэ асуудал чамд ямар хамаатай юм бэ гэдэг байсан. Мөнхсайхан найзтайгаа хамт очиж сонирхохоор боллоо гэж байсан. Би Б.Ж гэж хүнийг бол танихгүй...” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Д.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-230-233/ “... 2019 оны 10 дугаар сарын дундуур хамт ажилладаг Хоролсүрэн гэж залуутай ойр зуурын юм ярьж байхад Хоролсүрэн дүү нь эхнэртэйгээ хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-руу явах гэж байгаа гэхээр нь би ямар шугамааар ямар хүнээр хөөцөлдөж байгаа юм, ах нь бас дүүгээ явуулмаар байна гэхэд манай ах Гантөмөрийн танил Засгийн газрын ордонд рөферент хийдэг хүнээр хөөцөлдүүлж байгаа гээд би таныг холбоод өгөх үү гэсэн. Би зөвшөөрч Энхцэцэг гэж хүний утасны дугаарыг авч холбогдоход утсаар юу ярих вэ, надтай уулзаж байгаад ярилц гэсэн. Тэгээд 2019 оны 10 сарын 2-ны үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү молл дотор байх кафөд Энхцэцэгтэй анх уулзахад энэ асуудал зөвхөн найз нөхдийн итгэлцлээр явагдаж байгаа асуудал би заавал чамайг надад мөнгө өг гэж хэлэхгүй, гэхдээ мөнгөө бол урьдчилж авна, итгэхгүй бол мөнгөө өгөөд хэрэггүй гэж итгэл төрүүлсэн. Тэр үед Хоролсүрэнгийн ах Гантөмөртэй багын найзууд гэж хэлж байсан. БНСУ руу онгоцны зардал ороогүй нэг хүнийг 3,000,000 төгрөгөөр явуулна, эрүүл мэндийн үзлэг хэлний шалгалт, очерь дугаарыг урдуур нь оруулж өгнө гэх зэргээр яриад салсан. Тэгээд эхнэрийн дүү болон найзынхаа дүү нарт хэлэхэд үнэ нь ч боломжийн юм байна гээд надад манай найзын дүү, эхнэрийн дүү нар гадаад паспорт бичиг баримтын хамт тус тусдаа 3,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг өгсөн. Тэгээд би Энхцэцэгтэй холбогдоод БНСУ руу явуулах 2 хүн байна дансаа өгчих мөнгө нь бэлэн байна шилжүүлье гэхэд бичиг баримт мөнгөө бэлэн аваад ир, дансаар авч болохгүй миний дансыг хянадаг юм, цалингаас илүү орлого ороод ирэхээр шалгаад байдаг юм гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 10 сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Мишээл экспо төвийн арын Пларис дэлгүүрийн гадна миний машинд уулзаж би бичиг баримтуудыг 6,000,000 төгрөгний хамт өгсөн. Тэгээд би Энхцэцэгт бэлэн мөнгө өгч байгаа юм чинь 2-уулаа наториат орж гэрээ хийе гэхэд тэгэх шаардлагагүй гараар бичээд рөгистрийн дугаар утасныхаа дугаарыг бичээд өгье гэж хэлсэн. тэгснээ цахим үнэмлэхээ орхисон байна гээд регистрийн дугаараа бичиж өгөөд мөн надаас 6.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлэв гэсэн бичиг гараараа бичиж өгсөн, энэ хугацаанд танай дүү нар явахгүй бол мөнгийг чинь буцаан өгнө гэж хэлсэн. Сүүлд шалгуулахад рөгистрийн дугаараа худлаа бичиж өгсөн байсан. Тэгээд чимээгүй байж байгаад Энхцэцэг 2019 оны 10 сарын 30-ны өдөр надруу залгаад 2 дүүгийн чинь юм бүтэж байгаа, бусад хүмүүсээс түрүүлж явах гэж байгаа гээд би албаны мөнгө аваад хүнд өгчихсөн чинь ажил дээр тооллого орох гээд байна, 7 хоногийн хугацаатай, хүүтэй 4,000,000 төгрөг зээлээч гэсэн. тэгэхээр нь би 2.000.000 төгрөг өгье, чамаас хүү авахгүй, хугацаандаа эргүүлж өгөөрэй гээд Энхцэцэгийн Худалдаа хөгжлийн банкны 419018432 дугаартай дансруу өөрийн Хаан банкны 5058118374 дугаартай данснаас шилжүүлсэн. Ингээд 10 хоногийн дараа Энхцэцэг рүү залгаад мөнгөө нэхэхэд 7-хон хоног хүлээгээч гээд аргацаагаад байсан. Иймэрхүү байдлаар явсаар байгаад 2020 оны 1 дүгээр сарын 20-ны үед ярихад уг нь виз нь бүтэх гэж байгаа жоохон хүлээж байгаа ч болохгуй бол 6.000.000 төгрөгийг 2.000.000 төгрөгтэй чинь нийлүүлээд өгье, ээжийн бие муу хөдөө яваад хэсэг утсаа унтраасан юм, хүнээс мөнгө авах гэж байгаа гэсэн учир бас л хүлээсэн. Тэгээд эргээд холбогдох гэтэл утас нь болоогүй болохоор 2020 оны 03 сарын сүүлээр цагдаагийн байгууллагад хандсан юм. Би эхнэрийн дүү болон найзынхаа дүү нарын нийт 6.000.000 төгрөгийг цалингийн зээл аваад өөрөөсөө буцаан өгсөн тул одоо өөрөө Энхцэцэгээс нийт 8.000.000 төгрөг нэхэмжилж байна, зээлсэн 2 сая төгрөгийн хүү гэж 300.000 төгрөг нэг удаа өгсөн, өөр мөнгө эргүүлж өгөөгүй...”гэсэн мэдүүлэг.
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-236-238/ “...С.Э нь Засгийн газрын ордонд рөпөрөнт хийдэг байсан, бид 2 уулзалдалгүй байж байгаад 2019 оны 07 сарын үөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт явж байгаад таарсан, тэгж таарахдаа С.Э нь хуучин ажлаа хийж байгаа мөн БНСУ руу ажлын гэрээгээр виз гаргаж байгаа гэж хэлсэн. Тэгээд надаас өөрийн гэсэн найдвартай явах хүн байна уу гэж асуухаар нь манай нэг дүү байгаа тэрийг явуулаад өгчих гэж гуйсан. Тэр нь манай нагац дүү болох Хоролсүрэн гэж залуу юм..."гэсэн мэдүүлэг.
Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-240/ “...Гантөмөр ах Энхцэцэг гэж хүний 99170279 гэсэн утасны дугаарыг өгөөд манай хуучин танил Засгийн газрын ордонд гайгүй ажил хийдэг юм, чи нэг уулзаад үз гэж хэлсэн. Тэгээд би уг Энхцэцэг гэх хүнтэй утсаар нь холбогдоод уулзсан. Тэр надад хэлэхдээ 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр чамайг бүртгүүлээд 2019 оны 11 дүгээр сарын дунд гэхэд БНСУ руу явах визийг чинь гаргачихна, тиймээс маш түргэн мөнгөө өг гэж хэлсэн. Хэдэн төгрөг вэ гэхэд нэг хүний 3 сая төгрөг гэхээр нь би найз эмэгтэйтэйгээ хамт гарах юм эхний ээлжинд тал мөнгийг нь өгч болох уу гэхэд тэгэх боломж байхгүй, би засгийн газрын ордонд рөперэнт хийдэг, тийм болохоор санаа зовох зүйлгүй, хүнд итгэж сур гэж шамдуулж байсан. Тэгээд би мөнгөө 2, 3 хувааж өгсөн. Би Ганбат ахад Солонгос руу хөдөлмөрийн гэрээгээр явах гэж хөөцөлдөж байгаа, нэг хүний 3 сая төгрөг юм байна гэхэд Ганбат ах Энхцэцэгийн утасны дугаарыг нь аваад уулзахаар болсон. Тэгээд Ганбат ах 2 хүний 6 сая төгрөг өгсөн, өөрөөсөө 2 сая төгрөг зээлүүлсэн гэж байсан. Би Энхцэцэгийг огт таньдаггүй байсан. Одоо энэ хүн Чингэлтэй дүүргийн ахлах мөрдөгч Ууганбаярт шалгагдан, цагдан хоригдож байгааг сонссон болохоор би өөрөө тэр мөрдөгч дээр С.Эт өгсөн 6 сая төгрөгийн хохирлыг барагдуулахаар өргөдөл өгсөн байгаа. Надад С.Э итгэл төрүүлэхээр ярьсан учир итгээд мөнгөө өгсөн мөн Ганбат ахад сонирхууж хэлсэн юм, Тухайн үед ажлаасаа халагдсан байсныг сүүлд 3 сарын эхээр мэдсэн. 2019 оны 10 дугаар сарын үед 500,000 төгрөг буцаан авсан, өөр мөнгө аваагүй..” гэсэн мэдүүлэг.
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-242/ “...Д.Г нь миний төрсөн эгч Болормаагийн нөхөр юм. 2019 оны 10 сарын сүүлээр Ганбат ах манай ажлын таньдаг хүн Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр найдвартай гаргана гэж байна гэсэн учраас 3.000.000 төгрөгийг бичиг баримтын хуулбарын хамт өгсөн. Уг мөнгийг хүргэн ахдаа бэлнээр өгсөн. Хүргэн ах хэлэхдээ явуулах хүн нь 2019 ондоо багтаад явуулна гэж хэлсэн боловч тэр ондоо явуулаагүй. Хүргэн ахаасаа асуухад цагаан сарын үеэр явуулах юм шиг байна хүлээж бай гэсэн түүнээс хойш одоог хүртэл виз гараагүй. Би өөрийн өгсөн 3.000.000 төгрөгөө хүргэн ах Ганбатаас 2020 оны 03 сарын 16- ны өдөр буцаан авсан. Ах цалингийн зээл авч миний хохиролыг барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би мөнгөө ахаасаа авсан учир энэ асуудал дээр миний хүргэн ах Ганбат бүрэн хохирсон..” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Э.Гоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /3хх-151-152/ “...Би хамт ажилладаг Цэрэнчимэд эгчид Солонгос явах талаар ярьж байсан юм. тэгсэн чинь Цэрэнчимэд эгч би Солонгос явах гээд таньдаг хүндээ мөнгө өгчихсөн байгаа гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнтэй ярьсан чинь 3.000.000 төгрөг хэрэгтэй болно гэхээр нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Мишээл экспо худалдааны төвийн хажууд Энхцэцэг гэх хүнтэй уулзаж тохироод Солонгос улсын виз гаргуулахаар түүний өгсөн Худалдаа хөгжлийн банкны 419018432 дугаартай дансанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Сандей худалдааны төв доторхи Худалдаа хөгжлийн банкнаас 3.000.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сард виз гарна гэж хэлсэн боловч сураггүй байгаад байхаар нь хамт ажилладаг Цэрэнчимэдээс асуухад цагдаад шалгагдаж байгаа гэсэн. Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод Ууганбаяр гэх байцаагчтай уулзаж түүний хоригдож байгааг мэдсэн. Ямар ч гэрээ хийгээгүй дансаар мөнгөө өгсөн. Энхцэцэг гэх хүн өөрийгөө Засгийн газарт ажилладаг гэж хэлж байсан, яг ямар ажил хийдэг талаар бол хэлээгүй...” гэсэн мэдүүлэг.
Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /3хх-229-230/ “...Би Улаанбаатар эрдэм сургуульд багшийн ажил хийдэг бөгөөд 2019 онд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдан цайллага хийхэд захирал Алимаа гавьяат ойрхон байна гэх мэтээр ярьж байсан. Тэр ярианаас үүдээд Алимаа надад чи хэдэн төгрөг олоод өгчихвөл чиний ажлыг бүтээгээд өгчих хүн байгаа гэсэн. Тэгээд би банкнаас зээл аваад Алимаагийн хэлснээр Сүхээгийн Энхцэцэг гэж хүний данс руу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3.300.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн. Эхний мөнгийг Засгийн газрын ордны баруун талын Төрийн банкны салбараас, сүүлийн мөнгийг хороололд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараас шилжүүлсэн. Би Энхцэцэг гэж хүнийг огт танихгүй, манай захирал Алимаа таньдаг гэсэн. Гэхдээ манай захирал худлаа хэлж надаас мөнгө авах бодол байгаагүй гэж бодож байна. одоо нийт өгсөн 3.800.000 төгрөгийг нэхэмжилнэ, гомдолтой байна..” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /3хх-242-243/ “...Манай Улаанбаатар эрдэм сургуулийн захирал Алимаа нь багш Гантөмөр бид 2-г гавьяатад тодорхойлж, материалыг Ерөнхийлөгийн тамгын газарт өгсөн юм. Тэгээд Алимаа захирал 2020 оны нэгдүгээр сарын эхээр Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг Энхцэцэг гэгч нь цагаан сарын өмнө шагналыг нь бүтээж өгнө, тэрэнтэй холбоотой мөнгө хэрэгтэй, яаралтай 6,000,000 төгрөг өг гэж Энхцэцэг гэх хүн хэлж байна гэсэн. Би Энхцэцэг гэх хүнтэй уулзаж байгаагүй. Тэгээд би Алимаа захирлын хэлсэн Энхцэцэг гэж хүний дансанд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар эрдэм сургууль дээр байхдаа 2.990.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн Бичил хороололд байх Төрийн банкны салбараас 3.010.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд цагаан сарын өмнө шийднэ гэж хэлсэн боловч корона вирусийн улмаас энэ асуудал хойшлогдсон, үүний дараа шийдэгдэх байх гэж хэлсэн.Сүүлдээ Алимаа захирал 2020 оны тавдугаар сард нөгөө хүнтэйгээ холбогдож чадахгүй байна, та нар цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн юм..." гэсэн мэдүүлэг.
Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /3хх-244/ “...Би С.Эийг сайн танихгүй, 10 гаруй жилийн өмнө манай сургууль дээр ажлаар ирээд тухайн үед манай сургуулийг үүсгэн байгуулагчдын өрөөнд таарч байсан. 2020 оны 02 дугаар сард Энхцэцэг манай сургууль дээр надтай таараад Алимаа захирлаа таньтай уулзах чухал ажил байна, би Ерөнхийлөгчийн тамгын газар зөвлөх хийж байгаа, удахгүй ерөнхийлөгчийн зарлиг гарна, танай сургуулиас гавьяатад тодорхойлсон хүн бий юу, надад 3 хүний боломж байна гэсэн. Тухайн үед манай сургуулийн Гантөмөр, Даваасүрэн нар гавьяатад тодорхойлолтоо өгөөд олон жил дарагдсан байсан тул С.Эт 2 хүн байгаа гэж хэлсэн. Тэгэхэд С.Э нь Гантөмөр, Даваасүрэн нарын талаар судалж үзлээ, болохоор юм байна гээд гавьяат авахын тулд мөнгө хэрэгтэй, цаашаа хүмүүст мөнгө өгдөг юм гэж хэлэхээр нь би Гантөмөр, Даваасүрэн нарт энэ талаар хэлсэн. С.Э нь намайг маш их шалж, байн байн утсаар эалгаж мөнгө яасан бэ гээд яаралтай мөнгөө шилжүүл, тэгэхгүй бол болохгүй байна гээд байсан. Би тухайн үед С.Эт энэ 2 хүн чинь өөрсдөө багш хоёулаа зээл авсан гэж хэлээд Энхцэцэгийн дансыг Гантөмөр, Даваасүрэн нарт өгсөн. Би Гантөмөр, Даваасүрэн нараас мөнгө авч Энхцэцэгийн данс руу шилжүүлсэн зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /4хх-37-39/ “...2019 оны 09 дүгээр сард манай хүүгийн найзын нь эгч Солонгос улс руу гэрээний ажилчин явуулна гэсний дагуу хүнд мөнгө өгсөн гэсэн. Тэр үед би найдвартай хүн байвал өөрийн хүү Өнөболдыг явуулчих юмсан гээд ярьж байсан. Тэгээд нэг өдөр нөгөө хүнд мөнгө өгсөн гэх залуутай ярьтал би эхнэртэйгээ хамт Энхцэцэг гэх хүнд мөнгө өгсөн, би бол сайн мэдэхгүй шүү, нэг хүн бол авъя гэсэн та 99170279 гэсэн дугаар руу залгаад асуу гэж хэлсэн Тэгээд би 2019 оны 11 дүгээр сард тэр дугаар руу нь залгаад уулзахаар болсон ба 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Юна гэх нэртэй хоолны газар уулзсан. Тэгээд би хүүгээ гэрээсээ мэргэжлийн үнэмлэхээ аваад ир гээд авчруулсан. Тэгээд бид 3 уулзахад Энхцэцэг гэх хүн нь Солонгос улс руу гэрээт ажилчнаар явуулахад 3.500.000 төгрөг орно,та мөнгөө өгчих тэгээд ажлын журмаар явуулж болно гэсэн. Тэгээд 17 цагаас өмнө мөнгөө өгөхгүй бол цаана нь юм нь хаачих юм бол ажил бүтэхгүй, та одоо мөнгө өг гэж хэлсэн. Тэгээд би хүүгээ данснаас мөнгө аваад ир гээд 3.500.000 төгрөг авчруулаад бэлнээр нь мөнгөө өгсөн Тухайн эмэгтэй нь төрийн албанд ажилладаг гэсэн. Тэрнээс хойш би утсаар хопбогдож байсан ба хөдөлмөрийн биржийн дарга нь солигдоод хөдөлгөөн ихтэй байна, 2020 оны 03 дугаар сараас ажил бүтнэ гэж хэлсэн. Тэгээд 03 сард залгахад утас нь холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тухайн хүнд мөнгө шилжүүлсэн хүн над руу залгаад Энхцэцэг гэх эмэгтэй баригдаад явчихсан гэж байна. Та мөнгө шилжүүлсэн газрынхаа цагдаа дээр яаралтай өргөдөл өг гэж хэлсэн. Би нийт 3.500.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Юна гэх нэртэй хоолны газарт байхдаа бэлнээр өгсөн. Миний хажууд миний төрсөн хүү Өнөболд байсан...” гэсэн мэдүүлэг.
Гэрч Э.Өмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /4хх-83-84/ “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн үед манай ээж Гэрэлчимэг надруу утсаар яриад бичиг баримтаа аваад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Юна нэртэй ресторан дээр хүрээд ир гэсэн. Би 16 цагийн үед очиход ээж нэг танихгүй эмэгтэй хүнтэй хамт сууж байсан. Тэр 2 нэлээн удаан юм ярьж байснаа ээж намайг сансарын Имартын хаан банкны АТМ-с очоод 3.500.000 төгрөг аваад ир гэхээр нь би мөнгийг нь аваад ээжид авчирч өгсөн, ээж тэр эгчид өгсөн. Намайг Солонгос явуулах талаар тэр эгчтэй ярьж байсан. Миний 10 дугаар анги төгссөн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийг авч яваад маргааш нь ээжтэй уулзахдаа буцаагаад өгсөн байсан. Тэрнээс хойш би тэр хүнийг хараагүй..” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Ч.Лмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /6хх-189, 7хх-15-16/ “...Манай эгч Зулчимэг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байх Дабал Шот кафед Энхцэцэг гэх хүнтэй уулзаад дугтуйтай мөнгө аваачаад өг гэхээр нь би аваачиж өгсөн. Энхцэцэг гэх хүн намайг Монгол Улсын их сургуульд ямар ч шалгалтгүйгээр оруулж өгнө гэж хэлээд уг мөнгийг авсан. Интернэт банкаар 1.000.000 төгрөг аваад өмнө сурч байсан сургуулийн дүнг засаж өгнө гэж хэлээд 5037327291 дугаарын дансаар авсан. Үүний дараа захирлуудыг хоолонд оруулна гэж хэлээд 150.000 төгрөг авсан. Ингээд нийт 4.150.000 төгрөг тухайн хүнд өгсөн. Энхцэцэг нь манай үеэл эгч Зулчимэгийн таньдаг хүний найз нь гэсэн. Би яг юу хийдэг талаар нь мэдэхгүй. Би Монгол улсын их сургуульд орох зорилгоор 4.150.000 төгрөгийг өөрийн хадгаламжнаас авч өгсөн.." гэсэн мэдүүлэг.
Гэрч Э.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /4хх-122-124/ “...Би С.Э гэж хүнийг таних бөгөөд анх 2018 оны 4 дүгээр сард өөрийн найз Сэлэнгэ гэх эмэгтэйгээр дамжуулан танилцахад Засгийн газрын ордонд ажилладаг хүүхэд сургуульд оруулах болон төрийн албанд оруулж өгч чадна гэж ярьдаг байсан. Тэгээд би С.Эээс сургууль сольж өгч чадах уу гэхэд чадна гэсэн. Тэгэхээр нь би өөрийн дүү Ч.Лувсанжамцын сургуулийг солих талаар ярьсан. Тухайн үед манай дүү Лувсанжамц нь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн 1 дүгээр курсийн оюутан байсан бөгөөд МУИС-ийн бизнесийн сургуульд оруулах сонирхолтой байсан учир С.Этэй ярилцаж тохиролцсон ба С.Э нь оруулж өгч чадна сургуульд оруулахад эхний удаа 3.000.000 төгрөг хэрэг болно гэж хэлж байсан. ...2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт уулзаж 1.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ...Дабал Шотод уулзаж үлдэгдэл 1.500.000 төгрөгийг манай дүү Лувсанжамц бэлнээр нь аваачиж өгч байсан. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр С.Э над руу залгаад дахиад 1.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би Лувсанжамцын ээж рүү залгаж хэлээд 1.000.000 төгрөгийг мөн бэлнээр өгсөн.." гэсэн мэдүүлэг.
Хохирогч И.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /4хх-131/ “...Би 2018 оны 08 дугаар сард ажил хайж байгаад танил Төгсжаргал эгчээр дамжуулан Энхцэцэг гэх хүнтэй холбогдоход намайг Боловсролын газарт инновацийн чиглэлээр орон тоо гарангуут ажилд оруулж өгье, чи надад 5.000.000 төгрөг өгчих гэхээр нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туушин зочид буудлын орчим машинд сууж байхдаа бэлнээр өгсөн. Энхцэцэг надад төрийн албаны шалгалтын хуваарь зарлагдахыг хүлээж байгаад ажилд оруулж өгье гэж хэлсэн, хэд хоногийн дараа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг МУИС-ийн орчим 1.000.000 төгрөгийг мөн бэлнээр өгсөн. Түүнээс хойш одоо хүртэл намайг ажилд оруулж өгөөгүй бөгөөд мөнгө төгрөгөө авъя гэхэд холбогдохгүй болохоор нь цагдаад өгсөн. Ингээд Энхцэцэгт өгсөн 6.000.000 төгрөгөөс 4.000.000 төгрөгийг буцааж авсан, одоо 2.000.000 төгрөгийг өгөөгүй байгаа..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /4хх-142-143/ “...Би Энхцэцэг гэх хүнийг сайн танихгүй бөгөөд 2018 оны 08 дугаар сард хөдөө Архангай аймгаар явж байгаад буцах замдаа өөрийн хамаатны дүү болох Идэрцогтынд ирж хоноглоход Идэрцогт надад манай хүү Галзагд Багшийн сургууль төгсөөд ажипгүй байна танд таньж мэдэх хүн байна уу хотод ажилд оруулж өгөхийг бодооч гэж хэлсэн ба мөн надтай хамт явсан Төгсжаргал гэх эмэгтэйд чухалчлан хэлж байсан. Тэгээд Төгсжаргал хотод ирээд хэд хоногийн дараа Идэрцогт руу утасдаад Галзагдыг хот руу явуулаач энд нэг ажилд оруулчихаар хүн байна гэж хэлээд Төгсжаргал Энхцэцэг Галзагд гурав Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байх Туушин зочид буудлын орчим уулзсан гэдгийг сүүлд нь сонссон. Галзагдын ярьсныг сонсоход эхний удаа 5,000,000 төгрөг, дараагийн удаа 1.000.000 төгрөг өгсөн гэсэн. Тэгээд Энхцэцэг ажилд оруулж өгөхгүй удаад байхаар нь би Галзагдаас Энхцэцэгийн гар утасны дугаарыг нь авч ярьж байгаад 4,000,000 төгрөгийг хоёр хувааж буцааж авсан. Одоо үлдэгдэл хоёр сая төгрөгийг өгөх дутуу байгаа...” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /4хх-154/ “...2018 оны 06 дугаар сарын үед 6 дугаар сургуулийн бага ангийн менежер эмэгтэй намайг Сүхээгийн Энхцэцэг гэх хүнтэй танилцуулсан. С.Эийг тухайн үед боловсролын яаманд ажилладаг гэж байсан. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын үед Энхцэцэг манай хүүхдийг Шинэ эрин цогцолбор сургуульд оруулж өгч чадна гэж хэлсэн бөгөөд оруулж өгөхөд 10 сая төгрөг хэрэг болдог гэж хэлсэн. Үүний дагуу би эхлээд 3.500.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн хажуу талын кафед уулзаж Энхцэцэгт бэлнээр өгсөн. Үүний дараа сургууль бүтэх гэж байна гэж хэлээд 1.500.000 төгрөг авсан, дахин 4 сая төгрөг авсан. 2019 оны 07 дугаар сард нэмж 1.400.000 төгрөг авсан. Удахгүй бүтэх гээд байна гэсэн асуудал ярьж мөнгийг авдаг байсан. Эхний мөнгийг бэлнээр өгсөн, бусдыг нь дандаа дансаар шилжүүлж байсан. Анх Боловсролын газарт менежер гэж байсан, харин өөрөө уулзах үедээ Засгийн газрын төсөл хариуцсан газарт ажилладаг гэж байсан. Яг ямар албан тушаалд гэдгийг бол хэлээгүй. Шинэ эрин сургуульд оруулах талаар ямар хүнтэй уулзсаныг мэдэхгүй. Би ямар хүнээр дамжуулж оруулах гэж байгаа юм, би тэр хүнтэй чинь уулзмаар байна, эсвэл утсаар яримаар байна гэхэд болохгүй ээ энэ бол нууц, нэр хүндэд нь халтай гээд хэнтэй ч уулзуулаагүй. Утсаар ч яриулаагүй. Би С.Эт 10.400.000 төгрөг өгсөн, араас нь нэхэл дагал болж байж 2.000.000 төгрөг буцааж авсан, одоо 8.400.000 төгрөг авах дутуу байгаа...” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Т.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /4хх-171-172/ “...Би Энхцэцэг гэх хүнтэй 2018 оны 06 дугаар сарын эхээр Дашдаваа овогтой Долзодмаагаар дамжуулан танилцаж байсан. Тэр үед би Карьер бьюлдинг институт гэх нэртэй сургалтын төвийг ажиллуулж байсан бөгөөд сургалтын төвөө дээд сургууль болгохоор материал бүрдүүлж байх үедээ Д Долзодмаатай танилцаад сургалтын төвийн талаар ярихад надад Төрийн ордонд ажилладаг Энхээ гэх эмэгтэй байгаа, тэр эмэгтэй Боловсролын яамны талаархи асуудлыг чинь зохицуулна гэж хэлээд анх танилцуулж байсан юм.Манай сургалтын төв нь 1 жилийн хугацаанд сургуулийн өмнөх боловсролын мэргэшүүлэх сургалтыг явуулсан бөгөөд тэндээс төгсөх хүүхдүүд дээшээ дэвшиж бакалаврт суралцаж төгсөх талаар хүсэлт гаргаж байсны дагуу өөрийн таньдаг хүмүүсээс боломж байгаа эсэх талаар асуухад С.Э гэх эмэгтэй сургууль цэцэрлэг, гадагшаа хүмүүсийг сургуульд их явуулдаг учир боломжтой гэж хэлсний дагуу С.Эийг хайж эхэлсэн бөгөөд ...түүнтэй уулзаад манай сургалтын төвийг төгссөн хүүхдүүд дээд сургуульд орж төгсөх хүсэлтэй байгаа юмаа танд таньдаг хүмүүс байна уу гэхэд Боловсролын яаманд миний танил Баагий гэх хүн байгаа тэрэнтэй уулзчихаад эргэж хариу хэлье гэсэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын эхээр С Энхцэцэг над руу залгаад эгч нь ажлаасаа гараад явж байна ордны баруун хаалган дээрээс эгчийгээ ирээд аваач гэхээр нь очиж аваад уулзахад би Баагий гэх найзтайгаа уулзсан, тухайн хүсэлт гаргасан хүүхдүүдийг дээд сургууль төгсгөх боломжтой юм байна, 2018 оны 12 дугаар сарын өвлийн эчнээ төгсөлтөөр төгсгөж өгье гэж хэлсэн. би тухайн үед бас нэг өөр газраас асуусан байсан тул С Энхцэцэгт шууд хариу өгөлгүй нөгөө газраас хариу ирэхийг хүлээж байгаад ирэхгүй удаад, хүүхдүүд яаруулаад байхаар нь Энхцэцэгтэй холбогдоход хүүхдийнхээ бичиг баримтыг мөнгөнийх нь хамт яаралтай бэлд нэг хүүхдийн 2,000,000 төгрөг гэж хэлсэн. Ингээд Энхцэцэгийн хэлсний дагуу 10 хүүхдийн материалыг өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос эхлүүлэн 11 удаагийн үйлдлээр нийт 19.500.000 төгрөг өгсөн. Новотел зочид буудлын кофе шоп юмуу ресторанд уулзаж мөнгөө өгдөг байсан. Энхцэцэг нь Боловсролын яаман дээр материалыг чинь зохицуулна л гэдэг байсан..” гэсэн мэдүүлэг.
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /4хх-176-177/ “...Би тухайн үед Улаанбаатар Эрдэм их сургуулийн сургалт хариуцсан дэд захирлын албан тушаалыг хашдаг байсан бөгөөд одоог хүртэл энэ албан тушаалдаа ажиллаж байна. Энэ Оюунцэцэг гэх эмэгтэй анх 2019 оны 5 сарын үеэс манай Улаанбаатар эрдэм их сургууль дээр ирж ерөнхий захирал Т.Доржтой уулзаж өөрийн үйл ажиллагааг нь явуулдаг Карьөр бьюлдинг нэртэй сургалтын төвийн суралцагчдыг манай сургуульд үргэлжлүүлэн суралцуулах асуудлаар уулзаж эхэлсэн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын эхээр Т.Оюунцэцэг нь сургалтын төвийнхөө зарим суралцагчдын материалыг барьж ирээд манай сургуульд үргэлжлүүлэн суралцуулах талаар санал гаргаж ирсэн.Харин манай байгууллагаас ерөнхий шалгалтын оноотой байх, танай сургалтын төвд суралцсан дүнгийн жагсаалтыг гаргаж өөрийн сургуулийн дүнтэй харьцуулалт хийж суралцах хугацаа, судлах хичээлийг тогтоож өгөх, суралцах хугацааны төлбөр болох 1 жилийн 1,650,000 төгрөгийг суралцагч нар өөрсдөө төлөх гэсэн шаардлагуудыг тавьсан. Тэгээд хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад 2019 оны 11 дүгээр сарын дундуур Оюунцэцэг ирж уулзаад манай байгууллагаас нийт нэр бүхий 6 хүүхэд танай сургуульд суралцах хүсэлтэй байгаа, эдгээр хүмүүсийн ажиллаж байгаа байгууллагад нь сургуульд суралцаж байгаа гэсэн утгатай тодорхойлолт хэрэгтэй байна гэхээр нь сургалтын албанаас тодорхойлолт гаргаж өгье гэж тохироод 5 хүний нэр дээр манай сургуульд суралцаж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Энэ 5 хүний оюутнаар суралцах хүсэлт, дүн жагсаалт зэрэг холбогдох материал ирсэн байсан учир тодорхойлолт гаргаж өгсөн юм. Оюунцэцэгт хэлэхдээ бол суралцах тушаалыг албан ёсоор гаргана, одоо ямар нэг суралцах тушаал шийдвэр гаргаагүй байгаа, энэ тодорхойлолт гаргаж өгч байгаа шалтгаан нь эдгээр хүмүүсийн суралцах нөхцлийг хангахын тулд гаргаж өгч байгаа гэдгээ хэлсэн. Тэгээд Т.Оюунцэцэг манай сургалтын албанаас тавьсан шаардлагыг хангаж чадахгүй тохиролцоонд хүрэхгүй байсан бөгөөд Т.Оюунцэцэг өөрөө энэ хүүхдүүдийнхээ асуудлыг Боловсролын яамаар шийдүүлэхээр хөөцөлдөж байгаа гэж байсан.Түүнээс хойш Т.Оюунцэцэг хэд хэдэн удаа манай сургууль дээр ирж хүүхдүүд суралцуулах талаар санал тавьж байсан ч манай байгууллагаас татгалзсан хариу өгч байсан. Би С.Э гэж хүнийг бол огт танихгүй. Оюунцэцэгтэй хамт ирж байсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг.
Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /5хх-26-29/ “...С.Эт өгсөн 30 сая төгрөгийг Саруулням бэлдээд надад төслийн хамт өгсөн. Би Саруулнямаас авсан 30 сая төгрөгийг төслийн хамт тэр өдрөө Энхцэцэгт дамжуулан өгсөн. Эдгээрийг өгөхдөө ямар нэг баримт үйлдээгүй. Харин сүүлд Энхцэцэг нь 2019 оны 04 сарын 14-ний өдөр Саруулнямаас авсан 30 сая төгрөгийг төлнө, төлөхдөө 40 сая төгрөг болгон төлнө гэсэн баталгаа бичиж өгсөн. Баталгаан дээрээ 2019 оны 05 сарын 31-ний дотор төлөөгүй тохиолдолд С.Эрдэнэчимэгтэй хийсэн гэрээний дагуу өр төлбөр хүү торгуулийг маргаангүй төлнө гэсэн байсан. Энэ баримт нь эх хувиараа Саруулнямд байгаа юм. Ямар учраас Энхцэцэгт энэ мөнгийг өгөх болсон гэхээр анх Энхцэцэгт би өөрт байсан төслөө танилцуулан энэ төслийг хэрэгжүүлэхэд зээл олдох болов уу гэхэд Энхцэцэг наад төсөл чинь жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл байна би энэ төслийг гарган өгч чадахгүй, харин Хөгжлийн банкнаас томоохон хэмжээний төслийн зээл бол гарган өгч чадна, тийм юм байгаа бол эргээд хандаж болно шүү гэж хэлсэн. Тэгээд өөрийн танил Мөнх-Өлзийд Хөгжлийн банкнаас томоохон хэмжээний төслийн зээл гаргаж өгөх хүн байна, төсөл байгаа юу гэхэд надад юу байхав дээ харин манай ангийн хүүхдэд байж магадгүй, ажил хийх гээд зүтгээд яваад байдаг хүн байгаа юм гэж хэлсэн. Ингээд миний Мөнх-Өлзийд хэлсэн үгийг Адъяасүрэнд дамжуулан хэлээд Адъяасүрэнгээс Саруулням сонсоод надтай уулзах гээд ирэхээр нь би Энхцэцэгийн хэлсэн үгийг дамжуулж хэлээд анх энэ асуудал үүссэн юм. С.Э нь Хөгжлийн банкнаас зээл гаргаж өгхөд 50 сая төгрөг хэрэг болно гэсэн ба Саруулнямын төсөл нь 5 тэр бум төгрөгийн төсөл байсан юм. тэгтэл Саруулням нь үнэхээр зээл гарах юм бол хамаагүй гэж хэлсэн, ингээд Саруулням 30 сая төгрөгийг төслийнхөө хамт надад өгсөн, ийм л учраас би Энхцэцэгт Саруулнямын өгсөн мөнгийг дамжуулан өгсөн юм. Үүний дараа Энхцэцэгээс зээл юу болж байна вэ гэхэд сонгуулийн өмнө гэж байснаа сүүлдээ сонгуулийн дараа, бүүр сүүлдээ Ерөнхийпөгчийн сонгуулийн дараа гэж хэлсэн, ингэж цаг хугацаа хожсоор байгаад өнөөдрийг хүрч байна. Саруулням нь надаас зээл юу болж байна гаа гэж удаа дараа асуусан учраас сүүлдээ Саруулням, Энхцэцэг нарыг хэд хэдэн удаа уулзуулсан. Энхцэцэг Улсын их хурлын тамгын газарт ахлах референт гэсэн нэрийн хуудас өгч байсан, би ажлын газарт нь очиж уулзаж байсан. Хөгжлийн банкнаас зээл гарган өгөх эрх бүхий хүн мөн эсэхийг би мэдэхгүй. Өөрөө хэлэхдээ би их танилтай гэсэн учраас итгэсэн. 2006 оноос хойш манай гоо сайхны газраар үйлчлүүлдэг байсан болохоор таньдаг байсан. Саруулням надаас мөнгөө шаардаад байсан болохоор би 10 сая төгрөг түүнд өгсөн. Энэ мөнгөө Энхцэцэгээс авна...” гэсэн мэдүүлэг.
Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /5хх-33-34, 7хх-9-10/ “...Би С.Э гэх хүнийг бол сайн мэдэхгүй. Харин С.Эрдэнэчимэг гэх хүнийг бол 2015 оноос эхлэн таньдаг болсон. 2007 оноос 2019 он хүртэл манай гэр бүл Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Хаш чулуун” саун ажиллуулдаг байсан ба 2015 оны 06 дугаар сард С.Эрдэнэчимэг нь надад хандан "...чацарганы үйлдвэрлэл явуулах хэрэгтэй байна, үүгээр саван, биеийн тос, гуужуулагч гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, танай саунд нийлүүлж болно. Хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа учраас чи надад 50,000,000 төгрөг өгвөл ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хамтран ажиллая гэсэн. Ингээд 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр түүнд 30,000,000 төгрөгийг өгч, Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл хийж нотариатаар баталгаажуулсан байдаг. Үүнээс хэдэн сарын дараа үлдэгдэл 20,000,000 төгрөгийг нь өгч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч С.Эрдэнэчимэг нь янз бүрийн шалтаг тоочиж, ямар ч ажил хийгээгүй. Үүнээс хойш 2 жил орчим өнгөрч 2017 онд түүнтэй уулзаж мөнгөө нэхэхэд тохирсон ажлаа хийж гүйцэтгэхэд нэмэлт хөрөнгө оруулалт хэрэгтэй байнаа, одоо яг 78 сая төгрөг өгчихвөл сарын дотор ажлаа бүтээгээд тохирсон ёсоороо бүтээгдэхүүнээ нийлүүлж, танай сауны доторхи тохижилтыг хийж өгч чадна гэж итгүүлсэн учир би түүнд өөрөөсөө 78,000,000 төгрөгийг гарган өгсөн. Уг мөнгийг “Хаш чулуун” сауныхаа үйл ажиллагаанд зарцуулахаар аваад байсан зээлийн мөнгөнөөс гаргасан ба С.Эрдэнэчимэг нь надаас мөнгө аваад бидний өмнө нь байгуулсан “Ажил гүйцэтгэлийн гэрээ”-ний ард өөрийн гараар мөнгө хүлээж авсан тухайгаа тэмдэглэл үйлдсэн байдаг. Гэвч С.Эрдэнэчимэг нь одоогийн байдлаар ямар ч ажил гүйцэтгээгүй бөгөөд ердөө 35 сая төгрөгийг хэд хэд хуваан буцааж төлсөн байдаг. Мөн сүүлд 78 сая төгрөгийг надаас хүлээж авсан гэж өөрийнхөө гараар бичсэн тэмдэглэлийг хүлээн зөвшөөрдөггуй ба 2015 онд 50 сая төгрөгийг л ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авсан гээд байдаг юм. Миний хувьд туүнтэй байгуулсан "Ажил гүйцэтгэлийн гэрээ"-ний дагуу Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 11 дүгээр сард С.Эрдэнэчимэгт холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргасан байгаа. Шүүхийн анхны хэлэлцүүлэг нь 2020 оны 01 дүгээр сард болоход С.Эрдэнэчимэг нь надтай чацарганы үйлдвэрлэл явуулж, саван, биеийн тос, гуужуулагч зэрэг гоо сайхны бараа бүтээгдэхүүн нийлүүлэх талаар "Ажил гүйцэтгэлийн гэрээ" байгуулж, нийт 50 сая төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч сүүлд нэмж авсан 78 сая төгрөгийг аваагүй, гэрээний ард гараар үйлдсэн тэмдэглэл нь өөрийнх нь гарын үсэг биш гэж тайлбарласан байдаг. Иймд шүүхээс тус хэргийн матөриалыг шинжилгээнд хүргүүлэхээр болсон юм. С.Эрдэнэчимэгт анх 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 30 сая төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэмж 20 сая төгрөг, нийт 50,000,000 төгрөг өгсөн ч гэрээний үүргийн дагуу зохих ажлаа огт гүйцэтгээгүй учир түүнээс мөнгөө нэхэхэд янз бүрийн шалтгаан хэлдэг байсан. 2017 оны үед нэг удаа мөнгөө нэхэхэд "...Энэ хүн надад өртэй байгаа юм Тиймээс чи энэ хүнтэй уулзаад мөнгөө авчих. Энэ хүн зээл гаргаж өгдөг болохоор чиний мөнгийг асуудалгүй буцаагаад өгнө..." гэж хэлээд С.Э гэх хүнтэй уулзуулж байсан. С.Э нь надад мөнгө өгнө, өгч чадна, өгөх ёстой гэх зүйл огт хэлээгүй ба С.Эрдэнэчимэг л өөрөө С.Эээр дамжуулж, зээл гаргаж өгье гэж яриад байсан. Гэхдээ тэр Энхцэцэг нь С.Эрдэнэчимэгт өртэй байсан юм шиг санагдсан, яаж ийгээд мөнгө олж өгөх гэсэн юм шиг л санагдсан. Гэхдээ би С.Эрдэнэчимэгтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, мөнгө хүлээлцсэн хэлцэл хийгээд өөрийн мөнгөө өгсөн байтал өөр хүнээс гаргуулж өгөх талаар хэлэхэд нь би дургүйцэж байсан. Одоо бол өөрийн мөнгийг С.Эр иргэний журмаар нэхэмжилж байгаа...С.Эрдэнэчимэгийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдлын талаар би огт мэдэхгүй. Би ямар ч зээл хүсч С.Эрдэнэчимэгтэй уулзаагүй, Энхцэцэг гэх хүний талаар бүүр сүүлд буюу 2017 оны үед сонсож, нэг удаа уулзаж байсан санагдаж байна. С.Эрдэнэчимэг нь надаас 50 сая төгрөг аваад гэрээний дагуу ажлаа гүйцэтгээгүй учир түүнээс мөнгөө буцааж өгөхийг шаардахад л С.Э гэх хүний талаар ярьж байсан. Би ямар нэгэн зээл гаргуулж авахаар С.Эрдэнэчимэгт мөнгө өгөөгүй. Ямар учраас надад ажил гүйцэтгэж өгнө гэж авсан 30 сая төгрөгийг С.Э гэх хүнд өгсөн гэж цагдаад хандсан талаар нь би ойлгохгүй байна...” гэсэн мэдүүлэг.
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /5хх-5/ “...Би Эрдэнэчимэг, Адъяасүрэн гэдэг 2 хүнийг мэднэ, харин Энхцэцэг, Саруулням гэж 2 хүнийг мэдэхгүй юм байна. Эрдэнэчимэгийг 2004 оноос хойш ажил хэргийн шугамаар таньдаг болсон, Адъяасүрэн нь миний 10 жилийн ангийн хүүхэд байгаа юм. С.Эрдэнэчимэг надаас мөнгө асууж байсан удаа байхгүй, гэхдээ зээлийн талаар ярьж байсан санагдаж байна, гэхдээ яг ямар учиртай байсан талаар сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар Эрдэнэчимэг зээл гарган өгөх боложтой талаар хэлж, зээл авах хүн байна уу гэж асууж байсан санагдаж байна, би худал мэдүүлэг өгч болохгүй ш дээ тиймээс өөрийн санаж байгаа зүйлээ л хэлж байна, мөн миний санаж байгаагаар утсаар Эрдэнэчимэг болон Адъяасүрэн нарыг холбож өгсөн санагдаж байна, харин тэр хоёр юун тухайн ярьсан, ямар асуудал болсон талаар надад бол үнэхээр мэдэх зүйл байхгүй байна. Батчулууны Адъяасүрэн гэдэг санагдаж байна, одоо хаана байгаа, хэрхэн холбоо барих талаар мэдэхгүй байна..” гэсэн мэдүүлэг
Хохирогч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /5хх-194-195, 208-211/ “...2019 оны 5 дугаар сард өөрийн найз Оюунцэцэгтэй уулзахад найз нь түрээсийн орон сууц хөтөлбөрт оруулж өгч болно шүү гэхээр нь нөхөртэйгөө зөвлөлдөөд түрээсийн орон сууц хөтөлбөрт оръё гэж шийдээд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өөрийн найз Оюунцэцэг болон түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдуулж өгнө гэсэн Энхцэцэг нартай Көмпински зочид буудалд байрлах лоунжид очиж уулзсан. Анх уулзахад Оюунцэцэг нь Энхцэцэгийг өөрийнхөө найз эгч гэж танилцуулсан. Тэгээд засгийн газрын ордонд ажилладаг найдвартай хүн гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрөө Энхцэцэгт 2 сая төгрөг бэлэн өгсөн. Энхцэцэг нь турээсийн байр хөтөлбөрт оруулж өгч чадна гэж байсан. Тэгээд үүнээс хойш 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дахин Оюунцэцэг, Энхцэцэг нартай уулзаад 1 сая 500 мянган төгрөг нэмж бэлэн өгөөд, нийт өгсөн 3 сая 500 мянган төгрөг дээрээ үндэслэн нотариатаар зээлийн гэрээ байгуулсан, Тэгтэл Энхцэцэг над руу утсаар яриад ахиад нэг хүн оруулах боломж байна гэхэд би өөрийн төрсөн эгч Ч.Б Энхцэцэгтэй уулзуулж эгч маань Энхцэцэгт 3.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Тухайн үед гэрээ байгуулаагүй бөгөөд энэ үед Энхцэцэгтэй цуг Оюунцэцэг нь явж байсан учир батлана. Тэгээд 2019 оны 07 дугаар сараас эхлэн Энхцэцэг цахим сан руу мэдээллийг чинь оруулах гэхээр мөнгө дутаад байна, 1сая төгрөг нэмж өгөх шаардлагатай байна гэхээр нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хаан банкны 5622048973 гэсэн данснаас Энхцэцэгийн данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн. Тэгтэл Энхцэцэг нь энэ өдрөө эгчдээ 1 сая 500 мянган төгрөг 7 хоногийн хугацаатай зээлээч гэхээр нь мөн итгээд 1 сая 500 мянган төгрөг дансаар шилжүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр болохоор Энхцэцэг нь албанаас мөнгө аваад хэрэглэчихсэн чинь албан дээр шалгалт ирэх гээд байна эгчдээ 1 сая төгрөг өгчих орой нь буцаагаад өгье гээд 1 сая төгрөг авч байсан. Энхцэцэг нь энэ үеэс хойш надтай түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар утсаар ярьдаг, хэд хэд биечлэн уулзахад болно бүтнэ, түр хүлээж бай, найдвартай гэж хэлдэг байсан. Тэгтэл зээлсэн мөнгөө ч өгөөгүй, одоог хүртэл байранд ч оруулж өгөөгүй байна. Анх 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бэлэн 2 сая төгрөг өгснөөс хойш ...2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1 сая төгрөг өгөх хүртэл Энхцэцэгт нийт 10 сая 500 мянган төгрөг өгсөн. Үүнээс 3.500.000-г дансаар шилжүүлсэн, 7 сая төгрөгийг бэлнээр өгсөн байгаа. Энхцэцэг 2020 оны 03 дугаар сарын 01-нд надтай хамгийн сүүлд утсаар ярьсан. Түүнээс хойш Энхцэцэгийн 99170279 гэсэн дугаар нь холбогдох боломжгүй болсон. Би хохирлоо л барагдуулмаар байна..” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /5хх-214-217/ “...2019 оны 05 дугаар сарын дундуур шиг санагдаж байна, миний төрсөн дүү Ч.Оюунжаргал над руу залгаад эгчээ би түрээсийн орон сууцанд хамрагдах гээд хүнд мөнгө төгрөгөө өгчихсөн байгаа, нөгөө хүн маань дахиад нэг хүнийг түрээсийн орон сууцанд хамруулаад өгье гэсэн, та боломжтой бол 3.500.000 төгрөгөө өгөөд түрээсийн орон сууцанд хамрагдах уу гэхээр нь би зөвшөөрөөд тухайн өдөртөө 3.500.000 төгрөг олоод С.Э гэх хүнтэй уулзаж уг 3.500.000 төгрөгийг өгсөн.Тухайн үед С.Э найдвартай түрээсийн байранд хамруулж өгнө гэж хэлсэн боловч одоо хүртэл байранд ч орсон зүйл байхгүй, мөнгөө ч олж авсан зүйлгүй, С.Э гэж хүнд залилуулсан болохоо мэдсэн. Т.Оюунжаргал ч С.Э гэх хүнийг сайн танихгүй, түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэхээр нь анх 2019 оны 05 дугаар сард мөнгөө өгөх үедээ царайг нь харсан гэсэн..” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /6хх-43-44, 47-48/ “...Би С.Э гэж эмэгтэйг Тагнуулын дээд сургуулийн сургалтын албанд ажиллаж байсан 1998 оноос эхлэн таньдаг юм. Энэ хүнтэй 10 орчим жилийн дараа таарахад өөрийгөө Сангийн яаманд ажиллаж байгаа гэж хэлсэн. Сүүлд 2019 оны 12 дугаар сард байх надтай вабер ашиглан холбогдоод хоорондоо юм яриад байж байхад өөрийгөө Улсын их хурлын тамгын газар реферэнт хийж байгаа талаар хэлсэн. Би яриан дундуураа хүү Жавхлантөгсийгөө ажилд оруулах гээд хөөцөлдөж байгаа талаар ярьчихсан юм. Тэгсэн чинь тэрээр надтай хамт УИХ-ын тамгын газарт ажиллаж байсан нэг хүн одоо Монгол банкинд хэлтсийн даргаар ажиллаж байгаа, тэдний хэлтэст 1 орон тоо байгаа, тэр орон тоон дээр хүүхдийг чинь ажилд оруулаад өгөх үү, сонирхож байвал төрийн албан хаагчийн анкөтыг нь бичүүлж авчраад надтай уулзаарай, ер нь энэ ажлыг бүтээчихвэл надад 6 сая төгрөг өгнө шүү гэсэн юм. Тэгэхээр нь зөвшөөрөөд түүнтэй уулзахад асуудалгүй танай хүүхдийг чинь энэ ажилд оруулж өгч чадна, баталгаатай гэх зүйл яриад салсан. Ингэж анх 2019 оны 12 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн орчим уулзсан. .. Ингээд би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү Жавхлантөгсийн дипломны хуулбар анкет зэргийг нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тагнуулын ерөнхий газрын замын эсрэг талд байрлах хуучнаар гутлын 22 дугаар дэлгүүрийн орчим 2 сая төгрөгийн хамт өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Энхцэцэг дахин залгаад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза төв дээр уулзаад банкнаас бэлнээр 2 сая төгрөг авч өгсөн. Тухайн үөд ямар нэгэн баримт үйлдээгүй. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дахин залгаад хүүг чинь ажилд оруулах тушаал нь гарч байна яаралтай үлдэгдэл мөнгөө өгчих гэхээр нь одоо надад байгаа боломж нь 1 сая төгрөг л байна, үлдсэнийг нь дараа өгье гээд өөрт байсан 1 сая төгрөгийг Гранд плазагийн нэг давхарт байх Худалдаа хөгжлийн банкны салбар дээрээс түүний Худалдаа хөгжлийн банкны 419018432 дугаарын данс руу шилжүүлэн өгсөн Үүнээс хойш Энхцэцэг нь утсаа салгаад алга болсон. Энхцэцэг нь надаас авсан 5 сая төгрөгнөөс нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байна. Миний хувьд гомдолтой байна хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /6хх-81-85/ “...Би ах Гантөмөрөөр дамжуулж анх Энхцэцэгтэй танилцсан. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 03 дугаар хорооны нутагт байрлах Улсын их дэлгүүрийн гадна зогсоол дээр уулзаад БНСУ руу явах зорилготой байгааг хэлэхэд ямар ч асуудал байхгүй, сургууль төгссөн дипломын хуулбараа авчраад өгчих гэсэн. Тэгээд мөнгөө яаралтай өгөх хэрэгтэй байна гэхээр нь өөрийн Хаан банкны 5017180341 дугаарын данснаас 2 сая төгрөг авч бэлнээр өгсөн. Ямар нэг баримт үйлдээгүй, намайг нотариат оръё гэхэд яах юм бэ гэсэн. 7 дугаар сарын 29-ний өдөр залгаад үлдэгдэл мөнгөө яаралтай өгөх хэрэгтэй байна гэхээр нь өөрийн данснаас 3.010.000 төгрөг аваад 3 саяыг нь Мишээл экспогийн орчим байх кофе шопод аваачиж өгсөн. Хөдөлмөрийн бирж дээр хүнтэй уулзаж чиний визийг хөөцөлдөх гэж байна гээд тэнд уулзсан. үүнээс хойш мөнгө нэхээд байхаар нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 140.500, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 300.000, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөг өгсөн, сүүлд ах Гантөмөрөөс нэхэж байгаад 200.000 төгрөг авсан, нийлээд ямар ч байсан 6 сая төгрөг өгсөн. Баримт үйлдье гэхээр үгүй гэдэг, дансаар шилжүүлье гэхээр өөрийгөө төрийн өндөр албан тушаал эрхэлдэг учраас дансыг байнга шалгаж байдаг, миний дансаар их хэмжээний мөнгө орж гарч болдоггүй юм гээд хийлгэдэггүй байсан...БНСУ руу хүмүүсийг 3 жилийн хугацаагаар гэрээгээр явуулж байгаа, 2019 оны 11 дүгээр сард багтаад гарчихна гэж байсан. 10 дугаар сард ярихад визний бүртгэлийн ямар ч дугаар өгөхгүй болохоор нь миний материалыг Элчин сайдын яаманд мэдүүлээгүй юм байна гэж ойлгоод мөнгөө нэхэхэд 500.000 төгрөг шилжүүлж өгсөн. Одоо 5.500.000 төгрөг өгөх дутуу байгаа..” гэсэн мэдүүлэг.
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /6хх-90-91/ “...Төмөрийн Хоролсүрэн бол миний ээжийн ахын хүүхэд харин Цэрэнчимэд бол дүү хоролсүрэнгийн эхнэр нь байгаа юм. Энэ хоёр хүнтэй садан төрлийн холбоотой. Би С.Э гэж хүнийг бол танина. Энэ хүнтэй 1999-2000 оны орчим байх манай найзын найз гэдгээр нь мэдэх болсон. Түүнээс хойш хааяа ганц нэг удаа таардаг байсан. Ингэж явж байгаад 2019 оны 07 дугаар сард С.Этэй хуучнаар хөдөө аж ахуйн яамны орчим таарсан. Тэгэхэд С.Э нь өөрийгөө Улсын Их Хурлын тамгын газарт референт хийж байгаа гээд ойр зуурын юм ярьж байгаад Солонгос явуулах хүн байна уу, найдвартай гаргаж өгч болно шүү гэсэн. Тухайн үед манай дүү Т.Хоролсүрэн надтай холбогдоод Солонгос явмаар байна гээд гуйгаад байсан учраас дүүгийн хэлж байсан санаанд ороод манай дүү байгаа би дүүгээ чамтай яриулъя гэж хэлээд Энхцэцэгийн утасны дугаарыг нь аваад манай дүү байгаа юм шүү чи найдвартай визийг нь гаргаад өгөөрэй гэж захисан. Түүнээс хойш би Энхцэцэг гэж хүнтэй уулзаагүй. Манай дүү Хоролсүрэн уулзаад надад хэлэхдээ Энхцэцэг гэж хүнд хэлснээр нь 6.000.000 төгрөг өгсөн гэсэн. Гэтэл дүү Хоролсүрэн виз нь бүтээгүй, мөнгөө авч чадахаа больсон, Энхцэцэг гэж хүн утсаа авахгүй, худлаа яриад байна гэхээр нь би Энхцэцэгтэй утсаар яриад юу болж байгаа талаар асуухад удахгүй бүтнэ хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед дүү Хоролсүрэнд энэ талаар хэлээд чи яасан тэвчээргүй юм бэ хүлээж бай гэж хэлж байсан. Миний хувьд Энхцэцэгийг арай ч хүмүүсийн мөнгө аваад алга болчихно гэж бодоогүй энэ хүнд итгэж байсан. Энхцэцэгийн утас цагаан сарын дараа холбогдох боломжгүй болохоор нь ордонд ажилладаг найз нараасаа асуухад аль эрт ажлаасаа гарсан гэж хэлэхээр нь худлаа ярьсан гэдгийг мэдээд дүүдээ болсон асуудпын талаар хэлээд Хоролсүрэн цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /6хх-124-125/ “...2018 оны 3 дугаар сарын орчим байх Энхцэцэг эгчтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Бродвей зоогийн газарт уулзсан. Тухайн үед Энхцэцэг эгч надад 3-4 ажлын байр санал болгоод аль дуртай ажилд чинь оруулж өгөх боломжтой гэсэн. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нөгөө газраа дахин уулзаад аль боломжтой төрийн байгууллагад ажилд оръё гээд 3.000.000 төгрөг бэлнээр өгөөд салсан. Тэгтэл Энхцэцэг эгч дахиж залгаад ажил чинь бүтэх гээд байна хурдан мөнгө шилжүүл гээд байхаар нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Түүнээс хойш ажил чинь болчихлоо, үлдэгдэл мөнгөө хурдан шилжүүл гээд залгаад байхаар нь 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 999.999 төгрөгөөр 2 удаа шилжүүлгэ хийсэн...ингээд миний хувьд 7.999.998 төгрөг өгөөд түүнээс хойш утсаа салгаад алга болсон. Энхцэцэг нь миний мөнгөнөөс 1.500.000 төгрөгийг буцаан өгсөн. Одоо 6.499.998 төгрөг төлөх дутуу байгаа..." гэсэн мэдүүлэг.
Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /6хх-122/ “...Энхцэцэг гэх хүний хүүхэд манай цэцэрлэгт 2017 онд явдаг байсан. Энхцэцэг нь тухайн үед өөрийгөө Улсын Их хурлын тамгын газар ажилладаг гэж байсан ба хүүхдийнхээ анкетан дээр өөрийгөө Их хурлын зөвлөх гэсэн байсан. Тэр үед манай хүүхэд сургуулиа төгсөж байсан болохоор энэ талаар Энхцэцэгт хэлээд ажил олж өгөөч гэж байсан юм. Удалгүй Энхцэцэг над руу залгаад Нийслэлийн Засаг даргын тамгын газарт нэг хэлтсийн даргын орон тоо байна. Хэрэв та сонирхож байвал би оруулж өгч тус болъё гэхээр нь энэ талаар гэрийнхэндээ хэлж зөвлөлдөөд охиноо дөнгөж сургууль төгссөн болохоор тохирохгүй ажил байна гэж ярилцсан. Тэр үед манай эгчийн хүү Бат-Ерөөлт манай гэрт байсан юм. Тэгээд Бат-Ерөөлт би тэр ажилд чинь орж болох уу, намайг уулзуулаад өгөөч гэхээр нь дүүдээ Энхцэцэгийн дугаарыг өгөөд хооронд нь танилцуулж байсан. Манай дүү 8 сая төгрөгийг хувааж өгсөн байсан. Гэвч үүнээс хойш Энхцэцэг манай дүүг ажилд оруулж өгөлгүй худлаа яриад зугтаад байгаа...” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Д.Ммөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /7хх-50-54/ “...би Энхцэцэгтэй Нараа гэж хүнээр дамжуулж 2018 оны сүүлчээр танилцаж байсан. Би чулуу татаж мэргэлдэг юм. Энхцэцэг надаар олон удаа мэргэлүүлж байсан. Энхцэцэг өөрийгөө төрийн ордонд төсөл хариуцсан мэргэжилтэн гэж байсан. Би 2019 оны эхээр Хөвсгөл аймгаас малын мах Улаанбаатарт авчирч борлуулъя гэж бодоод Энхцэцэгтэй холбогдож махны зөвшөөрлийн талаар тодруулахад эгч нь тодруулж өгье, ер нь бүтээгээд өгье гэсэн. Удалгүй бичиг баримтаа өгчих, бүтээгээд өгье, харин чи эгчдээ мөнгө зээлдүүлж тус болоорой гэсэн. Үүний дагуу бичиг баримт бүрдүүлж өгсөн. Удалгүй Энхцэцэг 10 сая төгрөг зээлээч, ажил бүтээхэд асуудал гараад байна эхлээд 5 сая төгрөг зээлж бай, чиний махны зөвшөөрлийг удахгүй бүтээгээд өгнө, санаа зоволтгүй гэхээр нь түүний ХХБанкны 419018432 дугаарын дансанд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40-р хороо Баянхошууны 35-29 тоот гэртээ байхдаа 5 сая төгрөг шилжүүлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Энхцэцэг над руу залгаад үлдэгдэл 5 сая төгрөгөө зээлээч, чиний махны зөвшөөрлийн бичиг баримттай цуг удаахгүй буцааж өгнө гэсэн. Тэгээд дахин 5 сая төгрөг шилжүүлсэн. Тэгтэл 9 сарын 10-ны өдөр залгаад уулзъя гэхээр нь 3-р сургуулийн орчим уулзсан. тэгэхэд махны зөвшөөрлийн бичгийг түр хугацаанд зогсоосон байна, 2019 оны 12 сард болчих байх, махны зөвшөөрөл өгдөг урьд нь надтай хамт ажиллаж байсан хүн байгаа, дахиад 4 сая төгрөг зээлээч гэхээр нь 2 сая 2 саяар нь тасалж шилжүүлсэн. 2019 оны 9 сарын 17-ны өдөр дахин залгаад чиний махны зөвшөөрлийн бичиг болох гээд байна, би одоо мэргэжлийн хяналтын хүнтэй уулзах гэж байна, тэр хүн 3 сая төгрөг зохицуулаад өгөөч гэнээ, энийг нь зохицуулаад өгчихвөл бид 2-н махны зөвшөөрөл бүтэх гээд байна, би өмнө зээлсэн мөнгөтэйгээ нийлүүлээд чамд буцааж өгнө гэсэн. Тэгээд гэрээсээ 3 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд 10 сарын 02-ны өдөр утасдаад эгч нь өөрийнхөө банкны зээлийн 1.500.000 төгрөгийн үлдэгдлийг дараад 8 сая төгрөгийн зээл авах гэсэн юм, туслаач гэхээр нь надад мөнгө байхгүй гэхэд хүнээс ч хамаагүй аваад өгөөч гээд байхаар нь бас 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд миний ярьсан хүний утас нь болохгүй байна, махны зөвшөөрөл чинь удахгүй гарна гээд зээлсэн мөнгөө өгөхгүй болохоор нь би удаа дараа нэхэж эхэлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэтэй дүүрэгт байх нотариатын газар орж 17 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Тэгээд 2020 оны 1-р сараас эхлээд Энхцэцэгийн утас нь холбогдохоо больсон. Махны зөвшөөрөл гаргаж өгнө гэсэн хүнтэй чинь уулзъя гэхэд уулзуулнаа гэчихээд огт уулзуулаагүй. Нийт 18.500.000 төгрөгийг зээлсэн. Энхцэцэг надад махны зөвшөөрлийн бичиг бүтээж өгнө гэсэн болохоор би мөнгө зээлдэг байсан. Гэвч бүтээж өгөөгүй. Энхцэцэгт ХАА-н яаманд ажилладаг таньдаг хүн байхгүй юм шиг санагдсан. Анхнаасаа надаас мөнгө авах гэж л худлаа ярьсан байх. Надаас залилангийн хэрэг болгохгүйгээр иргэний зээлийн маргаан болгож өгөөч гээд гуйгаад байсан. Ийм зорилгоор надаас авсан мөнгөө зээл болгож гэрээ байгуулж нотариатчаар батлуулсан байх. Надад буцааж мөнгө өгөөгүй, 18.500.000 төгрөгөө Энхцэцэгээс авмаар байна..” гэсэн мэдүүлэг.
2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлдүүлэгч Б.Ж, зээлдэгч С.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /1хх-206/.
Сүхээ овогтой Энхцэцэг нь УИХ-ын Тамгын газарт 2009-2011 оныг хүртэл Төрийн байгуулалтын байнгын хороонд референт, 2011-2016 оны хүртэл Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд ажлын албаны референтээр ажиллаж байгаад Тамгын газрын бүтэц орон тоо шинэчлэн батлагдаж орон тоог хассантай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн даргын 2016.09.27-ны өдрийн 659 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн тухай УИХ-ын Тамгын газрын 2019.09.19-ний 15/1305 дугаартай албан бичиг /1хх-106/
Монгол улсын БСШУС яамны 2019.09.26-ны 10/8514 дугаартай албан бичиг: Канад улсын боловсролын байгууллагад зуучлан тэтгэлгээр суралцуулдаг эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй албан байгууллага болон иргэн байхгүй болно. Үүнтэй холбогдуулан Монгол улсын засгийн газрын тэтгэлгээр Канад улсад суралцахаар шийдвэрлэгдсэн иргэдийн бүртгэлд Дамдины Даваажав, Онолын Номинхорол нар байхгүй болно. /1хх-108/ гэх бичгийн баримтууд болон гэрч Д.Даваажав, Б.Дамдин нарын мэдүүлэг /1хх-26-27/ банкны дансны хуулгууд, мөнгө тушаасан баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-95/
С.Э нь Д.Гаас 6.000.000 төгрөг зээлсэн гэх баримт, /2хх-225/
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хаан банкны интернэт банкны лавлагаагаар Худалдаа хөгжлийн банкны 419018432 дугаартай дансанд Дашзэгвэ овогтой Ганбатаас 2.000.000 төгрөг шилжүүлсэн баримт. /2хх-226/
Худалдаа хөгжлийн банкнаас 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн 6/3686 дугаартай албан бичиг /3хх-178/
Хаан банкны орлогын мэдүүлэг “2018-11-15-ны өдөр С.Эийн 5037327291 тоот дансанд Чинтүвшингээс 800.000 төгрөг тушаасан" гэх баримт, Хаан банкны орлогын мэдүүлэг "2018-11-15-ны өдөр С.Эийн 5037327291 тоот дансанд Чинтүвшингээс 700.000 төгрөг тушаасан гэх баримт, Худалдаа Хөгжлийн Банкны орлогын ордер “2018-11-27-ны өдөр С.Эийн 453136981 тоот дансанд Чинтүвшингээс 4.000.000 төгрөг шилжүүлсэн" гэх баримт. /4хх-155-156/
Хаан банкны 5037327291 тоот дансыг НБ76072926 регистрийн дугаартай Сүхээгийн Энхцэцэг эзэмшдэг тухай тодорхойлолт, шүүгдэгч С.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-161/ , оршин суугаа хаягын тодорхойлолт /1хх-42/ зэрэг бусад нотлох баримтууд болно.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Эт холбогдох хэрэг тус шүүхэд хянан хэлэлцэгдэхээр 2021 оны 5 сарын 19-ны өдөр ирсэн бөгөөд энэ шүүх хуралдааныг явуулах хүртэл нийт 6 удаа талуудын хүсэлтээр болон Ковид 19 цар тахалын хөл хорио, өвчлөлөөс шалтгаалан шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Үүнд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс 5 удаа хойшлуулах хүсэлт шүүхэд ирүүлсэн, прокурор, улсын яллагчийн зүгээс 2 удаа, Ковид 19 цар тахалын хөл хорионы улмаас 2 удаа хойшилж байсан. Шүүгдэгч С.Э нь Т.Цэен-Ойдов, Ш.Мягмарцэрэн гэсэн хоёр өмгөөлөгч өөрөө сонгон авсан бөгөөд энэ шүүх хуралдаанд өмгөөлөгч Т.Цэен-Ойдов хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн “өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, Ш.Мягмарцэрэн нартай шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн аваагүй болно. Учир нь шүүх хуралдааныг товлохдоо хугацааг хангалттай урт талуудаас асууж товолсон, өмгөөлөгч Т.Ц эмнэлэгт хэвтсэн гэх боловч тийм баримт шүүхэд ирүүлээгүй, нөгөө өмгөөлөгч Ш.М нь шүүх хуралд ирсэн байсан болно. Энэ хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэний дараа шүүгдэгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсаныг Ерөнхий шүүгч эцэслэн шийдвэрлсэн. Үүний дараа шүүгдэгч С.Э “үлдсэн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгээс татгалзаж байна, өөр өмгөөлөгч авна, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасаныг шүүх хүлээн аваагүй болно. Шүүгдэгч С.Э нь шүүх хуралдаанд өмгөөлөгчөө ирүүлээгүй, ирсэн байгаа өмгөөлөгчөө “татгалзаж байна” гэж шүүх хуралдаанаас явуулсан бөгөөд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх, шүүхээр өөрт нь холбогдох хэргийг хэлэлцүүлэхгүй удаа дараа хойшлуулж шүүн таслах ажиллагаанд саад учруулсан.
Өмнө шүүгдэгч С.Эт холбогдох хэргийг хянан хэлэлцэх явцад мөн дээрхи шиг нөхцөл байдал үүсэж шүүх хуралдааныг удаа дараа хойшлууж байсан бөгөөд тэр хугацаанд бусдын эд хөрөнгийг хуурч авсан үйлдэл нэмэгдэж бусдыг хохироосон буюу шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад дахин гэмт хэрэг үйлдсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д шүүх нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана гэж заасан байна. Шүүгдэгч С.Э нь дээрхи эрхийн хүрээнд 2 өмгөөлөгч өөрөө сонгон авсан байсан бөгөөд 1 өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй, нөгөө өмгөөлөгч нь татгалзсан гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг орхин явсан. Шүүхэд хэрэг шилжиж ирээд шүүх хуралдааныг болтол 6 сарын хугацаанд шүүгдэгч С.Э нь хэдэн бүлэг өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах боломжтой байсан бөгөөд энэ эрхийг шүүх хязгаарлаагүй, боломж түүнд байнга нээлттэй байсан. Дээрхи хугацаанд түүний сонгон авсан өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тул сонгон авсан өмгөөлөгчтэй нь шүүгдэгчийг шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан.
Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгчийг өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр 2021 оны 05 сарын 19-ны өдрөөс хойш байнга хангасан бөгөөд шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөө шүүх хуралдаанд ирүүлээгүй, ирсэн байсан өмгөөлөгчөө явуулсан тул өөрийгөө өмгөөлөх эрхээр мөн хангаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцох нөхцөл байдал биш байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э нь Дамдины Д, Онолын Но нарыг “Канад улсад тэтгэлэгтэй, сар бүрийн тэтгэмжтэй сургуульд явуулж өгнө” гэж хуурч 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт удаа дараагийн үйлдлээр хохирогч Б.Баас 13.200.000 төгрөг, хохирогч Д.Т 21.000.000 төгрөгийг,
2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хохирогч Д.Мгийн хүүхдийг “Шинэ Эрин дунд сургуульд 5 дугаар ангиас нь оруулж өгнө” гэж хуурч, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.300.000 төгрөгийг,
2018 оны 4 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд хохирогч Б.Ж, О.М нарыг Польш улсад 100 % тэтгэлэгтэй, сар бүрийн тэтгэмжтэй магистрийн сургалтанд явуулж өгнө гэж хуурч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах ҮЭХ-ны 1 давхарын “BUD” рестораны дотор хохирогч Б.Жгаас 6.250.000 төгрөг, хохирогч О.Маас 7.750.000 төгрөгийг,
2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 6.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Д.Гад Бүгд Найрамдах Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө гэж хуурч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах Поларис их дэлгүүрийн гадна 2.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг
2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хооронд “Ч.Оюунжаргал, Ч.Батжаргал нарыг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулж, түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж Сүхбаатар дүүргийн нутагт байрлах Көмпински зочид буудлын байранд,хуурч хохирогч Ч.Оюунжаргалаас 7.000.000 төгрөг, Ч.Батжаргалаас 3.500.000 төгрөг, нийт 10.500.000 төгрөгийг,
2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Э.Гт “Бүгд Найрамдах Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө” гэж хуурч өөрийн Худалдаа хөгжлийн банкны 419018432 дугаарын дансаар шилжүүлэн авч 3.000.000 төгрөгийг,
Улаанбаатар Эрдэм их сургуулийн багш С.Г, Б.Д нарт Монгол улсын гавьяат цол олгуулж өгнө гэж хуурч хохирогч С.Гантөмөрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2,800,432 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, нийт 3,300,432 төгрөг, хохирогч Б.Д 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2.990.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 3.010.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг,
2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Г.Гэрэлчимэгийн хүү Б.Өнөболдыг Бүгд Найрамдах Солонгос улсад гэрээт ажилчнаар явуулж өгнө” гэж хуурч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах Юна нэртэй хоолны газарт 3.500.000 төгрөгийг,
Хохирогч Л.Лувсанжамцыг “Монгол Улсын Их сургууль оруулж өгнө, хуучин сургуульд сурч байх үеийн дүнг засч өгнө, захирлуудыг нь хоолонд оруулна” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 06 сарын сүүлчээр 150.000 төгрөг, нийт 4.150.000 төгрөгийг,
2018 оны 08 дугаар сард хохирогч И.Галзагдыг “ажилд оруулж өгнө” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6.000.000 төгрөгийг,
“Би Боловсролын яаманд ажилладаг, Шинэ эрин цогцолбор сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт хохирогч Ц.Чинтүвшингээс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3.500.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сард 1.400.000 төгрөг, нийт 10.400.000 төгрөгийг
““Карьер бьюлдинг институт” нэртэй сургалтын төвийг төгссөн хүүхдүүдийг их дээд сургуульд оруулж өгнө” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Оюунцэцэгээс 2018 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөес 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийт 19,500,000 төгрөгийг,
2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Хөгжлийн банкнаас төслийн зээл гаргуулан өгнө” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, С.Эрдэнэчимэгээс 30.000.000 төгрөгийг,
2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хохирогч Ганболдын хүү Г.Жавхлантөгсийг Монгол банкинд ажилд оруулж өгнө” гэж хуурч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийг,
2019 оны 07 дугаар сарын 25-наас 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хохирогч Т.Хоролсүрэнд “Бүгд Найрамдах Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө” гэж хуурч Чингэлтэй дүүргийн 03 дугаар хорооны нутагт байрлах Улсын их дэлгүүрийн орчимд нийт 6.000.000 төгрөгийг,
2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд хохирогч Б.Бат-Ерөөлтийг ажилд оруулж өгнө гэж хуурч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт нийт 7.999.998 төгрөгийг,
2019 оны 08 дугаар сарын 28-наас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хохирогч Д.Мөнхжаргалд “мах зарах зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч 5 удаагийн үйлдлээр 18.500.000 төгрөгийг өөрийн ХХБанкин дахь 419018423 дугаарын дансаар Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутагт байхад нь тус тус авсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Э нь УИХ-ын Тамгын газарт 2009 оноос 2011 оныг хүртэл Төрийн байгуулалтын байнгын хороонд референт, 2011 оноос 2016 оныг хүртэл Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд ажлын албаны референтээр ажиллаж байгаад Тамгын газрын бүтэц орон тоо шинэчлэн батлагдаж орон тоог хассантай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 сарын 27-ны өдрийн 659 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн нь баримтаар тогтоогдсон бөгөөд үүнээс хойш ямар нэгэн ажил, хөдөлмөр эрхэлдэггүй тогтмол орлогтой гэсэн баримт хэрэгт ирүүлээгүй байна. Тэрээр ажлаас чөлөөлөгдөн тогтмол орлогогүй болсон үедээ буюу 2015 оны 06 дугаар сарын 29-нөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд бусдыг “би Улсын Их хурлын тамгын газарт ажилладаг, гадаад болон дотоодын их сургууль, бүрэн дунд сургуульд оруулна, тэтгэлэгт хамруулна, виз гаргаж өгнө, ажилд оруулж өгнө, зээлд хамруулж өгнө, махны зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч нийт 21 иргэнд 195.350.430 төгрөгийн хохирол учруулсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “хуурч, залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэг өгөөгүй бөгөөд өөрийгөө өмгөөлөхөөс мөн татгалсан болно. Гэвч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч нь хэрэгт холбогдож яллагдагчаар татагдах бүрт мэдүүлэг өгсөн бөгөөд шүүх хуралдааны явцад улсын яллагчаас мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгээс уншиж сонсгох талаар хүсэлт гаргаагүй болно.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр А.У оролцож шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргажээ. Дүгнэлтэд улсын яллагчаас яллаж буй дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Э нь үйлдсэн гэм буруутай гэсэн байх бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэсэн зөв дүгнэлт болжээ.
Шүүгдэгч С.Э нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогч Б.Бд учруулсан 13.200.000 төгрөгийн хохиролоос 3.600.000 төгрөгийг төлж 9.600.000 төгрөгийн төлбөртэй, хохирогч Д.Туяацэцэгт учруулсан 21.000.000 төгрөгийн хохиролоос 5.500.000 төгрөгийг төлж 15.500.000 төгрөгийн төлбөртэй, хохирогч Д.Гад учруулсан 8.000.000 төгрөгийн хохиролоос 300.000 төгрөгийг төлж 7.700.000 төгрөгийн төлбөртэй, хохирогч И.Галзагдад учруулсан 6.000.000 төгрөгийн хохиролоос 4.000.000 төгрөгийг төлж 2.000.000 төгрөгийн төлбөртэй, хохирогч Ц.Чинтүвшинд учруулсан 10.400.000 төгрөгийн хохиролоос 1.500.000 төгрөгийг төлж 8.900.000 төгрөгийн төлбөртэй, хохирогч Т.Хоролсүрэнд учруулсан 6.000.000 төгрөгийн хохиролоос 500.000 төгрөгийг төлж 5.500.000 төгрөгийн төлбөртэй, хохирогч Р. учруулсан 7.999.998 төгрөгийн хохиролоос 1.500.000 төгрөгийг төлж 6.499.998 төгрөгийн төлбөртэй, иргэний нэхэмжлэгч Д.Зэсэндэмидэд учруулсан 4.000.000 төгрөгийн хохирол, Д.Мд учруулсан 5.300.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Жд учруулсан 6.250.000 төгрөгийн хохирол, хохирогч О.Мд учруулсан 7.750.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан, мөн хохирогч Ч.Оюунжаргалд учруулсан 7.000.000 төгрөгийн хохирол, хохирогч Ч.Батжаргалд учруулсан 3.500.000 төгрөгийн хохирол, хохирогч Э.Гт учруулсан 3.000.000 төгрөгийн хохирол, хохирогч С.Г учруулсан 3.300.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Д учруулсан 6.000.000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Гэ учруулсан 3.500.000 төгрөгийн хохирол, хохирогч Ч.Л учруулсан 4.150.000 төгрөгийн хохирол, хохирогч Т.О учруулсан 19.500.000 төгрөгийн хохирол, хохирогч С.Э учруулсан 30.000.000 төгрөгийн хохирол, хохирогч Т.Га учруулсан 5.000.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.М учруулсан 18.500.000 төгрөгийн хохирлуудыг төлж барагдуулаагүй байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ту 4 сая төгрөгөө зээлдүүлж шүүгдэгчид хүргэж өгсөн Д.З иргэний нэхэмжлэгчээр тооцсон байх боловч шүүгдэгч С.Эээс хохирогч Д.Тучруулсан хохиролд төлсөн төлбөр 5.500.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.Зэ дансанд шилжүүлсэн байх тул шүүгдэгч иргэний нэхэмжлэгч Д.Зд төлөх төлбөргүй байна.
Шүүхээс шүүгдэгч С.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Э нь хохирогч нарт учирсан 195.350.430 төгрөгийн хохирлоос 36.200.000 төгрөгийн хохирлыг төлсөн буюу хэргийг өмнө хянан хэлэлцсэнээс хойш /2020 оны 3 дугаар сараас/ ямарч хохирол төлж барагдуулаагүй байна. Иймд хохиронч нарт төлөгдөөгүй үлдсэн 159.150.430 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.Эээс гаргуулж,
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 20-7 тоотод оршин суух хохирогч Б.Б үлдэгдэл 9.600.000 төгрөгийг,
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-18-16 тоотод оршин суух хохирогч Д.Т / үлдэгдэл 15.500.000 төгрөгийг,
Баянгол дүүргийн 6 дугаар хороо 44б байр 30 тоотод оршин суух хохирогч Д.Г / үлдэгдэл 7.700.000 төгрөгийг,
Булган аймгийн Рашаант сум 1 дүгээр багт оршин суух хохирогч Очирт орон овогт Идэрцогтын Галзагдад үлдэгдэл 2.000.000 төгрөгийг,
Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2-р хороолол 66 байр 12 тоотод оршин суух хохирогч Буурал овогт Ц.Ч / үлдэгдэл 8.900.000 төгрөгийг,
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 24 дүгээр байр 2 тоотод оршин суух хохирогч Т.Х үлдэгдэл 5.500.000 төгрөгийг,
Баянгол дүүргийн 3 дугаар хороо Есөн-Эрдэнэ хотхоны 29-5-60 тоотод оршин суух хохирогч Р. үлдэгдэл 6.499.998 төгрөгийг,
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 3 дугаар гудамжны 165 тоотод оршин суух хохирогч Загасан овогт учруулсан 7.000.000 төгрөгийг,
Баянгол дүүргийн 3 дугаар хороо 66-33 тоотод оршин суух хохирогч Загасан овогт учруулсан 3.500.000 төгрөгийг,
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 11-1102 тоотод оршин суух хохирогч Гоо овогт учруулсан 3.000.000 төгрөгийг,
Баянзүрх дүүргийн 1-р хороо, Токёогийн гудамж 73-92 тоотод оршин суух хохирогч учруулсан 3.300.000 төгрөгийг
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 44/2-15 тоотод оршин суух хохирогч Батхан овогт учруулсан 6.000.000 төгрөгийг,
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо баянхошуу 34-2 тоотод оршин суух хохирогч Ноёнбогд овогтой Галягийн учруулсан 3.500.000 төгрөгийг,
Орхон аймаг Баян-Өндөр сум хүрэн булаг баг 4-25-26-д оршин суух хохирогч Дүдэл овогтой учруулсан 4.150.000 төгрөгийг,
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаан 14-719 тоотод оршин суух хохирогч Булгадар овогт учруулсан 19.500.000 төгрөгийг
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангын Лакшири 2-17 тоотод оршин суух хохирогч Сучруулсан 30.000.000 төгрөгийг
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 23-3-25 тоотод оршин суух хохирогч Дондорог тайж овогт учруулсан 5.000.000 төгрөгийг,
Сонгинохайрхан дүүрэг 40 дугаар хороо Баянхошуу 35-29 тоотод оршин суух хохирогч Хар Дархад овогт учруулсан 18.500.000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.
Шүүх хуралдаан болохоос өмнө шүүгдэгч С.Э нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 189 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон дээрх хоногийг шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. Хэрэгт хавсарган ирсэн ”С.Э яриа” гэж тэмдэглэсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хуурч, залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар С.Э 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Эийн цагдан хоригдсон 189 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эээс нийт 159.150.430 төгрөгийг гаргуулж,
...........тус тус олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД Д.РЕНЧЕНХОРОЛ
Л.ГАЛБАДАР