Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0345

 

Ю.Агийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ю.А, түүний өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, түүний өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 122 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ю.Агийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад, гуравдагч этгээд Д.Эийн бие даасан шаардлагатай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжийн дагуу 20.000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоонд эзэмшдэг болно. Гэтэл уг газар дээр Д.Э гэгч эмэгтэй 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 257 дугаар захирамжаар 300.000 м.кв газар олгосон нэрээр цементэн хашаа барьж босгосон. Иймээс уг газрыг ашиглах боломжгүй болж өнөөдрийг хүрсэн болно. Иймд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжийн Д.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадааХэрэгт авагдсан материалд гуравдагч этгээдээр оролцож байгаа иргэн Д.Э нь "К" ХХК-ийн захирал байсан байх ба захирал Д.Эээс иргэн Д.Э рүү газар эзэмших эрхийг шилжүүлсэн баримтууд авагджээ. Нэхэмжлэгч миний бие өөрийн газар эзэмших эрхийг хөндсөн захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйлдэлд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа утгаараа "К" ХХК-ийн захирал Д.Эт болон иргэн Д.Эт газар эзэмшүүлэх эрх олгосон үйл явц нь хууль зөрчиж хийгдсэн баримтууд байх тул давхардуулан газар олгогдсон Нийслэлийн Засаг даргын 2007 оны 132 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гаргаж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2007 оны 132 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, 2009 оны 20 дугаар захирамжийн болон 2011 оны 257 дугаар захирамжийн Д.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хэмээн нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Эт Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд орон сууц, үйлчилгээний зориулалтаар 300.000 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн ба зориулалт өөрчлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 тоот захирамжаар орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 110 тоот тогтоолоор "Ж э и м" ХХК-д 300.000 м.кв талбай бүхий газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн ба 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар "К" ХХК-д эзэмшүүлсэн байна. Иргэн Ю.Ад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 233 тоот захирамжаар 20.000 м.кв талбай бүхий газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн тул иргэн Ю.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2008 оны Сүхбаатар дүүргийн шүүхийн 3047 дугаар шийдвэрээр 1996 оны 6 дугаар сарын 04-ны өдөр үүсгэн байгуулагдсан "К" ХХК-ийг татан буулгасан байна. Иймд "К" ХХК-ийг үүсгэн байгуулсан Д.Э тус компанийн эзэмшиж байсан газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргаж Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 тоот захирамжаар иргэн Д.Эт үйлчилгээ орон сууцны зориулалтаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн газар эзэмших эрх олгосон байна. Нэхэмжлэгч Ю.Ад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байршилд давхардуулан газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчиж олгосон байна. Иймд иргэн Ю.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо /хуучнаар/ буюу 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн 1 гишүүнтэй компани болох "К" ХХК-ийн нэрээр 30.0 га газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр газрын эрхээ баталгаажуулсан билээ. Уг газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 110 тоот тогтоолоор баталгаажсан "Ж э и м" ХХК-ийн 40.0 га газраас 2 талын хүсэлтийн дагуу 30.0 га газрыг салган нэр шилжүүлэн авсан юм. Нэр шилжүүлж авах хүсэлтээ 2005 онд Нийслэлийн Газрын албанд гаргаж байсан боловч шийдвэр гаргаж өгөлгүй их удаж 2007 оны 4 сард шийдвэр гарч байсан. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 тоот захирамжаар газрын эрхээ өөрийн нэр буюу Д.Эийн нэр дээр шилжүүлэн авсан. Дараа нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 тоот захирамжаар газар эзэмших зориулалтыг орон сууц, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай болгон өнөөдрийг хүртэл энэ газраа хуулийн дагуу эзэмшиж ирсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 154 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын хэсэгчилсэн төлөвлөгөөнд өөрчлөлт орж шинээр ерөнхий төлөвлөгөө баталсны дагуу Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 359 дүгээр захирамжаар "К" ХХК-д Орон сууц, үйлчилгээний цогцолбор барих барилгын зөвшөөрөл олгож, зураг баталсан. Тус зөвшөөрлийн дагуу геодези, байр зүйн зураглал, инженер-геологийн судалгааны ажлууд, цахилгааны өндөр хүчдэлийг өөрийн хөрөнгөөр татаж, усны худаг гаргаж, барилгын суурь тавигдах ажлууд тус тус хийгдэж, аж ахуйн үйл ажиллагааг явуулж байна. 2007 оны 8 дугаар сараас эхлээд тус газар дээр газрын маргаан гарч, тухайн үед Улаанбаатар хотын хэмжээнд кадастрын зураглал дөнгөж хийгдэж эхэлсэн үе байсан кадастрын зургаа хийлгүүлж газрын албаны мэдээллийн санд оруулж чадаагүй хуучин схем зургаар газар эзэмшиж байсан, манай компани зургаа 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдээллийн санд оруулж байхдаа газар давхардсан тухай мэдсэн. Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 тоот захирамжаар иргэн Д.Э миний эзэмшил газар дээр газар давхардуулан олгосон захирамжийг хууль бус гэж үзэж байна. гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 2946 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Ю.Агийн нэхэмжлэлээр Д.Э намайг гуравдагч этгээдээр татсанСонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо хуучнаар /20 дугаар хороо/ 22-ын товчооны цаана үйлдвэрлэлийн зориулалтаар иргэн Ю.Ад газар эзэмших эрх олгосон 2.0 га газрыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дүгээр заалтуудыг зөрчин газар давхцуулан олгосноос болж газрын маргаан гарч миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 тоот захирамжаар иргэн Ю.Ад газар олгосон холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартааМиний бие уг шаардлагыг эс зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү шаардлага нь нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр хангаагүй байна. Мөн Д.Эт 300.000 м.кв талбай бүхий газар эзэмших эрх олгосон үйлдэл нь хууль бус гэж үзэж шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлж шүүхэд хандсан бөгөөд Д.Эт 2011 онд газар эзэмших эрх нь үүссэн байхад 2007 оны 233 дугаар захирамж түүний газар эзэмших эрхийг хөндөх ямар ч боломжгүй юм. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартааНэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргын 2007 оны 233 дугаар захирамжаар газар эзэмших эрх нь үүсэж, холбогдох хуулийн дагуу кадастрын зургийг газрын мэдээллийн санд 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр оруулж нэгж талбарын 18626308968855 дугаар бүхий бүртгэлд орсон байдаг. Тухайлбал, дүүргийн Засаг дарга нь захирамжийг гаргахдаа газрын мэдээллийн санд давхцал байгаа эсэхийг лавлаж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг буюу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчөөгүй юм. Учир нь гуравдагч этгээдийн 2007 онд "К" ХХК-аас нэр шилжүүлж авсан газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй байсан. Иймд Ю.Агийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээс гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 122 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжийн "К" ХХК-д холбогдох хэсгийн, 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар захирамж болон 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжийн Д.Эт холбогдох хэсгийн тус тус 18626308968855 нэгж талбарын дугаар бүхий Ю.Агийн эзэмшлийн газартай давхцалтай хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 тоот захирамжийн иргэн Ю.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх Ю.А маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмших эрхтэй эсэхэд Газрын тухай хуулийг баримтлан хууль зүйн дүгнэлт өгөх үүрэгтэй. Газар ашиглах эрхтэй байсан этгээд нь дан ганц "Ж Э И М" ХХК бөгөөд тус компанийн эдлэх эрх, хүлээх үүрэг нь Ю.Агийн эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар дүгнэлт байхгүй. Шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.8 дахь заалтыг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж байгаа болохоо бичсэн байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад бичсэнээс үзвэл шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байгаа тул зөрчилтэй шийдвэр гаргажээ. Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актын заримыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, заримыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт маргаан бүхий захиргааны актуудыг бүгдийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн буюу нэхэмжлэгчийн шаардаагүй шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Шүүх хэргийг зөвхөн хуульд нийцүүлэн, түүнд заасан үндэслэлийг баримтлан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт Улсын Дээд шүүхийн 2006 оны 31 дугаар тогтоолын 5 дахь заалтыг хэрэглэн дүгнэлт хийсэн байгаа тул Улсын дээд шүүхийн тайлбарыг баримтлан хэрэг шийдвэрлэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хуульд үндэслэсэн байх зарчимд нийцээгүй хууль бус болсон. Ю.А уг газрыг түрүүлж эзэмших эрх үүссэн, хууль ёсны эзэмшигч мөн байна гэдгийг анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, бодитой тогтоож чадаагүй атлаа нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн дүгнэлтүүд хоорондоо илт зөрчилтэй болсон. "Ж Э И М" ХХК-ийг татан буугдаагүй байсан тохиолдолд ч уг газрын эрхийг шилжүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргах практик тогтсон байна. "К" ХХК нь Монгол Улсын хуулийн этгээдийн хувьд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргах, хүсэлтээ хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх, эзэмших эрх олж авах зэрэг эрхтэй. Шүүхийн дүгнэснээр "Ж Э И М" ХХК нь газар ашиглах эрхээ шилжүүлэх эрхгүй бол газар эзэмших эрхээ дуусгавар болгож, уг газар дээр нь нэгдмэл ашиг сонирхол үүссэн байсан "К" ХХК хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Эндээс үзвэл 2005 онд маргаан бүхий газрыг хүсэлт гаргасан байгаа байдлаараа "К" ХХК-д хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн байсан. Анхан шатны шүүх нь энэхүү хууль зүйн нөхцөл байдлыг олж харахгүй, эрх зүйн дүгнэлт өгөх чадваргүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч бусдын ашиглах эрх үүссэн газар дээр хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх энэ байдлыг олж харах чадваргүй, эсхүл зориуд санаатай ийм үйлдэл хийж байгаа гэж үзэхээр байгааг анхаарна уу. Анхан шатны шүүх шийдвэртээ ямар нотлох баримтаар Ю.Ад хууль ёсны газар эзэмших эрх үүссэн гэдгийг тодорхойлоогүй нь шүүхийн шийдвэр үндэслэл, бүхий байх зарчим, шүүхийн үйл ажиллагааны ил тод байх зарчимд огт нийцэхгүй байна. Газрын мэдээллийн санд бүртгэл хийгээгүй байгаа нь Газрын алба болон газрын мэдээллийн санг эрхлэн хөтөлдөг албан тушаалтны буруутай үйл ажиллагаа бөгөөд газрын мэдээллийн санд бүртгэлгүй, газар дээрээ барилга байхгүй, хашаа бариагүй байгаа зэрэг нь эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй гэдгийг анхан шатны шүүх мэдэхгүй байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд нотлох баримтад үндэслэсэн байх шаардлагад нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Ю.А нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжийн "К" ХХК-д холбогдох хэсгийн Ю.Агийн эзэмшлийн газартай давхцалтай хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар захирамж, 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжийн Д.Эт холбогдох хэсгийн Ю.Агийн эзэмшлийн газартай давхцалтай хэсгийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар дээр давхцуулан Д.Эт газар эзэмших эрх олгосон маргажээ.

Маргаан бүхий газарт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 110 дугаар тогтоолоор "Ж э и м" ХХК-д 40 га газрыг ашиглах эрх олгосон, уг газраас 30 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжаар "К" ХХК-д эзэмшүүлсэн үйл баримтын талаар шүүх дүгнэхдээ нэхэмжлэгч Ю.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна. Тодруулбал,

Захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, зорилго нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус актын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжаар Ю.Ад газар эзэмших эрх үүсэхээс өмнө гарсан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамж нэхэмжлэгч Ю.Агийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үйл баримтыг зайлшгүй тогтоох шаардлагатай.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актууд гарахаас өмнө нэхэмжлэгч Ю.А тухайн газрыг эзэмшиж байсан эсэх, газар эзэмших хүсэлтээ хэзээ гаргасан, түүний гаргасан хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Газрын алба шийдвэрлэхдээ ямар ажиллагаа хийсэн, хээрийн судалгаа хийхэд маргаан бүхий газар ямар байдалтай байсан зэрэг үйл баримтууд нотлох баримтаар тогтоогдоогүй, одоо маргаан бүхий газрыг хэн эзэмшиж байгаа нь тодорхойгүй, хэргийн газрын үзлэг хийгээгүй зэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.4 дэх хэсэгт заасан шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн үндэслэлд хамаарч байна.

Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан шүүх ямар нотлох баримтаар Ю.Ад хууль ёсны газар эзэмших эрх үүссэн гэдгийг тодорхойлоогүй гэх гомдол үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамж Газрын тухай хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй атлаа Д.Эийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байх шаардлагыг зөрчжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.8-д заасныг баримталж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж гэсэн атлаа нэхэмжлэгч Ю.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн маргаан бүхий актуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн зэрэг зөрчил гаргасныг дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 122 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН