Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023

 

                                               

 

 

 

 

 

 

 

Н.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02403 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЦТ” ХХК-д холбогдох,

 

“Монос” дээд сургуулийн бакалаврын диплом, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтуудыг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие “ЦТ” ХХК-д 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр эмч төлөөлөгчөөр орж ажилласан бөгөөд эхний 3 сар нь туршилтын хугацаанд тооцогдож 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр жинхэлсэн. Анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба бакалаврын диплом, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтуудыг эх хувиар нь хурааж авсан. Ингээд тус компанид 2015 оны 8 дугаар сар хүртэл ажиллаж байгаад өвчний улмаас нэг сарын чөлөө авсан. Ажиллаж байх хугацаанд маш их дарамттай байсан учраас дахиж ажилдаа орохыг хүсээгүй. Гэтэл намайг өвчтэй байхад байгууллагаас мөнгө идсэн, машины бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж худлаа гүтгэж цагдаагийн байгууллагад хандсан боловч тогтоогдоогүй. Мөн цагдаад гаргасан гомдол нь шийдэгдэх боломжгүй болсон учраас иргэний шүүхэд байгууллагаас мөнгө зээлж авсан машины төлбөрийг төлж дуусаагүй байж зарсан гэх үндэслэлээр 6 307 000 төгрөг нэхэмжилснээс 1 100 000 төгрөгийг нь өгөхөөр шийдвэрлэж 5 207 000 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгосон. Миний зүгээс “ЦТ” ХХК-иас удаа дараа бичиг баримтаа авахыг шаардсан боловч нягтлан н.Ө нь Нарантуяа захирал битгий өг гэсэн гээд өгөхгүй өдийг хүрсэн. Миний хувьд хөхний хавдартай, баруун талын өндгөвч хатингаршсан гэх оноштой ба байнга эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг. Гэтэл энэ байдлыг минь мэдсээр байж эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг минь өгдөггүй. Иймд “ЦТ” ХХК-иас “Монос” дээд сургуулийн бакалаврын диплом, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтуудыг гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Д нь “ЦТ” ХХК-д 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд эмч төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа байгууллагыг залилан мэхэлж өмч хөрөнгийг үрэгдүүлэн, мөнгө төгрөг дур мэдэн хувьдаа завшсан үйлдлүүдийг гаргаж байгууллага хамт олныхоо итгэл найдварыг хөсөрдүүлж байсан нь баримт нотолгоотой. Н.Д-д манай байгууллага өөрийнх нь хүсэлт, ажлын шаардлага зэргийг нь үндэслэн ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэхдээ, ажлын бус цагаар хувийн хэрэгцээндээ ашиглах зориулалтаар “Тоёота приус 20” маркийн 12 000 000 төгрөгийн үнэтэй автомашин худалдан авахад банкны зээлийн шаардлага, шалгууруудад ажилтанууд тэнцэхгүй байгаа тул компанийн зүгээс дэмжлэг үзүүлэн байгууллагаас машины үнэ болох 12 000 000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2 жилийн хугацаатай зээлж, уг машины гэрчилгээ бичиг баримтыг компаний нэр дээр бүртгүүлж сарын цалингаас нь боломжит хэмжээгээр суутган барагдуулахаар зээлдүүлж, тохиролцон санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Мөн зээл авах сонирхолгүй хүсэлгүй байгаа эмч төлөөлөгч нарт байгууллагын автомашиныг албан хэрэгцээнд нь зориулж унуулах, ашигласан шатахуун, элэгдэл хорогдлын зардлыг хүртэл тооцох зэргээр ажилчиддаа аль болохоор дэмжиж тусалдаг байсан. Гэтэл Н.Д нь байгууллагатай байгуулсан түрээсийн гэрээний үүргээ ноцтой зөрчин компанид төлөх ёстой төлбөрөө төлж барагдуулж дуусгаагүй, мөн албан ёсны зөвшөөрсөн бичиг баримт хийж өгөөгүй байхад компанийн тамга тэмдэг, гарын үсэг хуурамчаар үйлдэн байгууллагын нэр дээр байсан “Тоёота приус 20” маркийн УНК 18-01 улсын дугаартай автомашины бусдад зарж борлуулсан үйлдэл гаргасан бөгөөд уг үйлдлийг нь цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан шалгалтын явцад бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг хуурамчаар үйлдсэн нь цагдаагийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Улмаар бид цааш нь иргэний шүүхэд хандан нэхэмжилж шүүхээс 1 100 000 төгрөгийг Н.Д-гөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн 2015 онд Н.Д нь байгууллагын удирдлага, захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн байгууллагын ажлын үр бүтээмжийг сайжруулах үүднээс ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн хуваарийн дагуу шинэ бараа бүтээгдэхүүнийг хариуцан хүлээн авч тараан байршуулан борлуулалтын дараах тооцоог өөрсдөө биечлэн хариуцан авчирч санхүүд тушааж байхаар тохиролцон байршуулалтын гэрээ хийн ажилласан. Гэтэл Н.Д нь өөрийн хариуцсан 9 нэр бүхий хариуцдаг эмийн сангуудад байршуулалтын гэрээний дагуу бараа материал байршуулаад борлуулалтын дараах төлбөр мөнгөний тооцоог өөртөө бэлнээр авч байгууллагад тушаалгүйгээр хувьдаа ашиглан байгууллагад 3 104 700 төгрөгийн хохирол учруулсан нь санхүүгийн баримтаар илэрсэн боловч гэнэт бие өдвсөн гэдэг шалтгаанаар 2015 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд ажилдаа ирээгүй, нууцаар машинаа заран тэр чигтээ ажлаас гарах хүсэлтээ уламжлан тооцоогоо хийж барагдуулалгүй ажлын байраа хаяж явсан. Улмаар Н.Д нь одоо болтол барааны үлдэгдэл болох 3 104 700 төгрөгийг төлөөгүй. Бид Н.Д анх ажилд орохдоо байгууллагын хөдөлмөрийн гэрээний заалт, хөдөлмөрийн дотоод журмын дагуу хүний нөөцөд хадгалуулсан диплом, эрүүл мэндийн дэвтэрийг нь байгууллагад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулаад авах хүртэл нь хадгалж байгаа нь үнэн. Н.Д нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө зохих ёсоор өгөөгүй, ажлаа хүлээлгэн өгөөгүй тул одоо болтол ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Д-гийн хариуцагч “ЦТ” ХХК-иас “Монос” дээд сургуулийн бакалаврийн диплом, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнээгүйгээс гадна, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд бус хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “ЦТ” ХХК-иас "Монос" дээд сургуулийн бакалаврын диплом, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр гаргуулах тухай" байсан. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн төдийгүй нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнээс хальж шийдвэрлэсэн, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд өөрийн өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтээ илэрхийлсэн байхад хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг ноцтой зөрчсөн" үндэслэл болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ..."хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж 1 хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт "Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй" гэж заасан байна. Гэтэл хариуцагч “ЦТ” ХХК нь хөдөлмөрийн хууль зөрчиж нэхэмжлэгч Н.Дг ажиллуулсан болох нь хариуцагчийн шүүх хуралд гаргасан тайлбараар нотлогдож байхад хариуцагч талын тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримтласан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт "хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно" гэж хуульчилсан байх ба нэхэмжлэгчийн зүгээс ажил олгогчид ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн болохоо тайлбарласныг нотлох баримтгүй гэж үгүйсгэж дүгнэсэн. Шүүх нэхэмжлэгч Н.Дг ажлаа зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй тохиолдолд ажлаас халагдсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт  зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч “ЦТ” ХХК-д холбогдуулан “Монос” дээд сургуулийн бакалаврын диплом, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтуудыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Н.Д нь 2013 оны 9 сарын 15-ны өдрөөс “ЦТ” ХХК-ийн импортын нэгжид эмч, төлөөлөгчийн албан тушаалд томилогдон ажилласан болох нь түүнийг ажилд авсан тушаалаар тогтоогдож байна. /хх-ийн  36 дугаар тал/  Тэрээр 2015 оны 8 сараас хойш ажил албан тушаалаа эрхлээгүй үйл баримтын талаар талууд хэн аль нь тайлбарласан, маргаагүй болно.

 

Хариуцагчийн ажилтан Н.Д нь ажлаас чөлөөлөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байгаа, компанид учруулсан хохирлоо төлөөгүй гэх татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй байна.  Учир нь нэхэмжлэгч уг ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах сонирхолгүй, 2015 онд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх түүнийг тайлбараа баримтаар нотлоогүй гэж нотолгооны хуваарилалтын талаар буруу дүгнэлт хийжээ. Тодруулбал, хэрэгт ажилтан Н.Д нь тус байгууллагад 2015 оноос үргэлжлүүлэн ажиллаж байгаа гэх байдлыг нотлох баримт байхгүй байна.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй” гэж заасан. Хэдийгээр ажил олгогчоос ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байх боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм. Нөгөө талаар ажил олгогч нь ажилтны байгууллагад учруулсан хохирлыг барагдуулах нэрийдлээр түүний бичиг баримтыг барьцаа хэлбэрээр хадгалж өгөхгүй байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Иймд хариуцагч “ЦТ” ХХК-иас нэхэмжлэгчийн, “Монос” дээд сургуулийн бакалаврын диплом, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтуудыг гаргуулж нэхэмжлэгч Н.Дд олгон шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасантай нийцнэ.

 

Ажил олгогч нь ажилтныг байгууллагад хохирол учруулсан гэж үзэж байгаа бол энэ талаарх  шаардлагаа гаргахад уг шийдвэр саад болохгүй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02403 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар хариуцагч “ЦТ” ХХК-иас Н.Д-гийн, “Монос” дээд сургуулийн бакалаврийн диплом, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтыг гаргуулж нэхэмжлэгч Н.Д-д олгосугай” гэж,

2 дахь заалтын “улсын төсвийн орлогд хэвээр үлдээсүгэй” гэснийг “улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ