Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2020/0408

 

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Гомдол гаргагч:  “ Э” ХХК. 

     Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналтын улсын байцаагч  Т.М.

       Гомдлын шаардлага: “Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналтын улсын байцаагч  Т.М- ий гаргасан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Гомдол гаргагч  “ Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Т.А шүүхэд гаргасан гомдол, түүний үндэслэлдээ: “Э” ХХК нь Бельги улсаас хөшиг болон буйдангийн даавуун материал захиалгаар импортлон оруулж ирж, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг болно. 2019 оны 12 сарын 17-ны өдөр Буянт-Ухаа дахь Д Э Э (DNL)-ийн салбараар дамжуулан ээлжит илгээмж буюу бараа татан авалтаа хийсэн болно. Ингэхдээ DNL гаалийн хяналтын бүсийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн П.Э-р гаалийн бүрдүүлэлтийг хийлгэж холбогдох татварыг төлсөн.  Э ХХК-ийн зүгээс бүрдүүлэлт хийхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгсөн ба бараа худалдагч талтай тохиролцсоны дагуу Инкотермс-ийн ДАП (DАР) олон худалдааны нөхцөлөөр илгээгдсэн байдаг. Тухайлбал Худалдагч тал ачааг худалдан авагчийн зөвшөөрсөн цэгт хүлээлгэж өгөх нөхцөлтэйгээр илгээсэн бөгөөд тээвэрлэлтийн зардлыг бүрэн хариуцсан болно.

      Гэтэл тухайн гаалийн бүрдүүлэлтийг хянасан гаалийн улсын байцаагч Т. М-ий зүгээс тээврийн зардал гэж мэдүүлэгт бичсэн үнийн дүнг итгэл үнэмшилгүй байна гэх шалтгаанаар буцаасан. Гаалийн бүрдүүлэлт хийхэд тээврийн зардлын талаарх мэдээллийг тусгасан баримтыг гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд гаргаж өгөхдөө нэхэмжлэгчийн зүгээс өгсөн тайлбар мэдээллийг хайхралгүй 220.18 ам.долларын тээврийн зардлыг тусгасан байдаг. Бүрдүүлэлт хийх явцад гаргаж байсан  Э ХХК болон Д э Э Г-вэй компанийн зүгээс гаргасан тайлбаруудаас гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн алдаатай уйл ажиллагаа явуулсан нь тодорхой байхад гаалийн улсын байцаагч үүнийг үл харгалзан санаатайгаар Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т "'Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж үндсэн зарчмыг зөрчсөн. Нөгөө талаар мөн Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4- т “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасан нэг тээвэрлэлт, нэг гаалийн мэдүүлэгт хамаарах нэг зөрчилд нэг шийтгэл оногдуулах зүй ёсны гэж үзэж байна.

      Гаалийн улсын байцаагч дээр дурдсанчлан хууль бус үйл ажиллагаа явуулж  “Э” XXК- д шийтгэл ногдуулсан талаараа огт мэдэгдээгүй улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах. эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлэхийг гэж заасныг зөрчиж  Э ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зорчсон.

       “Э” ХХК-ийн зүгээс Гаалийн улсын байцаагчийн шийтгэл ногдуулсан талаар Гаалийн ерөнхий газраас шийтгэлийн төлбөрийг барагдуулах талаар утсаар холбогдоход олж мэдсэнээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон. Улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар зөрчлийн хэрэг Нийслэлийн прокурорын газраас хянагдаад буцаж ирсэн байсан тул 2020 оны 02 сарын 21-ны өдөр Улс хоорондын шуудан илгээмжийн газарт шийтгэлийн хуудастай танилцсан болно.

       Иймд Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-д “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн            6.11     дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан,    шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналтын улсын байцаагч  Т.М-ий гаргасан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

        Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь Бельги улсаас хөшиг болон буйдангийн даавуун материал захиалгаар импортлон оруулж ирж, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг болно. 2019 оны 12 сарын 17-ны өдөр Буянт-Ухаа дахь Д Э  Э (DHL)-ийн салбараар дамжуулан ээлжит илгээмж буюу бараа татан авалтаа хийсэн болно. Ингэхдээ Ди Эйч Эл (DHL) гаалийн хяналтын бүсийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн П.Э-р гаалийн бүрдүүлэлтийг хийлгэж холбогдох татварыг төлсөн. “Э” ХХК-ийн зүгээс бүрдүүлэлт хийхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгсөн ба худалдагч талтай тохиролцсоны дагуу Инкотермс-ийн ДАП (DAP) олон худалдааны нөхцөлөөр илгээгдсэн байдаг. Тухайлбал Худалдагч тал ачааг худалдан авагчийн зөвшөөрсөн цэгт хүлээлгэж өгөх нөхцөлтэйгөөр илгээсэн бөгөөд тээвэрлэлтийн зардлыг бүрэн хариуцсан болно.

       Гэтэл тухайн гаалийн бүрдүүлэлтийг хянасан гаалийн улсын байцаагч  Т.Мий эүгээс тээврийн зардал гэж мэдүүлэгт бичсэн үнийн дүнг итгэл үнэмшилгүй байна гэх шалтгаанаар буцаасан. Гаалийн бүрдүүлэлт хийхэд тээврийн зардлын талаарх мэдээллийг тусгасан баримтыг гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд гаргаж өгөхдөө Гомдол гаргагчийн зүгээс өгсөн тайлбар мэдээллийг хайхралгүй 220.18 ам.долларын тээврийн зардлыг тусгасан байдаг. Бүрдүүлэлт хийх явцад гаргаж байсан Э ХХК болон Д э Э  Г-вэй компанийн зүгээс гаргасан тайлбаруудаас гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн алдаатай үйл ажиллагаа явуулсан нь тодорхой байхад гаалийн улсын байцаагч үүнийг үл харгалзан санаатайгаар Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл оногдуулна гэж үндсэн зарчмыг зөрчсөн. Нөгөө талаар мөн Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4- т Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна. гэж заасан нэг тээвэрлэлт, нэг гаалийн мэдүүлэгт хамаарах нэг зөрчилд нэг шийтгэл оногдуулах байсан.

        Гаалийн улсын байцаагч дээр дурдсанчлан хууль бус үйл ажиллагаа явуулж  Э ХХК- д шийтгэл ногдуулсан талаараа огт мэдэгдээгүй улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ. гэж заасныг зөрчиж Э ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

         Э ХХК-ийн зүгээс Гаалийн улсын байцаагчийн шийтгэл ногдуулсан талаар Гаалийн ерөнхий газраас шийтгэлийн төлбөрийг барагдуулах талаар утсаар холбогдож олж мэдсэнээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон. Улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар зөрчлийн хэрэг Нийслэлийн прокурорын газраас хянагдаад буцаж ирсэн байсан тул 2020 оны 02 сарын 21-ний өдөр Улс хоорондын шуудан илгээмжийн газарт шийтгэлийн хуудастай танилцсан болно.

         Иймд Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-д Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 6.11, ... дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналтын улсын байцаагч  Т.Мий 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

       Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын бичиг баримтын Гаалийн улсын байцаагч  Т.М нь  Э ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу ногдуулсан ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

         Зөрчлийн нөхцөл байдал: 2019 оны 12 дугаао сарын 17-ний өдөр Бельги 12-2151003-19-106103 тоот мэдүүлгийн дугаартай I-05-19-017400-A-0058 I-05-19-017400-A-005 тоот манифест дугаартай Бельги улсаас ирсэн 2234.93 ам доллар үнийн дүнтэй нийт 96.5 кг жинтэй нэхмэл даавууг Гаалийн байгууллагад мэдүүлэхдээ тээврийн зардлыг 220.18 ам доллар гэх зөрүүтэй баримтыг, мөн 77797967 дугаартай аэрбилл гэх 594.88 еврогийн үнийн дүнтэй 3 хуудас баримтыг өгч гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр тээврийн зардлыг дутуу мэдүүлсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн байна.

           Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

        1. Гаалийн тухай хуулийн ерөнхий анги 2.2 дахь заалтыг үндэслэн хүн, хуулийн этгээд тус бүр шийтгэл оногдуулах гэх заалтыг үндэслэл болгосон

         2.  Э ХХК нь барааг мэдээллийн сүлжээгээр гаалийн байгууллагад мэдүүлэхдээ тээврийн зардлыг дутуу мэдүүлсэн нь тогтоогдож байна” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Өдрийн мэнд хүргэе. Эхний ээлжид гаалийн бүрдүүлэлт гэдгийг товч бөгөөд тодорхой хэлье. Гаалийн бүрдүүлэлт гэж хилээр нэвтэрч байгаа барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс эхэлдэг. Нэгдүгээрт мэдүүлнэ, хоёрдугаарт гаалийн бичигт баримт шалгах, гуравдугаарт бараа тээврийн хэрэгслийг шалгах, дөрөвдүгээрт гаалийн болон бусад татварыг ногдуулж барагдуулах, үүний дараа илгээмж хүлээн авагч ачаагаа авдаг. Э ХХК-ийн нэхэмжлэл дээр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан буюу Гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэл ногдуулсан. Ямар гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн вэ гэхээр, барааг мэдүүлэхдээ Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгтээ барааны дагалдах бичиг баримтыг хавсаргаж гаалийн байгууллагад өгнө гэж заасан байдаг. Гэтэл гаалийн улсын байцаагч  Т.М нь 900 кг ачааг 230 долларын тээврийн зардалтай гэж мэдүүлдэг нь итгэл үнэмшил муутай байх бөгөөд үнэн зөв мэдүүлэхийг мэдэгдэхэд ДАП нөхцөлтэй гэж хариулсан. Үүний дагуу ДАП нөхцөлтэй бол барааны дагалдах бичиг баримтыг хавсаргаад авч ирэхийг шаардсан. Барааны бичиг баримтыг хавсаргаж авчирч өгөөгүй бөгөөд энэ нь Гаалийн тухай хуулийг зөрчсөн зөрчил мөн тул зөрчилд тооцсон. Хоёрдугаарт, мэдүүлэгч П.Э-д шийтгэл оногдуулсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж заасан үндсэн зарчмыг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Мэдүүлэгч нь Зөрчлийн тухай 11.21 дүгээр зүйлийг зөрчиж, ажилдаа хайнга хандсан, харин гомдол гаргагч нь бүртгэлийн мэргэжилтэнд худал бичиг баримт бүрдүүлэн өгч, бичиг баримтыг дутуу гаргаж өгсөн байгаа. Энэ нь 1 заалтад 2 хүнийг торгож болохгүй гэсэн зүйл байхгүй. Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна. гэж заасны дагуу  Т.М нь 2 этгээдэд шийтгэл ногдуулсан байна.

          Гомдол гаргагч П.Э-д шийтгэл ногдуулсан хэргийн материалтай танилцсан байгаа. Мэдүүлэгч П.Э гаргасан тайлбартаа энэ хүмүүсээс бичиг баримт шаардахад шаардлага мэдээллийг өгөөгүй, зүгээр энэ болно гэж хэлсэн гэсэн. Хоёрдугаарт, ДАП нөхцөлтэй үнийн нэхэмжлэх нь гаалийн байгууллагад шаардлага хангаагүй буюу эх хувь, албан ёсны и-мэйл биш байсан буюу канондсан баримт байсан тул шаардлага хангасан баримт гэж үзээгүй учир  Т.М байцаагч шийтгэл ногдуулсан. Энэ бүгдээс харахад мэдүүлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Орчин цагт гаалийн байгууллагад мэдүүлэхдээ хуурамчаар материал бүрдүүлэх түгээмэл зөрчил гардаг. Хэргийн материалаас танай үнийн нэхэмжлэлийг харахад шаардлага хангахааргүй байна лээ. Ямар ч хүн харахад шаардлага хангасан үнийн нэхэмжлэл гэж үзэхгүй байх. Тийм учраас гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

         Гомдол гаргагч  Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Т.А Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналтын улсын байцаагч  Т.Мий гаргасан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ.

      Тэрээр гаалийн бүрдүүлэлт хийлгэн, тээврийн зардлын талаарх мэдээллийг тусган дагалдах баримтуудыг гарган өгч, татвараа төлсөн байхад тээврийн зардлыг зөрүүтэй мэдүүлсэн гэж шийтгэл оногдуулсан нь хууль бус гэж, харин хариуцагч Гаалийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон тул хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж тус тус маргаж байна.

        Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарыг хэлэлцээд зөрчил тогтоогдсон эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж дүгнэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэв.

          Гомдол гаргагч  Э ХХК Бельги улсаас хөшиг болон буйдангийн материал захиалгаар импортлон оруулж борлуулдаг бөгөөд ээлжит бараа татан авалтаа хийж 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Буянт ухаа дахь Д  Э Э (DHL)-ийн салбараар дамжуулан гаалийн бүрдүүлэлтийг хийжээ.

          Гэтэл хариуцагч улсын байцаагч Гаалийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн ерөнхий үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-д зааснаар  Э ХХК-ийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний, харин DHL гаалийн хяналтын бүсийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн П.Э-ыг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгосон байна. 

     Хариуцагч эрх бүхий гаалийн улсын байцаагч 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд[1]: “..Бельги улсаас ирсэн 2234.93 ам долларын үнийн дүнтэй, нийт 96.500 кг 5515.99.00 БТКУС кодтой нэхмэл даавууг гаальд мэдүүлэхдээ тээврийн зардлыг 220.18 ам доллар гэх зөрүүтэй баримт, мөн 77797967 дугаартай INTERNAL AIRWAYBILL гэх 594.88 еврогийн үнийн дүнтэй 3 хуудас баримтыг өгч Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан мэдүүлэх журмыг зөрчсөн нь гэрчийн мэдүүлэг холбогдогчийн гаргаж өгсөн тайлбар зэргээр давхар нотлогдож байна....” гэж дүгнэн дээрх шийтгэлийг оногдуулжээ.

          Гэвч мэдүүлэг гаргагчаас Гаалийн мэдээллийн санд мэдүүлсэн мэдээлэлд[2] нийт тээврийн зардал 510.30 ам доллар, нийт татвар 1225817 төгрөг гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд энэхүү татварыг уг мэдээллийн санд мэдүүлсэн 510.30 ам доллараар тооцож авсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.

          Үүнээс үзэхэд  Э ХХК бараа бүтээгдэхүүнээ импортоор оруулж ирэхдээ тээврийн зардлыг зөрүүтэй мэдүүлсэн гэх зөрчил нь хангалттай тогтоогдсон эсэх байдлыг нэмж тодруулах шаардлагатай гэж үзнэ.

          Өөрөөр хэлбэл гомдол гаргагч компанийн гаалийн мэдээллийн санд мэдүүлэхдээ бүрдүүлж өгсөн дагалдах бичиг баримтын жагсаалтыг хариуцагч гаалийн улсын байцаагч  Т.М хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.

          Энэхүү дагалдах бичиг баримтад[3]  гаалийн мэдүүлэг гаргагчийн зүгээс баглаа боодлын жагсаалт, гадаад төлбөрийн нэхэмжлэл, ачаа дагалдах хуудас, бусад холбогдох бичиг баримтууд байгаагийн дотор DHL компанийн ерөнхий нягтлан бодогчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт” хүргүүлсэн 2015106962 тээврийн тодорхойлолтод “Бельги улсаас  Э ХХК-ийн нэр дээр ирсэн шуудангийн тээврийн зардалд 383.47 евро төлсөн болохыг Бельги улсын DHL-ийн ажилтан....с ирсэн имейлийг үндэслэн тодорхойлов.” гэжээ.

          Түүнчлэн хариуцагч  Т.М дээрх гаалийн бүрдүүлэлтийг хийсэн DHL дэх гаалийн хяналтын бүсийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн П.Э Э ХХК-ийн оруулж ирсэн барааг гаальд мэдүүлэхдээ тээврийн зардлыг зөрүүтэй дутуу мэдүүлсэн зөрчил үйлдсэн гэж үзэж торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

          Нөгөө талаар импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг зөрүүтэй эсхүл дутуу мэдүүлсэн баримт байгаа бол энэ нь  Э ХХК-ийн буруу юу эсхүл гаалийн бүрдүүлэлт хийсэн бүртгэгдсэн мэргэжилтний буруу байсан уу гэдгийг тогтоолгүйгээр тус бүр шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай байна.

          Мөн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн материалд авагдсан баримтууд зөрүүтэй байхад түүнийг тодруулах ажиллагаа хийлгүйгээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

          Тухайлбал хариуцагч бүртгэгдсэн мэргэжилтэн тээврийн зардлыг 220.18 ам доллар гэж мэдүүлснийг зөрүүтэй буюу дутуу мэдүүлсэн гэж үзсэн, гэтэл гомдол гаргагч  Э ХХК-ийн гаалийн мэдээллийн санд бүрдүүлж өгсөн баримтаас үзэхэд нийт тээврийн зардал 510.30 ам доллар гэж мэдүүлсний дагуу татварыг тооцож авсан, түүнчлэн DHL-ийн ерөнхий нягтлан бодогчоос тээврийн зардалд 383.47 евро төлснийг нотолж баримт ирүүлсэн зэрэг зөрүүтэй баримтуудыг нягтлан шалгаж тодруулах зайлшгүй шаардлагатай байсан гэж дүгнэв.

          Түүнчлэн хариуцагч гомдлын шаардлагын хариуд “...Гаалийн тухай хуулийн ерөнхий ангийн 2.2 дахь заалтыг үндэслэн хүн, хуулийн этгээд тус бүр шийтгэл оногдуулах гэх заалтыг үндэслэл болгосон” гэж тайлбар[4] ирүүлсэн нь ойлгомжгүй байна.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Э ХХК Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.3.2-т заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-д зааснаар шийтгэл оногдуулсан гэж  шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарлаж байна.

          Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгтээ барааны дагалдах бичиг баримтыг хавсаргаж гаалийн байгууллагад өгнө.”, 60.3-д “Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор дараахь бичиг баримтыг гаалийн байгууллагад өгнө:”, 60.3.2-т “тээврийн бичиг баримт;” гэж тус тус хуульчилсан байна.

           Мэдүүлэгчийн гаалийн мэдээллийн санд бүртгүүлэхээр өгсөн дагалдах бичиг баримт болох баглаа боодлын жагсаалт, гадаад төлбөрийн нэхэмжлэл, ачаа дагалдах хуудас, DHL компанийн ерөнхий нягтлан бодогчийн шуудангийн тээврийн зардал төлсөн тухай тодорхойлолт, илгээмжийн жин тодорхойлох хуудас, тээврийн зардлын нэхэмжлэл, төлбөрийн даалгавар зэрэг баримтууд нь хуулийн дээрх заалтад заасан үүргээ хэрэгжүүлж шаардлагатай баримт материалыг бүрдүүлж өгсөн гэж үзэхээр байна.

          Гагцхүү дээрх бүрдүүлж мэдүүлсэн баримтуудаас гадна ямар үндэслэлээр тээврийн зардлыг зөрүүтэй, дутуу мэдүүлсэн гэж үзсэн нь тодорхойгүй байх тул гомдол гаргагч  Э ХХК (мэдүүлэгч)-ийн зөрчил тогтоогдсон гэх үйл баримтын нөхцөл байдлыг дахин шинэ акт гаргах байдлаар тодорхой болгох шаардлагатай гэж дүгнэв.

          Өөрөөр хэлбэл импортлогч бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг зөрүүтэй буюу дутуу мэдүүлсэн байж болох ч энэ үйл баримт нь мэдүүлэгчийн буруу мэдүүлсэнтэй эсхүл бүртгэгдсэн мэргэжилтний буруутай ажиллагаанаас болсныг тогтоолгүйгээр хариуцлага оногдуулах боломжгүй.

          Түүнчлэн хариуцагч эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хариуцлага оногдуулсан тухай холбогдогчид танилцуулж мэдэгдээгүй, оролцогчийн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах эрхээр хангаагүй байна.

          Мөн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор  Э ХХК-ийн жолооч ажилтай Н.Ч-ыг компанийн олгосон итгэмжлэлийн дагуу тогтоосон гэх боловч тус компаниас олгосон итгэмжлэл[5] нь зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан хугацааны дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр огноотой байгааг тэмдэглэж   байна.

          Харин гомдол гаргагчийн зүгээс энэхүү шуудан илгээмжийг олон улсын худалдааны ДАП(DAP) нөхцөлөөр илгээсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаар байгуулсан гэрээ хэлцлийг нотлох баримтаар ирүүлээгүй тул гомдлын шаардлагад холбогдуулан дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

          Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд зөрчил үйлдэгдсэн гэх нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай байх тул шүүхээс маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн хэмээн үзэх боломжгүй байна. 

 Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.3-д заасныг үндэслэн Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналтын улсын байцаагч  Т.Мий гаргасан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналтын улсын байцаагч  Т.Мий 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *******  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР

 

           

 


[1] Хавтаст хэргийн 47 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 55 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 50 дугаар хуудас