Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч Б.О

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2222000000017 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ....... оны ........ дүгээр сарын ........-ний өдөр төрсөн, ........, .................мэргэжилтэй, ам бүл ........., ............ хамт ............ аймгийн ........ сумын ........... баг, ......... тоотод оршин суух, ............ ажилтай, .............., .........., ******* гэв

 

            Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суман дахь Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэх явцдаа тухайн нэгдсэн эмнэлгийн нярвын өрөөний гадна талын цонхны тавцан дээр байсан гээгдэл эд хөрөнгө болох иргэн Ц.Цын эзэмшлийн Самсунг А50 маркийн гар утсыг завшсаны улмаас бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн мэдүүлэгтээ “Би тухайн үед нэгдсэн эмнэлэг орж ажлынхантайгаа цагаан хорхойн шинжилгээ өгөх гээд явж байсан юм. Тэгэхэд 10-12 цагийн хооронд цагдаагийнхан өгнө гээд манайхан маргааш өгнө гэсэн. Тэгээд ажлын хоёр хүнтэй байж байхад цонхон дээр нэг утас байж байсан. Эргэн тойронд нь ямар ч хүн байхгүй байхаар нь би авсан. Би яваад удалгүй буцаад иртэл цагдаа болсон байсан. Би ажил ихтэй, утас нь дуугараад байхаар нь сүлжээг нь хаасан. Өөр бодсон зүйл байхгүй” гэв.

            Хохирогч Ц.Ц-ын “...Би 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн удирдлагын үүдний гадна талд цэвэрлэгээ хийгээд байж байхад манай ажлын Б миний халаасанд байсан гар утас чинь уналаа ш дээ гэж хэлээд авч байсан юм. Би тухайн үед ажил хийж байсан болохоор Бд хандаж “чи аваад цааш нь тавьчих” гэж хэлээд тухайн үедээ ажилтай байж байгаад мартчихсан байсан. Тэгээд утсаар ярих гэтэл утас байхгүй байхаар нь хамт ажил хийж байсан Баас өөрийнхөө утсыг асуутал Б надад “чиний утсыг халааснаас чинь унах гэж байхад би аваад нярвын өрөөний гадна талын цонхон дээр тавьсан” гэсэн. Тэгэхээр нь утсаа авах гээд очтол утас байхгүй байсан. Тэгэхээр нь тэнд байсан нярав Б-ийн 88595577 гэсэн дугаараас миний 89216097 гэсэн дугаар луу 4 удаа залгахад миний утас дуудаж байгаад холбогдохоо байсан. Тэгээд манай ажлын Б нэгдсэн эмнэлгийн телекамерыг шүүж үзчихээд надад хандан “чиний гар утсыг хар өнгийн гадуур хувцастай эрэгтэй хүн аваад явсан байна” гэж надад хэлсэн. Тэгээд манай ажлын боловсон хүчин М гэх хүн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний утас тухайн үед асаалттай, цэнэг нь дуусаагүй 50%-тай байсан. Би гар утсаа 2021 оны 10 сард Сайнцагаан сумын төвд байх гар утасны дэлгүүрээс 450.000 төгрөгөөр худалдан авч байсан. Самсунг А50 маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

Гэрч Б.Б-ы “2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Цэцэгбаяр бид хоёр Нэгдсэн эмнэлгийн удирдлагын байрны урд талын үүдний хогийг цэвэрлэж байсан юм. Тэгсэн Цэцэгбаярын өмсөж байсан ажлын хувцасны халааснаас гар утас нь унах гээд байхаар нь өөрт нь хэлээд халааснаас нь гар утсыг нь аваад нярвын өрөөний цонхны гадна талын тавцан дээр тавьчхаад Цэцэгбаяр бид хоёр тус тусын ажлаа хийгээд явцгаасан. Төд удалгүй Цэцэгбаяр надаас “миний утас хаана байна” гэж асуухаар  нь “би хог цэвэрлэж байгаад чиний халааснаас чинь унах гээд байхаар нь аваад нярвын өрөөний цонхон дээр тавьсан, чамайг мэдэж байгаа гэж бодоод явсан ш дээ, би бас тухайн үед чамд утсаа ав гэж хэлэхээ мартсан байна” гэж хэлээд гар утас тавьсан газар нь очиж үзэхэд байхгүй байсан. Би тэгээд нэгдсэн эмнэлгийн хяналтын камер шүүж үзтэл гадуураа хар өнгийн хувцастай эрэгтэй хүн ирж аваад  явж байгаа нь бичигдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19/

Гэрч Ц.Ш-ын “Би өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 11 цаг өнгөрч байхад аймгийн нэгдсэн эмнэлэгт цагаан хорхойн шинжилгээ өгөх гэж очсон. Тухайн үед манай ажлын Оюунаа, Базаргүр болон манай эхнэр Буяндэлгэр бид 4 очсон. Тухайн үед шинжилгээ авахгүй гэхээр нь буцаж ажил дээр очоод байж байтал надтай хамт ажилладаг Базаргүр гаднаас ганцаараа орж ирээд “би ийм утас оллоо” гээд халааснаасаа хүрэн өнгийн гэртэй, хар өнгийн утас гаргаж ирсэн юм. Манай эхнэр Буяндэлгэр нэгдсэн эмнэлгээс миний эрүүл мэндийн картыг авах гэж явсан. Тэгсэн төд удалгүй байж байгаад над руу залгаад “эндээс гар утас алга болсон байна гээд байна, тэр гар утсыг харсан уу” гэж асуухаар нь би эхнэртээ хандаж “тэр утас чинь Базаргүрт байна” гэж хэлээд би Базаргүрийг дагуулаад эмнэлэгт очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

Гэрч Э.О-ийн “Би тухайн өдөр нэгдсэн эмнэлэгт цагаан хорхойн шинжилгээ өгөх гэж очсон. Тухайн үед надтай хамт ажилладаг Буяндэлгэр, Шинэцэцэг хоёр нэгдсэн эмнэлгийн нярвын өрөөнд түрүүлж ороод би болон хамт явсан Базаргүр, Шатарбазар бид гурав нярвын өрөөний гадна үүдэнд нь хүлээж байгаад Шинэцэцэг, Буяндэлгэр хоёрыг гарч ирэхээр нь ажил руугаа явцгаасан. Ажил дээр ирээд хувцсаа сольчхоод байж байтал Базаргүр араас орж ирээд хүрэн өнгийн гэртэй гар утас гаргаж ирээд “би ийм утас оллоо” гэж хэлсэн. Удалгүй Шинэцэцэгийн гар утас руу Буяндэлгэр залгаад утас олсон уу гэж ярьсан. Тэгээд Базаргүр тухайн олсон гэх утсаа аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2022 оны 06 дүгээр сарын 06-ны өдрийн 128 дугаартай дүгнэлтэд “Самсунг А50 маркийн гар утас 400.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 28-29/

Гэмт хэргийн тараах гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн  эд зүйл хураан авсан тэмдэглэлд “*******-ээс самсунг А50 маркийн гар утас хураан авав” гэжээ.  /хх-ийн 5/

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “алдагдсан гэх гадуураа хүрэн өнгийн гялгар гэртэй, хөх саарал өнгийн самсунгийн А50 маркийн гар утас байлаа. Тухайн утасны дэлгэцийн шилэн наалт нь доод ирмэг хэсгээрээ хагарсан байв. Тухайн гар утсыг асааж үзэхэд USIM” картын түгжээг тайлах PIN-г оруулах /4-8 оронтой/ шаардлагатай байх ба тухайн гар утас 41 хувийн цэнэгтэй байлаа. Гар утсыг хохирогч Ц.Ц-т хүлээлгэн өгөв” гэжээ. /хх-ийн 7/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Аймгийн төвийн нэгдсэн эмнэлгийг нярвын өрөөний үүд хэсэг рүү харсан камерын бичлэгт үзлэг хийв. Үзлэг хийсэн хяналтын камер нь өөр дээрээ бичлэгээ хураадаг хяналтын камер байсан бөгөөд тус камер нь ертөнцийн зүгээр зүүн зүг рүү буюу нэгдсэн эмнэлгийн няравын өрөөний үүд болон ойр орчмыг харуулсан байрлалтай байв. Тус камерын бичлэгт 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг 21 минутад нярвын өрөө байдаг гэх хэсэг рүү амны хаалт зүүсэн нэг эмэгтэй, хоёр эрэгтэй ирж байв. Тухайн гурван иргэн нярвын өрөө байдаг гэх хаалганы гадна үүдэнд зогсож, тухайн гурван иргэний нэг нь буюу цэнхэр өнгийн амны хаалт зүүсэн, дээгүүрээ малгайтай хар өнгийн куртик, хар хөх өнгийн өмд, хагас түрийтэй гутал өмссөн эрэгтэй хүн тухайн өрөөний хаалганы ертөнцийн зүгээр баруун талд нь урд зүг рүү харсан цонхны гаднын талын тавцан дээрээс хүрэн өнгийн утас мэт зүйлийг авч үзэж байгаад өмсөж явсан куртикнийхээ баруун халаасанд хийж авч явсан дүрс бичигдсэн байв” гэжээ. /хх-ийн 11/

          Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоолууд /хх-ий 4, 13/

          Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэргийг шинжлэн судлав.

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нярвын өрөөний цонхны гадна талын тавцан дээр тавиад мартсан хохирогч Ц.Ц-ын самсунг А50 маркийн гар утас алдагдсан үйл явдал болсон байна.

 

          Дээрх гар утсыг шүүгдэгч ******* нь нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж байхдаа авч явсан болох нь гэрч Э.О, Ц.Ш нарын мэдүүлэг, камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

          Хохирогч Ц.Ц-ын мартсан утсыг олж авсан шүүгдэгчийн үйлдлийг бусдын гээгдэл эд хөрөнгийн олсон гэж үзнэ. Харин хохирогч нь бусдын гар утсаар өөрийн утас руугаа залгахад шүүгдэгч нь дуудлагыг хүлээн аваагүй, сүлжээг нь хааж дуудлага хүлээн авах боломжгүй болгож байгаа нь уг олсон гээгдэл эд хөрөнгийн эзэнд нь буцаан өгөхгүй байх санаа зорилгыг агуулж байгаа бөгөөд энэ шинжээрээ Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

          Иймд шүүгдэгч *******-ийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.

 

          Шүүгдэгчийн үйлдэлд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа нь Эрүүгийн  хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

          Шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвар алдалд 60 хувиар тогтоогдсон болох нь хэрэгт авагдсан эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр тогтоогдож байх тул эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн  хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр нь оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан байдал, орлого олох боломж зэргийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн завшсан гэх самсунг А50 маркийн гар утсыг хураан авч хохирогч Ц.Ц-т хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Хэрэгт Дундговь аймгийн  нэгдсэн эмнэлгийн нярвын өрөөний үүд хэсэг рүү харсан камерын бичлэгийг CD-д хуулбарлан ирүүлсэн байх тул уг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1.Шүүгдэгч ......... овгийн *******-ийг бусдын гээгдэл эд хөрөнгө буюу самсунг А50 маркийн гар утсыг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ......... овгийн *******-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт хураан авсан CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн 2222000000017 дугаартай хэрэгт хавсаргасугай.

          7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХБАТ