Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/390

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс: 166/2020/0376/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагч  Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Н.Н.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Н.Г-т холбогдох эрүүгийн 2018000000406 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй “***************" авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл-3, оршин суух, ял шийтгэлгүй, Н.Г-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Н.Н.Г- нь 2020 оны 08 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Киви зочид буудал”-ын гадна талбай дээр сууж байсан М.М.Б-ын Huawei Y-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Н.Н.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Киви зочид буудлын гадаа 2 хүн зодолдоод байсан. Тэгээд би тэр хүмүүсийг салгаж оруулчихаад гараад ирсэн, хохирогчийн хойно гар утас унасан байсныг авсан.” гэв.

Эрүүгийн  2018000000406 дугаартай хэргээс:

Хохирогч Н.М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Киви буудлын гадаа сандал дээр суугаад тамхи татаж байсан тэр үедээ би өөрийн Хуавэй-7 маркийн гар утсаа аваад гарсан байсан би гадаа О- юм яриад ноцолдоод байсан. Бас нэлээн архи уусан болохоор сайн санахгүй байна. Тэгсэн утсаа унагасан юм шиг байна лээ. тэгээд миний утас алга болчихсон байсан. Би ямар ч байсан тэнд утсаар ярьж байснаа санаад байгаа юм.” гэх мэдүүлэг /хх 4/,

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “”Huawei Y-7 маркийн гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг нь 400000 төгрөг /хх 11-12/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 01/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 08/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 09/,

Шүүгдэгч Н.Н.Г-ийн эзэмшил, өмчлөлийн газартай эсэх лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 26-31/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 34-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч 2020 оны 08 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Киви зочид буудал”-ын гадна талбай дээр сууж байсан М.М.Б-ын Huawei Y-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

Шүүгдэгч Н.Н.Г- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Н.Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Н.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч М.М.Б-ад 400000 төгрөг учирсан бөгөөд  хохирогч нь хохирол төлбөрөө барагдуулж авсан нь “эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /хх 09/-ээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Н.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.Н.Г-ийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар шүүгдэгч Н.Н.Г- нь тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Н.Г- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            5.Шүүгдэгч Н.Н.Г- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ