Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/610

 

                                                                                                                      

     2022         04          25                                     2022/ШЦТ/610

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч А.Марал,   

Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Хохирогч Д.Ү, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр, хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гад холбогдох эрүүгийн 2206 00413 0933 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 311 дүгээр байрны 12-1206 тоотод өөрийн салсан эхнэр Д.Үгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ очиж түүний эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 1,677,800 төгрөгийн хохирол учруулсан,

мөн уг гэмт хэргийг үйлдэх үедээ хохирогч Д.Үгийн эзэмшлийн Е2392534 дугаар бүхий “Доржбаатар овогтой Ү” гэх гадаад паспортыг шатаах үйлдлээр устгасны улмаас 36,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                       

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00413 0933 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Д.Г нь “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг, “баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Д.Үгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2022 оны 01 сарын 10-ны өдөр өөрийн гэр болох БЗД-н 26 дугаар хороо 331-1206 тоотод 22 цаг өнгөрч байхад найз Нарантуяагийн хамт байж байхад миний салсан нөхөр Г 2 хүүхэд нь ковид туссанд уурлаад ирсэн. Би өдөр нь Гад 2 хүүхэд ковид туссан гэж хэлсэн байсан. Тэгээд гэрт орж ирээд сууж байсанаа аягаар ширээ цохиод надад “чи архи дарс уудаг, чиний найзууд бүтэхгүй, бүтэхгүй хүмүүстэй нийллээ” гэж уурласан. Маргаан болж байхад Нарантуяа найз залуугийн хамт гэрээс гараад явсан. Би мөн гэрээс гараад явах гэхэд надруу аяга шидсэн. Дараа нь хаалган дээр очоод намайг гаргахгүй гээд гэрийн үүдний хэсгийн хувцасны шүүгээний хаалгыг миний хажууд ирээд миний хажуу талаар намайг цохих гэж байгаа юм шиг гараараа цохиод, өшиглөөд эвдсэн. Мөн гэрийн хаалга олон удаа өшиглөөд бүргэд хаалганы цоожийг эвдсэн. Би 00-ын өрөөнд ороод гар утсаараа цагдаа дуудсан чинь араас 00-ын өрөөнд орж ирээд угаалтуур өвдгөөрөө өвдгөлж хагалсан. Тэгээд хагархай хэсгийг нь гартаа бариад энд хамт үхье гэж сүрдүүлээд миний гэдэсрүү угаалтуурын хагархай хэсгээр чичлээд байсан. Тэгээд байрны рессепшин манаачийн хамт ирээд хаалга тогшоод би тусламж гуйгаад тухайн хүмүүс гэрт орж ирээд намайг авч гарсан. Хөрш айлууд рессепшинд дуудлага өгсөн байсан. Би нэг давхарт буусан байхад Г гэрт рессепшингийн хамт үлдсэн бөгөөд хувцасны өрөөний шургуулгыг эвдээд шүүгээнд байсан миний гадаад паспортыг шатаасан байсан. Намайг зодож цохиж надад гэмтэл учруулаагүй.

Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх хэлтэс дээр ирээд эрүүлжүүлэхэд хоносон байсан. Би архи согтууруулах ундааны зүйл мөн хэрэглэсэн байсан. Би 2022 оны 01 сарын 20-ны өдөр Дубай руу найзуудын хамт нисэхээр виз гарсан байсан. Г намайг Дубай явах гэж байгааг хүүхдүүдээс мэдээд явуулахгүй гэхдээ гадаад паспорт шатаасан байх.

Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хамт амьдраад 7 жил болсон. Би 2017 онд нөхрөөсөө тусдаа амьдраад 5 жил болж байна.

Гын эвдэлсэн манай гэрийн эд зүйлийн үнэлгээ гарсан. Хохирол 1.713.800 төгрөг гарсан. Г хохирлын мөнгө гэж 2.000.000 төгрөг уучлаарай миний буруу гэж бичээд шилжүүлсэн байсан. Надад нэхэмжпэх зүйл байхгүй харин гомдолтой байна. Хуульд заасан арга хэмжээ авч өгнө үү. Би айж байна. Эрх чөлөөтэй амьдармаар байна Хувийн орон зайд халдаж, гар утсыг минь үзэж шалгадаг, найз нөхөдтэй уулзахыг хязгаарладаг, зөвхөн гэртээ хүүхдээ хар гэж албаддаг, ажил хийлгэхгүй гэртээ л бай гэдэг. Гэрийн гадна сахиж байдаг гэх мэтээр байнга миний эрхийг хязгаарлаж байгаад маш их гомдож явдаг. Энэ хүний дарамт, хүчирхийлэл нь хамт амьдарч байхдаа болон салсанаас хойш үргэлжилж байгаа, салахаас өмнө зоддог байсан. Одоо сүүлийн 1 жил гар хүрч зодоогүй бусад байдлаар хүчирхийлдэг асуудлаас нь болоод би сэтгэл зүйн хүнд дарамтанд байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

 

Гэрч Ч.Чаминцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би тухайн өдөр 24 цагийн ажпын ээлжтэй байсан бөгөөд орой 22 цаг орчимд байх оршин суугчдаас ресейпшний дугаар луу 331 дүгээр байрны 13 дугаар давхрын оршин суугч залгаад “манай дээд давхар юм уу, доод давхарт авраач, туслаач гээд орилоод байна. Та нар нэг шалгах юм биш үү” гэж дуудлага өгөөд С блокны ресейпшн Шинэцэцэг ирж надад хэлснээр бид хоёр харуулаа дуудаад дээшээ гараад 14 давхраас шатаар бууж шалгаад явж байхад 12 давхрын 1206 тоотын хаалга онгорхой завсартай байсан. Би хаалгыг нь 4 удаа тогшоод дотроос нь эмэгтэй хүн “та нар хаалга тогшоод байхаар ороод ирээч гэж хэлээд бид нар орж болох уу? гэж асуусан чинь ороод ир алах гээд байна” гэж хэлээд бид нар орсон чинь гэрийн үүдний хэсгийн шүүгээ эвдэрсэн доторх эд зүйлсийг эвдээд тараагаад хаясан байсан. Банын өрөө рүү ороход угаалтуурыг нь хагалсан, хагархай хэсгийг нь нэг сахалтай бүдүүн залуу гартаа бариад газар сууж байсан. Эхнэр нь душны хөшигний наана айгаад зогсож байсан. Бид нар “юу болов” гэж асуухад эхнэр нь энэ хүн ирээд агсам тавиад “гарах юм бол ална шүү гээд байна” гэж хэлсэн. Тэр залууг болохгүй гээд цагдаа дуудлаа шүү гэхэд “тэгээ тэг” гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан цагдаа 40 минутын дараа ирээд авч явах гэхэд цагдаатай маргаж байгаад эхнэртэй нь хамт цагдаа авч явсан гэх мэдүүлэг/хх-ийн 31/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “БЗД-н 26-р хороо, Саншайн хотхоны 331-12006 тоотод үүдний хаалгаар ороход ертөнцийн зүгээр зүүн талд 8 цагийн байрлалд үүдний хувцасны шүүгээний онгойдог 2 ширхэг хаалганы доод хэсэг цөмөрч хагарсан, 12 цагийн зүгт буюу урд зүгт байх ариун цэврийн өрөөнд гар нүүр угаадаг тосгуурын хэсэг хагарсан байдалтай, ариун цэврийн өрөөнөөс баруун тийш том өрөөний хэсэгт зочны ширээний хэсэг дээр аяга шаазан хагарсан байдалтай, ширээний тавцан цуурсан байв. Орох хаалганы баруун талд буюу 4 цагийн байрлалд гадаад паспорт шатсан байдалтай, үүний хойд талд хувцасны өрөөнд байрлах хувцасны шүүгээний шургуулга эвдэрсэн байдалтай байв. Мөн үүдээр орох хаалганы түгжээ эвдэрсэн байдалтай хаагдахгүй байв. 7 ширхэг зураг авсан болно” гэх тэмдэглэл, зураг /хх-ийн 5-11/,

 

Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №Б31-22-77 дугаартай:

“Үүдний хувцасны шүүгээний 2 хаалга /солих/ 700.000 төгрөг, угаалтуур 240.000 төгрөг, 2 ширхэг икеа таваг 21.600 төгрөг, 2 ширхэг шилэн аяга 4.800 төгрөг, 1 ширхэг цайны аяга 2.400 төгрөг, 1 ширхэг чихрийн сагс 9.000 төгрөг, хувцасны өрөөний шкафны шургуулга 7 ширхэг /солих/ 420.000 төгрөг, жижиг өрөөний хаалга 220.000 төгрөг, гадна хаалганы гол болон нугас 60.000 төгрөг, гадаад паспорт 36.000 төгрөг, нийт тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 1,713,800 төгрөгөөр үнэлэгдэв” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 34-37 /,

 

-Зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/,

-БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 4/,

-Эд зүйл, баримтыг хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт болох 1-2 дугаар хуудас нь шатаж үгүй болсон Е2392534 дугаарын гадаад паспорт /хх-ийн 12-14/,

-эвдэрсэн эд зүйлсийн гэрэл зураг /хх-ийн 38-49/

-хохирогч Д.Үгийн “... 2022 оны 1 сарын 11-ний өдрийн 12:41 цагт ХХБ-ны 460......58 тоот дансанд  2.000.000 төгрөгийг миний буруу уучлаарай гэх утгатай хийсэн болно...” гэх тайлбар /хх-ийн 92/,

- 2.000.000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны баримт /хх-ийн 99/,

 

Шүүгдэгч Д.Гын мөрдөн байцаалтад өгсөн:

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай эхнэр Ү нь Баянзүрх дуургийн 26 дугаар хороо 331 6-1206 тоот гэртээ найзтайгаа архи ууж байна архи аваад ир гэж дуудаад би гэрт нь очоод архи уугаад сууж байхад Үгийн утсанд мессеж ирээд байхаар нь уурласан. Мөн хоёр хүүхэд ковидтой байхад гадаад явна гээд байхаар нь уурласан. Үгийн утасруу мэссэж бичээд байсан хүнтэй өмнө би утсаар ярьж маргалдаж байсан. Би өдөр хоол идээгүй байсан тул амархан согтоод гэрийн эд зүйлсийг эвдсэн байсан Үгийн гадаад паспортын нүүрний хэсгийг мөн шатаасан байсан. Би согтуу байсан тул сайн санхгүй байгаа. Д.Ү учирсан хохиролд 2,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

 

Шүүгдэгч Д.Гын “Д.Г надад холбогдох Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар яллагдагчаар татсаныг миний бие хүлээн зөвшөөрч байна. Дээрх зүйл ангид холбогдох гэм буруугийн талаан маргаан байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан” гэх хүсэлт /хх-ийн 101/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, НДШ төлөлтийн тодорхойлолт, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 65-86/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Д.Үд учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 233 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Д.Гад холбогдох эрүүгийн 2206 00413 0933 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Гын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн талаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Д.Г нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг, хохирогчийн гадаад паспортыг шатааж “Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух” гэмт хэрэг  тус тус үйлдсэн болох нь хохирогч Д.Ү, гэрч Ч.Чаминцэцэг нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирол төлсөн баримт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Гын хохирогч Д.Үгийн эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.677.800 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн”,

хохирогч Д.Үгийн гадаад паспортыг шатаасан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийн гадаад паспортыг шатааж “Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух” гэмт хэрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Д.Г нь 1-т бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2-т хохирогчийн гадаад паспортыг шатаасан гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Д.Үгийн эд хөрөнгөд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан 1.713.800  төгрөгийн үнэлгээ бүхий эд  хөрөнгийн хохирол нь шүүгдэгч Д.Гын гэм буруутай үйлдэл байх ба уг үйлдлийн улмаас хохирогч Д.Үгийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч Д.Үгийн эд хөрөнгөд 1.713.800 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Д.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогчийн тайлбар, банкны баримтаар тогтоогдож байх учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шүүгдэгч Д.Гад тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хооронд нь нэмж нэгтгэн нийт 1.600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ялаар   тогтоож, 3 сарын хугацаанд төлж барагдуулах саналтай...” гэсэн,

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “ ...Улсын яллагчаас санал болгосон ял шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн. Төлж барагдуулах бүрэн боломжтой. Богино хугацаанд төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж буруу үйлдэл гаргахгүй...” гэсэн,

 

Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс “ ... улсын яллагч гэмт хэрэг тус бүрд нь торгох ял оногдуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хэргийг шилжүүлсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанарт тохирохгүй байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн эрх чөлөөтэй байдал нь хангагдах боломжгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Улсын яллагч нь энэ оногдуулахаар санал болгосон ял дээрээ нэмээд хохирогчтой уулзахгүй байх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн бол оновчтой байх байлаа. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй юм бол албадлагын арга хэмжээг нэмж хэрэглүүлэх саналтай байна. Тэгэхгүй бол хохирогчийн эрх чөлөөнд халдах үйлдэл байсаар байхаар байна. Эрүүгийн хариуцлага үр дүнгүй болно...” гэсэн санал тус тус гаргасан.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Д.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэрэг тус бүрд нь торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар нэмж  нэгтгэж тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Бусал асуудлаар:

Шүүгдэгч Д.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Дын Гыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Хохирогчийн гадаад паспортыг шатааж “Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Д.Гыг тус тус шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 1.600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гад оногдуулсан 1.600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Е2392534 дугаартай 1-2-р хуудас нь шатсан гадаад паспортыг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ