Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 01172

 

 

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2017/01172

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Ремикон ХХК /рд:5191823, Сонгинохайрхан дүүгийн 12-р хороо, Өнөр хороолол, 1-40 тоот хаягт байрлах/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Цонгоол овогт Энхбаярын Түвшинзаяа /рд: ШЗ87030714, Чингэлтэй дүүрэг, 16-р хороо, Согоотын 42 гудамж, 484 тоот хаягтай/-д холбогдох

Тэмээн цохио ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Ремикон ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ремикон ХК нь барилгын үндсэн материал болох бетон зуурмаг үйлдвэрлэж барилга угсралтын компаниудад бүтээгдэхүүнээ борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хөрөнгө оруулалт бүхий нээлттэй хувьцаат компани юм. Тус компани нь Тэмээн цохио ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу манай компаниас 2015 оны 08 дугаар сарын 17-ний өдөр 250 маркийн 24 мЗ бетон зуурмаг худалдан авсан.

Бидний зүгээс бүтээгдэхүүнийг цаг тухайд нь тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн бөгөөд худалдан авагч болох Тэмээн цохио ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг төлөлгүй өнөөдрийн байдлаар 5,641,200 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд уг маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18-07 тоот хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй тухай Засаг даргын тодорхойлолт ирсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан. Иймд тус хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тэмээн цохио ХХК /рд:5057027/ нь хаана оршин байрлаж үйл ажиллагаагаа явуулж байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хүсэлт гаргагч Ремикон ХХК-ийн төлөөлөгч М.Одбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ:

... Хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү /хурал давхацсан/. Уг ажиллагаа нь шүүхээс нотлох баримт цуглуулах бүрэн эрхийн хүрээнд хийгддэг тул хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг нотлох баримтаар үнэлж өгнө үү гэжээ

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Ремикон ХХК нь Тэмээн цохио ХХК /рд:5057027/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Ремикон ХХК-ийн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь Тэмээн цохио ХХК-ийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тодруулснааргэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн тодорхойлж буй хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тэмээн цохио ХХК нь Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18-07 тоот хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй учир хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /дугаар 102/ШЗ2016/27480/, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, түүнд хавсаргасан нэхэмжлэх, тооцоолол болон хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар хаяг нь тодорхой бус гэдэг нь тогтоогдож байна.

Иймд Тэмээн цохио ХХК-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тэмээн цохио ХХК-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Энхбаярын Түвшинзаяаг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоохыгСонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ремикон ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Тэмээн цохио ХХК-ийг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч Ремикон ХХК /утас:99018084/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН