Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/403

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                            Хэргийн индекс:166/2020/0388/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагч:  Г.Уянга,

Шүүгдэгч Б.О-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-эд холбогдох эрүүгийн 2018000000455 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 33 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Дархан-Уул аймаг дахь *************** салбарын захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Б.О-э,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.Б.О-э нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс плазагийн гадна иргэн Г.Г.Э-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Б.Б.О-э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б.О-э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс плазагийн гадна хохирогч Г.Г.Э-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Б.О-ийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2018000000455 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

            Хохирогч Г.Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн орчим гэрээсээ гараад найз Б- Дархан сумын 14 дүгээр багт байрлах Эрдэнэс плазагийн урд уулзах гээд гэрээсээ гарсан. Тэгээд явж байгаад Анагаах ухааны их сургуулийн урд талын уулзвар дээр найз А-, О- нартай таараад тэр хоёрын машинд суугаад Эрдэнэс плазагийн урд очиж зогсоод байж байтал таньдаг ах О- таараад машинд суугаад юм яриад байж байтал манай найз А- машинаасаа буугаад ЭЭ баарны урд талд очоод хүнтэй маргалдаж байхаар нь би очиж салгах гэтэл тухайн хүмүүс намайг түлхэж татаж чангааж унагаасан юм. Тэгээд би нэг мэдэхэд газар уначихсан нэг үл таних ах намайг босгоод яваарай, гэр рүүгээ хариарай гэж хэлж байсан юм. Миний үүдэн 2 шүд хөдөлсөн.” гэх мэдүүлэг /хх 09/,

            Гэрч Б.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчим Дархан сумын 11 дүгээр баг 8 дугаар байрны гадна сагс тоглож байгаад О- найзынхаа машинтай таксинд тойрч байгаад 23 цагийн орчим найз Г.Э-тэй таараад Эрдэнэс плазагийн урд О- ахтай очиж уулзъя гэхээр нь би за гээд очиж уулзсан. Тэгээд Г.Э-, О- ахын машинд суусан ба бид нар машины цонхоор хоорондоо ярьж байгаад Ой баарны урд тал руу харахад зүс таних Баяраа ах мөн шиг харагдахаар нь очиход биш байсан ба би “Б- ах биш үү” гэхэд би тэр Б- чинь биш гээд намайг түлхсэн, араас Г.Э- ирээд найзыгаа аваад явчихъя гэж хэлсэн чинь Г.Э-ийг голоор нь орж ирээд цохчихсон юм. Тэгээд эмнэлэг рүү явсан.” гэх мэдүүлэг /хх 11/,

            Гэрч П.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эрдэнэс плазагийн урд байх зогсоол дээр Т- гэх найзыгаа хүлээгээд зогсож байсан чинь манай байрны дүү болох Г.Э- хүрч ирээд бид 2 ойр зуурын юм яриад байж байсан чинь удалгүй Г.Э- Эрдэнэс плазагийн урагш найз руугаа яваад өгсөн юм. Тэгээд би найз болох Э- машинд нь юм яриад сууж байгаад нэг харсан чинь Г.Э- Эрдэнэс плазагийн үүдэнд шатны дээр газарт унасан байдалтай байж байхаар нь би машинаас буугаад очих гэтэл өөдөөс гүйж ирээд зөрөөд явчихсан юм.” гэх мэдүүлэг /хх 16/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 775 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Г.Г.Э-ийн биед нэг шүдний мултрал, хөдөлгөөнтэй, тогтох боломжгүй байдал тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Г.Г.Э-ийн биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 5 хувиар алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно. /хх 17-18/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/,

 

Хохирогч Г.Г.Э-д эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тухай хуудас /хх 16/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Б.О-ийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28-29/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 37-38/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б.О-э нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б.О-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсаныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Г.Г.Э-ийн “хохирол төлбөрөө барагдуулж авсан. Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. гэх тайлбараар /хх 47/ шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  бор өнгийн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Б.Б.О-э нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин орлоготой, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс  торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй тул оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр  хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.О-э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4.Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.О-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ