Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.*******од холбогдох 2123000000105 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймаг сум багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогтой *******ын ******* /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч З.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.*******тай “Амтгүй хоол хийж өглөө” гэх шалтгаанаар маргалдаж улмаар аяга авч шидэж, “Толгойн оройн ар дээд хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогтой *******ын ******* 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.*******тай “Амтгүй хоол хийж өглөө” гэх шалтгаанаар маргалдаж улмаар аяга авч шидэж түүний толгойд гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: З.******* аяга авч шидэн толгой руу нь цохисон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч С.*******ын “...2021 оны 06 дугаар сарын 29-ний ... 18 цагийн үед З.******* согтуу гэртээ орж ирсэн. Тухайн үед манай охин Б.******* бид хоёр гэрт байсан. Тэгээд гэртээ согтуу орж ирээд машинаа унаад айлд очно гээд байхаар нь машины түлхүүрийг охин бид хоёр нуугаад өгөөгүй. Тэгээд би шөлтэй хоол хийж аягалж өгөхөд “Муухай хоол хийсэн байна” өөр юу ч хийж чаддаггүй гээд юм яриад байсан. Тэгээд юм ярьж дуусаад намайг хонио хараад ир гэсэн. Тэгэхээр нь би айлын хүүхдүүд хонио нааш нь гаргаад ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд би аяга таваг угааж байтал над руу ширээн дээр байсан нэг аягийг авч шидсэн. Тухайн аяга нь толгойн орой хэсэгт хүрсэн. Тэгээд толгойн орой хэсэг рүү гараараа дарахад цус урссан. Тэгээд би охинтойгоо хамт нойтон салфеткаар арчиж цусыг нь тогтоосон. ... Тухайн үед ...толгой өвдөөд байхаар нь эмч дуудсан...” гэсэн мэдүүлгээр, З.******* С.******* руу аяга шидэж толгойд нь цохисон талаар мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Б.*******ын “... Хойд аав болох З.******* айлд архи уугаад, гэртээ согтуу ирсэн. Тэгээд ээж аавд хоол хийж өгсөн. Тэгэхэд аав ээж рүү амтгүй хоол хийсэн байна дээр нь ээжийг ажилгүй гээд байсан. Тэгээд хэлж дуусаад хонио харсангүй гээд ээж рүү уурласан. Тэгээд ширээн дээр байсан аягыг аваад ээж рүү шидсэн. Тэгээд би ээжийн толгойноос цус урсаад байхаар нь очиж, цусыг нь арчиж тогтоогоод дараа нь боож өгсөн...” гэсэн мэдүүлгээр, “Нөхөртөө зодуулсан” гэх дуудлагаар гэрт нь очсон гэрч С.ийн “... 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ... *******ын гэр рүү 23 цаг 15 минутад ... очиход С.******* толгойгоо даавуугаар ороосон, толгой руу аяга шидээд хагалчихлаа гээд газарт хэвтэж байсан. Нэлээд цус алдсан, даралт нь ихэссэн байдалтай байсан. .... Толгойны орой хэсэгт үүссэн шарх байсан. Тухайн шарх нь хатуу эд зүйл болох аяга шидсэний улмаас үүссэн гэмтэл юм. Үүссэн шарх нь толгойн орой хэсэгт шархны урт нь 5см, гүн нь 2см шархтай юм... Архи уучхаад ийм зүйл хийсэн гэж ярьсан. Өөр зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.гийн “...Тухайн өдөр 20 цагийн үед над руу миний охин болох С.******* залгасан. Тэгээд утсаа аваад ярихад ******* миний толгой руу аяга шидээд хагалаад, цус нь тогтохгүй урсаад байна гэж уйлаад, зээ болох ******* толгойг нь боож өгсөн гэсэн. Тэгээд би сумын төвөөс эмч дууд гэж хэлсэн. Тэгээд ярьж дуусаад сүлжээ рүү гараад сумын төвөөс эмч дуудсан гэж ярьсан. Тэгээд тэр шөнө нь манайд 01 цагийн үед ******* толгойдоо оёдол хийлгээд ирлээ гэж зээ *******той цуг ирж хоносон... Миний охин утсаар ярихдаа ширээн дээр байсан аягыг аваад 1 удаа авч шидсэн гэж ярьсан. Өөр зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 000000040 дугаартай “... Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 000000223 дугаартай “Иргэн С.*******ын биед толгойн оройн ар дээд хэсэгт шарх гэмтэл учирсан байна. Дээрх шарх гэмтэл нь иртэй, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх шарх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл авсан гэх цаг хугацаанд авсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь иртэй, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Гадны ямар нэгэн цохилтын улмаас үүснэ. Иргэн С.*******ын биед учирсан толгойн оройн ар дээд хэсэгт шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч З.******* нь хохирогч руу аяга авч цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч З.******* нь хохирогч Б.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг гараараа цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд З.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь х охирогч Б.*******ын ”... гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч З.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний эд хөрөнгөөс битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогтой *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч З.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******од оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.******* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй 15000 /арван таван мянга/ тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. З.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ