Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/611

 

                                                                                                                      

 

     2022         04          25                                     2022/ШЦТ/611

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Н.Өнөрбаяр,   

Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Эд холбогдох эрүүгийн 2206 00844 0886 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайхан” хотхоны 76 байрны гадна хохирогч С.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хөлөөрөө нүүр хэсэгт нь өшиглөж хамар яс, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дух, баруун чамархайд зөөлөн эдийн гэмтэл, духанд няцарсан шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун дээд зовхи, баруун долоовор хуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                             

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00844 0886 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Ш.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2022 оны 02 сарын 29-ний өдөр 22:00 орчим би гэрээсээ гараад байрны доор байдаг дэгүүрт юм авах гэж орсон. Тэнд байрны найз Этэй тааралаад бид хоёр юм яриж суухаар болоод дэлгүүрээс 0,5 граммын чингис архи 0,33 граммын сөжү архи худалдаж аваад. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо сайхан хотхоны 76 байрны гадаа найз Аарийгийн машин дотор Э бид хоёр дэлгүүрээс авсан архиа хувааж уусан. ...Бид хоёр маргалдсан юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Э бид хоёр барьцалдаж авсан. Би нимгэн пүүзтэй байсан болхоор цасан дээр халтирч унсан чинь Э миний толгой, нүүр хэсэгт 5-6 удаа өшгилсөн. Миний толгойноос цус гарсан дараа нь би цагдаа дуудсан. Миний толгой хагарсан баруун нүд хавдсан, зовхи нь урагдсан байсан. Тухайн үед би эмнэлэгт 5 хоног хэвтсэн. Гэрээрээ 13 хоног эмчилгээ хийлгэсэн.  толгойн MRI зураг авхуулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн.

 Би эмчилгээний зардал нийт 1,000,000 төгрөгийг бага багаар дансаар авсан. Эмчилгээний зардал зарим мөнгийг нь Э эмнэлгийн дансанд хийсэн байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2403 дугаартай:

С.Бийн биед хамар яс, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дух, баруун чамархайд зөөлөн эдийн гэмтэл, духанд няцарсан шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун дээд зовхи, баруун долоовор хуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлийн улмаас үүссэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 01 саын 29-нөөс 30-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 35-36/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

 

Шүүгдэгч Ш.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:

2022 оны 1 сарын 29-нд орой 22 цагийн үед дэлгүүр орсон. Дэлгүүрт хажуу байрны Бтэй таарсан. Бид 2 ярилцаад архи уухаар болж Баянзүрх дүүргийн 8-р хороо Сайхан хотхоны 7а байрны гадна найз Аарийгийн машинд 0,5 литрийн 1 цагаан архи, 0,33 литрийн сөжү архи хувааж уусан. Сууж байхдаа Б намайг ахын  дүү, бацаан гэх зэргээр хэлснээс болж маргалдаж тэрээр миний толгойн ар хэсэгт 2 удаа цохьсон. Би гарыг нь барьж аваад машинаас буусан. Б миний хоолойноос 2 гараараа 2-3 удаа боосон. 3 дахь дээр нь миний амьсгал боогдоод байхаар гарыг нь тавиулаад хавирч унагаад нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиод мөн 2-3 удаа өшиглөсөн. Тэрний  нүүрнээс цус гараад байсан.

Би Бийн өөрийнх нь 5077358563 дугаарын дансанд 2.440.000 төгрөг, эхнэрийнх нь гэх 5020718089 дугаарын дансанд 250.000 төгрөг, хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийн гэх 5026061082 дугаарын дансанд 325.000 төгрөг гэх мэтээр нийт 4.315.000 төгрөг өгсөн. Өөрийн самсунг маркийн 1.500.000 төгрөгийн гар утсыг 800.000 төгрөгөөр тооцож өгсөн. Миний хувьд хохиролыг хангалттай төлж барагдуулсан гэж бодож байна.

Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 50/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ш.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, НДШ төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 54-58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ш.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Ш.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Бийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ш.Э нь хохирогч С.Бийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч С.Б нь хохирлын зардлын талаарх нотлох баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргаагүй байх тул тооцох хууль зүйн үндэслэл бүрдэхгүй байна.

Түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй. Надад анх 2.500.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Одоо 500.000 төгрөг дутуу байна. Ажилгүй байсан хугацааны төлбөрөө нэхэмжилмээр байна. Манай ажил НД төлдөггүй юм. Гомдолгүй” гэсэн хариу өгснийг болон шүүгдэгч нь “хохирогчид  нийт 4.315.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг зэргийг үндэслэж шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчилсэн, эмчлэхтэй холбоотой төлбөр төлсөн бүхий л нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргах нь түүнд учирсан хохирлыг зөв тооцоолоход чухал байдаг учиртай.

Хохирогч С.Бийн хэзээнээс эхлэн хэдий хир хугацаанд ямар ажилыг эрхлэж чадаагүй болох, хаана ямар ажил эрхлэж хэдэн төгрөгийн орлого олдог болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хохирогч гаргаж өгөөгүй учир энэ талаар тооцоолох боломжгүй байна. Тэрээр санхүүгийн баримтаар хохирол нэхэмжэлээгүй учир түүний уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ш.Э нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Шын Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Эд  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ