| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0305/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/408 |
| Огноо | 2020-11-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2019/0305/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-,
Шүүгдэгч Д.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-эд холбогдох эрүүгийн 2018000000345 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, ах, дүү нарын хамт оршин суух хаягтай, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №394 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 20 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №62 дугаартай шүүгчийн захирамжаар элдээгүй үлдсэн 04 сар 21 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 05 жил 02 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 06 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 05 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж байсан Д.Б-э
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Д.Д.Б-э нь согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах Хүүхэд залуучуудын цэнгэлдэх хүрээлэнд Ц.Ц.О-ийн Samsung А-51 маркийн гар утсыг хүнтэй утсаар ярьчихаад өгье гэж хэлэн хуурч аван бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д.Б-э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Эрүүгийн 2018000000345 дугаартай хэргээс:
Хохирогч Ц.Ц.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед 7 дугаар сургуулийн хашаанд М- гээд хүнтэй хамт сууж байхад Д.Б-э залгаад хаана байгаа юм гэхээр нь би байгаа газраа хэлсэн. ...хүрээд ир гэхээр нь М- бид 2 очсон чинь Д.Б-э ганц шил юм уух уу гэхээр нь тэгье гээд бид дэлгүүрээс Түмний хишиг гэж архи аваад парк орсон. Тэгээд сууж байтал М- нэлээн муудсан юм. Тэгээд явцгаах уу гэж байтал Д.Б-э намайг утсаа өгч бай хүн рүү залгая гэхээр нь утсаа өгсөн. Тэгсэн хүн рүү залгаж байгаа юм шиг оролдож байгаад шууд зугтаачихсан. Би ахынхаа утсаар өөр рүүгээ залгахад дуудаад л байсан. Хэсэг дуудаж байснаа унтарсан. 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр миний төрсөн ах О- надад Мобикомоос Samsung А-51 гэх утсыг лизингээр авч өгсөн. Нийт 946.000 төгрөгийн үнэтэй утас байгаа юм.” гэх мэдүүлэг /хх 23/,
Гэрч Ц.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сард Дарханы Мобикомоос Samsung А51 маркийн 949.000 төгрөгийн үнэтэй гар утсыг урьдчилгаа төлбөр өгөхгүйгээр 1 жилийн хугацаатай лизингээр авч өгсөн бөгөөд сард 80.000 төгрөг төлөхөөр болсон юм. Дүү Д.Б-э миний утсыг хүнтэй ярьчихаад өгье гээд аваад зугтаачихсан гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх 26/,
Гэрч Т.НарМ-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид 3 ойр зуурын юм яриад архиа хувааж ууж дуусгаад явъя гэж байтал Д.Б- Ц.О-ийн гар утсыг гуйгаад нэг хүнтэй яриадахъя гээд авч байсан бөгөөд би нэлээн халчихсан тэр 2 араас алхаж байтал Ц.О- над дээр хүрч ирээд гар утсаа Д.Б-д алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр Д.Б- чинь хаана байна гэтэл Ц.О- тэр миний утсаар хүнтэй ярина гэж авчхаад зугтаачихлаа гэж байсан бөгөөд намайг харахад Д.Б- бид 2-оос нэлээн зайтай хурдан хурдан алхаад явж байсан би хөл муутай учраас араас нь хөөгөөд гүйцэхгүй гэдгээ мэдээд хөөгөөгүй.” гэх мэдүүлэг /хх 28/,
“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Самсунг А-51” маркийн гар утас /шинэ/ 949000 төгрөг” гэх эд хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 30-31/,
Шүүгдэгч Д.Д.Б-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 46-56/ тээврийн хэрэгсэл эзэмшдэг талаарх тодорхойлолт /хх 61/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх тодорхойлолт /хх 63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 64/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа /хх 68-75/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх 77/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Д.Б-э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах Хүүхэд залуучуудын цэнгэлдэх хүрээлэнд Ц.Ц.О-ийн Samsung А-51 маркийн гар утсыг хүнтэй утсаар яриад өгье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 949000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Д.Б-ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйл эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Д.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц.О-т 949000 /есөн зуун дөчин есөн мянга/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол 949000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Ц.О-т олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Д.Б-э нь өмнө 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан болох нь хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас 46-56 дугаар хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын хуулбаруудаар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан болох нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 915 дугаартай “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжлах тухай” шүүгчийн захирамж, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Ч.Б- илтгэх хуудас зэргээр тус тус тогтоогдож байх ба энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Иймд шүүгдэгч Д.Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Д.Б-э нь энэ хэрэгт 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс эхлэн цагдан хоригдсон 9 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Б-ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б-ийг 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б-эд оногдуулсан 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б-ийн цагдан хоригдсон 09 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Д.Б-ээс 949000 /есөн зуун дөчин есөн мянга/ төгрөг гаргуулж Ц.О- д олгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Б-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ