Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2015/0301

 

 

2015 оны 7 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2015/0301

Улаанбаатар хот

 

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 288 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу И ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Ү, Л.Н нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Ү, Л.Н нарын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 26/004154 тоот актыг хүчингүй болгуулах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын албан бичиг, Татварын ерөнхий газрын албан бичиг, удирдамжийн дагуу И ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт, борлуулалтын байдалд хяналт шалгалт хийхэд үйл ажиллагаа явуулдаггүй Лишин ХХК-аас бодит худалдан авалт хийгдээгүй байхад нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хий бичин татвар төлөхөөс зайлсхийсэн 242123,2 мянган төгрөгийн зөрчил илэрсэн тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.3-т заасныг үндэслэн акт тогтоосон. гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 288 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Ү, Л.Н нарын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 26/004154 тоот актыг хүчингүй болгуулах тухай "И" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Манай компани 2009 онд энэхүү актанд тусгасан бараа бүтээгдэхүүнийг "Лишин" ХХК-аас худалдан авч тоног төхөөрөмж суурилуулах ажилд ашигласан бөгөөд тус НӨАТ-ын падааныг бичүүлэн авч тухайн үедээ НӨАТ-ын тухай хуулийн 14.1, 14.2, 14.3-т заасны дагуу хугацаанд нь дүүргийн татварын албанд тайлангаа хүргүүлж байсан болно.

Манай компанийг 2010 онд БГД-ийн Татварын алба шалгаж, шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүйгээр барахгүй Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1-д зааснаар НӨАТ-ын падаан, анхан шатны санхүүгийн баримтыг хуулийн дагуу тайлагнаж байсан нь тогтоогдсон.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 288 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт "Татварын улсын байцаагч акт тогтоохдоо Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтын чухам аль хэсгийг баримталсан нь тодорхойгүй, хууль хэрэглэхдээ алдаа гаргасан хэдий ч энэ нь актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ" гэж бичсэн байгаа нь шүүх зөв үндэслэсэн байтлаа Баянгол дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч М.Ү, Л.Н нарын тавьсан 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 26/004154 тоот актыг хүчингүй болгоогүй байна. Зүй нь захиргааны акт нь хуульд нийцсэн байх бөгөөд хуулийн зүйл заалтыг зөв баримтлах ёстой. Гэтэл хуулийн зүйл заалтыг буруу баримтлан гаргасан актыг шүүх зөв гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Төрийн албан хаагчийн гаргасан алдаанаас болж ААН, байгууллага хохирох ёсгүй бөгөөд тэр тусмаа татварын актын тогтоох хэсэгт гаргасан алдааг их, бага, ялимгүй гэх мэтээр дүгнэх зарчим байхгүй юм.

Шүүх ЗХХШТХ-ийн 31 дүгээр зүйлийн 31,1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүйгээр зөвхөн хариуцагчийн бичгийн тайлбар болон албан бичгийн хүрээнд шийдвэрээ гаргасан. Хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулсны үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой. Хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Лишин ХХК-аас тоног төхөөрөмж худалдан авсан суурилуулсан талаарх анхан шатны баримтуудыг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн мөн татварын албаны мэдээллийн санд хугацаанд нь тайлан өгсөн талаарх бүртгэл болон мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэгт авагдсан энэ хэрэгт ач холбогдолтой баримтуудыг аваагүй. /Тэр баримтуудыг бидэнд өгдөггүй бөгөөд зарим нь эх хувиараа хэрэгт байгаа болно/

Шүүх хэргийг зөвхөн нэг талыг барьж, шаардлагатай баримтуудыг цуглуулалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь ч хэрэгт ямар баримтууд хир зэрэг цуглуулснаас харагдах байх

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 288 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хангалттай нотлох баримтуудыг холбогдох газруудаас цуглуулсны үндсэн дээр шийдвэрлүүлмээр байгаа тул гомдлыг хангаж өгнө үү.

Залруулга: Баянгол дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч М.Ү, Л.Н нарын тавьсан 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 26/004154 тоот актын дугаарыг техник ажилтны буруугаас "26/004153" гэж алдаатай бичсэнд уучлалт хүсье. гэжээ.

ХЯНАВАЛ:

 

                Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.                              

Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 7/2088 тоот албан бичиг болон Хяналт шалгалт хийх удирдамж-ийн дагуу И ХХК-ийн 2008-2010 онуудын нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт, борлуулалтын падаанд Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалт явуулж, Лишин ХХК-аас нийт 242123.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч ажил гүйлгээтэй, бараа бүтээгдэхүүн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтад тусгаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан гэсэн үндэслэлээр 24212.3 мянган төгрөгийн нөхөн татвар, 7263.6 мянган төгрөгийн торгууль, 12106.1 мянган төгрөгийн алданги, нийт 43582.0 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан 26/004154 дүгээр актыг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тогтоожээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2009 онд актанд тусгасан бараа бүтээгдэхүүнийг Лишин ХХК-аасбодитоор худалдан авч тоног төхөөрөмж суурьлуулахад ашигласан бөгөөд тус нэмэгдсэн өртгийн падааныг бичүүлэн авсан бөгөөд уг падааныг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан, тухайн үед Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу хугацаанд нь дүүргийн татварын албанд хүргүүлж, татварын талаар ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй байхад байхад нэр бүхий компанитай худалдан авах ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, төлбөр төлөөгүй гэсэн зөрчлөөр акт буруу тогтоосон. Тиймээс манай компанийг хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашигласан гэж торгууль ногдуусныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 д ... төлсөн ... нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно, 14.3-т худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй, мөн Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 236 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй гэжээ.

И ХК болон Лишин ХХК-уудын хооронд хийгдсэн гэх 2009 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 004222647 дугаартай падаанаар 66123.2 мянган төгрөгийн, 2009 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 004270256 дугаартай падаанаар 121000.0 мянган төгрөгийн, 2009 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 006599134 дугаартай падаанаар 55000.0 мянган төгрөгийн, нийт 242123.2 мянган төгрөгийн худалдан авалт хийгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, Өөрөөр хэлбэл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно, 7.6-д Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна., 7.7-д Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно гэж заасныг зөрчсөн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь бүрэн гүйцэд бичигдээгүй, нэмэгдсэн өртөг шингэсэн үнээр худалдан авалт хийснийг нотлох дээрх падаануудаас өөр гэрээ зэрэг санхүүгийн анхан шатны баримтууд байхгүй тул нэхэмжлэгчийн төлөх татвараас дээрх бэлтгэн нийлүүлэгчид төлсөн гэх 24212.3 мянган төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй байна.

Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13-т /татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах үүрэгтэй/ заасан үүргээ хэрэгжүүлж татварын улсын байцаагчид уг баримтуудыг шалгуулаагүй тул тэдгээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичилттэй, хуурамч гэж үзсэн татварын улсын байцаагчийг буруутгах боломжгүй.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсанчлан татварын улсын байцаагч нар баримтласан хуулийн зүйл заалтыг бүрэн гүйцэд бичээгүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн И ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Тус шүүхээс нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг 8 хоногийн өмнө мэдэгдэж, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангасан, мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтэд 30 хоногоор хойшлуулахыг хүссэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасантай нийцэхгүй байх тул мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т заасныг баримтлан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:             

 

            ШҮҮГЧ                           Д.БАТБААТАР

             ШҮҮГЧ                        О.НОМУУЛИН

              ШҮҮГЧ                           Э.ХАЛИУНБАЯР