Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/02070 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д холбогдох,

 

УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 58 тоот тушаалыг хүчингүй болгож, Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие УБТЗ нийгэмлэгийн цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын тушаалаар 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн цэрэгжүүлэх хамгаалах салааны даргаар ажилласан. Би уг ажлыг хийж гүйцэтгэж байхдаа ажил үүргийн хувьд ямар нэг зөрчил гаргаагүй. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шинээр томилогдсон цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дарга Б.Д нь 58 тоот тушаал гаргаж намайг салаан даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Хөдөлмөрийн гэрээний 5.1, 5.6 дахь заалт, Ёс зүйн дүрмийн 4.11 дэх заалт, албаны удирдлагын зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, галын байцаагчийн шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн, ёс зүйгүй гэсэн үндэслэлээр Ерөө гүүрийн харуулын ахлахаар томилсон. Энэ нь үндэслэлгүй бөгөөд уг тушаалыг зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй, өгсөн үүрэг даалгаварыг сайн биелүүлдэг, зөрчил дутагдал гаргаж байгаагүй юм. Иймд УБТЗын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 58 тоот тушаалыг хүчингүй болгож, Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ. 

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Ц.Б нь 2016 онд Ардчилсан намын шахалтаар Дархан цэрэгжүүлэх салааны дарга байсан н.Батчулууны хийж байсан ажлыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр томилогдож ажилласан. Ингэснээр н.Б-ийг ажлаас нь халуулж, Сэлэнгэ аймгийн ахлахаар томилуулсан. Энэ хүний ажил мэргэжил нь өөрөө цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албан үүрэг гүйцэтгэх боломжгүй. Ц.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д “ажил олгогчоос төмөр замын тээврийн үйл ажиллагааны онцлог, байгууллагын эрх ашиг, ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн ажилтны ажлын байрыг өөрчилсөн, шилжүүлэн томилсон шийдвэрийг биелүүлж, ажил албандаа хүндэтгэлтэй хандана” гэж заасан бөгөөд цэргийн хүн тушаал өгсөн газар ажилла гэсэн зарчмаар хандсан. Нэхэмжлэгч нь өөр ажилд буруу шилжүүлсэн гэж гомдол гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд ажлаас үндэслэлгүйгээр халсан буюу, өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлоор хөдөлмөрийн эрх зүйн маргаан үүсгэнэ гэсэн заалт байдаг. Хөдөлмөрийн хуульд өөрт нь хөдөлмөрийн гэрээг ямар байдлаар өөрчилж, цуцалж өөр газар шилжүүлэх тухай зохицуулалт байхгүй. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа бол Иргэний эрх зүйн харилцааны гэрээний эрх зүйн харилцааны нэг төрөл. Хөдөлмөрийн гэрээний энэ тохиролцоог удирдлага болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг баримтлаад Ц.Б-г Дархан хот дахь Ерөө гүүрийн харуулын ахлах болгосон. Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 9 дүгээр тогтоолоор баталсан төмөр замын байгууллагын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дүрмийн 3, 8, 9-д зааснаар хамгаалалтын алба нь төмөр замын байгууллагын даргын удирдлагын дор үйл ажиллагаагаа бие даан явуулдаг, албаны даргыг төмөр замын байгууллагын дарга томилж, чөлөөлнө, хамгаалалтын алба нь анги салбаруудтай байна  гэсний дагуу тушаал гаргасан. Нэхэмжлэгч нь цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтны хувьд тушаал шийдвэрийг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй бөгөөд дээрх тушаалаар түүний ажлын байрыг өөрчилсөн. Ц.Б нь ажил үүргээ гүйцэтгэхдээ өөрийн удирдлага дор ажиллаж байгаа хүмүүстэй ёс зүйтэй харьцах ёстой. Түүний ажлыг нь шалгахад галын хорны даралт унасан байсан бөгөөд энэ нь галын хор ажиллагаагүй байна гэсэн үг. Онцгой байдлын хуульд заасан галын хорыг хэрэглэх, гал унтраах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлж чадахгүй гэж дүгнэсэн. Мөн ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж, ажилтан, өөрийн салааны албан хаагчдыг дарамталдаг, шөнө оройн цагаар утсаар ярьдаг, албан үүрэг гүйцэтгэх боломжгүй болгодог, хамт ажиллах нөхцөлгүй болгож, сэтгэл зүйн дарамтанд оруулж байна гэж гомдол ирсэн. Тийм учраас 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр цэрэгжүүлсэн хамгаалах албаны удирдах зөвлөл хуралдаад ёс зүйгүй үйлдэл гарсан, галын албаны шалгалтаар ажил мэргэжлийн хувьд тэнцэхгүй, удирдах ажлтны ёс зүйгүй, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй гэдгээр ажлын байрыг сольсон. Иймд тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өөртэй нь байгуусан гэрээний иргэний эрх зүйн заалтыг л удирдлага болгосон. Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, энэ гэрээний заалт нь хүний эрх ашгийг зөрчиж байна гэсэн гомдлыг шүүхэд гаргаагүй учраас хөдөлмөрийн гэрээгээ хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 58 тоот “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, Ц.Б-г Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... Ц.Б-гийн талаар хамт олноос ирүүлсэн удаа дараагийн санал хүсэлт зэргийг хэлэлцээд тухайн хүний ажлыг газар дээр нь шалгаж 24 зүйлийн үүрэг даалгавар өгсөн бөгөөд уг үүрэг даалгаврыг биелүүлээгүй албан үүрэгтэй хайнга хандаж байгаагаас тухайн салаа шуурхай үүрэг гүйцэтгэх боломжгүй байгаа нь тогтоогдсон бөгөөд үүрэг гүйцэтгэх бэлэн байдлын чадваргүй байгаад дүгнэлт хийхэд тухайн хүний хувийн зан байдал тохирохгүй байна гэж үзэж удирдлагын зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын хамтын шийдвэрээр өөр ажилд шилжүүлсэн болно. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтыг үндэслэн Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 ба хөдөлмөрийн гэрээний 5.1 ба 5.6 дахь заалт, ёс зүйн дүрмийн 4.11 дахь заалтыг үндэслэн өөр ажилд шилжүүлсэн болно. Шүүх нэхэмжлэгч Ц.Б-гийн хувийн байдлын талаар зөв дүгнэлт хийсэн бөгөөд түүнийг зан харилцааны хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэж зөв дүгнэсэн болно. Иймд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлалгүйгээр ажил албан тушаалыг өөрчилж харуулын ахлахаар шилжүүлэн ажиллуулсан тул байгууллагаас гаргасан тушаал шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Иймд хэргийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д холбогдуулан УБТЗын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 58 тоот тушаалыг хүчингүй болгож, Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Ц.Б нь 2016 оны 9 сарын 21-ний өдрөөс УБТЗын Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын албан тушаалд томилогдон ажилласан байна. /хх-ийн  40 дүгээр тал/

 

Хариуцагч УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 58 тоот тушаалаар ажилтан Ц.Б-г Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын албан тушаалаас чөлөөлж, харуулын ахлахын ажилд шилжүүлэн томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Хөдөлмөрийн гэрээний 5.1, 5.6, Ёс зүйн дүрмийн 4.11-т  заасныг тус тус үндэслэжээ. /хх-ийн 5 дугаар тал/

 

Хариуцагч нь ажилтан Ц.Б-г удирдах ажилтны ёс зүйгүй, ажилчдаас удаа дараа гомдол гаргасан, үүрэг даалгавар биелүүлдэггүй, шалгалтаар ажлаа хангалтгүй хийсэн нь тогтоогдсон гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, маргасан байх боловч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтанд ажлын үүрэг даалгаврыг ямар хугацаанд гүйцэтгэхийг даалгасан нь тодорхойгүй, гэрч нар буюу ажилтнуудаас өгсөн гомдол, мэдүүлгүүд нь  ажилтны  ажил үүрэгтэй холбоотой үйл баримтыг агуулаагүй, хувийн байдлынх нь талаар мэдүүлсэн байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүх Ц.Б-г УБТЗын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/02070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ