| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/01156/и |
| Дугаар | 01385 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 01385
| 2017 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 184/ШШ2017/01385 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, 1-211 тоотод оршин суух Боржигон овогт Хөхөөгийн Алтаннаран /РД: МЮ69052711/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 20 дугаар байр, 297 тоотод оршин суух Элжигэн овогт Гомбын Батцэнгэл /РД: МЮ63072411/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Алтаннаран, хариуцагч Г.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Алтаннаран шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие Г.Батцэнгэлтэй 20 гаруй жил хөрш зэргэлдээ амьдарч байсан бөгөөд сайн танилын хүрээнд наанатай цаанатай амьдарч байсан. 2015 оны 12 сарын 27-ны өдөр иргэн Г.Батцэнгэл нь яаралтай мөнгөний хэрэг болоод байгаа тул зээлэх боломж буй эсэх тухай ярьсан ба тухайн үед хүүтэй зээлэхээр болсон. Х.Алтаннаран миний бие Г.Батцэнгэлтэй харилцан тохирч 2,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлэхээр тохирсон. Энэхүү тохиролцсоны дагуу Г.Батцэнгэлтэй сайн танил, хөршийн хувьд зээлийн гэрээг бичгээр үйлдэлгүй уг мөнгийг бэлнээр Г.Батцэнгэлд 2015 оны 12 сарын 27-ны өдөр өгсөн. Энэхүү хугацаанаас хойш иргэн Г.Батцэнгэл нь зээлсэн мөнгөнөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөгийг эргүүлэн өгсөн ба зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүг өнөө хүртэл төлөөгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлээр Х.Алтаннаран миний бие иргэн Г.Батцэнгэлээс 2015 оны 12 сарын 27-ны өдөр зээлүүлсэн 2,000,000 төгрөгийг зээлийн хүү бодолгүй үндсэн зээлийн үлдэгдэл болох 1,400,000 төгрөгийг Г.Батцэнгэлээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Батцэнгэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Х.Алтаннаран бид хүүхэд байхаас хөрш зэргэлдээ амьдарч байсан. Олон жил уулзалдаагүй бөгөөд 2010 оны үед гэнэт утасдаад “танай зочид буудалд хүмүүс байрлуулъя үнээ хямдруулж болно биздээ гэхээр нь за тэг” гэсэн. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад 2015 оны 5 сард бас утасдаад “хамтарч хийх ажил байна уу, туслаач, хоол, бензиний мөнгөгүй хэцүү болж байна гэж” ярьсан. Би бага ч гэсэн тус болье гэж бодоод өөрийн гражид байсан барилгын материалыг /обойны цавуу/ зараад 80,000 төгрөг, 40,000 төгрөг, 60,000 төгрөг, 20,000 төгрөг, нийт 200,000 төгрөгийг өгсөн. Тэрнээс хойш байнга ийм, тийм ажил бүтээгээд өг, хамт яваад ирье, юу хийж байна, ярьж сууя гээд утасдаад хаана байгаагаа хэлчихээр хүрч ирээд салдаггүй байсан. Мөн эрчимжсэн үнээний фермийн төсөл хэрэгтэй байна, төсөл бичээд өгөөч гэхээр нь хэд хоног бичиж судалж бэлэн болгож өгсөн. Одоо энэ төслийг дэмжүүлэгч хэрэгтэй байна. Чи яриад өгөөч гэж байнга шахан шаардаж байсан тул гадна, дотны төсөл дэмжигч байгууллагын талаарх мэдээлэл зөвлөгөө авч уулзалтууд хийж түүнд туслах юмсан гэдэг үүднээс нилээд цаг хугацаа зарцуулсан. 2015 оны 12 сарын сүүлээр нар руу утасдаад “хаана явж байна гэхээр нь би завгүй байна, нэг юмны төлбөр хийх гэсэн мөнгө дутаад дүүгээс авах гээд явж байна” гэсэн. Гэтэл Х.Алтаннаран надад хэдэн төгрөг байна надаас авчих гээд хүрч ирээд 1,000,000 төгрөг өгсөн. Миний бие 1 сарын дараа өгнө, чи хүү авах уу гэхэд, чи надад тусалж байсан учраас хүү авахгүй гэсэн. 2016 оны 01 дүгээр сарын дундуур утсаар яриад 200,000 төгрөг хэрэгтэй байна гээд ирээд авсан. 2016 оны 02 сарын 05-нд 300 доллар /630,000 төгрөг/ Х.Алтаннаранд өгсөн. Эхнэр авах гэсэн юм олигтой хувцас хунар авч өгөх гэхээр мөнгийг нь дийлэхгүй байна гэхээр нь би өөрийн охиныхоо зарж борлуулдаг хувцаснаас авч өгсөн. Эмэгтэй хүний шинэ загварын куртик 350,000 төгрөгөөр зарж байсныг 80,000 төгрөгөөр өгсөн. Пүүз 250,000 төгрөг, цамц 40,000 төгрөг, хүүхдийн хувцас /үнийг нь санахгүй байна/ зэргийг түүнд өгсөн. Нийт 640,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг нь надад өгсөн. Үлдэгдэлийг нь дараа өгнө гэсэн. /440,000 төгрөг/. 2016 оны 02 сарын сүүлээр миний ажлыг хөөцөлдөхдөө хэрэглэж байгаарай. Дараа нь хамтарч хийх ажлаасаа нөхөгдөөд болно биз гээд надад 1,000,000 төгрөг өгсөн. Х.Алтаннарангийн хамаатны хүн хэвлэлийн ажил хийдэг, чи надад хэвлэлийн захиалга өгөөрэй гэсний дагуу 2016 оны 06 сард хүнтэй ярьж захиалга олж өгсөн. Энэ ажлаас 1,000,000 төгрөгийн ашиг олсон гэж надад ярьж байсан. Гэхдээ дараа нь ярихдаа 750,000 төгрөгийн ашиг олсон гэж багасгаж ярьсан. Миний бие хэдийг ч олсон байсан би авахгүй гэж хэлсэн. Эдгээр хугацааны турш хамт байх үед Х.Алтаннаран удаа дараа зохисгүй зан гаргаж, архи дарс уухыг надад тулгадаг, мөн архи уухаараа агсам согтуу тавьж тэвчихэд бэрх зан үйлдэл гаргадаг тул хамтарч юм хийхэд боломжгүй юм байна гэдгийг ойлгосон. Мөн бүх хүнийг муугаар бодож муулж байдаг нь таалагддаггүй тул одоо хамтрахгүй гэдгээ хэлээд уулзахаа больсон. Хэсэг хугацааны дараа утсаар яриад мөнгөний тооцоо байгаа гэж ярихад нь би одоо ямар ч тооцоо байхгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш эрүүл, согтуу утасдаад ална тална гээд харааж, доромжилдог байсан тул утсыг нь авахаа больсон. Мессеж бичээд элдвээр доромжилдог байсан. Би хариуд нь өр ширний тооцоогүй, тэгээд амь амьдрал сүйдчихээр их мөнгө биш наад захын хэрэглээний мөнгө шүү дээ. Ийм юман дээрээс би алуулмааргүй байна. Тооцоогоо дахин үзээд үнэхээр чамд төлөх хэмжээний зөрүү байгаа бол чамд өгнө дансаа өгчих гэсэн. Өширхөөд 2017 оны 01 сарын 26-нд Х.Алтаннаран согтуу нөхрийн хамт манай гэрийн гаднаас тоосго шидэж цонх нэвт хагалж өрөөндөө байсан бага насны 2 хүүхдүүдийг гэмтээх шахсан. Одоо хүүхдүүд маань айгаад тэр өрөөнд ордоггүй, цонхны хажууд зогсож ч чаддаггүй болсон. Би тухайн үед цагдаа сэргийлэхээр гомдол гаргаагүй. Харин Х.Алтаннарангаас барилгын материал зараад Х.Алтаннаранд өгсөн 200,000 төгрөг, 2016 оны 01 сард өгсөн 200,000 төгрөг, 2016 оны 02 сарын 05-нд өгсөн 300 ам доллар буюу /630,000 төгрөг/, хувцасны үнэ 200,000 төгрөг, Х.Алтаннарангаас авсан үлдэгдэл 440,000 төгрөг, эрчимжсэн мал аж ахуй, үнээний ферм, тэжээлийн ургамал тариалах төсөл 1,000,000 төгрөг, Х.Алтаннаранд олж өгсөн хэвлэлийн захиалгын хөлс 750,000 төгрөг, нийт 3,220,000 төгрөгийг авах ёстой. Миний бие Х.Алтаннаранд мөнгө төгрөгийн өр шир байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Алтаннаран нь хариуцагч Г.Батцэнгэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Х.Алтаннаран нь 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Г.Батцэнгэлд харилцан тохирч 2,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлэхээр ярилцсан. Энэ тохиролцооны дагуу Г.Батцэнгэлтэй сайн танил, хөршийн хувьд зээлийн гэрээг бичгээр үйлдэлгүй мөнгийг бэлнээр 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгснөөс хойш 600,000 төгрөгийг эргүүлэн авсантул үлдсэн 1,400,000 төгрөгийг шаардаж байгаа бол хариуцагч Г.Батцэнгэл нь 2,000,000 төгрөгийг бүхлээр нь аваагүй, хүүтэй, хугацаатай гэж тохироогүй гэж маргаж байна. Хариуцагч Г.Батцэнгэл нь эхлээд 2015 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөг зээлсэн, дараа нь 2016 оны 2 сарын үед 1,000,000 төгрөгийг авсан болохоо шүүхэд гаргасан бичгэн тайлбар, шүүх хуралдааны үеэрх тайлбартаа хүлээн зөвшөөрч байна.
Хуульд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба нэхэмжлэгч Х.Алтаннарангаас хариуцагч Г.Батцэнгэл нь 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авснаа хүлээн зөвшөөрч байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний агуулгад нийцсэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нь хэлцлээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Х.Алтаннаран нь зээлсэн 2,000,000 төгрөгөөс буцаан 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 800,000 төгрөгийг авсан гэж, хариуцагч Г.Батцэнгэл нь 300 ам.доллар, 200,000 төгрөгийг бэлнээр, нийт 800,000 төгрөг бэлнээр төлсөн гэж байх ба талуудын хэн аль маргаагүй зөвшөөрсөн болно.
Харин нэхэмжлэгч Х.Алтаннаран тайларлахдаа дараа нь хариуцагч Г.Батцэнгэл 200,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь Улсын Их дэлгүүрийн өмнө Г.Батцэнгэлийг эхнэртэйгээ байхад нь 200,000 өгсөн гэж маргаж байгаа, мөн тэмдэглэлийн дэвтэрт 200,000 төгрөг Цэнгэлд өгөв гэж бичсэн байгаа ч, нэхэмжлэлд 2,200,000 төгрөг гэж тодорхойлоогүй, энэ төлбөр тооцоог дурдаагүй, талуудын хэн аль нь нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагад тооцох боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч Г.Батцэнгэл нь эмэгтэй хүний шинэ загварын куртик 350,000 төгрөгөөр зарж байсныг 80,000 төгрөгөөр өгсөн, пүүз 250,000 төгрөг, цамц 40,000 төгрөг, хүүхдийн хувцас зэргийг Х.Алтаннаранд өгсөн. Нийт 640,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг нь надад өгсөн, үлдэгдлийг төлөх ёстой гэж, нэхэмжлэгч Х.Алтаннаран нь куртикийг 80,000 төгрөг, пүүз 40,000 төгрөг гэсээр 200,000 төгрөгний бараа авсан нь үнэн, төлбөрийг төлж барагдуулсан гэж маргаж байгаа хэдий ч худалдах, худалдан авах хэлцэлтэй холбоотой нотлох баримтуудыг зохигчдын хэн аль нь гаргаж өгөөгүй байна. Мөн хариуцагч нь 1,000,000 төгрөгийн үнээний фермерийн төсөл бичиж өгсөн, хэвлэлийн ажил олж өгсний ашгийг “би авахгүй” гэж хэлсэн ч гэсэн түүнээс 750,000 төгрөгийг ашиг олсон, барилгын материал обойн цавууг зуучлан борлуулж, зуучлалын хөлсөд 200,000 төгрөгийг Х.Алтаннаранд төлсөн тул эдгээр төлбөр тооцоо нь миний төлөх ёстой төлбөрөөс суутгагдан тооцогдох ёстой гэж маргаж байх хэдий ч шүүхэд холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралгүй, тусдаа хэлцлүүд байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн гэж маргаж байгаа ч, хүү авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
Иймд хариуцагч Г.Батцэнгэлээс нийт 1,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Алтаннаранд олгон, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг буюу 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ