| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/01155/и |
| Дугаар | 01206 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 01206
| 2017 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 184/ШШ2017/01206 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Нандинзоос Кредит ББСБ” ХХК /рд:5560926, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, /14912/ Бага тойруу 36/2-р барилга - 601 тоот хаягтай, утас: 99182028, 99014719/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Мандал овогтой Бямбажавын Бадамгарав /рд: ЙЮ89040306, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, 25-р байр, 16 тоотод оршин суух хаягтай, утас: 99034373/,
Хариуцагч: Хатгин овогтой Бат-Эрдэнийн Сайнболд /рд: ГН88062518, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, 25-р байр, 16 тоотод оршин суух хаягтай, утас: 99044373/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 19,197,243 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч Б.Бадамгарав, Б.Сайнболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Нандинзоос Кредит ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Б.Бадамгарав, Б.Сайнболд нар нь 2015 оны 05-р сарын 12-ны өдөр № 001312 дугаартай Барьцаат зээлийн гэрээг Нандинзоос кредит ББСБ ХХК-тай байгуулж, 12,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 30 хоногт 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч нар нь № 001312 дугаартай Барьцаат зээлийн гэрээний 4-р зүйлийн 4.2.2-т зааснаар үндсэн төлбөр болон хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөх үүрэгтэй байсан ба гэрээнд зааснаар 2016 оны 09-р сарын 20-ны өдрийн дотор үндсэн зээлийг хүүгийн хамт төлж дуусгах ёстой байсан.
Гэвч зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхгүй явсаар 2017 оны 04-р сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 11,998,777 төгрөг, үндсэн хүү 6,047,383 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,145,483 төгрөг, нийт 19,191,643 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд 2015 оны 05-р сарын 12-ны өдрийн № 001312 дугаартай Барьцаат зээлийн гэрээний зээлдэгч Бямбажавын Бадамгарав болон хамтран үүрэг гүйцэтгэгч Бат-Эрдэнийн Сайнболд нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,191,643 төгрөг, нотариатын зардалд 5,600 төгрөг буюу нийт 19,197,243 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Бадамгарав, Б.Сайнболд нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Иргэн Б.Бадамгарав миний бие болон Б.Сайнболд нь Нандинзоос кредит ББСБ-аас 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1 жилийн хугацаатай 12,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр 496,000 төгрөгийг төлж явж байгаад 2016 оны 04 сараас жирэмсний амралтаа авсан ба орлогын эх үүсвэргүй болсон, зээл авсан өдрөөс буюу 2015 оны 05 сараас 2016 оны 04 сар хүртэл нийт хүүнд 5,537,820 төгрөг төлсөн, одоогоор тогтсон орлогын эх үүсвэргүй байгаа учраас хүү болон нэмэгдүүлсэн хүүг оруулалгүйгээр үндсэн зээл болох 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талтай тохиролцон хуваарь гарган төлж барагдуулах хүсэлтэй байна. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлийг төлөх эх үүсвэргүй болсон учир бидний хүсэлтийг харгалзан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Нандинзоос Кредит ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 19,197,243 төгрөг гаргуулахаар хариуцагч Б.Бадамгарав, Б.Сайнболд нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч “Нандинзоос Кредит ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанаар хариуцагч Б.Бадамгарав, Б.Сайнболд нарт холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 001312 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээлд 11,998,777 төгрөг, зээлийн хүүнд 6,047,383 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,145,483 төгрөг, нийт 19,191,643 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.
Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрсөн, зээлийг төлөхөө илэрхийлж байгаа хэдий ч, орлогын эх үүсвэргүй, жирэмсний амралтаа аваад орлогогүй болсон учир хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлийг төлж чадаагүй учир үндсэн зээл 12,000,000 төгрөгийг графикийн дагуу төлж, үлдсэн хэсгээс чөлөөлж өгнө үү гэж маргаж байна.
Хуульд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар... шударгаар биелүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй” бөгөөд хариуцагч Б.Бадамгарав нь зээлийг хуваарийн дагуу төлж барагдуулах, түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Сайнболд нь гэрээний үүргийг хамтран хариуцаж, зээлийн барьцаа хөрөнгөд 4186УБА улсын дугаартай Тоёото приус маркийн автомашин, Б.Бадамгаравын /рдЙЮ890403206/ цалинг барьцаалахаар талууд харилцан тохиролцож, 001312 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г 2015 оны 05 дугаар 12-ны өдөр байгуулж, талууд гарын үсгээ зурж, баталгаажуулжээ.
Иймд зээлийн гэрээг нэг талаас зээлдүүлэгч “Нандинзоос Кредит ББСБ” ХХК, нөгөө талаас зээлдэгч Б.Бадамгарав, Б.Сайнболд нар байгуулсан байх ба талууд тэгш эрхтэй бөгөөд зээлдүүлэгч нь гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй, зээлдэгч нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.
Хариуцагч Б.Бадамгарав, Б.Сайнболд нар нь хариу тайлбартаа нийт 5,537,820 төгрөг төлсөн, 2016 оны 4 сар хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлж байсан гэж маргах боловч, төлбөр төлж байсан тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин нэхэмжлэгч талаас хариуцагч Б.Бадамгаравыг хүүнд 3,471,888 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 230,385 төгрөг, нийт 3,702,273 төгрөг төлсөн гэх зээлийн дансны хуулгыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэнийг хариуцагч нар үгүйсгэж байх хэдий ч шүүхийн хэлэлцүүлгийн үеэр 5,537,820 төгрөг төлсөн болохоо нотолж чадаагүй, мөн 3,702,273 төгрөгийн дүн нь алдаатай болохыг няцааж чадаагүй болно.
“Нандинзоос Кредит ББСБ” ХХК нь Б.Бадамгаравт зээл олгож, зээлийн гэрээнд хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр талууд тохирч, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Сайнболдыг оролцуулан бичгээр байгуулсан гэрээг шүүхэд ирүүлж, гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч Б.Бадамгарав, Б.Сайнболд нараас нийтэд нь шаардах эрхтэй, аль нэг хариуцагчид хуваарилж нэхэмжлэх боломжгүй гэж нэхэмжлэлийнхээ шаардлага үндэслэлийг тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б.Бадамгаравын нэр дээр зээл хүүгийн тооцоолол гэх баримтад үүрэг хэзээнээс зөрчигдөж эхэлсэн, зээлдэгч нь төлбөрийг хэзээ, хэрхэн барагдуулж байсан тухай мэдээлэл байхгүй, нэмэгдүүлсэн хүүнд 1,145,483 төгрөг, үндсэн хүүнд 6,047,383 төгрөг, зээлийн үлдэгдэл 11,998,777 төгрөг гэж тооцсон хэдий ч хугацаа хэтэрсэн хоногийг 328, 348, 307 зэргээр зөрүүтэй бодсон, энэ хугацааг хэзээнээс хэдийг хүртэл хэрхэн тооцож гаргасан нь нарийвчлал байхгүй, тодорхой бус байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй зээл, түүний хүүг хугацаа хэтэрсэн зээлийн болон тусгай дансанд бүртгэх” ба уг бүртгэлд бүртгэгдсэн баримт болох зээлийн дансны хуулганд тооцоолол үүссэн болон хариуцагч Б.Бадамгаравын төлбөр төлсөн дүнг нэгтгэн харуулсан тайланг мөн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөр гаргаж нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлжээ. Энэ зээлийн дансны хуулгын баримтад үндсэн зээлийн үлдэгдэлд 11,998,777 төгрөг, хуримтлагдсан хүүнд 6,047,383 төгрөг, нийт 18,046,160 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нарын төлбөр төлсөн болон төлөөгүй дүнг он сар өдрөөр нарийвчлан харуулсан, зээлийн хугацаа хэтэрсэн тухай баримтаар нэмэгдүүлсэн хүүд 230,385 төгрөг тооцогдсон ба үүнийг Б.Бадамгарав нь төлж барагдуулсан болох нь нотлогдож байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ”, Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ”, мөн талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.12-д заасан ажиллагаа хийгдээгүйн улмаас маргаан үүссэн, барьцаат зээлийн гэрээний барьцаа болсон автомашиныг барьцаанаас чөлөөлсөн, жирэмсний амралтаа авсны улмаас цалин байхгүй болсон зэрэг гэрээг нэг талын санаачлагаар цуцлах бодит нөхцөл үүссээр байтал зээлийн гэрээг цуцлах саналыг гаргаагүй, зээлийн гэрээ дуусгавар болсон, гэрээ дуусгавар болсноос хойш 11 сарын хугацаа өнгөрсөн байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлж, зээлээ төлөхийг шаардаагүй, ямар нэг мэдэгдэл өгөхгүй явсаар зээлийн гэрээний хугацаа дууссан, 2017 оны 4 сарын хүртэл чимээгүй явсаар гэнэтхэн шүүхэд өгч, ийм өндөр хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж маргаж байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгч, хамтран зээлдэгч, барьцаалуулагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдож буй 18,046,160 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бадамгарав, Б.Сайнболд нараас зээлийн гэрээний үүрэгт 18,046,153 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Нандинзоос Кредит ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн 1,151,090 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бадамгарав, Б.Сайнболд нараас 248,180 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Нандинзоос Кредит ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН