Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/621

 

                                                                                                                      

 

     2022         04          27                                     2022/ШЦТ/621

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ч.Батзориг,   

Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тод холбогдох эрүүгийн 2206 01065 1249 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто угаалын гадаа 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч О.Бтай фейсбүүкээр доромжилсон мессеж бичсэн гэх шалтгааны улмаас маргалдан, таарамжгүй харьцаа үүсгэж баруун, зүүн хацарлуу гараараа цохиж, алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                                                                               

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 01065 1249 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч О.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2022 оны 02-р сарын 22-ны шөнө манай найз Туул миний гар утас руу залгаад гараад ир уулзая гэсэн. Тэгээд гэрээс гартал Туул машинтай Нармандах гэдэг найзтайгаа хамт ирсэн. Туул бид хоёр дэлгүүрээс том савтай пиво аваад машин дотор уугаад сууж байтал Туул руу найз залуу Төрөө нь залгаад офицер дээр хүрээд ир гэсэн. Бид нар машинтай очоод Төрөөг офицер дээрээс аваад манай гэрийн гадаа ирэхэд Төрөө над руу хараал хэлээд байхаар нь би “чи тэгээд яах гээд байгаа юм бэ” гэтэл Төрөө миний баруун хацар руу гараараа алгадаад зүүн хацар руу нэг юмаар цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд ганц хоёр цохиод уйлаад ээж рүүгээ залгаад гараад ир гэсэн. Ээж гарч ирээд цагдаад дуудлага өгсөн.

Эхлээд баруун хацар руу 2-3 удаа цохиод дараа нь зүүн хацар руу гараараа нэг цохиод, хатуу зүйлээр нэг удаа цохьсон. Хатуу зүйл нь юу байсныг мэдэхгүй. Бид 2 машины арын суудалд зэрэгцээд сууж байсан юм. Туул, Нармандах нар машинаас буусан байсан. Туул миний чатаар танихгүй хүн рүү чат бичсэн байсныг нь намайг бичсэн гэж ойлгоод уурлаад цохьсон гэх мэдүүлэг, /хх-ийн 7, 15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3361 дугаартай:

О.Бгийн биед “...зүүн нүдний дээд зовхинд 4,5х0,5 см, доод зовхинд 4,5х1,5 см хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эдээс овойж хавдсан. Тэмтрэлтээр хамрын зүүн хэсэг, баруун хацар орчмоор эмзэглэлтэй. Биед өөр харагдах гэмтэлгүй...” буюу тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, хамар, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/,

 

-Зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 /,

 

Шүүгдэгч Б.Тын мөрдөн байцаалтад өгсөн:

2022 оны 02-р сарын 21-ний өдөр 20:00 цагийн орчим Амгаланд найзуудтайгаа 1 савтай пиво хуваан уусан. Тэгээд офицер дээр ирээд найзалж байсан эмэгтэй Туултай утсаар яриад дуудсан чинь Туул машинтай Баясаа гэдэг эмэгтэй найзтайгаа хамт ирсэн. Миний одоо үерхэж байгаа эмэгтэй рүү Туул болон Баясаа нь фейсбүүк хаягаар доромжилсон үгтэй мессэж бичсэн байсан. Тэрний талаар Туул болон Баясаад хэлээд маргаан болсон. Тэгээд бид нар Баясаагийн гэрийн гадаа очоод маргалдаад Баясаа намайг цохихоор нь би зүүн гарынхаа ар талаар Баясаагийн зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон.

Өөрийн гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас тэрний хэлж ярьж байгааг бүрэн ойлгоогүй байсан. Би өөрөө буруу ойлгочихсон, түргэн зан гаргаж ийм үйлдэл гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 9, 35/,

 

Хохирогч О.Бгийн “миний бие хохирлоо барагдуулсан тул гомдол санал байхгүй. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 58/,

Шүүгдэгч Б.Тын “... О.Бд учруулсан гэмтлийн нөхөн төлбөрийг төлж, хоорондоо эвлэрсэн. Өөрийн гаргасан үйлэлдээ гэмшиж байгаа учраас  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүсэж байна” гэх хүсэлт /хх 59/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, НДШ төлөлтийн тодорхойлолт, цагдаагийн хайлтын системийн мэдээлэл, дансны хуулга /хх-ийн 36-49/, Электрик, энержи, инженеринг ХХК-ийн ажилтаны тодорхойлолт /хх-ийн 60/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Б.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Бгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Т нь хохирогч О.Бгийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч О.Б нь “хохирлоо барагдуулсан тул гомдол, саналгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Б.Т нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бын Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ