| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2020/0398/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/413 |
| Огноо | 2020-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/413
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2020/0398/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч М.М.С-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С-эд холбогдох эрүүгийн 2018000000474 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М.С-э
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
М.М.С-э нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Э.Э.Ч-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн бөөрний доргилт, нүүр, цээжний өмнө хэсэг, зүүн шуу, хоёр гуяны зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.М.С-э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Эрүүгийн 2018000000474 дугаартай хэргээс:
Хохирогч Э.Э.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчим М.С-тай олон улсын худалдааны төв дээр уулзахаар утсаар ярьж тохиролцоод уулзсан. Тэгээд би 0.5 граммын Qualy нэртэй архи худалдаж аваад бид хоёр М.С-гийн гэрт очоод архиа ууж байтал М.С- манай найз дүү залгаад байна гээд түүнийгээ дуудсан. О- гэх хүүхэн ирэхдээ Боргио гэсэн том савтай пиво авчирсан архи талдаа орж байсан. О- архи уухгүй, ажилтай байгаа гэсэн...М.С- бид хоёр хувааж ууж дуусаад пивоноос нь ууж байгаад миний ухаан орж гараад байсан. Нэг мэдсэн чинь намайг хүн зодоод байсан, би газарт хэвтчихсэн М.С- намайг өшиглөж байсан. Нуруу, нүд рүү өшиглөсөн тэгэхээр нь би гараараа нүүрээ хаахад О- болиоч, наад хүнээ аллаа ш дээ явъя гэхэд М.С- наадах чинь худлаа баашилж жүжиг тавьж байгаа юм гэж байсан. Тэгэхэд О- явъя гээд М.С-г цааш нь авч явсан, тэгээд би гэртээ харьсан. Гэртээ очиход 21 цаг болж байсан...Намайг манай найз М.С-э зодсон, би М.С- гэж дууддаг юм. Гэрт нь архи ууж байсан. Яагаад намайг зодсоныг мэдэхгүй байна. Миний эмчилгээнд 550.000 төгрөгний зардал гарсан. Манай найз М.С-э надад эмчилгээний төлбөр мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 14-16/,
Гэрч М.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.С-, Э.Ч- хоёр муудалцаж эхэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаж байгаад нэг хальт харахад М.С- эгч босоод ирэх шиг болсон. Нэг харахад Э.Ч-ын нүүр амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд чи одоо манай гэрээс яв гээд түлхэж байхаар нь би Э.Ч-ын суганаас өргөөд гаргах гэтэл М.С- “чи хүүхдээ ингэж хэлж байгаа хүнийг юунд нь ингэж хамгаалдаг юм” гэж хэлээд үснээс нь чирээд гэрээсээ гаргасан. Тэгээд би М.С-гийн хамт гэрт нь байж байтал Э.Ч- буцаж орж ирээд нүүрээ, цусаа угаачихъя гэж хэлэхэд М.С- “манай гэрт хүүхдээ ингэж хэлдэг, ийм зүс царайтай хүн цус угаадаггүй юм” гэж хэлээд дахиад зодоод эхэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад Э.Ч-ыг гэрээсээ гаргаад дахиад хашаан дотроо газар унагаачхаад зодоод, өшиглөөд байхаар нь би дундуур нь орж салгаад, Э.Ч-ыг өргөж босгоод “чи эндээс явчих тэгэх үү, чи битгий эргэж орж ирээд энэ хүнд зодуулаад бай л даа” гэж хэлсэн... М.С- Э.Ч-ын үснээс зулгааж чирээд, нүүр лүү нь баруун гараараа их олон удаа цохисон, бас газар унагаачихаад нуруу руу нь өшиглөөд байсан. Э.Ч-ын нэг нүд хавдчихсан байсан. Бас хамарнаас нь их цус гараад өмсөж явсан хувцас хунар, нүүр нь битүү цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх 17-18/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 832 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Э.Э.Ч-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн бөөрний доргилт, нүүр, цээжний өмнө хэсэг, зүүн шуу, 2 гуяны зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Э.Э.Ч-ын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
4.Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой.
5.Э.Э.Ч-т учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 22-23/,
Шүүгдэгч М.М.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 43/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн болон харилцах данстай эсэх тодорхойлолтууд /хх 46-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.М.С-э нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Э.Э.Ч-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн бөөрний доргилт, нүүр, цээжний өмнө хэсэг, зүүн шуу, хоёр гуяны зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.М.С-э нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч М.М.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Э.Ч- нь өөрт учирсан хохирол төлбөрөө барагдуулж авсан болох нь хавтаст хэргийн 16-р хуудсанд авагдсан “М.М.С-э надад эмчилгээний төлбөр мөнгийг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч М.М.С-ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүрийн 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.С-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.С-эд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.С-э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М.С-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ