Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 79

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Ж.Долгормаа, Ү.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн хуралдааны  "А"  танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

     Улсын яллагч Б.Догмиддорж

     Иргэдийн төлөөлөгч В.Чулуунбаатар

     Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

     Шүүгдэгч Л.Мөнхтөр нарыг оролцуулан

     Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Лхагвасүрэнгийн Мөнхтөрд холбогдох эрүүгийн 201611000119 дугаартай хэргийг  2016 оны  06 сарын  07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1981 оны 02 сарын 11-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой  ажилгүй байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 11-06 тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 115 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 11 сарын 15-ны өдрийн 196 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 40000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 11 сарын 29-ний өдрийн 66 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын 2009 оны 07 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хорих ял нь өршөөлд хамрагдаж, 2011 оны 12 сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Хатагин овогт Лхагвасүрэнгийн Мөнхтөр. /РД: ЖЭ 81021132/

Шүүгдэгч Л.Мөнхтөр нь согтуугаар "Тоёото королла" маркийн 22-86 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон  2016 оны 02 сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан "замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 2.3.б "хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 2.7.а "согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 6-7 тоот хашааг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч М.Мянганбаяр, А.Урнаа нар нас барсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүгдэгч Хатагин овогт Лхагвасүрэнгийн Мөнхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр тодорхой мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөд сэтгэл зүйн хувьд хүнд байна. Би асуусан асуултанд хариулъя гэв.

Шүүгдэгч Хатагин овогт Лхагвасүрэнгийн Мөнхтөр мөрдөн байцаалтад   мэдүүлэхдээ ... Тэгээд хадам ээжтэй уулзаад "эхнэр охин хоёр эмнэлэгт хэвтсэн байна, та манай бага хүүг аваад гэрт байж бай" гэж хэлээд ээжийг аваад СМУ-д байх гэрээр нь орж таягийг нь аваад ээж машины жолоочийн эсрэг талын арын суудал дээр, хүү Мянганбаяр миний хажууд голын хайрцаг дээр суугаад хойшоо гэр лүүгээ явж байгаад Хэрлэн сумын 10-р баг Хар байшингийн баруун талын хойшоо явдаг шинэ засмал замаар хойшоо явж байгаад урдаасаа 4-5 эгнээ явсан байх гэнэт урдуур ягаан куртиктэй 3-4-р ангийн эмэгтэй гүйгээд орж ирсэн. Би тухайн үед сандраад баруун гар тал руугаа рулиэ дарахад замаасаа зүүн тийш гарч айлын нүүрсний амбаар шиг юмыг мөргөчих шиг болсон. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Ухаан ороход эмнэлэгт байсан. Өмнөх өдрийн архи гараагүй тийм согтолттой байсан гэжээ. /хх-ийн 112/

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ  "...Талийгаач Адилбиш овогтой Урнаа нь миний төрсөн эх байгаа юм. 2016 оны 02 сарын 29-ний үдийн хойно 17 цаг 30 минутын орчимд бага дүүгийн маань эхнэр Ариунтуяа над руу залгаад "та эмнэлэг дээр очих уу, Мөнхтөр осол хийсэн юм шиг байна" гэх хэлэхээр нь би шууд эмнэлэг ороход манай ээж Адилбиш осолд орчихсон толгойны зураг авахуулж байсан, харин Мөнхтөрийн хүү Мянганбаяр сэхээний тасагт шилжсэн, Мөнхтөр хүлээн авахад үзүүлж байсан. Ингэж осол болсон талаар мэдсэн. Ингээд Мөнхтөрийн дундах хүү Мянганбаяр эмчлэгдэж байгаад 2016 оны 03 сарын 07-ны өдөр нас барсан, харин манай ээж Урнаа нь эмчлэгдэж байгаад 2016 оны 03 сарын 23-ны өдөр нас барсан. Надад Мөнхтөрөөс нэхэмжлэх зүйл, мөн гомдол санал хүсэлт байхгүй гэжээ. /хх-ийн 30-31/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Одонбор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ "...Би нөхөр Л.Мөнхтөртэй 1999 онд танилцаж гэр бүл болоод том хүүхэд маань 2000 онд гарсан, түүний дараа 2006 онд хүүтэй, 2013 онд хүүтэй, 2014 онд охинтой болсон. Манай том хүү Шинэбаяр өвчний учир 2015 оны 08 сарын 19-ний өдөр нас барсан. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өглөө үүрээр 4 цагийн орчимд манай нөхөр Л.Мөнхтөр гэртээ согтуу орж ирсэн, би хэр зэрэг согтууг нь унтаж байсан учир анзаараагүй. Тухайн үед манай бага охин ханиадтай шөнө халуураад байсан. Ингээд би өглөө эрт 08 цаг өнгөрөөгөөд өрхийн эмнэлэг орж үзүүлэхэд төв эмнэлэг ор гэсэн учир төв эмнэлэг орж гэрэлд цээжийг нь харуулахад хоёр уушиг нь хатгаатай байна гэсэн учир шууд хүүхдийн эмнэлэгт хэвтсэн. Ингээд нөхөр Мөнхтөр рүү утсаар ярьж  бид хоёр хэвтчихлээ ээжийг аваад хоол цай авчирч өг гэж хэлсэн. Ингээд дахин яриагүй байж байтал 17 цаг өнгөрч байхад манай дүү Нэргүй надад хэлэхдээ "Эмээ, Төрөө ах нар эмнэлэг дээр аваарт ороод ирчихээд байна" гэхээр нь би хүүхдээ Нэргүйд үлдээгээд хүлээн авах орсон. Тэгээд намайг очиход ээж Урнаа, хүү Мянганбаяр, нөхөр Мөнхтөр нар бүгд сэхээн амьдруулах тасагт орчихсон байсан. Ингээд манай хүү ухаан оролгүй эмчлэгдэж байгаад 2016 оны 03 сарын 07-ны өдөр нас барсан, харин ээж Урнаа 2016 оны 03 сарын 23-ны өдөр ухаан оролгүй байсаар нас барсан. Тэр машин манай нөхөр Мөнхтөрийн эзэмшлийнх юм. Надад нөхөртөө гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 25-26/

     Иргэний нэхэмжлэгч С.Батдаваа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ "... Би эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Ялалтын 6-р эгнээний 7 тоотод амьдардаг юм. 2016 оны 02 сарын 29-ний өдөр 17 цаг болох гэж байхад манай гэрийн гадаа пид пад хийх чимээ гарсан, тэгэхээр нь гүйгээд гарахад манай хашааны баруун урд талын буланд байх жижиг дэлгүүрийг урд талаас нь жижиг цагаан машин мөргөчихсөн зогсож байсан. Намайг харахад тэр жижиг машины нүүрний шил далд ортол дотогш цөмрөөд орчихсон байсан. Тэгээд ойртоод харахад машины жолооч талд нэг эрэгтэй хүн цаашаагаа налчихсан, мөн цаад талын суудалд нь нэг хөгшин сууж байсан. Тэд нар ухаангүй байсан, учир нь ямар нэг дуу чимээ гаргахгүй байсан. Ингээд бид нар түргэн болон цагдаа дуудсан, тэгсэн удаагүй цагдаа ирээд мөн түргэний машин ирсэн. Ингээд машин дотроос хүүхдийг эхэлж аваад буцаж эмнэлэг авч яваад дахин эргэж ирээд жолооч болон хажуу талын суудалд байсан настай хүнийг авч явсан. Энэ ослын улмаас манай хуучин ажиллуулж байсан 3,5х4 метрийн харьцаатай тоосгоор барьсан дэлгүүр урд талаасаа цөмөрчихсөн. Манайх энэ дэлгүүрийг хуучин ажиллуулж байгаад 2013 оноос хойш ажиллуулахаа больчихсон юм. Энэ ослын улмаас манай дэлгүүрийн нэг том цонх, модон хаалга 1 ш, түүний гадна талд төмөр сараалжин хаалга, 24-ийн тоосгон хана, ДСП хавтангаар хийсэн тааз зэрэг нь эвдэрсэн байсан гэжээ. /хх-ийн 41-42/

Гэрч С.Хэрлэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ "...Би нөхөр хүүхдүүдийн хамт Хэрлэн сумын 10-р баг, ялалтын 6-7 тоотод амьдардаг. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт цөсний хагалгаанд ороод 2016 оны 02 сарын 29-ний өдөр эмнэлгээс гарсан. ... Ингээд тэр өдөр эмнэлгээс гарч дөнгөж гэртээ ороод байж байтал 17 цаг болох гэж байхад манай гадаа их чимээ гарсан. Тэгээд манай нөхөр Батдаваа болон хүүхдүүд гүйгээд гарч харсан. Би эмнэлгээс гарсан учир гэрээс гараагүй харин цонхоор харахад улаан тоос гэрийн гадаа босч байсан. …Тэр машин нь манай хуучин ажиллуулж байсан дэлгүүрийг урд талаас нь цөм мөргөсөн байсан гэжээ.  /47-48/

Гэрч П.Сүхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ "...Би өөрийн эзэмшлийн Приус-10 маркийн 39-14 ДОР улсын дугаартай авто машинтайгаа такси үйлчилгээнд явдаг юм. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр би гадуур таксинд явж байгаад сургууль цэцэрлэг тарахын өмнө байх /цагийг нь нарийн санахгүй байна/ Хэрлэн сумын 10-р баг Ялалтын 20-00 тоот хашаанд байх найздаа нохойны хоол хүргэж өгчихөөд гэрт нь цай ууж 20 орчим минут юм ярьж байгаад буцаад Шүр зах руу таксинд явахаар гараад Хэрлэн сумын Ялалтын голоор явдаг шинээр баригдсан төв замаар хойноос урагшаа явж байхад багцаагаар урдаасаа 6 дахь эгнээ орчимд өөдөөс цагаан өнгийн машин зөрсөн. ...Тэгээд тэр машин зөрсөн үү үгүй юу миний ард пис пас хийх чимээ гарсан, тэгэхээр нь шууд зогсоод машинаасаа буугаад харахад нөгөө надтай зөрдөг машин замынхаа ертөнцийн зүгээр зүүн талын баруун захын айлын хашааг урдаас нь мөргөөд зогсчихсон байсан гэжээ. /49-50/ 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн хийсэн 2016 оны 03 сарын 21-ний өдрийн 19 тоот актын дүгнэлтэд

1. Талийгаач М.Мянганбаярын гавал тархины битүү гэмтэл, дух, баруун зүүн чамархайн цус хуралт, дух, баруун зүүн чамархай, баруун орбитын дээд хана, дагз яс, эрвээхэй ясны баруун далавчийн хугарал, баруун зүүн тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл дор цусан хураа, дух, чамархай, суурь хэсгийг хамарсан цусархаг няцрал, хүзүүний 1-2-р нугаламын холбоосын тасрал гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3.  Дээрх тогтоогдсон дух, баруун зүүн чамархайн цус хуралт, дух, баруун зүүн чамархай, баруун орбитын дээд хана, дагз яс, эрвээхэй ясны баруун далавчийн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т, баруун зүүн тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл дор цусан хураа, дух, чамархай, суурь хэсгийг хамарсан цусархаг няцрал гэмтэл нь 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, хүзүүний 1-2-р нугаламын холбоосын тасрал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Талийгаач нь гавал, тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаачийн цогцост биеэ хамгаалж тэмцэлдсэн гэх ул мөр байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна.

6. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илэрсэнгүй.

7. Талийгаач нь нас бараад 10-24 цаг болсон байна гэжээ. /хх-ийн 59-62/

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн хийсэн 2016 оны 05 сарын 05-ны өдрийн 24 тоот актын дүгнэлтэд

1. Талийгаач А.Урнаагийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины 2 тал бөмбөлөгийн дух, чамархай, дагз дагуу ховилд зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, духанд цусархаг няцрал, дух, баруун зүүн ухархайн дотор хана, хамрын нуруу, хоншоор ясанд хугарал, дух, зулайн хуйханд цус хуралт, баруун шуу яс, зүүн дунд чөмөг ясны  далд хугарал, дух хамрын нуруунд урагдсан шарх, нүүр зүүн бугалга, зүүн баруун гуя, баруун өгзөгт цус хуралт, зүүн өгзөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар их тархины 2 тал бөмбөлөгийн дух, чамархай, дагз дагуу ховилд зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, духанд цусархаг няцрал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.3.1-д зааснаар баруун шуу яс, зүүн дунд чөмөг ясны далд хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар дух, баруун зүүн ухархайн дотор хана, хамрын нуруу, хоншоор ясанд хугарал, дух, зулайн хуйханд цус хуралт,  дух хамрын нуруунд урагдсан шарх, нүүр зүүн бугалга, зүүн баруун гуя, баруун өгзөгт цус хуралт, зүүн өгзөгт зулгарал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Биеэ хамгаалж, тэмцэлдсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

6. Талийгаач нь нойр булчирхайн өөхлөлт, элэг, зүрхний архаг үрэвсэл, зүүн уушигны зогсонгишилийн хатгалгаа, идээт буглаа эмгэгтэй байна.

7. Талийгаач нь авто ослын үед үүсгэдсэн гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

8. Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр цусанд этилийн спирт илрээгүй.

9. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна гэжээ. /хх-ийн 72-75/

     Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04 тоот дүгнэлтэд

1. Жолооч Л.Мөнхтөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 2.3. Б-д "хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 2.7.А-д "согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 9.2-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.  

2. Зам, тээврийн ослын бүдүүвч зурагт Тоёото королло маркийн 22-86 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр тогтоогдоогүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.

3. Жолооч Л.Мөнхтөр нь согтууруулах ундаа хэрэглэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос зам, тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна гэж үзлээ.

4. Тоёото королло маркийн 22-86 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам, тээврийн осол гарахаас өмнө нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй.

5. Тоёото королло маркийн 22-86 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд буфер хагарсан, урд салхины шил хагарсан, зөв талын урд хаалганы шил хагарсан, буруу талын урд крилло дотогш нугларсан, нүүр хагарсан копуд нугларсан, кабины дээд орой урд хэсгээр дотогш чихэгдсэн, зөв талын урд крилло нугларсан, зөв талын урд хаалга дотогш хонхойж гажсан, зөв талын урд дугуй хагарсан, буруу талын урд дугуй хагарсан, зөв талын толь сууриараа хугарсан, зөв талын урд доод карказ нугларсан, зөв талын урд загсан таяг тахийсан, ус, кондешины радиотар цоорч нугларсан зэрэг гэмтлүүд тогтоогдов гэжээ.  /хх-ийн 57/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-08/

Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон Тоёото королла маркийн 22-86 ДОР дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/

Зам, тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11/

Хүний биеэс цус авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 17/

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 94-103/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 162/

Өвчний түүх /хх-ийн 170-192, 193-209/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 189 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 02-ны өдрийн 23 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн Засаг даргын шүүгдэгч Л.Мөнхтөрийн ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 121/                             Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124/

Иргэний нэхэмжлэгч С.Батдаваагийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Лхагвасүрэнгийн Мөнхтөр нь согтуугаар "Тоёото королла" маркийн 22-86 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан "замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 2.3-ын Б-д заасан "хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 2.7-ын А-д заасан "согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 9.2-д заасан  "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 6-7 тоот хашааг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч М.Мянганбаяр, А.Урнаа нарын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбор, Г.Одонбор, иргэний нэхэмжлэгч С.Батдаваа, гэрч С.Хэрлэн, П.Сүхбат нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн хийсэн  2016 оны 03 сарын 21-ний өдрийн 19 тоот актын дүгнэлт /хх-ийн 59-62/, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн хийсэн 2016 оны 05 сарын 05-ны өдрийн 24 тоот актын дүгнэлт /хх-ийн 72-75/, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04 тоот дүгнэлт /хх-ийн 57/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-08/, зам тээврийн осол, хэрэгт холбогдсон Тоёото королла маркийн 22-86 ДОР дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/, зам, тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11/, хүний биеэс цус авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 17/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 94-103/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 162/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 189 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 02-ны өдрийн 23 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Мөнхтөрийн энэ үйлдэлд Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, гэм буруу нь тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуульд зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Мөнхтөр болон түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар шүүгдэгчийн гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргаан гаргаагүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбор, Г.Одонбор, иргэний нэхэмжлэгч С.Батдаваа нар нь шүүгдэгч Л.Мөнхтөрөөс оршуулгын болон бусад зардалд нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Мөнхтөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн эд зүйлгүйг дурдаж, түүний эзэмшлийн эд хөрөнгөнөөс  6000000 төгрөгний үнэ бүхий цагаан өнгийн Тоёото королла маркийн, 22-86 ДОР улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн 2016 оны 04 сарын 08-ны өдрийн, 4550000 төгрөгний үнэ бүхий Хэрлэн сумын 5-р баг, Орчлон хорооллын 12-22 тоотод байрлах 700 м2 газрыг битүүмжилсэн 2016 оны 04 сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолуудыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Л.Мөнхтөрийн баримт бичгээр хураагдаж ирсэн ЖЭ81021132 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд, 01028276 тоот дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 775545 тоот дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Мөнхтөр нь Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 11 сарын 29-ний өдрийн 66 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын 2009 оны 07 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хорих ял нь өршөөлд хамрагдаж, 2011 оны 12 сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан ялтай байдал нь 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Мөнхтөр нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хүндрүүлэх, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

     Шүүгдэгч Л.Мөнхтөр нь болгоомжгүй гэмт хэрэгт анх удаа хорих ялаар шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас  бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Хатагин овогт Лхагвасүрэнгийн Мөнхтөрийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар шүүгдэгч Хатагин овогт Лхагвасүрэнгийн Мөнхтөрийн тээврийн хэрэгсэл жолооодох эрхийг  3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52.5-д зааснаар  ялтан Л.Мөнхтөрд оногдуулсан  3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Ялтан Л.Мөнхтөр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, түүний баримт бичгээр хураагдаж ирсэн ЖЭ81021132 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд, 01028276 тоот дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 775545 тоот дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Л.Мөнхтөрийн 6000000 төгрөгний үнэ бүхий цагаан өнгийн Тоёото королла маркийн, 22-86 ДОР улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн 2016 оны 04 сарын 08-ны өдрийн, 4550000 төгрөгний үнэ бүхий Хэрлэн сумын 5-р баг, Орчлон хорооллын 12-22 тоотод байрлах 700 м2 газрыг битүүмжилсэн 2016 оны 04 сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан  Л.Мөнхтөрд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2016 оны 07 сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                    

   ДАРГАЛАГЧ                           Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

      ШҮҮГЧИД                                  Ж.ДОЛГОРМАА

 

                                                                                             Ү.ОДГЭРЭЛ