Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2025

 

 

 

 

 

 

 

 

 

О.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01382 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БНХАУ-ын иргэн У Ж Г- /Wu Jian Guo/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 706 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Э- нь БНХАУ-ын иргэн У Ж Г-д 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дараах нөхцөлийг харилцан тохиролцож гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж 450 000 000 төгрөг зээлүүлсэн. Долоо хоногийн хугацаатай, зээлийн хүү хоногийн 1 хувь, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алдани тооцохоор тохиролцсон. У Ж Г нь “Хаан” банкин дахь төгрөгийн 5113069005 тоот дансанд гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүүгээ төлөхгүй байгаа тул эдгээрийг алдангийн хамт гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Үүнд: үндсэн зээл 450 000 000 төгрөг, үүний 1 хувийн хүү хоногт 4 500 000 төгрөг, долоо хоногоор тооцохоор 31 500 000 төгрөг, 450 000 000 төгрөгийн алданги 0,5 хувь хоногт 2 250 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 23-наас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 272 хоногийн алданги 614 250 000 төгрөг, үүнээс үнийн дүнгийн 0,5 хувиар бодоход 225 000 000 төгрөг болж байна. Ингээд БНХАУ-ын иргэн У Ж Г--гаас үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 706 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Дүрмийн сантай холбоотой гэх тайлбарыг өнөөдөр хийдэг. Анх энэ асуудлаар хувьцааны мөнгийг буцааж өгөхгүй байгаа учраас хувьцаагаа буцааж авъя гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргахад хариуцагч гардаж аваад хариу тайлбартаа зээлийн гэрээний асуудал нь иргэд хоорондын гэрээний асуудал. Энэ нь дүрмийн сан, хувьцааны төлбөртэй хамааралгүй гэсэн. Нотлох баримтаар тогтоогдоно. Бид нээрээ ч У Ж Г 850 000 000 төгрөгийн хувьцааны эзэн юм байна гээд нэхэмжлэлээ өөрчилсөн. Тэгэхэд хариуцагч өөрчилсөн шаардлагын хүрээнд дахиад л худлаа ярьсан. Тухайн мөнгийг бэлнээр өгсөн ямар ч баримт байхгүй. Бодоод үзэхэд 3 том хар цүнх болно. Энийг О.Э- ганцаараа барьж дийлэхгүй. Адаглаад цуг бариад явсан хүн байх хэрэгтэй.  450 000 000 төгрөгийг бичгээр зээлийн гэрээ хийж, нийт 560 000 000 төгрөг зээлж аваад өөрт байсан 290 000 000 төгрөгийг нэмээд санхүүгийн зохицуулах хороонд түр байршуулсан. Дээрх мөнгийг байршуулсаны дараа  У Ж Г-г хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг зөвшөөрсөн.  Тус хорооны дансанд байсан мөнгөнөөс би өөрөө хувиасааа У Ж Г-д зээлсэн 560 000 000 төгрөгийг хувийн данс руугаа шилжүүлэн авсан. Түүнээс 450 000 000 төгрөгтэй холбоотой асуудлаар ямар ч эрүүгийн хэрэг үүсээгүй. Дүрмийн сан нэмэгдүүлэх зорилготой гэдэг асуудал хаана ч яригдаагүй. Харин Л.Г төлөөлөгчийн ярьсанаар 85 хувьд буюу 850 000 000 төгрөгөөр зарсан. Харин хариуцагч нь О.Э-ийн 850 000 000 төгрөгийг олж өгөхийн тулд О.Э-эс түр 450 000 000 төгрөг зээлсэн. 1 тэрбум 300 000 000 төгрөг захиран зарцуулах эрх байна. Энд ойлгомжгүй асуудал байхгүй. Дүрмийн сан нэмэгдүүлэх гэдэг нь өөр асуудал. О.Э-д мөнгө өгсөнийг н.Сарнай, н.Сайван гэх 2 хүн гэрчилнэ гэдэг. Гэтэл өнөөдөр энэ мөнгөө буцааж авсан гэж яриад байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаа 2 өөр байдлаар үгүйсгэж байна. Тэгтэл 850 000 000 төгрөгийн өмчлөгч болчихоод буцаагаад О.Э-д өгсөн гэдэг нь үндэслэлгүй юм. Одоо болтол “А ф” ББСБ-ын хувьцаа эзэмшигч нь хариуцагч У Ж Г өөрөө юм. Мэдээж О.Э- 850 000 000 төгрөгийн хувьцаа зарсан юм чинь мөнгөө авах нь зүйн хэрэг гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулиар заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн үү гэхээр үгүй байна. Энэ зээлийн зорилго нь тухайн үед компанийн дүрмийн санд буюу 1 тэрбум төгрөгийн дүрмийн сантай компанийн 85 хувийн хувьцааны төлбөрийг санхүүгийн зохицуулах хороонд байршуулах хэрэгцээ шаардлага гарсан. Тийм учраас 9 дүгээр сарын 15-ны өдөр дансаар 450 000 000 төгрөг авсан. Ингээд нийтдээ 850 000 000 төгрөгийг санхүүгийн зохицуулах хорооны дансанд хийсэн. Тийм учраас энэ мөнгө бол зээлийн гэрээний мөнгө биш. Энэ мөнгийг О.Э- буцаан авсан. 7 хоногийн дараа дүрмийн санд байршуулсан мөнгийг “Алъяанс финанс” ББСБ-ын дансанд дүрмийн сангийн буцаалт гэж шилжүүлсэн. О.Э- өөрийн гарын үсгээ зуран авсан. Зарлага О.Э-ийн гарын үсгээр гарсан. Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан. Гомдол гаргасан учир нь У Ж Г- нь гадаадын иргэн байсан. Магадгүй итгэлцлийн асуудал байсан. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор зээлийн гэрээ хийгдсэн байсан. Үүн дээр залилан мэхлээд байна. Иймээс хариуцдаг Хан-Уул дүүргийн цагдаад гомдол гаргасан. Гэвч эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзсан тогтоол гарсан. Манай талаас гомдол гарган одоо нийслэлийн прокурор дээр хянагдаж байна. Энэ мөнгийг төлөх боломжгүй. Учир нь О.Э- нь мөнгөө аль хэдийн авчихсан. Хэрэгт авагдсан баримтаар ч харагдана. Дүрмийн санд байршуулах зорилгоор авсан. Түүнээс зээлээд хүү, алданги тооцоод авах асуудал байгаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу халхавчлах хэлцэл юм гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээ бол нотариатаар батлагдсан гэдэг боловч хэрэгт авагдсан баримтуудаас харахад энэ мөнгө бол буцаагаад авсан мөнгө. Тэгэхээр Иргэний хуульд заасан О.Э- болон У Ж Г- нарын хооронд зээлийн гэрээний асуудал үүсээд бодит тохиролцоо агуулаагүй. Тухайн үедээ дүрмийн сан байгуулах гээд авсан учраас 850 000 000 төгрөг авсан гэж байна. Энэ бол Иргэний хуулийн 56-д заасны дагуу  халхавчлах хэлцэл юм. Тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ уг мөнгийг О.Э-д 7 хоногийн дараа бэлнээр өгсөн боловч баримт үйлдээгүй. Энэ мөнгийг У Ж Г- /Wu Jian Guo/ жинхнээсээ зээл аваагүй, мөн эргүүлэн төлсөн тул нэхэмжилж буй 706 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Үндэслэлдээ мөнгөө бэлнээр өгсөн учраас хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэсэн. Хэдий нотариатаар батлагдсан ч гэсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахгүй. Заасан мөнгөн дүн хариуцагчийн дансанд орсон нь нотлогддог. Улсын бүртгэлийн асуудлаар Иргэний хуулийн 183 дугаар зүйлд улсын бүртгэлд бүртгэгдсэн нь үнэн зөв байна гэсэн зарчим үйлчилдэг. Үүнийг нотлох баримтаар үнэлэх хангалттай баримт байгаа. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 85 хувийн хувьцааны өмчлөгч болчихоод мөнгийг нь өгөх ёсгүй гэж яриад байна. Хэн ч юмаа зарчихаад мөнгөө авах эрхтэй. 7 хоногийн дараа мөнгийг бэлнээр өгсөн гэдэг тайлбар нь байгаа. Хариуцагчийн дансанд мөнгө орсон нь нотлогддог. Сөрөг нэхэмжлэлийг С.Баярмаа өөрөө гаргасан. Сөрөг нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэл байхгүй гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч БНХАУ-ын иргэн У Ж Г- /WU JIANGUO/-гаас 706 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Э-д олгож, хариуцагч У Ж Г- /WU JIANGUO/-гийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 409 000 төгрөгийг, хариуцагч У Ж Г--аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч У Ж Г--аас улсын тэмдэгтийн хураамжид 3 690 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Э-д олгож, хариуцагч У Ж Г--аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 2 337 750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...О.Э- У Ж Г- нар нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан хэдий ч уг гэрээ нь Иргэний хуульд заасан зээлийн гэрээний зорилгоор хийгдээгүй өөр хэлцэлийг халхавчилж хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагддаг. Уг маргааныг дан ганцхан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан ззэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нь эргэлзээтэй бөгөөд энэ нь нэхэмжлэгч О.Э-ийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, холбогдох бусад баримтаар нотлогдоно. Тухайн үед зохигчдын хооронд байгуулсан "Альянс финанс групп ББСБ" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг Санхүүгийн зохицуулах хорооны дансанд байршуулах шаардлагын дагуу 85 хувийн хувьцааны төлбөр болох 850 000 000 төгрөгийг бүрдүүлэхээр У Ж Г- нь О.Э-эс 450 000 000 төгрөгийг авч уг мөнгийг Санхүүгийн зохицуулах хорооны дансанд тухайн өдөртөө байршуулан 7 хоногийн дараа О.Э- нь өөрөө уг мөнгийг өөрийн гарын үсгээр гаргуулан авсан нь дансны хуулгуудаас тодорхой харагдана. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар бодит байдал дээр зээлийн гэрээний асуудал үүссэн бол хариуцагч У Ж Г- нь уг мөнгийг өөрөө захиран зарцуулсан байх, захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлсэн байхыг ойлгоно. Гэтэл уг мөнгийг хариуцагч огт захиран зарцуулаагүй зөвхөн данснаас дансанд шилжүүлсэн үйлдэлийг л хийсэн тул уг гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй юм. Мөн зохигчид тухайн үедээ "Альяанс финанс групп ББСБ" ХХК-ийн хувьцааны төлбөрийг Санхүүгийн зохицуулах хорооны дансанд байршуулах зорилгоор л уг мөнгийг шилжүүлсэн болохоо илэрхийлдэг. Хэрэгт цугларсан нотлох баримт нь зохигчдын хооронд бодит байдал дээр зээлийн гэрээ хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байтал хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хуулиар олгогдсон эрхийн хүрээнд өмгөөлөгч Н.Дашдуламыг сонгон авсан хэдий ч өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй тул шүүх хуралдаан болсон өдөр орон нутагт ажиллаж байсан. Миний бие өмгөөлөгч авах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч О.Э- нь хариуцагч У Ж Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 706 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Зохигчид 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр  нэхэмжлэгч О.Э-эс “А Ф ББСБ” ХХК-ийн 8500 ширхэг хувьцааг У Ж Г- нь худалдан авч 850 000 000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн байна. /хх-ийн 6-7 дугаар тал/  Мөн талууд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч О.Э- нь 450 000 000 төгрөг зээлдүүлэх, хариуцагч У Ж Г- нь 7 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 14 дүгээр тал/

 

Хариуцагч нь “А Ф ББСБ” ХХК-ийн 8500 ширхэг хувьцааг  худалдан авч, Санхүүгийн зохицуулах хороонд уг хувьцааг байршуулахын тулд  зээлийн гэрээ нэрийдлээр 450 000 000 төгрөгийг О.Э-ээс авсан мэтээр дүр үзүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэж маргасан байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Түүнчлэн зээлийн гэрээний дагуу зээлдэгч О.Э-ээс 450 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагч У Ж Г--гийн “Хаан” банк дахь 5113069005 тоот дансанд шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдсон уг баримтыг хариуцагч няцааж чадаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж  тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэлтэй дүгнэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасантай нийцжээ.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг төлөх үүргээ  биелүүлээгүй гэж үндсэн төлбөрт 450 000 000 төгрөг, хүү 31 500 000 төгрөг, алданги 225 000 000 төгрөг, нийт 706 500 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тэрээр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ /2015 оны 9 сарын 15-ны зээлийн гэрээгээр өгсөн 450 000 000 төгрөг, бэлнээр өгсөн 110 000 000 төгрөг бүгд 560 000 000 төгрөг/ “... У Ж Г-д зээлсэн 560 000 000 төгрөгийг хувийн данс руугаа шилжүүлсэн авсан …” гэж тайлбарласан /хх-н 2-р тал/, мөн хавтаст хэргийн 17 дугаар талд дүрмийн сан буцаалт гэж “А Ф ББСБ” ХХК-ийн данснаас нэхэмжлэгч О.Э-д зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлсөн баримт авагдсан байна. Эдгээр баримтуудыг харьцуулан дүгнэхэд О.Э-ээс авсан мөнгөө буцаан өгсөн гэх хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлтэй байх бөгөөд тэрээр зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар зохих ёсоор гүйцэтгэж, дуусгавар болсон гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгчийн  зээлийн гэрээний үүрэгт 706 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01382 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хариуцагч У Ж Г-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 706 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Э-ийн үндсэн нэхэмжлэл, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч У Жиан Гуо-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 409 000 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 2 337 750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 690 450 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ        

                                   

                                            ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                                                                              

                                                                                                  Г.ДАВААДОРЖ