Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2015/0475

 

2015 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 475

Улаанбаатар хот

 

Д.У-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, З.И, Я.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 391 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.У-н нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа:  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн "Албан тушаалд буцаан томилох, чөлөөлөх тухай" 10 дугаар тушаалын Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор тус газрын орон тооны дээд хязгаар 42 байсныг 36 болгон цөөрүүлсэн тул Д.У-г өөр ажлаар хангах боломжгүй байсан юм.

            Өөрөөр хэлбэл тухайн үед шүүхийн шийдвэрийн дагуу 6 албан хаагчийг ажилд нь эгүүлэн томилж, улмаар мөн тооны албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхтэй зэрэгцэн дээр дурдсан Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, дахин цөөнгүй албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн хүрээнд Д.У-г ажлын байраар хангах ямар ч боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан.

            Түүнээс гадна Д.У нь анх ажилд орохдоо төрийн албаны шалгалт өгөөгүй, Төрийн албаны зөвлөлийн болон Авлигатай тэмцэх газрын тодорхойлолт, дүгнэлтгүй хууль бусаар томилогдсон байсан.

Иймд "Албан тушаалд буцаан томилох, чөлөөлөх тухай" 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 10 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэртээ Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан иргэн Д.У-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн "Албан тушаалд буцаан томилох, чөлөөлөх тухай" 10 дугаар тушаалын Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, эсхүл цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд томилохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах гомдолдооД.У-н нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох хэргийг Нийслэлийн анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн 2015.6.17-ний өдрийн 391 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

            Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 499 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 119 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 99 дүгээр тогтоолоор Д.Г нарын 9 иргэнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон. 4

            Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажлын хүрээнд дээрх албан хаагчдаас ажилдаа эргэн орох хүсэлтээ илэрхийлээд байсан 6 албан хаагчийг ажилд нь томилж, улмаар тэдний ажлын байранд ажиллаж байсан мөн тооны албан хаагчийг хуульд заасан журмын хүрээнд үүрэгт ажлаас нь 2015.01.09-ний өдрийн 10 дугаар тушаалаар чөлөөлсөн.

            Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 2014.09.11-ний өдрийн "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай" 4990 дугаар захирамж, мөн өдрийн 39 дугаартай гүйцэтгэх хуудас болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох албан бичгүүд, шийдвэр гүйцэтгэгч Ч.Э-н шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажлын хүрээнд болсон байдаг.

            Мөн Монгол Улсын Засгийн газрын 2014.12.15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор тус газрын орон тооны дээд хязгаар 42 байсныг 36 болгон цөөрүүлсэн тул Д.У-г өөр ажлаар хангах боломжгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед шүүхийн шийдвэрийн дагуу 6 албан хаагчийг ажилд нь эгүүлэн томилж, улмаар мөн тооны албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхтэй зэрэгцэн дээр дурдсан Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, дахин цөөнгүй албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн хүрээнд Д.Ут ажлын байраар хангах ямар ч боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан.

            Албан хаагчдын хувьд өмнө нь ажиллаж байсан ажлын байрандаа орж, улмаар мөн ажлын байранд нь ажиллаж байсан албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын дотор тухайлбал, Д.У-н хувьд ажилдаа эргэж орсон албан хаагчидтай өмнө нь хамт ажиллаж байсан, өөр ажлын байрнаас тухайн ажлын байранд сэлгэн ажиллаж байсан алба хаагч байсан бөгөөд энэ асуудал шүүх хурлын үеэр голлон яригдсан. Өөрөөр хэлбэл тухайн Өрсөлдөөний зохицуулалтын хэлтэс /Зах зээлийн судалгаа, өрсөлдөөний зохицуулалтын газар/-ийн ажилдаа эргэн орох албан хаагчийн ажлын байранд шинээр орсон албан хаагч байгаагүйтэй холбогдуулан тус хэлтсийн албан хаагчдыг харьцуулан үзэж, судлах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх, тухайн ажлын байрыг бий болгох шаардлагын үүднээс Д.У-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Үүнтэй холбогдуулан Д.У-н мэргэжил тухайн ажлын байрны тодорхойлолтод нийцэхгүй, цэргийн артиллерийн офицер мэргэжилтэй, улмаар үнэлгээ нь бусад алба хаагчидтай харьцуулахад бага, түүнчлэн ажиллаж буй жил, туршлага болон өмнө нь ажилд орж байсан түүхэн намтар зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзсэн байхад анхан шатны шүүхээс харьцуулан үзэж, ерөнхий болон тусгай шаардлагыг хэн нь илүү хангаж байгааг шалгаруулаагүй, мэргэжил таарахгүй байх тийм чухал биш, үр дүнгийн үнэлгээгээр В үнэлгээ авсан байтал ажлын туршлагыг шаардлага хангахгүй гэж буруу дүгнэсэн гэх зэрэг байдлаар шүүх хурлын явцад хэлэлцэгдсэн зүйлсийг зөрүүтэй, хэт нэг талыг барьж дүгнэх замаар шийдвэр гаргасан гэж үзэж байна.

            Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д "Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн" гэж заасныг зөрчсөн байсан. Учир нь Түлш эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар хариуцсан улсын байцаагчийн ажлын байранд эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй хүн ажиллахаар батлагдсан байдаг. Гэтэл Д.У-н мэргэжил, боловсрол нь таарахгүй байгаа юм.

            Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 2013 оны 88 дугаар тушаал гарах үед Д.У 2013 оны 1 сард ажиллаж байсан тул шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэлгүй гэж үзсэн.

Гэтэл тухайн үед Д.У нь тус байгууллагад хууль бусаар томилогдон ажиллаж байсан. Учир нь Д.У төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газраас холбогдох дүгнэлт, зөвшөөрөл авалгүйгээр ажиллаж байсан.

            Түүнээс гадна анхан шатны шүүх маргаан бүхий акт гарах үед Д.У өрсөлдөөний зохицуулалтын хэлтэст Түлш, эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын өрсөлдөөн хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд тухайн ажлын байранд томилогдоод нэг сар л ажиллаж байсан байдаг.

            Мөн шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон албан хаагчийн тухайн ажлын байранд шинээр томилогдсон албан хаагч байгаагүй, орон тоо цөөрсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т "үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна" гэж зааснаар хангагдах учиртай гэж дүгнэсэн атал шүүхийн шийдвэрээр ажилд орсон албан хаагчидтай өмнө нь хамт ажиллаж байсан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж шууд дүгнэх замаар өөрөө өөрийнхөө дүгнэлтийг үгүйсгэсэн байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бидний зүгээс тухайн эрх зүйн зохицуулалтыг удирдлага болгон тус нэгжийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, ажилласан жил, туршлага, үр дүнгийн гэрээний биелэлт зэрэг цөөнгүй хүчин зүйлийг харьцуулан үзэх замаар ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулан шийдвэрлэсэн болохыг баримтаар нотлон, тайлбар хийсэн байхад огт шалгаруулаагүй, харгалзан үзээгүй гэх дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан болохыг харуулж байна. Маргаантай гэгдэх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015.01.09-ний өдрийн 10 дугаар тушаалын үндэслэл хэсэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн албан хаагчдыг эгүүлэн тогтоох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэсэн, Төрийн албаны тухай 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт "Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна" гэж заасныг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилсон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө" гэж заасныг хэрэгжүүлсэн нь бодит үнэн билээ. Гэтэл уг маргааны агуулгыг гажуудуулах, нэг ажлын байранд хоёр албан хаагч ажиллах шаардлагатай мэт байдлыг бий болгохуйц тодорхойгүй байдлыг анхан шатны шүүхийн шийдвэр бий болгоод байгаа юм.

            Түүнчлэн анхан шатны шүүх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 10 дугаартай тушаал нь хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрхэн зөрчсөн болохыг огтхон ч дүгнээгүй байгаа нь тухайн шийдвэрийг хуулийн хүрээнд гарсан гэдэгт эргэлзээг бий болгож байна.

Эцэст нь шүүх хуралдааны явцад зарим нэг алдаа гарч байсныг дурдах нь зүйтэй байна. Үүнд:

            а/ Нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгч авах шаардлагатай талаар хурлын эхэнд хүсэлт гаргахад шүүхээс хүсэлтийг хүлээн авалгүй "Та өөрөө орчих болж байна" гэх байдлаар хурлыг хийсэн нь шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцэх боломжийг хязгаарласан, шийдвэрийг анхнаасаа төлөвлөсөн байсныг харуулж байна.

            б/ Энэ анхан шатны шүүхийн шийдвэр нь Д.У-н эрх ашгийг хөндөж байгаагаас гадна өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон алба хаагчийн эрх ашгийг хөндөж, зөрчилтэй мэт байдлыг үүсгэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг ажлын байранд хоёр албан хаагч ажиллах шаардлагатай, эсвэл цаашид хэрхэх нь тодорхойгүй байдлыг үүсгэсэн шийдвэр болсон.

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоН шийдвэрлэж өгөхийг хүсье.гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг өгч хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тушаалын Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө ажиллаж байсан улсын байцаагчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас нэхэмжлэгч Д.У-г ажлаас халсан үндэслэлээ Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 99 дүгээр тогтоол, 2012 онд шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолт болон төрийн жинхэнэ албан хаагчийн 2014 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний үнэлгээ зэргийг баримталсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж төрийн албан хаагч нь төрийн албаны нэмэгдэл баталгаагаар хангагдахаар заажээ.

Гэтэл нэхэмжлэгч Д.У нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тушаалаар Өрсөлдөөний зохицуулалтын хэлтсийн Нийгмийн салбар хариуцсан мэргэжилтнээр томилогдож төрийн захиргааны албан хаагч болсон байх ба хариуцагчаас Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж нэр бүхий иргэдийг өмнө эрхэлж байсан ажилд эргүүлэн томилох зорилгоор нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн үйлдэл нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдсон 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаар тушаал нь нэхэмжлэгчийг төрийн албанд томилогдсоны дараа гарсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх үед тэрээр Өрсөлдөөний зохицуулалтын хэлтэст Түлш эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын өрсөлдөөний асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан  бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор шинээр батлагдсан бүтцэд нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил албан тушаал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар чиг үүргийн хувьд хэвээр хадгалагдаж байсан, мөн бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан нийт албан хаагчдыг ажлаас чөлөөлж, томилсон тушаал нь маргаж буй актын дараа гарсан тул хариуцагчийн “бүтцийн өөрчлөлтөөр орон тоог цөөрүүлсэн тул чөлөөлсөн” гэх тайлбар үндэсгүй байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагчийн тайлбар, үндэслэлүүд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 заалтад хуулийн зүйл, заалтыг буруу бичиж, тэмдэглэснийг зөвтгөсөн өөрчлөлт орууллаа.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 391 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1” гэснийг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                             ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                             ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                             ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ