Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0533

 

“Эй Ди сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Э.Даваахатан нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 358 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Эй Ди сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 358 дугаар шийдвэрээр: “Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Эй Ди сервис” ХХК-ийн гаргасан “...Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Туул ривер кондо” ХХК-ийн эзэмшлийн хашаанд байрлуулсан “Эй Ди сервис” ХХК-ийн өмчлөлийн зар сурталчилгааны байгууламжийг буулгасан үйлдлийг илт хууль бусад тооцож, хууль бус үйлдлийн улмаас манай компанид учирсан 11088000 төгрөгийг нөхөн төлүүлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “1. Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Туул ривер кондо” ХХК-ийн эзэмшлийн хашаанд байрлуулсан “Эй Ди сервис” ХХК-ийн өмчлөлийн зар сурталчилгааны байгууламжийг буулгасан үйлдлийг илт хууль бусад тооцож, хууль бус үйлдлийн улмаас учирсан 11.088.000 /арван нэгэн сая наян найман мянган/ төгрөгийг нөхөн төлүүлж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын холбогдох заалтууд /тухайлбал: 8.3.1, 6.1.1/ нь хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоосон; хуулиар зохицуулсан харилцааг өөрөөр зохицуулсан дээрх журмыг баталснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь эрх хэмжээгээ хэтрүүлж, хуульд заагаагүй үүргийг шинээр бий болгосон тухай холбогдох тайлбарыг өгч байсан болно.

Мөн дээрх хууль бус журмаас үүдэн нэхэмжлэгч “Эй Ди сервис” ХХК-ийн эрх ашиг ноцтой зөрчигдөж, төрийн захиргааны байгууллага дээрх журамд үндэслэн нэхэмжлэгчийн зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгаж, эд материалын хохирол хүлээсэн тухай холбогдох баримтыг гаргаж өгсөн.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудлыг дүгнэж хэргийг шийдвэрлэсний зэрэгцээ, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь тодорхой биш, хоёрдмол агуулгатай байгаа тул тус шийдвэр нь хууль ёсны байх шаардлага хангаагүй байна. Тухайлбал:

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/32 дугаар тогтоол нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны самбар байрлуулж байгаа иргэн, аж ахуй нэгжид бүгдэд нь хамаарах бөгөөд ...” гэсэн атлаа тус үндэслэх хэсэгт “... Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Туул ривер конда” ХХК-ийн эзэмшлийн газарт зар сурталчилгааны самбар байршуулж байгаа “Эй Ди сервис” ХХК буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн гэж үзэх боломжгүй... “ гэсэн нь маш ойлгомжгүй байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...”Эй Ди сервис” ХХК-ийн зар сурталчилгааны байгууламж нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний зурагт заасан шаардлагыг хангаагүй байна...“ хэмээн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн атлаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний зурагт заасан ямар шаардлагыг хэрхэн хангаагүй талаар дурдаагүй, тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын журам”-ын хуульд нийцсэн байдлыг шүүхээр хянуулах, улмаар хуульд нийцээгүй журмыг хэрэгжүүлж, байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндсөн төрийн захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байхад шүүх ““Эй Ди сервис” ХХК-ийн зар сурталчилгааны байгууламж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний зурагт заасан шаардлагыг хангаагүй байна” хэмээн дүгнэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүх захиргааны актын хууль ёсны эсэхийг хянахдаа хуульд үндэслэх бус, захиргааны актад үндэслэн хянасан нь ойлгомжгүй байх бөгөөд дээрх дүгнэлтээрээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 16-ны өдрийн 358 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй ...”, 20 дугаар зүйлийн 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-ийн 2/-т “нийслэлд хэв журам сахиулах, хотын аж ахуй, оршин суугчдын нийгэм, соёлын асуудлаар нийтээр дагаж мөрдөх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, биелэлтэд хяналт тавих”, Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д “Нийтийн эзэмшлийн газар, барилга, байгууламж дээр зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгох нийтлэг журмыг тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага тогтооно” гэх заалтуудаас үзвэл Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бие даан шийдвэрлэх, батлан мөрдүүлэх бүрэн эрхтэй байна.

Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд Гадна зар сурталчилгааны талаар зохицуулсан бөгөөд бүтээгдэхүүний зах зээлийн эрэлтийг тодорхойлох боломжит, хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор нийтэд түгээх зорилгоор зар сурталчилгааны байгууламж буюу самбарыг ашиглаж байгаа нэхэмжлэгч компанийн гадна зар сурталчилгаатай холбоотой үйл ажиллагаа энэхүү зохицуулалт болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-д хамаарна.

Тодруулбал, “Туул ривер конда” ХХК-ийн Газрын тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрээр тодорхой зориулалт, хугацаагаар эзэмшиж байгаа газарт дээрх зар сурталчилгааны самбарыг байрлуулсан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд хамаарахгүй” гэх үндэслэл болохгүй.

Иймд энэ талаар “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эрх хэмжээгээ хэтрүүлж, хуульд заагаагүй үүргийг шинээр бий болгосон” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр үйлчилгээний орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийг олж авсан “Туул ривер конда” ХХК-тай гэрээ байгуулах замаар эзэмшил газарт нь газар эзэмших гэрээнд заасан зориулалтаас өөр зориулалтаар эзэмшиж байгаа нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маргаан бүхий захиргааны акт зөрчөөгүй байна.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 358 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР