| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/01018/и |
| Дугаар | 01522 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 01522
| 2017 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 184/ШШ2017/01522 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, овооны 1 гудамж, 4 тоотод оршин суух Боржигон овогт Сүрэнгийн Баярмаа /рд:МА67040501/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 9-р хороо, баруун баян-уул 7 гудамж, 31 тоотод оршин суух Тайж овогт Намсрайн Мөнхбат /рд:ЦД66052910/-д холбогдох
Гэрлэлт цуцлах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Баярмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч Н.Мөнхбат, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Баярмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие Н.Мөнхбаттай 1993 онд танилцаж улмаар гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1998 оны 02 дугаар сарын 24-нд охин М.Өнөрзаяа төрсөн боловч 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нас барсан. Мөн амьдрах хугацаандаа 2007 онд төрсөн зээ хүү М.Төгс-Эрдэнийг үрчилж авсан. Н.Мөнхбат нь гэр бүлээс гадуур олон эмэгтэйтэй уулздаг байсан. 2016 оны 9 дүгээр сараас хойш өөр хүнтэй хамтран амьдрах болсон. Н.Мөнхбат нь би өөр хүнтэй амьдармаар байна гэдэг байсан учраас миний бие арга буюу нийтийн байранд хүүтэйгээ амьдрах болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дундын хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овооны 1-4 тоотод байх 4,79 м.кв газрыг миний мэдэлд үлдээх, мөн гэрээс хөөгдөн гарснаас хойш надад учирсан хохирол болох түрээсийн байрны 1,345,000 төгрөгийг гаргуулах, хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох, мөн шүүхэд гарсан зардал болох өмгөөлөгчийн хөлс 20,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний хөлс 80,000 төгрөг зэргийг Н.Мөнхбатаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Мөнхбат нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Миний бие 1993 оноос С.Баярмаатай хамтран амьдарч 2003 онд гэрлэлтээ батлуулсан. Тухайн үед С.Баярмаа нь н.Батчулуун гэдэг хүнтэй гэрлэлтийн баталгаатай байсан бөгөөд гэрлэлтээ цуцлуусны дараа нь гэрлэлтээ батлуулсан юм. Тухайн үед буюу 1993 онд С.Баярмаа нь Э.Золжаргал /8 настай/, И.Ялалт-Заяа /6 настай/, Б.Ариунзаяа /2 настай/ гэх 3 дагавар охинтой байсан. С.Баярмаа нь надтай амьдарч байх хугацаандаа 3 охин нь 3 өөр овогтой байх эвгүй юм гэж гуйсаар байгаад 3 охиноо миний нэрээр овоглуулсан. Би 3 охиныг нь өөрийн хүүхдээс өөрцгүй хайрлан халамжилж бүгдийг нь боловсролтой сайхан өсгөсөн. М.Ялалт-Заяа нь “ОХУ”-ын Улаан-Үүд хотод “Хөдөө аж ахуйн их сургууль”-ийг суралцан төгсөх хүртэл бүх сургалтын төлбөр, хоол унаа, байрны зардлыг даасан. М.Золжаргалыг “Авто сургууль” болон “Д” ангилалд мэргэшсэн жолооч болоход сургалтын төлбөрийг төлсөн. М.Золжаргал нь 2007 онд хүү н.Төгс-Эрдэнийг төрүүлээд 2009 онд нөхрөөсөө салаад 2010 онд өөр хүнтэй гэр бүл болмоор байна, хүүхэдтэй гэдгээ нөгөө хүндээ хэлээгүй, тиймээс та 2 нэр дээрээ болгоод авчих гэж гуйсан тул н.Төгс-Эрдэнийг үрчилж авсан. М.Төгс-Эрдэнэ нь 2 настайгаасаа хойш манайд өссөн. С.Баярмаа нь 3 өөр эцгийн 3 хүүхэдтэй боловч тэдгээрийн төрсөн эцгүүдээс тэтгэмж авдаггүй, авахыг хүсдэггүй байсан. 3 охиныг нь насанд хүртэл өсгөж өгсөн надаас өөрийн зээ хүүдээ тэтгэмж нэхэмжилж байгаад гайхаж байна.С.Баярмаа нь надтай хамт амьдарч байхдаа гэр бүлээс гадуур харьцаа үүсгэсэн байсныг миний бие мэдсэн. Иймээс С.Баярмаагийн нэхэмжлэлд дурдсан эмэгтэйчүүдтэй уулзаж байсан нь үнэн боловч хамт амьдарч байгаагүй. С.Баярмаа нь өвөл болохоор би галладаг байшинд байж чадахгүй гээд гэрийн хамаг эд хогшлоо аваад ганц аяга ч үлдээлгүй нүүж яваад цагаан сарын өмнөхөн ирдэг байсан. Чи энэ байшиндаа амьдар гээд би дүүгийндээ очиход өөрөө ирж амьдардаггүй байсан. Иймд С.Баярмаагийн нэхэмжилсэн түрээсийн төлбөр болох 1,345,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөрөхгүй байна. Мөн 2017 оны 03 сарыг хүртэл миний цалингийн данснаас хамтран эзэмшигч гэж байнга сард 400,000-600,000 төгрөг миний зөвшөөрөлгүй авдаг байсан учраас би дансаа солиулсан. 1996 онд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, овооны 1-4 тоотод 2 айлын газар авч хашаа байшин барьж, хүлэмж хийн мод, ногоо тарьдаг байсан. С.Баярмаа нь байшинтай талын газрыг охин М.Золжаргалын нэр дээр болгож нэхэмжлэл дээрээ намайг хашаа байшингүй мэтээр бичсэн байна. Одоо уг хашаа байшин 2 айлын газраа зарж өөрт ногдох хэсгийг авах гэсэн хүсэлтэй байна. Мөн М.Ялалт-Заяа, М.Ариунзаяа нар нь та намайг өсгөөгүй, би таныг өсгөсөн мэтээр маш ихээр дарамталдаг байсан гомдолтой байна. Миний бие Н.Золжаргалын өмчилж байгаа газар дээрх 9*8 харьцаатай 2 давхар байшинг 2009-2011 оны хооронд хүлэмж /6*3/ 2016 онд тус тус барьсан юм. Дээрх өмчилж байгаа газрыг анх 1996 онд хашааг нь барьж буусан юм. Тухайн үед газрын хэмжээ хувь хүний эзэмших 0,7 га-аас их учир 2 хүний нэр дээр гэрчилгээ авах шаардлагатай болсон. Би ажилтай байсан учир С.Баярмаагаар хөөцөлдүүлэхэд газрын нэг талыг охин М.Золжаргалын нэр дээр гэрчилгээ гаргуулсан байсан. Уг 2 айлын газар байшинд С.Баярмаатай амьдарч байхад дундын өмч гэдэг байсан боловч гэрлэлтээ цуцлуулах болохоор М.Золжаргалын өмч, чамд хамаагүй гэж хэлж, нэхэмжлэл дээрээ намайг хоосон газар, гэрийн буйр байхгүй газар дээр амьдарч тэндээсээ хөөгдсөн мэтээр бичсэн байна. Иймд миний бие уг байшин, газрыг хамтран эзэмших эрхтэй гэж бодож байна. Мөн С.Баярмаа нь 2016 оны 09 сараас 2017 оны 04 сарын 01 хүртэл 1,345,000 төгрөг түрээсийн байрны төлбөрт нэхэмжилсэн байна. Гэвч С.Баярмаа нь миний “Хаан банк”-ны цалингийн дансыг хамтран эзэмшдэг байсан учир 2017 оны 03 сар хүртэл байнга мөнгө авч байсан. Мөн зээ хүү М.Төгс-Эрдэнийн ээж М.Золжаргалаас хүүг чинь өсгөж байна гэж байнга мөнгө авдаг, надаас хүүхдийн тэтгэлэг авах зэргээр М.Төгс-Эрдэнийг хувийн ашиг сонирхолдоо ашиглаж байгааг эсэргүүцэж байна. Мөн М.Золжаргал, М.Ялалт-Заяа нараас өөрийн амьдарч байсан 8*9 харьцаатай мансарттай тоосгон байшин маань М.Золжаргалын өмчилж байгаа газарт байдаг. Эхнэр С.Баярмаа намайг ажилтай байсан хойгуур газрын эрх гэрчилгээг охин М.Золжаргалын нэр дээр болгосон байсан. Тухайн байшинг барихад М.Золжаргал, М.Ялалт-Заяа нараас мөнгө төгрөг аваагүй. Тухайн үед М.Золжаргал Булган аймгийн төвд нөхөр н.Бат-Оргилтойгоо амьдарч байсан. М.Ялалт-Заяа нь “Оросын холбоо”-ны улсын Улаан-Үүд хотод “Хөдөө аж ахуйн их сургууль”-д сурч байсан. Иймд миний бие М.Золжаргал, М.Ялалт-Заяа нараас байшингийн төлбөр болох 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний байшин үл хөдлөх хөрөнгөөр үнэлүүлэхэд 30,000,000 төгрөг болсон. М.Ялалт-Заяагаас “Оросын холбоо”-ны улсад суралцаж байсан мөнгө болох сургалтын төлбөр хоол унааны зардал нийт 10,000,000 төгрөг, М. Золжаргалын жолооны курсын /Д/ ангилал, мэргэшсэн жолооны үнэмлэх зэрэг нийт 700,000 төгрөг, хашаанд байгаа 6*3 харьцаатай тоосгон хүлэмжийг 1,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Баярмаа нь хариуцагч Н.Мөнхбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, түрээсийн байрны төлбөрт 1,345,000 төгрөг гаргуулах, шүүхэд гарсан зардал 100,000 төгрөг гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгө болох СХД-ийн 7-р хорооны Овооны 1-4 тоотод байх 479 м.кв газрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Баярмаа нь охин Золжаргалаас үрчилж авсан хүү М.Төгс-Эрдэнэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, түрээсийн байрны төлбөрт 1,345,000 төгрөг гаргуулах, шүүхэд гарсан зардал 100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах болгон өөрчилсөн бөгөөд шүүх дараах үндэслэлээр шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зохигчид 2008 онд танилцаж, 1993 онд танилцаж, 1993 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болсныг 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний гэр бүлийн байдлынгэрлэлтийн 805 дугаарт бүртгэж, ПА№805 тоот гэрлэлтийн гэрчилгээ олгожээ./хх-11 дэх хуудас/
Нэхэмжлэгч С.Баярмаа хариуцагч Н.Мөнхбат нар нь гэрлэлтээ бүртгүүлсний дараа 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдөр охин Баярмаагийн Золжаргалын овгийг Мөнхбатын Золжаргал болгон өөрчлүүлж овог нэрийн өөрчлөлтийн бүртгэлийн 286 дугаарт бүртгүүлж, охин Батчулууны Ариунзаяаг Н.Мөнхбатад үрчлүүлсэн бүртгэлийг 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үрчлэлтийн бүртгэлийн 97 дугаарт, Ирээдүйн Ялалтзаяаг Н.Мөнхбатад үрчлүүлсэн бүртгэлийг бүртгэлийг 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үрчлэлтийн бүртгэлийн 98 дугаарт тус тус бүртгүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, овог нэр өөрчилсөн болон үрчилсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-27-32 дахь хуудас/
Мөн 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Золжаргалын хүү Төгс-Эрдэнийг С.Баярмаа, Н.Мөнхбат нар нь 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үрчилж авсан байна. /хх-32-р хуудас/
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2016 оны 9 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа. С.Баярмаа, Н.Мөнхбат нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон, талуудын хүсэл зориг зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд үрчилж авсан хүү М.Төгс-Эрдэнийг үрчилж авсан эх С.Баярмаагийн асрамжид өгөхийг нэхэмжлэгч хүсч, хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн өссөн болон дассан орчин, бусад нөхцөл байдал зэргийг харгалзан нэхэмжлэгч С.Баярмаагийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дундын эд хөрөнгөөс Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Овоотын 1-4А тоотод байх 474м.кв газар, бусад хөрөнгөөс ногдох хэсэгт 5,000,000 төгрөг, 4062УНН улсын дугаартай автомашин, төмөр пийшинг хариуцагч Н.Мөнхбатын өмчлөлд шилжүүлэн өгөх; бусад үл хөдлөх эд хөрөнгө, 3х4 хэмжээтэй хүлэмжийг нэхэмжлэгч С.Баярмаагийн эзэмшил, өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцож, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээ шүүхэд ирүүлснийг баталгаажуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 120, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Сүрэнгийн Баярмаа /рд:МА67040501/ Тайж овогт Намсрайн Мөнхбат /рд:ЦД66052910/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү М.Төгс-Эрдэнийг эх С.Баярмаагийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар дундын эд хөрөнгөөс Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Овоотын 1-4А тоотод байх 474м.кв газар, бусад хөрөнгөөс ногдох хэсэгт 5,000,000 төгрөг, 4062УНН улсын дугаартай автомашин, төмөр пийшинг хариуцагч Н.Мөнхбатын өмчлөлд шилжүүлэн өгөх; бусад үл хөдлөх эд хөрөнгө, 3х4 хэмжээтэй хүлэмжийг нэхэмжлэгч С.Баярмаагийн эзэмшил, өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөнхбатаа 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Баярмаад олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Амарзаяад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨН