Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/656

 

                                                                                                                  

 

     2022         05          05                                     2022/ШЦТ/656

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч М.Оюунбат,   

Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Мт холбогдох эрүүгийн 2206 00000 1329 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.М нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Рояал караокены нийтийн танхимд иргэн Д.Уыг “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар түүний хэвлий орчимд хөлөөрөө өшиглөсний улмаас Д.Уын биед нь умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол, хэвлийн урд хананы зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                         

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 1329  дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Ч.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Д.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2022 оны 03 сарын 14-ний өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргиин 22 дугаар хорооны нугаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Роуаl нэртэй караокеноос гарч такси барих гээд зогсож байхад хойноос нэг эрэгтэй хүн хөөе гэж дуудахаар нь харахад танихгүй эрэгтэй эмэгтэй хоёр зогсож байсан. Эрэгтэй нь баяртай ажмаа нар минь гэж хэлчихээд яваад орчихоор нь араас нь явж ороод нөгөө залуу дээр очоод “яасан гэсэн бэ” гэж асуухад “зайл авгай нар минь” гэж хэлэхээр нь “бид нар шиг авгай хаана харсан юм” гэж хэлэхэд нөгөө залуу “юу гээд байгаа юм” гэж хэлээд миний гэдэс хэсэг рүү нэг удаа хүчтэй өшиглөж авахад найз нь боль гэж салгасан. Өөр ямар нэгэн маргаан зодоон болоогүй. Маргаан болсоны дараа Амгалан амаржих эмнэлэгт үзүүлэхэд даралт ихсэж цочролд орж хүүхдийн хөдөлгөөн багасаж зүрхний цохилт удаан болсон талаар хэлсэн учир шүүх эмнэлэгт үзүүлнэ. Маш их гомдолтой байгаа.

Миний биеийн гадна хэсэгт ямар нэгэн учирсан гэмтэл шарх байхгүй. Харин дотор хэсэгт ямар зүйл болсон болохыг мэдэхгүй байна. Миний хувьд хэл амаар доромжилж намайг өшиглөсөн асуудалд маш их гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

Дүрс бичлэгт үзлэг хийсэн “хяналтын камерын бичлэгний 1 минут 14 сэкундэд хар өнгийн савхин хүрэм, хар өнгийн урт түрийтэй гутал өмссөн эмэгтэй гаднаас орж ирэн хар өнгийн цагаан канттай цамц өмссөн, хөх өнгийн жинсэн өмдтэй, хар пүүзэн гутал өмссөн 1 эрэгтэй сууж байхад нь хөл хэсэгт нь өшиглөхөд эрэгтэй босож ирээд хар өнгийн савхин хүрэм, хар өнгийн урт түрийтэй гутал өмссөн эмэгтэй хүний хэвлий хэсэг рүү 2 өшиглөж байгаа дүрс бичлэг байв” гэх тэмдэглэл /хх-ийн 17/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №4343 дугаартай:

Д.Уын биед умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол, хэвлийн урд хаханы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

-БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 3/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 18/,

-хохиролд 500.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 55/,

 

Шүүгдэгч Ч.Мын мөрдөн байцаалтад өгсөн:

Намайг ямар хэрэгт татаж байгааг сайн ойлгож байна. Би хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 03 дугаар сарын 14-ний орой 17 цагийн орчимд найз Ганхуягтай холбогдож орой уулзая гэж ярилцсан байсан бөгөөд 21.30 цагийн орчимд найз Цээгийгийн хамтаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рояал нэртэй караокед орсон. Тухайн караокед манай найз Ганхуяг байсан бөгөөд тэнд сууж байгаад би Дээгийгийн хамт гадаа гарч тамхи татаж байхад 3 эмэгтэй гарч ирэхэд баяртай ажима нар минь гээд хэлчихсэн юм. Тэгээд би караокед ороод сууж байтал нэг эмэгтэй нь араас орж ирээд гичийнүүд зайлаарай гэж хэлдэг чи хэн бэ гээд миний хөл хэсэгрүү өшиглөхөөр нь би босоод тухайн эмэгтэйн хэвлийн орчимд нь 1 удаа өшиглөсөн юм. Тэгэхэд тэр эмэгтэй цагдаа дуудаад цагдаа ирсэн. Би тухайн эмэгтэйн биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тэр эмэгтэй нилээд халамцуу байсан гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

 

Хохирогч Д.Уын “миний бие Ч.Мтай сайн дураараа эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 48/,

Шүүгдэгч Ч.Мын “би У гэх хүний биед хөнгөн хохирол учруулсан буруугаа ойлгож байгаа. Утай сайн дураар эвлэрсэн. Хохирлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 49/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ч.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа,  оршин суугаа хаягын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, НДШ төлөлтийн тодорхойлолт, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан прокурорын тогтоолууд зэрэг Ч.Мын хувийн байдлын талаарх баримтуудын хуулбар /хх-ийн 40-47/, Ч.Мын авто зогсоолы талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 53-54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Ч.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Уын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ч.Мын хохирогч Д.Уын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Д.У нь “миний бие Ч.Мтай сайн дураараа эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын маргаангүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн, мөн 500.000 төгрөгийг хохиролд тооцож шилжүүлж авсан байгааг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Ч.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж хадгалхаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.У нь уг гэмт хэргийн улмаас учирсан зардал болон цаашид зардал гарсан тохиолдолд нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Чын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийнх хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч  Д.У нь уг гэмт хэргийн улмаас учирч гарсан зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Маас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ