Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

                                                                                                                                                                                   

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

       Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

       Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

       Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй

       Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Д, Ж.Ч

       Шүүгдэгч *******, Г.О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, Г.О нарт холбогдох эрүүгийн 2122000000207 тоот хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

       Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ........ оны ....... дугаар сарын ............-ны өдөр төрсөн, ............ боловсролтой, с......... мэргэжилтэй, ам бүл .........., .................хамт ................ аймгийн .......... сумын .......... баг ............. гэх газарт оршин суух, ..............., ............., ............ овогт ******* гэв.

 

       Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ......... оны ......... дугаар сарын ............-ны өдөр төрсөн, .............. боловсролтой, ..........., ам бүл ..........., .............. нарын хамт .............. аймгийн ......... сумын .......... баг ........ гэх газарт оршин суух, .......... овогт Г.О гэв.

 

       Шүүгдэгч *******, Г.О нар нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сум 1 дүгээр баг “Их газрын чулуу” гэх газарт байрлах малын хороон дотроос иргэн Ц.О-ийн 5 тооны үхрийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусадтай бүлэглэн, олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж бусдад 4,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2021 оны 12 сарны 04-ний өдөр Г.О-ийн эмээгийн гэрт өдөржин мал хийсэн. Хонио харж амжаагүй байтал орой болсон. Хонь нийлсэн бол хуц, ухнаа барьж хашъя гээд Г.О-ийг гуйгаад хамт явсан. Хоёр хонио харахад нийлээгүй байхаар нь хураачхаад  сүлжээнд гарах гэж аавын машиныг унаж явсан. Сүлжээнд гараад эцэг, эх, найз охинтойгоо ярьчхаад мотоциклын мотор эвдэрсэн байсан учир хороон дээр байдаг байшингаасаа мотоциклын мотор авах гэж очсон. Хороон дээр очоод мотор авах гэтэл байшингийн түлхүүр гацаад болохгүй байсан. Явах гээд машинтайгаа хөдлөөд эргээд зогстол хорооны хашааны хаалга нь онгорхой байсан. Яагаад хашааны хаалга онгорхой байна гэж бодоод хаах гэж очиход үхэр байхаар нь тэрнээс ачсан. Өндөршил сум ороод гудамжаар явж байтал мах ачсан машин зогсож байсан. Тэр хүнээс Г.О “үхэр авах уу” гэж асуучхаад ирэхдээ “үхэр авдаггүй гэнэ, өөр айл авдаг юм байна” гэж хэлсэн. Нөгөө айлд нь очоод асуухад “гарал үүслийн бичиггүй бол авахгүй” гэсэн. Тэгээд Өндөршил сумаас баруун хойш гараад явж байтал машин унтраад цагдаа ирсэн” гэв.

 

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “12 сарын 04-ний өдөр өдөржин мал хийсэн. ******* “хоёр хонь нийлсэн байгаа байх, хуц, ухна барилцъя” гэж намайг гуйгаад хамт явсан. Хоёр хонь нь нийлээгүй байсан. *******оо овоон дээр гарч ээж, аав, найз охинтойгоо утсаар ярьчхаад “мотоциклын мотор эвдэрсэн, хамт явъя” гээд хороонд нь очсон. Хороон дээр очиход байшингийнх нь түлхүүр болохгүй байсан. Хашааных нь хаалга нь онгорхой байхаар нь хаах гэж очтол үхэр орсон байсан. Тэр үхрээс машинд ачаад Өндөршил суманд очоод гудмаар мах ачаад явж байсан машинтай хүнээс “үхэр авах уу” гэтэл “авахгүй” гэсэн. Өөр айлд очоод “үхэр авах уу” гэж асуутал “гарал үүслийн бичигтэй бол авна, гарал үүслийн бичиггүй бол авахгүй” гэсэн. Тэгээд Өндөршил сумаас баруун хойш явж байгаад машин зогстол цагдаад баригдсан” гэв.

 

       Хохирогч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Манай үхэр 2021 оны 12 сарын 02-ны өдөр Сүмийн хар гэдэг газар байсан. 12 сарын 03-ны өдөр дахин харахад тэр газраа байсан. 12 сарын 04-ний өдөр үхрээ харж амжаагүй. 12 сарын 04-ний өдөр бүтэн сайн өдөр байсан учир хүүхдээ сум руу хүргэж өгчхөөд орой нь явж үхрээ харъя гэж бодоод сум руу явж байтал Өндөршил сумын цагдаа утсаар яриад “танайхаас 5 тооны үхэр ачигдаж Өндөршил суманд ирчхээд байна, та ирж үхрээ хүлээж ав” гээд үхрийн зүсийг нь асуутал зүсээр нь хэлсэн. Суманд хүүхдээ хүргэж өгчхөөд Өндөршил суманд очиж үхрээ хүлээж аваад, нэг хоночхоод маргааш өглөө нь ирсэн. Явсан бензинийхээ мөнгийг авсан гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Л.Б-ын “Цэнхэр өнгийн бонго маркийн 7155 ДУА дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Миний машиныг хүү Дорж нь 2021 оны 12 сарын 04-ний үхэр ачиж явахдаа унаж явсан гэсэн. Миний хувьд нэхэмжлэх зүйл алга. Харин машинаа авмаар байна, хөдөө малд явдаг болохоор машины хэрэгцээ байх юм. Би энэ машиныг 2019 онд 10.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Худалдаж авснаас хойш тасралтгүй жилийн 4 улиралд унаж хэрэглэж байна. Авснаас хойш ер нь юм хийгээгүй одоо мотор, кроп, бөгс гурав их муудсан бас зүгээр явж байгаад унтарчихна, урд шил зурагдаад юм харагдахаа больсон муудаж байгаа тэрэг дээ. Тийм болохоор би машинаа 3,500,000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг  /хх-ийн 30-31/

 

Гэрч Д.О-н “ 2021 оны 12 дугаар сарын 05-ны өглөө эрт 07-08 цагийн орчимд гадаа машинтай хүмүүс ирээд мал авах уу гээд хашхираад байсан. Тэгтэл манайд хоносон Ганхуяг гэх залуу уулзах гээд гараад явсан. Гадаа хүнтэй уулзаад байгаа бололтой, гадаа хэсэг байж байгаад гэрт ороод ирсэн. Тэгэхээр нь би “юун хүмүүс байна” гэж асуутал Ганхуяг “5 үхэр зарах гэсэн юм, худалдаж авахгүй биз” гээд танихгүй хоёр залуу явж байна, тэгэхээр нь “би авахгүй” гээд явуулчихлаа гэж хэлсэн. Би гэрээс гарч очоогүй болохоор харж чадаагүй. Ганхуяг гэх залуу харсан байж магадгүй. Гэрт орж ирэхдээ цэнхэр өнгийн Вонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 залуу явж байна гэж хэлсэн. Би ямар им тэмдэгтэй үхэр ачиж явсныг нь хараагүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 41/

 

Гэрч Э.Г-ийн “Би Д.Одмагнай гэх найзындаа хоносон юм. 2021 оны 12 дугаар сарын 05-өглөө эрт 07-08 цагийн орчимд гадаа машинтай хүмүүс ирээд мал авах уу гээд хашхираад байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад иртэл цэнхэр өнгийн Вонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 залуу гадаа ирчихсэн зогсож байсан. Жижигхэн биетэй шар залуу нь бууж ирээд “5 үхэр зарах гэсэн юм, худалдаж авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “бага мал худалдаж авна, үхэр авахгүй” гээд хэлтэл тэр жижигхэн биетэй залуу нь “өөр мал мах худалдаж авдаг хүн байна уу” гэж асуухаар нь мал мах худалдаж авдаг Отгонжаргал гэх хүнийг зааж өгсөн. Би “та 2 хаанаас явж байгаа хүмүүс юм бэ” гэж асуутал “Баянжаргалан сумаас явж байна” гэж  хэлсэн. Тэгээд машин дээр ачиж явсан үхрийг нь харчхаад гэр рүү орсон, нөгөө 2 залуу машинаа асаагаад хөдлөөд явсан. Тэгээд би гэрт ороод Одмагнайд “2 залуу үхэр зарна” гээд явж байсан талаар хэлсэн юм. Одмагнайн гадаа үхэр зарна гээд явж байсан 2 залуу 5 тооны үхэр ачсан байсан. Сартай улаан бяруу, хар сарман бухан бяруу, бөөр алаг шүдлэн үхэр 2 хүрэн бяруу ачсан байсан. Би машиных нь ардаас харсан юм. 71-55 ДУА улсын дугаартай, төмөр өндөрлөгөөтэй бардаактай, бардаакныхаа 2 талыг сөхсөн цэнхэр өнгийн Вонго-3 маркын тээврийн хэрэгсэл байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 43/

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн  7/
  • Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/
  • 5 тооны үхрийг Ц.О-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16/
  • Тээврийн хэрэгсэл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-22/
  • Тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Л.Бт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 23/
  • Эд зүйл үнэлсэн актад “шүдлэн эр үхэр-1.400.000 төгрөг, бяруу нэг  бүр нь 800.000 төгрөг, нийт 4.600.000 төгрөг” гэжээ /хх-ийн 49-50/
  • Сайнцагаан сумын  үнэлгээний комиссын 119 тоот актад “хуучин урд шил зурагдсан, мотор, кроп бөгс гурав их муудсан гэх Бонго-3 маркийн 71-55 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 3.500.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 56/
  • Хэрэгт авагдсан  шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Ц.Оийн 5 тооны үхэр шүүгдэгч *******, Г.О нар  нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 71-55 ДУА улсын дугаартай, цэнхэр өнгийн Вонго-3 маркийн тээврийн хэрэгслээр Дундговь аймгийн  Өндөршил сумын нутагт ачиж явсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын  өмгөөлөгч нараас  “шүүгдэгч нар нь ачиж явсан 5 тооны үхрийг хохирогч Ц.О-ийнх гэдгийг  мэдээгүй, шүүгдэгч *******-ийн аав Бын эзэмшлийн хороонд байсан учраас бусдын алдуул малыг завшсан гэж үзэж хэргийн  зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байна.

Хохирогч Ц.О шүүх хуралдаанд өгсөн  мэдүүлэгтээ “үхрээ 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр харахад “Сүмийн хад” гэдэг газар байсан. Сүмийн хад гэдэг газар нь үхэр ачсан гэх Чулуун хороот гэх газраас 1-2 км орчим зайтай”  гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарын ачсан гэх 5 тооны үхэр нь алдуул мал гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзлээ.  Учир нь алдуул мал гэдэг нь бэлчээрээсээ өөр газарт бэлчээрлэж, тодорхой цаг хугацаанд хэний өмчлөл, эзэмшлийнх гэдэг нь тогтоогдоогүй байх үндсэн шинжтэй байх бөгөөд бусдын эзэмшлийн хороонд орж ирсэн /бэлчээртээ байсан/ шинжээр нь алдуул мал гэж үзэх боломжгүй юм.

Мөн шүүгдэгч нар нь Дундговь аймгийн  Гурвансайхан сумын 1 дүгээр багийн нутаг Чулуут хороот гэх хороо- /шүүгдэгч *******ийн аав Л.Бын эзэмшлийн хороо/-нд байсан үхрээс 5 тооны үхрийг барьж авч, тээврийн хэрэгсэлд ачин, зарж борлуулж мөнгө олох зорилгоор Өндөршил сумын төв орж байгаа үйлдэл нь бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар “шүүгдэгч нар нь мотоциклын мотор авах гэж Чулуун хороот гэх хороонд очсон, бусдаар үхэр хулгайлах гэж очоогүй, улсын яллагч яллах дүгнэлтдээ Их газрын чулуунд гэмт хэрэг үйлдэгдсэн гэж бичсэн нь гэмт хэрэг хэзээ, хаана гарсныг нотлоогүй” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд  мал хулгайлах гэмт  хэргийн санаа, сэдэл нь урьдчилан төлөвлөсөн, гэнэт үүссэн эсэхээс үл хамааран гэмт хэргийн  зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч нар нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1-г баг, Чулуун хороот гэх газраас хохирогч Ц.Оийн 5 тооны үхрийг ачиж авч явсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж үзлээ.

Иймд шүүгдэгч нарт холбогдуулан Эрүүгийн  хуулийн  17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн  2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзээд шүүгдэгч *******, Г.О нарыг  бүлэглэн, бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн  хуулийн  Ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг  харгалзан үзэж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн  Ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн  1.3-т заасныг журамлан  Эрүүгийн  хуулийн  17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн  2.1, 2.2, 2.4-т заасан  хорих  ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  Хохирогч Ц.О нь  өөрийн  5 тооны үхрийг зүсээр нь хүлээн авсан, Өндөршил сумаас авч ирэхэд гарсан бензиний зардлыг хүлээн авсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн  болно.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 71-55 ДУА улсын дугаартай, цэнхэр өнгийн Вонго-3 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******ийн аав буюу эзэмшигч Л.Бт №02402530 дугаартай гэрчилгээний хамт хүлээлгэн өгсөн болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч нар нь уг тээврийн  хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь нотлогдож байгаа боловч уг тээврийн хэрэгслийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлтэй ашигласан эсэх талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулаагүй байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар буюу тээврийн хэрэгслийг хураах  шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нарт  хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1.Шүүгдэгч ........ овгийн Г.О, ....... овгийн ******* нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, Г.О нарт тус бүрт нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Г.О нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэгт хураан авсан 7155 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 02402530 дугаартай гэрчилгээний хамт иргэний нэхэмжлэгч Л.Бт хүлээлгэн өгсөн баримт хэргийн 23 дугаарт авагдсан, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******, Г.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6.Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХБАТ