Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/658

 

 

    2022        05          05                                      2022/ШЦТ/658

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Н.Ганчимэг,   

нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр, хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Гэд холбогдох эрүүгийн 2206 00000 1300 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 09-ний өглөө 10:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат Өргөө хотхоны 407-121 тоот гэртээ өөрийн эхнэр Т.Цийг зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 1300 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч А.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Т.Цийн мөрдөн байцаалтад өгсөн:

2022 оны 3 дугаар сарын 09-ний өглөө 10:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат Өргөө хотхоны 407-121 тоот гэртээ нөхөр А.Г болон түүний төрсөн эмэгтэй дүү Мөнх-Оюун нарын хамт нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан. Би юунаас гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан нөхөр бид хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Манай нөхөр гэнэт миний нуруу, хэвлий, цээж, нүүр хэсэгт маш олон удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон. Энэ үед Мөнх-Оюун унтаж байсан. Манай нөхөр салаад босчихоор нь  1 давхарт зогсож байсан залуугаар цагдаад дуудлага өгүүлсэн. Миний нөхөр заримдаа л архи уудаг. Гэхдээ уусан үедээ намайг өдөж, би урдаас нь хэрүүл хийхээр намайг зоддог. Би урьд цагдаагийн байгууллагад хандалгүй өнгөрөөдөг байсан. Миний хоёр нүд, хамар, уруул хавдаж хөхөрсөн. Нуруу болон хэвлий цээж бүхэлдээ хөндүүртэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

- ГССҮТ-ийн осол гэмтлийг бүртгэх хуудас /хх-ийн 8-9/,

- БЗДЦГ ЦХ-3 шуурхай удирдлагын тасаг, дуудлага лавлагааны хуудас /хх-н 10/,

- Эргүүлийн офицерийн 2022-03-09-ний өдрийн “иргэн Т.Ц /РД:ЦВ74071001/-с 99642211 дугаарын утсаар ирүүлсэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баганат Өргөө хотхоны 407-121 тоотод “нөхөр намайг зодоод байна” гэх зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авч очиж шалган дуудлага мэдээлэл өгсөн иргэн Т.Цтэй уулзаж болсон асуудлын талаар тодруулхад тайлбар мэдүүлэг өгөх чадваргүй согтуу байсан ба өөрийнх нь яриа өгүүллээр нөхөр А.Г нь насанд хүрээгүй хүүхдийнхээ дэргэд хохирогчийг зодож, хоолойг нь боож, гэрээс нь хөөж гаргасан гэж өгүүлж байсан. Түүнтэй уулзахад 2 нүд эргэн тойронд хөхөрч хамар болон амнаас нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйл гарч хатсан, гутал хувцасгүй орцондоо сууж байсан. Гэрт нь орж шалгахад 3-4 орчим насны 2 хүүхэд мөн холбогдогч А.Гийн төрсөн дүү гэх эмэгтэй согтуу унтаж байсан ба А.Г нь гарч зугтаасан байсан. Ойр орчимд эрэн сурвалжилж олж тогтоон Улиастай120-д эрүүлжүүлж ажлласан талаар тэмдэглэл болгон тэмдэглэв” гэх тэмдэглэл /хх-ийн 11-14/,

 

Гэрч Г.Мөнх-Оюуны мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өөрийн гэрээс нагац ах А.Г, түүний эхнэр Т.Ц нарын хамтаар А.Гийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 407 дугаар байр, 121 тоот гэрт нь ирсэн. Бид нар манай гэрээс ирэхдээ л бага зэрэг уучихсан байсан ба нэмж согтууруулах ундаа хэрэглэчихээд унтацгаасан. Намайг унтаж байхад Т.Ц эгч шөнөжин орилж хашхираад унтуулж амраахгүй байсан. Өглөө нь босоод би та арай дэндүү асгам согтуу тавих юм аа гэж хэлсэн. Т.Ц эгч надаас болон нөхрөөсөө уучлалт гуйчихаад бид нар ахиж 1 шил архи, хүн тус бүрийн 1 лаазтай пиво ууцгаасан. Миний архи гүйцэт гараагүй байхад нь нэмээд уусан болохоор унтаад өгсөн. Миний 4 настай охин намайг дуудаж сэрээсэн ба би охиноосоо яасан талаар нь асуухад ах, эгч 2 зодолдоод байна гэсэн. Тэгээд би явж очиход угаалгын өрөөндөө А.Г ах эхнэртэйгээ барьцалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгахад Т.Ц эгч чи намайг цохиод байхдаа яадаг юм чамайг ална гээд А.Г ах руу хутга бариад дайрсан ба А.Г ах гараад явчихсан. Тэгээд би Т.Ц эгчийг тайвшруулаад байж байтал эмнэлгийн түргэн тусламж хүрч ирээд Т.Ц эгчийг авч явсан.

Би унтаж байсан болохоор тэр 2 хоорондоо яаж зодолдсон, хэн нь хэнийхээ хаана нь цохьсон талаар хараагүй. Ямар ч байсан Т.Ц эгчийн 2 нүд хавдаж хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4080 дугаартай:

“Т.Ц-н биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, хэвлий, нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/,

 

Шүүгдэгч А.Гийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2022 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн орчим өөрийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат өргөө хотхоны 407 дугаар байрны 121 тоот гэртээ өөрийн үеэл дүү Мөнх-Оюун болон эхнэр Т.Ц нарын хамтаар 2 шил архи хувааж уугаад Мөнх-Оюун унтсан. Энэ үед миний эхнэр Т.Ц нилээд согтсон байсан ба над руу агсам согтуу тавьж орилж хашгирч байгаад хутга барьж дайрсан. Би уг хутгыг нь булаан аваад түүний 2 гарыг хориглож байхад өөрөө 2 гараараа нүдрүүгээ, нүүрэндээ олон удаа цохиж, өөрийгөө гэмтээсэн. Мөн миний гэдсийг хумсаараа маажихаар нь би түүний нүүрэнд гараараа 2 удаа алгадаж авсан ба над руу үргэлжлүүлэн дайрсаар байхаар нь би гэрээсээ гарч явсан. Тэгээд гэрийнхээ ойролцоо гадаа байж байхад цагдаа нар ирж намайг авч явсан.

 Би өмнө нь 2022 оны 01 дүгээр сард миний эхнэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ над руу дайраад байхаар нь би түүний биед гар хүрч алгадаж байсан. Би Т.Цийг яагаад заавал намайг цагдаагийн байгууллагад хэрэгт холбогдуулах гэж өөрийгөө цохиж зодох, эсвэл зүгээр байхад цагдаагийн газарт дуудлага өгөх зэрэг үйлдэл гаргаад байдаг талаар нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 46/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч А.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, оршин суугаа хорооны тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 50-52/, 5055.....09 дугаарын А.Гийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 60/ зэрэг нотлох баримтуудыг,

-хохирогч Т.Цийн “...өөрийн нөхөр болох А.Гтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж зодолдсон. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 53/,

-шүүгдэгч А.Гийн “... өөрийн эхнэр Т.Цийг зодож гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Миний эхнэр надад гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Би таксинд явж орлого олдог” гэх хүсэлт /хх-54/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Гийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч А.Гийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Т.Цийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Т.Ц нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч А.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь гэр бүлийн хүрээнд эхнэр нөхөр 2 хамт архидан согтуурсан хохирогч, шүүгдэгч нарын буруутай үйлдэлээс улбаатай болно. Гэр бүлийн хүмүүс хамт баяр ёслол, тэмдэглэлт арга хэмжээнд оролцох, тэмдэглэхдээ зэрэгцэж хамтаараа их хэмжээгээр архидан согтуурдаг явдлыг өөрчилөх нь зүйтэйг хохирогч, шүүгдэгч нар цаашид анхаарч амьдралдаа хэрэгжүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол арилсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Агийн Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ