Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/422

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                            Хэргийн индекс:166/2020/0411/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ундрам,

Улсын яллагч:  Г.Уянга,

Шүүгдэгч: К.К.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.С-д холбогдох эрүүгийн 2018000000448 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс казах, 27 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, ******************* жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, К.С-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

К.К.С- нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн орчим Дархан-Уул аймаг Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Могойн гол гэх газарт шороон зам дээр ДАЗ **-**улсын дугаартай “Dayun” маркийн авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1, 12 дугаар бүлгийн 12.3, 3 дугаар бүлгийн 3.7а-д заасныг тус тус зөрчсөний улмаас иргэн М.М.Н-н жолоодож явсан “Хьюндай портер” маркийн **-**ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж ДАЗ **-**улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн К.К.Е-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч К.К.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Өөрийн гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч К.К.С- нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн орчим Дархан-Уул аймаг Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Могойн гол гэх газарт шороон зам дээр ДАЗ **-**улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1-д заасан Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно, 12 дугаар бүлгийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3 дугаар бүлгийн 3.4.в Жолооч мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч М.М.Н-н жолоодож явсан “Хьюндай портер” маркийн **-**ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж ДАЗ **-**улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн К.К.Е-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч К.К.С-ийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2018000000448 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

            Хохирогч К.К.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай дүү К.С- бид хоёр бухал өвс тавих гэж явсан. гараад Б- гэх ахын гэрээс хадуурын сэрээ авчихаад гэрийнх нь урдаас хөдлөөд явж байхад урд талаас нэг машин ирж байсан. Дүү бид хоёр явж байсан замын зүүн талд нэг шороон зам, баруун талд бас нилээн хэдэн шороон зам байсан. Урд талаас ирж явсан машины гэрэл нилээн хурц байсан болохоор дүү бид хоёр баруун гар талын шороон зам руу дараад орох гэтэл машин яг миний хажууд сууж явсан тээврийн хэрэгслийн хойд тал руу ирж мөргөсөн. Би газарт уначихаад босоод буцаад газарт хэвтсэн. Миний хөлийн шилбэ хэсгээр өвдөөд би хөл хугарчихлаа гэж бодсон. Тухайн үед манай дүү К.С-, М.Н- нар намайг өргөж машинд оруулаад эмнэлэгт авчирсан” гэх мэдүүлэг /хх 16-17/,

            Иргэний нэхэмжлэгч М.М.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх 11/,

            Гэрч Т.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би үхрээ саагаад сууж байсан чинь манай нөхөр дүүгийн хамт бас М.Н- портертойгоо ирсэн чинь нөхрийн хөл хугарчихсан ирсэн, тэр үед 20 цаг өнгөрч байсан. Юу болсон талаар асуухад тэр портер хурц гэрэлтэй, хурдтай явж ирээд мотоциклтой манай хоёр зөв талаар нь гарах гэтэл портер өөдөөс нь ирээд мөргөлдчихсөн гэж хэлсэн. Тэгээд М.Н- портероороо эмнэлэгт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх 21/,

            Гэрч М.М.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 11 цагийн үед хадландаа гараад ажиллаж байгаад орой 18 цагт гэгээ тасарч эхлэхээр нь би хадлангаасаа буугаад өөрийн **-**ДАУ улсын дугаартай Портер маркийн ачааны машинтайгаа гэр рүүгээ харьж явсан. Намайг уулнаас трактораа буулгаад харих гэсээр байтал харанхуй болчихсон байсан. Тэгээд би машинаа жолоодоод явж байхад Н- гэрийн гаднаас нэг тээврийн хэрэгсэл хөдлөөд замаар ороод явж байснаа намайг дөхөөд ирэхэд замаас хазайж миний явж байсан зам руу орж ирсэн. Би сандрахдаа машиныхаа рүлийг зүүн гар тийшээ дарахад урдаас ирж мөргөсөн мотоцикл баруун гар тийшээ замаас хазайж гарах гэж байгаад миний машинтай мөргөлдсөн. Би машинаасаа буухад Эрбол хөлөө бариад хугарчихлаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 25/,

            Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт:

            1.**-**ДАУ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих.Ерөнхий шаардлага MNS 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна.

            2. Техникийн хувьд бүрэн бүтэн үндсэн болон туслах эд ангиуд эвдрэл гэмтэлгүй байсан байна.

            3.Техникийн хувьд эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн байсан осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна.

            4.**-**ДАУ улсын дугаартай Hyundai Porter маркийн хөх өнгийн автомашины урд талын нүүр баруун гар талын урд хэсэгт бага зэрэг хонхойсон, баруун гар талын толь сууриараа унасан хагараагүй, баруун гар урд гэрлийн шил хагарсан зэрэг нь ослын дараа эвдрэл гэмтэл байна.

            5.Осол үйлдэгдэх үед дээрх автомашины тормосны эд ангиуд /систем/ бүрэн бүтэн ажиллагаатай байсан байна. /хх 28/,

           

            Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 35/,

 

            “Капитал Зууч” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн М.М.Н-н эзэмшлийн “Хьюндай портер” маркийн **-**ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 41-42/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 734 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.К.К.Е-ын биед зүүн хөлийн шилбэний шаант ясны дунд 1/3-ын ташуу сэлтэрхийт битүү хугарал, тархи доргилт, нүүрний зулгаралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4.К.К.Е-ыи биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 50-51/,

 

Зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоосон 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгчийн “..Камелхан овогтой К.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлэг 11.1 Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсан тооцно, 12 дугаар бүлгийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3 дугаар бүлгийн 3.4.в Жолооч мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.” гэх магадлагаа /хх 56/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-11/,

 

Шүүгдэгч К.К.С-ийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 68/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 74-76/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч К.К.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч К.К.С-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч К.К.Е-, иргэний нэхэмжлэгч М.М.Н- нар нь “хохирол төлбөрөө барагдуулж авсан. Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. гэж байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч К.С-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.К.С-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.К.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.К.С- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Шүүгдэгч К.К.С- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.К.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 

 

                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ