Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/424

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:166/2020/0389/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа,

Улсын яллагч: Т.Дэлгэрмэнд,

Хохирогч: Ш.Ш.Ц-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.О-,

Шүүгдэгч: Т.Т.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э-д холбогдох эрүүгийн 2018000000433 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 45 настай, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 2, ээжийн хамт оршин суух хаягтай, урьд :

-1997 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 188 дугаартай Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан Т.Э-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Т.Т.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн орчим иргэн Ш.Ш.Ц-тэй маргалдан толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Т.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 09 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Манай найз Сэлэнгэ явж байна замаараа уулзъя гэсэн. Тэгээд манай гэрт ирээд би хоол унд хийж өгөөд ганц шил архи уусан. Тэгээд гадаа гараад ганц нэг юм уучхаад гэртээ ороход энэ айлын үүдэнд хоёр хүн хаалга янзалж байсан. Би маргасан гэдгээ сайн санахгүй байна. Гэртээ байж байтал хоёр цагдаа орж ирээд чи хажуу айлын хүнтэй маргасан байна гээд намайг аваад явсан. Надаас маргааш нь байцаалт авсан. Би энэ айлын хаалгыг нүдэж оролдоогүй, энэ хүний дүү нь харин байнга согтуу ирээд манай хаалгыг нүдээд өшиглөөд байдаг.” гэв.

Хохирогч Ш.Ш.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ : “ 2020 оны 09 дүгээр сарын 29-ны шөнө 23 цагийн үед хаалга нэлээд оролдоод байсан. Тэгээд би энэ хүнийг согтуу андуураад байна даа гэж бодсон. Манай ээж 86 настай хөгшин байгаа, ээжийг сонстол дахин хаалга нэлээд нүдэж оролдсон. Тэгээд ээж хаалга яагаад ийм их чимээ гараад байна гэхээр нь хажуу айлын Тайван л манайхыг андуурч байна гээд ээжийг тайвшруулаад унтуулсан. Тэгээд нэлээд оролдож түжигнүүлж байснаа чимээгүй болсон. Өглөө ажилдаа гараад хаалгаа түгжих гэтэл түгжигдэхгүй байсан. Гэтэл хөшөөд эвдсэн байсан, хөршүүд бууж ирэхээр нь манай хаалгыг эвдчихэж гэхэд Тайван өчигдөр халамцуу явж байсан гэж хэлсэн. Би хаалга янзалдаг хүн зар дээрээс олж ирээд янзлуулж байхад 3 давхрын хүн бууж ирээд Тайван л согтуу явж байсан ингэсэн байх гэсэн. Тэгээд би байнга доромжлуулна, дээрээс нь хаалгаа эвдүүллээ ямар ч байсан үзүүлье гэж бодоод хаалгыг нь тогшиж хэлэхэд намайг хананд шахаж байгаад зодсон. Одоо би хорио цээртэй байгаа учраас Улаанбаатар руу явж эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа. Би цагдаа дуудсан, цагдаагийн хажууд намайг тоохгүй хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байсан. Би дараа нь томографикын зураг авхуулсан. Гол нь энэ хүн байнга уудаг, байнга орцны үүдэнд согтуу байдаг.” гэв.

Эрүүгийн  2018000000433 дугаартай хэргээс:

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 798 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Ш.Ш.Ц-гийн биед тархи доргилт, тархины хаван, баруун нүдний зовхи, шанаанд болон баруун гуян дах цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

4.Ш.Ш.Ц-гийн биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

5.Ш.Ш.Ц-д учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 06-07/,

 

Шүүгдэгч Т.Т.Э-ы арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 22-27/, оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 28-32/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.Т.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагийн орчим Ш.Ш.Ц-тэй “хаалга эвдээгүй” гэж маргалдан хохирогчийн халдашгүй байдалд халдаж толгойн тус газар гараараа цохиж, биед нь тархи доргилт, тархины хаван, баруун нүдний зовхи, шанаанд болон баруун гуян дах цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              

Шүүгдэгч Т.Т.Э- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Д- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ш.Ш.Ц- эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгох зорилгоор КТГ-ын үзлэг хийлгэсэн 165000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Т.Т.Э- төлбөрийг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан тул хохирогч Ш.Ш.Ц- нь энэ тогтоолоор шийдвэрлүүлээгүй эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Т.Э- нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 30 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцон түүнийг ял эдэлсэнд тооцох нь зүйтэй

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Э- шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Э-ы 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 30 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцон шүүхээс оногдуулсан торгох ялыг эдэлсэнд тооцсугай.

 

5.Хохирогч Ш.Ш.Ц- нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

                     

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ТӨМӨРХҮҮ