Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 80

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч нарын өмгөөлөгч  Д.Ганхуяг

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Цагаанхүүхэн

Насанд хүрээгүй шүүгдэгч З.Алтаншагай,

Шүүгдэгч З.Энхсайхан нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Заан овогт Зоригтбаатарын Энхсайхан, Боржигон овогт Зоригтын Алтаншагай нарт холбогдох 201611000138 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Заан овогт Зоригтбаатарын Энхсайхан, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1997 оны 03 сарын 30-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЮ97033036/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Силикатын 02-16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл.

Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Зоригтын Алтаншагай, Улаанбаатар хотод 2000 оны 09 сарын 30-ны өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-УК00293018/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн тогоочийн 1 дүгээр ангид сурдаг, ам бүл 3, өвөө, эмээ, нарын  хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчны 02-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч З.Энхсайхан, З.Алтаншагай нар нь бүлэглэн 2016 оны 03 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймаг Хэрлэн сумын 6 дугаар багт байх Ивээл хороололд байрлах гар утас засварын газрын хаалгыг эвдэн орж, бүдүүн оролттой цэнэглэгч 13ш, сунадаг гар 2ш, айпоне гар утасны резинен гэр 7ш, самсунг утасны цэнэглэгч 4ш, өргөн болон нарийн оролттой цэнэглэгч, самсунг гар утасны том батарей 4ш, жижиг батарей 9ш, ЛЖ маркийн гар утасны батарей 3ш, П100 маркийн гар утасны батарей 3ш, Нокио гар утасны шинэ батарей 4ш, Прадо утас 1ш, сэлбэгний утас 46ш, отверко 1ш, бахь 1ш зэргийг хулгайлж 619000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Энхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 03 сарын 22-ны өдөр гэртээ байж байгаад орой 19 цагийн үед гэрээс гараад Силикатын 3 дугаар эгнээд Алтаншагайтай таарсан. Бид хоёр Тусгаар тогтнолын талбай очиж байж байгаад шөнө гэр рүүгээ буцаж явах замдаа 02 цагийн үед СМУ-гийн байрны тэнд явж байгаад гар утас засварын газрын гадаа очоод би Алтаншагайд "хоёулаа гар утасны газар ухъя" гэж хэлсэн. Алтаншагай "цагаад баригдана шүү дээ" гэхээр нь "гайгүй байх аа" гээд би төмөр хайж байгаад нарийн төмөр олоод цоожийг нь хөшөөд бид хоёр орсон. Жижиг хайрцаг байхаар нь тэр хайрцаг дотор хананд өлгөөтэй байсан цэнэглэгч, гар утасны батарей...зэрэг хэрэгт бичигдсэн эд зүйлийг авсан. Тэгээд "Шүр зах"-ын жолооны дадлага хийдэг талбай дээр очоод хулгайлсан эд зүйлээ хувааж аваад гэртээ харьсан юм.

Би Алтаншагайтай найз болохоор хамт явсан. Надад хэрэгт дурдсан эд зүйлээс аваагүй гэж маргах зүйл байхгүй. Хохирлыг бүрэн төлсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч З.Алтаншагай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Энхсайхантай хамт СМУ-гийн байрны гар утас засварын газраас утас, утасны сэлбэг, хэрэгсэл хулгай хийж авсан нь үнэн юм. Би Энхсайхантай найз болохоор цуг явсан. Тэр намайг дарамталж, шахаагүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирлыг бүрэн төлсөн гэв.

Хохирогч Э.Түвшинсүрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ "...2016 оны 03 сарын 23-ны өглөө ажил дээрээ ирэхэд хаалга онгорхой байхаар нь ороход лангуун дотор болон хананд өлгөөтэй байсан гар утас, дагалдах хэрэгсэл зэрэг зүйлүүд алдагдсан байсан.

Эд зүйлээс бүдүүн оролттой самсунг маркийн гар утасны чихэвч 13 ширхэг, сунадаг гар 2 ширхэг, iphone гар утасны резинен гэр 7 ширхэг, самсунг утасны цэнэглэгч 4 ширхэг, өргөн болон нарийн оролттой цэнэглэгч нийт 13 ширхэг, лангуун дотор байсан самсунг гар утасны шинэ том батарей 4 ширхэг, жижиг батарей 9 ширхэг, ЛЖ маркийн гар утасны шинэ батарей 3 ширхэг, П100 маркийн гар утасны батарей 3 ширхэг, Нокио гар утасны шинэ батарей 4 ширхэг, Prado гар утас 1 ширхэг, сэлбэгэнд хэрэглэж байсан андройд утас 46 ширхэг, отверко 1 ширхэг, бахь 1 ширхэг алга болсон байсан…/хх 27-28/,...Би эд зүйлээ хүлээн авсан. З.Энхсайхан, З.Алтаншагай нар нь надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болон гэм буруугаа ухаарч уучлалт гуйсан. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй..." гэжээ. /хх 29, 119/

Гэрч О.Одхүү /хх 43/, шүүгдэгч нарын мөрдөн байцаатад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 58-72/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/, З.Алтаншагайгаас эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх 10-11/, Алтаншагайгаас хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13/, З.Энхсайханаас эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-15/, Эд зүйлийг хохирогч Э.Түвшинсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 16, 120/, Эд зүйлийн үнэлгээ /хх 5-6/, Хулгайн гэмт хэрэгт хэрэглэсэн тал тоосго, нарийн хар төмрийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 23/, Тал тоосго, нарийн хар төмөрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 24-25/, З.Алтаншагайн насыг тоолсон тэмдэглэл /хх 101/, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн 07 тоот болон Дорнод аймгийн Цагдаагийн газрын 07 тоот хүсэлтүүд, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, үнэлгээ /хх 17-19/, шүүгдэгч З.Энхсайханы иргэний үнэмлэхний лавлагаа /хх 80/, насанд хүрээгүй шүүгдэгч З.Алтаншагайн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 97/, Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 100/, Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд зэрэг болон бусад хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч З.Энхсайхан, З.Алтаншагай нар нь бүлэглэж, 2016 оны 03 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн "Ивээл хороолол"-д байршилтай гар утас засварын газарт буюу бусдын орон байранд хаалгыг эвдэн нэвтэрч бүдүүн оролттой "Samsung" маркийн гар утасны чихэвч 13 ширхэг, сунадаг гар 2 ширхэг, "iphone" маркийн гар утасны резин гэр 7 ширхэг, "Samsung"  маркийн гар утасны цэнэглэгч 4 ширхэг, өргөн болон нарийн оролттой цэнэглэгч нийт 13 ширхэг, лангуун дотор байсан "Samsung" маркийн гар утасны шинэ том батарей 4 ширхэг, жижиг батарей 9 ширхэг, "LG" маркийн гар утасны шинэ батарей 3 ширхэг, "П100" маркийн гар утасны батарей 3 ширхэг, "Нокио" маркийн гар утасны шинэ батарей 4 ширхэг, "Prado "гар утас 1 ширхэг, сэлбэгэнд хэрэглэж байсан андройд утас 46 ширхэг, отверка 1 ширхэг, бахь 1 ширхэгийг тус тус хулгайлж 619000 төгрөгийн буюу буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч З.Энхсайхан, насанд хүрээгүй шүүгдэгч З.Алтаншагай нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийг хэн санаачилсан, уг хэрэгт хэн хэрхэн оролцсон, хулгайлсан эд зүйлийг юунд зарцуулсан талаар үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдийг давхар нотолсон хохирогч Э.Түвшинсүрэн, гэрч О.Одхүү нарын мөрдөн байцаатад өгсөн мэдүүлгүүд, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, З.Алтаншагайгаас эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, Алтаншагайгаас хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, З.Энхсайханаас эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлийг хохирогч Э.Түвшинсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хулгайн гэмт хэрэгт хэрэглэсэн тал тоосго, нарийн хар төмрийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, Тал тоосго, нарийн хар төмөрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, З.Алтаншагайн насыг тоолсон тэмдэглэл, Эд зүйлийн үнэлгээ зэрэг хуульд заасан үндэслэл  журмын  дагуу  олж  авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Прокурорын газраас шүүгдэгч З.Энхсайхан, насанд хүрээгүй шүүгдэгч З.Алтаншагай нарт холбогдох гэмт хэрэгт зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч З.Энхсайхан, насанд хүрээгүй шүүгдэгч З.Алтаншагай нарыг бүлэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогдохгүй байх ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж шударгаар хүлээн мэдүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг арлгасан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүдээр нотлогдож байх тул тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас гадна шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж байгаа болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар /нэг удаагийн үйлдэлтэй, 619000 төгрөгийн хохиролтой/ шүүгдэгч З.Алтаншагайн насанд хүрээгүй болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй тул шүүгдэгч З.Энхсайханы эзэмшлээс эд хөрөнгө битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох, энэ хэрэгт шүүгдэгч нарын хэн аль нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн улаан өнгийн тал тоосго, нарийн хар төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч З.Энхсайханы иргэний үнэмлэхний лавлагаа, насанд хүрээгүй шүүгдэгч З.Алтаншагайн төрсний бүртгэлийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь тус тус буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298   дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

.1. Шүүгдэгч Заан овогт Зоригтбаатарын Энхсайхан, насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Зоригтын Алтаншагай нарыг бүлэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Зоригтбаатарын Энхсайханыг эд хөрөнгийг хураахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Зоригтын Алтаншагайг эд хөрөнгийг хураахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан З.Энхсайханд оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй ялтан З.Алтаншагайд оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ялтан З.Энхсайханд оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар насанд хүрээгүй ялтан З.Алтаншагайд 1 жил 5 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтан З.Энхсайханд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 61.2-д зааснаар насанд хүрээгүй ялтан З.Алтаншагайг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг эх А.Цэцэгдарь, эмэг эх Ё.Цагаанхүүхэн нарт үүрэг болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5, 62.3-т зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ялтан нарт мэдэгдсүгэй.

7. Ялтан нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, насанд хүрээгүй ялтан З.Алтаншагайн эзэмшлээс эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн тал тоосго , нарийн хар төмөр тус бүр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Ялтан З.Энхсайханы эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Силикатын 2-16 тоотод байршилтай 700 м2 газар битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

10. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан З.Энхсайханы ЖЮ97033036 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, насанд хүрээгүй ялтан З.Алтаншагайн УК00293018 регистрийн дугаартай төрсний бүртгэлийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь тус тус буцаан олгосугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзах болон шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хугацааг 2016 оны 07 сарын 29-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

             12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан нар, насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

  13. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                          Ү.ОДГЭРЭЛ